
Мягмар гарагт агаарын хэм огцом нэмэгдэж, бүх нутгаар хэт халж байгаа тул Японы олон мужид нарших, наранд цохиулахаас сэргийлэхийг анхааруулж байна. Цаг уурын албанаас мэдээлснээр, тус улсын нутаг дэвсгэрийн баруун ба зүүн хэсэгт их даралтын орны нөлөөгөөр хурц нар гарснаар Окинавагаас Тохоку хүртэлх газар оронд агаарын хэм огцом нэмэгдсэн байна.
Өчигдрийн 16 цагийн байдлаар, Яманаши мужийн Кофу хотод +38,2 хэм, Гумма мужийн Такасаки хотод +37,7 хэм, Сизүока хотод +37,6 хэм хүрч халжээ.
Иймээс агааржуулагчийг зөв зохистой ашиглах, шингэн зүйл сайн уух, давс хэрэглэх, ажиллах явцдаа байнга амарч байхыг зөвлөж байна. Мөн халуун чийглэг агаар, хэт халууны улмаас Японы зүүн нутагт цаг агаарын байдал тогтворгүй болох төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ. Аянга ниргэх, цахилгаан цахих, торнадо гэх мэт хуй салхи үүсэх, үер буух эрсдэл өндөр байгаа тул аадрын үүл ойртон ирж буй тохиолдолд бат бөх барилга байгууламжид орж хоргодохыг зөвлөж байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0