sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.

Тэрбээр энэхүү мэдэгдлийг зургадугаар сарын 13-наас хойш дайны байдалтай байгаа Израиль, Ираны мөргөлдөөн хурцдаж байгаа үед хийсэн.

"Хэрэв Иран бидэнд ямар нэгэн байдлаар халдвал АНУ-ын Зэвсэгт хүчин урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгөх болно" гэж Трамп "Truth" нийгмийн сүлжээнд бичжээ.

Америкийн удирдагч Вашингтоны зүгээс Израилийн Иранд хийсэн сүүлийн дайралтад оролцоогүй гэж онцолсон бөгөөд "Өнөөдрийн байдлаар АНУ Иранд хийсэн дайралтанд ямар ч холбоогүй. Гэсэн хэдий ч бид Иран, Израилийн хоорондох хэлэлцээрийг хялбархан байгуулж, энэ цуст мөргөлдөөнийг зогсоож чадна" гэж тэр нэмж хэлсэн байна.


Axios сайтын мэдээлснээр Израиль сүүлийн хоёр өдрийн турш Трампын засаг захиргааг Иранд цохилт өгөхөд нэгдэхийг хүсч байгаа талаар мэдээлсэн бөгөөд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа АНУ-ын Ерөнхийлөгч шаардлагатай бол энэ боломжийг үгүйсгэхгүй, гэхдээ энэ асуудлыг хараахан авч үзээгүй байна гэж мэдэгджээ. 


Гэсэн хэдий ч АНУ цэргийн нөөцөө аль хэдийн Ойрхи Дорнод руу шилжүүлж эхлээд байгаа бөгөөд Америкийн сөнөөгч онгоцууд тус бүс нутгийн тэнгэрт эргүүл хийж байна. USS Thomas Hudner эсминец Газар дундын тэнгисийн зүүн хэсгийг чиглэн явж байгаа бөгөөд мөн Цагаан ордны хүсэлтээр хоёр дахь эсминец хөдлөхөд бэлэн байгаа аж.

Харин Иран энэхүү сүрдүүлгийн хариуд АНУ-ын баазуудыг заналхийлсэн бөгөөд Тегеран Израилийг хамгаалж буй буй аливаа улсын Ойрхи Дорнод дахь баазуудад цохилт өгөх бодолтой байна гэж Ираны албаны хүн CNN-д ярьжээ.    

Мөн “Фарс” болон “Мехр” агентлагийн мэдээлснээр, Иран АНУ, Их Британи, Франц улс Израильд дэмжлэг үзүүлбэл тус бүс нутаг дахь тэдний байгууламжид халдлага үйлдэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


Эх сурвалж: trt.global

Ж.Бат