
Өгүүллэг
“Өгөөмөр зан төлбөр шаарддаггүй, харин өөрөө өөрийгөө шагнадаг юм” (И.Ливри)
Сүүлэнг бодох бүр Одцацралын сэтгэл эвгүйцнэ. Тэр хэнд ч ингэтлээ гоморхож явсангүй. Угаасаа аав, ээж нь ухаан уужуу, сэтгэл зөөлөн хүмүүс байсан болохоор Одцацрал ч тэднийхээ хүмүүжлээр бусдыг гэсэн хүн болж төлөвшсөн билээ. Харин өнөөдөр л... Настай аавынх нь зүрхний үйл ажиллагаа гэнэт доголдож эгээтэй л нөгөө ертөнцийн хаалгыг татчихсангүй.
Хувийн эмнэлэгт цаг алдалгүй хүргэсэн тулдаа торгоосон юм. “Миний төлөө хамаг л амьдралаа зориулсан амьд бурхан минь шүү дээ” гэж бодохоор Одцацралд даанч хэцүү байлаа.
...Цаашдаа хэн надад туслах бол...? Аа тийм. Сүүлэн. Зүрх судасны том эмч болсон гэсэн. Энэ бодол нь Одцацралын сэтгэлийг жаахан ч атугай онгойлгох шиг болов. Сүүлэнгийн утсыг мэдэхгүй болохоороо фб-гээс хаягийг нь хайвал гарч ирсэнгүй. Эмнэлэг рүү нь яарлаа. Ямар их аз вэ? Яг эмнэлгийнх нь үүдэн дээр таарав.
“Сайн байна уу?” гэж тоомжиргүйхэн мэндлээд зөрөөд өнгөрөх шахахад нь Одцацрал сандарсандаа “Сүүлэн ээ” гэж огцом чанга хоолойгоор дуудаад ханцуйнаас нь барив. Олон жил уулзаагүй юмсан гэж бодоод амжив.
-За, ажил нь сайн уу? Хаана юу хийгээд байна даа? Сүүлэнг ингэж “хуурамч” инээмсэглэл тодруулан албархуу асуухад нь Одцацрал бага зэрэг гайхлаа. Бас урам хугарах шиг...
-Аав минь явчихаа шахлаа. Гэрийн ойролцоох хувийн эмнэлэг л аминд нь орлоо.
-Яагаа вэ?
-Зүрх нь гэнэт хачин болоод...Тэр ингэж хэлээд уйлав. Харин Сүүлэн “Найз нь их яаруу явж байна. Тэгээд ч би эмнэлэгт ажиллахаа больсон шүү дээ. Дөрвөн жил болж байна.
Гадаадад амьдарч байгаа. Энд ажлаар ирчихээд гарч явна. Залгаарай гэж утасныхаа дугаарыг хайнгадуухан хэлчихээд эргэлээ. Гоё машинд суугаад хормын дотор бараа тасрав. Одцацрал юу ч хэлж чадсангүй. 30 гаруй жилийн өмнө Сүүлэн, Одцацрал хоёрын аав, ээжүүд жигтэйхэн сайхан үерхдэг гэр бүлийн найзууд байлаа. Нэг нэгнийдээ байнга орж, гарна. Тоглож наадна. Зовлон, жаргалаа хуваалцана. Хоёр охин ч гэмгүй сайхан найзархана. Одцацрал найздаа хамаг байдгаараа туслах гэж хичээнэ. Тэр үед Одцацралын ээж бага ангийн багшаар ажилладаг байв. Хүүхдэд дэндүү хайртай, ёстой л мэргэжлээ олж төрсөн гэмээр... Сэтгэлийг сайхан нь агуу болохоор ямар ч дэггүй хүүхэд ээжийнх нь өмнөөс адарна гэж үгүй. Олон ч хүүхдийг хүмүүжил төлөвшлийн хувьд зөв замд оруулсан даа. Ховор сайхан сэтгэлтэйгээрээ сургуульдаа төдийгүй ах дүүс, анд нөхөд, хавь ойрынхондоо хүндлэгддэг байлаа. Тэр хүн хэзээ ч бусдыг ялгаж харилцаж байгаагүй. Хэзээ ч хэнийг ч ажил төрөл, өмссөн зүүсэн, эдлэж хэрэглэж байгаагаар нь дүгнэж яваагүй.
Одцацрал яг ийм зантай болж хүмүүжсэн. Хэнд ч муу санаж, хэнд ч их зан гаргаж байсангүй. Тэр ч бүү хэл олон жилийн өмнө ээжийгээ ходоодны хавдар тусчихаад байх үед Сүүлэн рүү залгаад мөн л сэтгэл гаргаагүйд нь, өнгөрснийх нь дараа залгаагүйд нь юу ч саналгүй өдий хүрсэн билээ.
Одоо ч түүнд бараан бодол тээж чадахгүй нь үнэн. Австралид докторын зэрэг хамгаалаад ирсэн хэрнээ өөрийгөө нэг ч өдөр дөвийлгөж, бусдаас дээгүүр тавьж байгаагүй. Аавыгаа хувийн эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтүүлэхдээ цааргалсандаа бус аав, ээжийнхээ нөхөрлөлийг бодоод, багын дурсамждаа хөтлөгдөөд Сүүлэнд хандсан. Ядаж л аавынх нь сэтгэл санааг өргөнө гэж итгэсэн. Хүний мөс чанар “жижигхэн” асуудал дээр танигддаг “өчүүхэн” зүйл ажээ.
Дажсүрэнгийн Лхагвадорж
Сэтгэгдэл3
Sain buteel boljee. Amjilt Jijighenee…
Сүүлэн сүг, хог болжээ!
гоё бичжээ