sonin.mn

АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц пүрэв гарагт тус улсын баруун нутгийн Ахмедабад хотоос хөөрснөөсөө хойш удалгүй орон сууцны хороололд осолдсон билээ.


Их Британийн нийслэл Лондон хотын чиглэлд 242 зорчигч тээвэрлэж явсан уг онгоцонд сууж явсан 241 хүн амь үрэгдсэн бол Британийн нэг зорчигч амьд үлдэж, эмнэлэгт эмчлүүлж байна гэж “Air India” компани мэдээлжээ.


Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах уг ослоос амьд үлдсэн Вишвашкумар Рамештай эмнэлэгт очиж уулзсан байна. Харин BBC телевизийн сурвалжлагч Английн Лестер хотод түүний хамаатантай холбогдож мэдээлэл авахад, В.Рамеш өөрийгөө сайн байгаа гэдгээ ар гэрийнхэндээ утсаар мэдэгдсэн гэсэн байна.


Сэтгүүлчдэд онгоцонд суух тасалбарынхаа зургийг үзүүлсэн В.Рамеш хэлэхдээ, онгоц хөөрснөөс хойш гучин секундийн дараа чанга чимээ сонсогдсон... энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн гэжээ. 


Эхнэр, хүүхэдтэй В.Рамеш Энэтхэгт төрсөн боловч Их Британид олон жилийн турш амьдарсан гэж BBC мэдээлсэн байна. Уг онгоцонд Энэтхэгийн 169, Британийн 53, Португалын долоо, Канадын нэг иргэн сууж явжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг