sonin.mn

Буддагийн сургаалийг хүмүүс ариун дээд ном, үнэний тухай сургаал, авралын сургаал хэмээн биширдэг. Бурхан багш хоёр мянга таван зууны тэртээ Цагаан мичин жилд эртний Энэтхэгийн Капилавасту улсын Шуддоходан хаан, Махамаяа хатны агь хүү болон мэндэлж, 29 насандаа Шар хулгана жилд хааны ордон, хан хүүгийн тансаг амьдралыг таягдан хаяж, Хамаг амьтны тусын тулд гэгээрлийн замд сэтгэл шулуудан орж, аглаг зэлүүд газар бясалгал хатуужил үйлдэж, гэрээс гарч сахил залсан тойн хувраг болсон. Сиддхаарт хан хүү зургаан жилийн турш нөр их хөдөлмөр, тэвчээр, хичээл зүтгэл, бясалгал, хатуужил гаргасны үр дүнд 35 насандаа Хөх морин жилийн Зуны тэргүүн сарын шинийн арван тавнаа Илт туулж төгс гэгээрсэн Будда болсон түүхтэй. Бурхан багш ийнхүү хоёр мянганы тэртээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа эртний Жагарын орноо хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх болон хамаг амьтныг их амгалан жаргалд хүргэх мөр болсон “Гэгээрэхүйн хутагт зорчих бодь мөр”-ийн эрхэм зарлигаа айлдсан бөлгөө.


Будда “Та бүхэн алтыг галд хайлуулж үздэг шиг миний сургаалд дүн шинжилгээ хийж үнэн худлыг нь шалгаарай” гэсэн гэдэг.


Будда өөрийн нээж олсон рашаан мэт ариун сургаалиа ”Гадаад дөрвөн далай шорвог амттай, Миний сургаал авралын амттай” хэмээн айлдсан байдаг.


Будда хоёр мянганы тэртээ: ”Төмрийн зэвийг сайтар арилгавал түүгээр хийсэн эдлэл эрхэм сайхан болно. Түүнчлэн хүн хэрэв бодь хутгийг хүсвэл зүрх сэтгэлээ шуналын хир, үйлийн буртгаас цэвэрлэх хэрэгтэй. Хүмүүс муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан. Хүний төрлийг оловч зургаан мэдрэхүй бүрдэх нь ховор завшаан. Зургаан мэрэхгүй бүрдэвч Буддагийн цаг үед мэндлэх нь ховор завшаан. Буддагийн цаг үед мэндлэвч гэгээрсэн багштай учрах нь ховор завшаан. Гэгээрсэн багштай учравч зүрхний угаас итгэх нь ховор завшаан.


Зүрхний угаас итгэвч билиг ухаан сэрэх нь ховор завшаан. Билиг ухаан сэрэвч сахил дадлаас хэтийдэх нь ховор завшаан. Та бүхэн надаас түмэн бээр хол оршивч миний сургаалийг бясалгаваас гэгээн хутгийг олох нь гарцаагүй. Миний хажууд байсан ч сургаал зарчмыг минь огоорсон хүн хэзээ ч гэгээрэхгүй” хэмээн айлджээ.


Бурхан багшийн сургаал бол ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, мөн чанар, логик, нисваанисийг хэрхэн дарж боди сэтгэлийг олж хоосон чанарыг онож гэгээрэлд хүрэх тухайтад гол номлолоо төвлөрүүлсэн байдаг. Бурхан багш 4 үнэн, найман мөр, сахил шагшаабад, судар тарний ёс, гэгээрэлийн 10 шат, нисваанис, буян нүгэл, диваажин, үхэл мөнх бусыг тухай айлдсан. Бурхан багш шавь нартаа зургаан орны тухай сургаалиа айлджээ.


Үүнийг санскритаас хөрвүүлвэл: жаргал-sukha, зовлон- dukha, баясгалан-mudita, айдас-domanassa, орхих-upeksha, мунхаг-avidya-ийн тухайтад юм. Будда мэдлэхэд түүнд Сиддхаарт хэмээх нэр өгчээ. Энэ нэр нь “Зорьсондоо хүрэгч” гэсэн утгатай нэр ажээ. Сиддхаарт тэр үед бусад агь хөвгүүдийн адил ахуй ертөнцийн боловсрол эзэмшиж, цэргийн эрдэмд суралцаж, хааны ордонд хангалуун сайхан амьдарч байжээ. Удалгүй хан хүү Сиддхаарт насанд хүрч үеэл Ясодора гүнжтэй гэрлэж, Рахул хэмээх нэгэн хүүтэй болсон. Хаан эцэг Шуддоходан нь түүнийг шударга сайн хаан болно хэмээн найдаж байлаа. Өрлөг эх Пражаба нь хан хүүгийн хүмүүжил боловсролд анхаарч сайхан сэтгэлтэй хан хүү болгон өсгөсөн.


Нэгэн удаа хан хүү Сиддхаарт хааны ордоноос гарч ордоны гадуур аялал хийжээ. Энэхүү аялалаар хан хүүгийн нүд нээгдсэн юм. Хаан эцэг нь Капилавасту хотод зөвхөн баян чинээлэг хүмүүсийг амьдрахыг зөвшөөрч бусад ядуу өвчтэй хүмүүсийг хотоос гарган өөр газар шилжүүлсэн байсныг мэдэв. 


Хан хүүгийн эргэн тойрон ордоны болон хотын баян чинээлэг амьдралыг зориуд хан хүүд зориулж үзүүлэн маягаар байлгаж байсныг хан хүү мэдэв. Хан хүү Сиддхаарт аялалаа үргэлжлүүлэн явж байх замдаа нэгэн өвчтэй хэвтэрт орсон өвгөнийг харав, нэгэн өндөр настай болж хөгширсөн хүнийг харав, нэгэн өөд болсон хүнийг даавуугаар ороож оршуулж байгаатай нь таарав, орхимж нөмөрсөн нэгэн даяанч хүнтэй таарав. Энэ дөрвөн үйл явдал хан хүүг эрс өөрчлөв. Сиддхаарт хан хүү энэ хорвоод төрсөн хүн бүр хөгширдөг, өвчин олдог, эцэстээ үхдэг гэдгийг сайтар ойлгов. Хан хүү Сиддхаартыг ордоны найр баяр хөөр ер анхаарлыг нь татсангүй, харин хан хүү хэрхэн хүмүүсийг зовлонгоос салгах вэ гэдгийг өдөр шөнөгүй бясалгах болов.


Сиддхаарт хан хүү нэгэн удаа үүрээр гэнэт сэрж “Одоо би хамаг амьтны тусын тулд хааны ордоноо орхиж хатуужил даяан хийж үнэнийг олохоор явах цаг боллоо” хэмээн сэтгэв.


Хан хүү үүрээр ордоноо орхиж өмсөж байсан гутлаа гэртээ орхиж хөл нүцгэн даяанч байдлаар алхаж гүн ойн аглаг газар ирэв. Сиддхаарт хан хүүгийн гоёмсог хувцасаа тайлж нэгэн гөрөөчинд өгөөд түүний өмсөж явсан даяанчийн орхимжийг өмсөв. Тэр гөрөөчин эр даяанчийн хувцас өмсөж ан гөрөө хийж байжээ. Сиддхаарт хан хүү анх удаа ганцаараа ойд хөл нүцгэн явган явж, анх удаа аглаг газар бясалгал хийж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явлаа. Тэр даяанчийн хүнд амьдралыг сонгосондоо ер гутарсангүй. Сиддхаарт анхны багштайгаа ойд учирч бясалгал заалгалаа. Сиддхаарт нэг жил сурдаг бясалгалыг нэг сарын дотор сурч байлаа. Өндөр мэдлэгийн түвшний багштай учраад түүний эрдмийг ганц сарын дотор сурч байлаа. Тэр өөрийн сурсан эрдэмд сэтгэл ханасангүй. Сиддхаарт үнэнийг танин мэдэж гэгээрлийг хутгийг олохоор нэгэнт шийдсэн байлаа. Хан хүү Сиддхаарт 6 жилийн турш хатуужил бясалгалыг хийж гэгээрэлд хүрэхийг хайсаар байв. Энэ хугацаанд түүний гэр бүл хатан Ясодора, өрлөг эх Пражаба, хаан эцэг Шуддоходан нар түүнийг хаан ордондоо буцан ирэхийг хүлээсээр байв. 


Ясодора хатан Сиддхаартын төлөө ихэд санаа нь зовж миний нөхөр өдийд аглаг газар ганцаар бясалгаж газар унтаж ойн жимс, голын ус төдийхнөөр хооллож зүдэрч яваа биз.


Би ч гэсэн хааны ордоны тансаг орон дээр унтахгүй, газар унтах болно, би ордоны тансаг хоол идэхгүй, би мацаг барих болно хэмээх шийдэж газарт унтаж, мацаг барьж байлаа. Өрлөг ээж Пражаба нь хан хүүг гэгээрсэн Бурхан болно гэдэгт итгэсээр байлаа. Харин хаан эцэг нь миний хүү ядуу даяанч болох ёсгүй, миний хүү Замбуутивийн хамгийн том хүчирхэг хаан болно хэмээн бодож байлаа. Гэвч хүү нь ард олны дунд Будда хэмээн алдаршсан Бурхан болсныг хаан эцэг нь төсөөлөөгүй байлаа. Тэр үед самади бясалгалийн арга Энэтхэгт ихэд дэлгэрээд байв. Тэр үед төрөх, өвдөх, өтлөх, үхэх энэ дөрвөн зовлонгоос гэтлэх арга замыг гаднаас хайгаад олдохгүй, харин өөрөөсөө хайх, үнэнийг шастирт айлдсанаар биш, өөрөө онож мэдэх нь чухал гэдгийг Сиддхаарт ухаарч тэр үед аглаг ойд бясалгаж байсан Аларкалаам болон Уддакараампутта багш нараар Самадхи бясалгал заалгаж, хүн төрөлхтний хүрч болох eртөнцийн Самади бясалгалын 8 дахь шатанд хүрч чадсан юм.


Эдгээр 8 самади шатыг дурдвал:


1.5 шинж тэмдэг бүхий Самади 1-р шат,

2.3 шинж тэмдэг бүхий Самади 2-р шат,

3.2 шинж тэмдэг бүхий Самади 3-р шат,

4.1 шинж тэмдэг бүхий Самади 4-р шат.


Эдгээр Самади 4 шат нь биe сэтгэл хослон бясалгаж байж хүрдэг шат бөгөөд үүнээс цааших 5-8 дахь Самади бол биeийг орхиж,сэтгэл дангаар оршиж хүрдэг шатууд бөгөөд энэ нь гүн төвлөрөх чадвартай болсон оюун ухаанаа цаашид: 5. Хязгааргүй огторгуйд тэлэх, 6. Хязгааргүй тийн мэдэхүйд тэлэх, 7. Юу ч үгүйд тэлэх, 8. Тийн мэдэхүй ч биш, тийн эс мэдэхүй ч биш" хэмээх байдлаар сэтгэл оюунаа төвлөрөл түгэлтийн хязгаарт хүргэснээр eртөнцийн самадигийн оргилд хүрдэг байжээ. Аларкалам арш Сиддхаартыг энэхүү гайхамшигт Самади бясалгалын 7 дахь шатанд хүргээд, дараагийн их арш Уддакараампутта арш самади бясалгалын оргил болсон 8 дахь самадид хүргэсэн юм. Гэвч эдгээр Самади нь сэтгэлийн өнгөн болон тодорхой гүнд үлэмж их амар амгаланг олгосон ч зовлонгоос бүрмөсөн гэтэлгэж чадахгүй байгааг Сиддхаарт мэдээд тэр үeийн самади бясалгалын учир дутагдлыг сайтар ойлгож цаашид үргэлжлүүлэн үнэний зам мөрийг олохоор шийдэв. Удалгүй Сиддхаарт хан хүү гэгээрлийн 9, 10 дахь шатыг нээж гэгээрэлд хүрсэн юм. Сиддхаарти хан хүү үнэнийг олох зорилгодоо хүрсэн юм.


Будда бясалгаж олсон үнэний тухай сургаалиа ард олондоо айлдаж эхлэв. Буддад олон бэрхшээл тохиолдож байлаа. Тэр үед зарим хаад, зарим бярман, зарим ведийн арш, зарим хүмүүс Буддагийн эсрэг элдэв явуулга, дайсагнал хийж байлаа.


Ялангуяа үеэл ах Девадатте нь Буддагийн амь насанд хүртэл халдаж байв. Будда хүмүүст хүн бүр тэгш эрхтэй, гэгээрэх боломжтой тухай ярьж, Энэтхэг оронд тогтсон кастын ялгаварлах ёсны эсрэг тэмцэж байв. Будда хүмүүст Боди сэтгэлийг хэрхэн олох, Хоосон чанарыг хэрхэн онох тухай сургаалиа айлдаж байв. Буддагийн энгийн ард олонд айлдаж байсан зарим сургаалийг толилуулъя.Будда анхны таван шавьдаа гэгээрлийн сургаалиа айлдаж, Номын хүрд эргүүлсэн тухай. Бурхан багш Бодгаяагаас Варанаси хотын ойролцоох Сарнатад залран ирж Конданя тэргүүтэй анхны таван шавьдаа өдрийн цагт бясалгал зааж, орой нь "Дхамма-чакка-паваттана" судрыг айлдахад Конданя гэгээрлийн анхны шат болох Шротапана( нирвааны урсгалд орохуйн) шатанд хүрч хутагт нэгэн болсон билээ. Випашяна бясалгал хийсээр там, бирд, адгуус, асурын төрөлд төрүүлэх үйлийн үрүүдийг устгаж дууссанаар энэ шатанд хүрдэг бөгөөд энэ шатанд хүрсэн хүн дахин там, бирд, адгуус, асурын төрөлд төрөхгүй бөгөөд цаашид хүн хийгээд хүнээс дээш төрөлд удаандаа долоон удаа төрөл аваад төгс гэгээрэлд хүрэх нь баталгаатай болдог ажээ.


Ийнхүү эхний өдөр Конданя шротапанны шатанд хүрээд, дараагийн дөрвөн өдөрт бусад дөрвөн шавь нар энэ шатанд хүрэхэд, зургаа дахь өдрийн орой Бурхан багш "Анатта-лаккхана" судрыг айлдсанд тэд тавуул гэгээрлийн хоёр, гурав дахь шатуудыг туулсаар дөрөв дэхь шатанд хүрч Архад болж төгс гэгээрэлд хүрчээ.


Долоо дахь өдрийн өглөө үүрээр Варанаси хотын тэргүүн баяны хүү Яш Бурхантай уулзан гэгээрлийн шатанд хүрч түүний 50 анд найз нар нь хувраг болж төгс гэгээрэлд хүрсэн билээ. Бурхан багш эдгээр гэгээрсэн Архатуудыг дөрвөн зүг найман зовхист илгээж номын ёсыг хүн ардад заахыг үүрэг болгосноор Бурханы сургаал Хүмүүний ертөнцөд түгэн дэлгэрч эхэлсэн юм. Хорвоод Бурхан залрах хүртэл орчлонгийн хүмүүс Бурханы номыг мэдэхгүйн улмаас сэтгэлдээ уур хилэн, хүсэл шуналыг үүсгэн сэтгэлдээ зовлонгийн хүрдийг эргүүлэн, өөрсдөө өөрийнхөө зовлонгийн шалтгаан болон амьдарч төрөх, өвдөх, өтлөх, үхэхүйн гасланд төрлөөс төрөлд дамжин олон галавын турш зовсоор байсан билээ. Харин Бурхан багш хорвоод залрахдаа тэрхүү хүмүүсийг зовоогоод буй уур хилэн, хүсэл шунал мунхаглалын устгах бодит арга бясалгалыг зааж өгснөөр, түүнийг нь бясалгаж хүмүүс уур хилэн, хүсэл шунал, мунхаглалд автан зовлонгийн хүрдэнд шаналах биш, харин тэрхүү зовлонгийн хүрдний эсрэг түүнийг устгаж эхэлсэнээр "сэтгэлээ ариусгах номын хүрдийг” дотоод сэтгэлдээ эргүүлж эхэлжээ. Номын хүрд эргүүлнэ гэдэг нь хүмүүс сэтгэлдээ бугшсан гурван хорыг устгах бясалгалыг хийж сэтгэлийн хирээ бүрэн угаан арилгаж, дотоод сэтгэлдээ зовлонгийн биш, түүний эсрэг Номын хүрд эргүүлсээр сэтгэлээ сайжруулан өөрчилж гэгээрэлд хүрнэ гэсэн үг юм.. Будда ном хаялцсан нь. Ажатчадру хаан Буддаг буулгаж авахын тулд Сондант их мэргэнтэй ном хаялцуулахаар болов.


Үүний хариуд Будда: Сондант бол их мэдлэгтэй мэргэн хүн. Ном хаялцах нь хоёр гол нэг мөрөн лүү цутгахтай адил шашины хоёр урсгал хоорондоо мөргөлдөнө гэсэн үг. Мэргэн бярманд ч бид авралын замын зааж өгөх хэрэгтэй хэмээв. Ийнхүү Будда Сондра мэргэн хоёр Ажатчадру хааны өмнө ном хаялцаж эрдэм чадалаа сорив.


Сондат мэргэн: Та надаас залуу хүн учраас мэтгэлцээний сэдвийг эхэлж сонгох боломжийг өгье. Тэгэхээр ямар сэдвээр мэтгэлцэхийг хүсэж байна. 


Будда: Та надад жинхэнэ Бярман хүнд байвал зохих шинжүүдийг хэлээд өгөөч. Хэрэв та хүсвэл Вед судраас иш татан айлдаж болно. 


Сондант мэргэн: Гаутам! Бярман хүнд байх ёстой таван шинж байдаг. Зүс сайхан, тарни уншлага зан үйлэнд гарамгай, адаглаад долоон үедээ цус цэвэр, эрдэм мэдлэгтэй, сайныг үйлддэг. Будда: Та эдгээрээс яг алийн бусдаас илүү чухал шинж гэх вэ? Аль нь дутуу байвч Бярман болж болох вэ? 


Сондант мэргэн: Сүүлийн хоёр шинж нь. Эрдэм мэдлэгтэй, сайныг үйлддэг байх. Зүс сайхан тарни уншлага, зан үйлд чадамгай байх, долоон үедээ цус цэвэр байх нь төдий л чухал биш.


Будда: Сондант таны хувьд энэ хоёрын аль нь илүү чухаг вэ? 


Сондант мэргэн: Эрдэм мэдлэг, сайн үйл хоёрыг салгаж болохгүй ээ. Хүн нэг гараараа нөгөө гараа угааж, нэг хөлөөрөө нөгөө хөлөө гөвдөгтэй адилхан сайн үйл, эрдэм мэдлэг хоорондоо салшгүй холбоотой юм шүү дээ. Сайн үйл нь мэдлэгээ баяжуулж мэдлэг нь сайн үйлээ тэтгэдэг. Таны үйлдсэн бүхэн таны эрдэм оюуныг улам бүр дэлгэрүүлнэ. Энэ бол амьдралын үнэн мөн юм. 


Будда: Таны зөв өө. Сондат. Сайн үйл, эрдэм мэдлэг хамгийн чухал шинжүүд гэдэг нь үнэн. Гэхдээ бид хэрхэн дээд мэдлэгийг эзэмшиж, эрхэм үйлсийг үйлдэхийг айлдаж өгөхгүй юу?


Сондант мэргэн: Нигүүлсэгч минь! Энэ асуултын хариултыг олоход надад туслаач! Би судраас цаадахыг мэдэхгүй. Харин Та гэгээрлийг олж Будда болсон шүү дээ. Гэгээрэгч минь надад заагаач! Буянт сэтгэл хийгээд мэдлэг ухааны оргилд хэрхэн хүрэх вэ?  


Будда: Авралд хүрэх гурван суртахуун бий. Ариун шагшаабади, Бясалгал бүтээл, Билэг билгүүн. Хэрэв бид ёс суртахууныг баримталваас бясалгал дадлага ахицтай байна. Харин бясалгал үйлдсэнээр үнэн мэдлэг дэлгэрнэ. Ёс суртахуунтай хэн боловч уур хилэн, хүсэл тачаал, бардам зан, шуналт сэтгэлээс бясалгалаар ангижирна. Ийнхүү тэрээр эрх чөлөө амар амгаланг олж гэгээрэлд хүрдэг юм.


Сондант мэргэн: Нигүүлсэнгүй мэргэн Та миний нүдийг нээж мунхгийн харанхуйг гэрэлтүүлж өглөө. Та аугаа юм, мөхөс би таньд шавь оръё. Намайг шавиа болгож авна уу.хэмээжээ. Хүслийн тухай. Бид аливаа юмсыг хүсэж эхлэхдээ хүслээ биелүүлчихвэл жаргана хэмээн боддог. Хүслээ биелүүлчихвэл бидний сэтгэлд дахиад л хоосорч үгүйрсэн мэдрэмж төрдөг. Яагаад тэр юм бол. Хүсэж байна гэдэг бол зүүдэлж байна гэсэн үг. Хүсэл биелэхэд сэтгэл зүүдэлж байж гэдгээ мэддэг. Бүх зүйл түр зуурын байдаг , бүгд гараас алгууран оддог. Тэгэхээр амьдрал ийм л байна гэсэн үг. Бүх юм болоод өнгөрдөг. Гадаад ертөнцөөс амгаланг хайгаад хэзээ ч ханахгүй, үүнээс зугтлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Амьдралаас эмээж үгүйсгэлээ гээд та юу ч хожихгүй. Харин амар амгаланг дотоод сэтгэлээсээ хайх хэрэгтэй. Ертөнцийн найман ном. Будда хүмүүсийн шуналын эрхээр амьдрах төлөвийг “Ертөнцийн найман ном” хэмээн айлдсан. 


Үүнийг дөрвөн дурлал ба дөрвөн дургүйцэл гэсэн хоёр талд хуваадаг ажээ.


1.Наргианд дурлах-Эмгэнэлд дургүйцэх, 

2.Олзонд дурлах-Гарзанд дургүйцэх, 

3.Ялалтанд дурлах-Ялагдалд дургүйцэх,

4.Магтаалд дурлах-Шүүмжлэлд дургүйцэх юм. Дурлал, дургүйцлийн тойрогт хүмүүний амьдрал хөвөрдөг. Тойргийн төв нь “шунал”юм хэмээн айлджээ.


Тэгш энэрэхүйн тухай. Нэгэн өдөр Девадаттад өвчин тусчээ. Олон сайн оточ үзэж эмчилсэн ч тэрбээр илааршсангүй. Үеэл нь болох Бурхан багш эргэж очсоныг дуулаад нэгэн шавь нь "Бурхан багш аа, яалаа гэж Девадаттад тус болох гээд байна? Цаадах чинь ахин дахин танд төвөг удаж, түүгээр ч барахгүй амь насыг тань хөнөөхийг завдаж байсан бусуу? гэхэд хариуд нь


Бурхан багш: "Хүмүүсийн заримд нь найрсаг хандаад заримд нь дайсагнах учир үгүй. Хүн бүр жаргахыг мөрөөдөж, нэг ч хүн өвдөж шаналахыг хүсдэггүйгээрээ бүх хүн адилхан. Иймээс хүн бүрийг бид ав адилхан хайрлаж энэрч байх ёстой" гэжээ. Бурхан багш хэвтэрт буй Девадаттагийн ор луу дөхөж очоод, "Намайг хорлох гэж ямагт оролдсоор ирсэн үеэл Девадатта чамайг би өөрийн ганц хүү Рахул шигээ хайрлаж явдаг маань хоёргүй үнэн болох аваас үеэл минь чи үтэр түргэн эдгэрэх болтугай" гэжээ. Девадатта тэр даруй илааршиж дахин эрүүл саруул болжээ. 


Бурхан багш шавь нартаа хандаж өгүүлрүүн: "Зарим хүмүүст энэрэнгүй заримд нь догшин ширүүн хандаж болохгүй. Үүнийг санаж явагтун!. Энэ бол гэгээрсэн бурхадын замнадаг мөр болой" хэмээн айлдав.


Будда айлдсан нь:  Мэдлэггүй байх нь зовлон, сэжиг, сэтгэл тавгүйтэлийг төрүүлдэг. Уур хилэн, хомхой сэтгэл, бардамнал, бэртэгчин зан, хардалт нь мунхгаас үүдэж төөрөгдөлд хөтөлнө. Үхэл, амьдрал салшгүй гэсэн хуурмаг мэдрэмжийг бид өөрсдөө л сэтгэл дотроо төрүүлж суудаг гэмтэй. Бид л энэ төөрөгдлийг арилгах учиртай. Энэ төөрөгдлөөс ангижирч чадах юм бол та бид эрх чөлөөнд хүрч элдэв хязгаарт үл автах учиртай билээ. Сахил, төвлөрөл, билэг ухаан найман мөр нь аливаа төөрөгдлөөс ангид байх боломж өгнө. Би найман мөрийг дахин давтая.


1.Зөв мэдлэг,

2.Зөв үзэл,

3.Зөв үг,

4.Зөв үйлдэл,

5.Зөв амжиргаа,

6.Зөв чармайлт,

7.Зөв ухамсар,

8.Зөв бясалгал болой.


Орчлонгийн эцэс хүртэл зовлон биднийг сүүдэр мэт дагадаг нь туйлын үнэн мөн билээ. Бид эд зүйлсийг мөнх бус гэдгийг мэдсэн ч түүнтэй зууралдсаар байдаг нь хамаг зовлонгийн шалтгаан юм. Чөлөөтэй байхын тулд танин мэдэхүйгээ хөгжүүл. Танд юу ч тохиолдсон бай, зовлон эсхүл жаргал тохиолдсон бай, ямагт дундыг барьж сэтгэлээ түвшин байлга. Энэ замаар явбал зовлонгийн хүлээс алдарч, Та туйлын үнэнд хүрнэ. Хэрвээ Таны ухамсар гэгээрвэл учрал хагацал, үхэл амьдрал салшгүй нэг хэсэг гэдгийг Та мэдэх болно оо.  Хүнд гурван зүйл мэдрэмж бий. Баясах, зовох болон үл хайхрах мэдрэмж. Энэ гурвын үндэс бидний бие сэтгэл дотор байгаа. Мэдрэмжүүд долгион мэт гарч ирээд улмаар өөртөө дарагдан алга болно. Мэдрэмжээ эхэлж сайн мэдэх нь чухал. Ойлго, судал, хаанаас гарч ирж байгааг олж мэд. Баярлах гуниглах сэтгэл гарвал энэ мэдрэмжийн эх үүсвэрийг хай. Эх үүсвэрийг олвол та тэднийг хоосон чанартай гэдгийг мэдэрнэ. Хоосон чанар хөх тэнгэр шиг. Тэнгэр хоосон ч бүхий л энэ орчлонг багтаан бүрхэж байдаг. Номыг дадуул, ийн дадуулах явцад сэтгэлийн мөнөөх давалгаа аажмаар төрөхөө больсоныг анзаарах болно. Бидний дотоод мөнхийн амгалан огт хувирахгүй. Илүү гүн орж хаана алдаад байснаа олж мэдэх нь чухал. Эвдрэшгүйд үздэг байсан зүйлсийнхээ хэврэгийг олж мэд. 


Нэгэн тариачин Буддагаас асуужээ:


- Та яагаад ажил хийдэггүй юм бэ? Би таныг хараад л байдаг юм. Та ихэнхдээ модны дор нүдээ анин суудаг. Хааяа Таныг зорьж ирсэн хүнтэй юм ярьж байгаа харагддаг. Бас тэдэнтэй хамт чимээгүй сууна. Ингээд л таны амьдрал гүйцээ гэж үү. Юу ч хийж бүтээхгүй байх утгагүй юм биш үү? Гэтэл би газар хагалж, тариа тарьж, хийж бүтээж байна шүү дээ гэхэд нь


Будда: -“Намайг бас тариачин гэж харахгүй байна уу, Та? Гэхдээ миний тариан талбай ондоо хэмжээсэнд оршдог. Би хүний сэтгэлд буяны үр суулгаж, жаргалын цэцэг ургуулдаг. Үр нэгэнт суусан бол зохистой улирал нь болоход аяндаа дэлгэрнэ. Би өөрөө цэцэглэсэн учраас тийм тариачин болсон юм. Миний дотор руу өнгийж, цэцэгсээр дүүрэн хөндийг хараач” гэжээ. 


Буддагийн гэгээрсэн мэлмийг ширтсээр уярч хайлсан тариачин: “Би хүний насыг хоосон элээсэн хуурамч тариачин ажээ. Та жинхэнэ бүтээлч, үнэн тариачин ажээ” хэмээгээд Буддад мөргөсөн гэдэг. Буддаг нэгэн тосгон дундуур бадар барин явж байхад нь нэгэн танхай эр тааралдаж “Чи хэн юм бэ. Хэн чамд ном заах эрх олгосон юм”гэх мэтээр элдвээр харааж загнажээ. Будда түүнийг харааж дуустал нь хүлэээж эцэст нь тайван намдуу дуугаар “Би танаас нэг юм асууя гээд  Та хөршдөө бэлэг автал хөрш чинь таниас тэр бэлгийг авахаас татгалзвал тэр бэлэг хэнд үлдэх вэ?” гэхэд нөгөө танхай эр “Тэр бэлэг надад үлдэнэ” гэв. 


Будда: “Та зөв хэллээ.  Та сая надад муу үгийн бэлэг гардууллаа. Би таны надад хэлсэн муу үгийг чинь хүлээн авсангүй. Таны доромжлолыг би тусгаж аваагүй болохоор надад ямар ч гай болохгүй. Та миний эсрэг биш өөрийнхөө л эсрэг зүйл хийлээ.  Тиймээс таны үгс таньд үлдсэн. Үйлийн үр өөрт эргэж буудаг. Ширүүн үг, хараал, доромжлол хэлэх нь нүгэл юм. 


Би тэр үгсэд чинь хариулаагүй, гэтэл тэр үгс таны сэтгэлд цуурайтсаар л хоцорсон. Таны сэтгэл нүглээр дүүрсэн байна. Таны сүүдэр таниас салахгүй дагадаг лугаа адил таны үйлдсэн нүгэл таныг хэзээ ч орхин явахгүй билээ.


Энэ бүхэн таны зовлонг улам нэрмэж байдаг. Тийм учраас муу үйлээс сэрэмжилж яв. Би хүмүүст мунхгаасаа сэр, өөрийнхөө сэтгэлийг шинж гэж л хэлдэг юм. Тэгвэл муу бодол, муу үйл аажим аажмаар хомсдож арилах юм. Та бидний хооронд ялгаа байхгүй ээ. Би нисваанисийг арилгаж гэгээрсэн болохоор та ч бас гэгээрч чадна” гэв. Буддагийн мэргэн үг, зөөлөн харцыг харсан танхай эрийн ширүүн харц зөөлөрч өөрийн бурууг ухаарч Буддагийн шавь болохыг гуйсан гэдэг. 


Будда шавь нартаа ийн айлджээ: “Нүгэлт хүн гэгээнтэн хүнийг доромжлох нь тэнгэр өөд нулимахтай адил. Түүний шүлс тэнгэрт ч хүрэхгүй, харин өөр дээр нь бууна. Нүгэлтний үйлдэл салхины өөдөөс шороо цацах мэт. Цацсан шороо нь өөрийг нь гутаахаас биш өөдөө хийсэхгүй. Гэгээнтэн хүн бусдын гутаал доромжлолд сэвтэхгүй. Нүгэлтэн хүн өөрөө өөрийгөө л сүйтгэдэг”.   


Шунал, тачаал, үзэн ядалт, ховдог, мунхаг зан л хүнд хор гэм болдог юм шүү дээ. 

Бусдын төлөө гэсэн хүн аз жаргал сайн сайханыг авчрахаас биш хор гэм болохгүй. 

Бусдыг доромжилж үзэн ядсан хүмүүс л худалч, мэхлэгч нар байдаг. 

Хүнийг доромжилж адалж үзэн ядах нь нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. 


Нэгнээ гадуурхаж ялгаварлах нь тахин шүтэж дээдэлж явдаг бүхнээ үл хүндэтгэж байгаа хэрэг. Та нарын өөдөө шидсэн чулуу тэнгэрт хүрэлгүй өөр дээр чинь л унана.  


Тэнгэр бид бүгдэд энэ тэнцүү ханддаг, эцэг хүн шиг хэнийг ч ялгаварладаггүй. Газар шороо ч мөн хэнийг ч ялгалгүй үр шимээ хүмүүст хайрладаг шүү дээ. Энэ дэлхийн хүн бүр нэг агаараар амьсгалж байна. Гол мөрөн ч бас бүгдийн маань цангааг тайлдаг. Байгаль дэлхий хэнийг ч ялгадаггүй. Гэвч хүмүүс бид яагаад нэг нэгнээн гадуурхан ялгаварладаг юм бэ? Бусдын зовлон шаналлыг ойлгодог хүн л хэн хэнээс илүү хувраг болох эрхтэй. Энэ дэлхийн хүн бүрт ухамсар гэж буй. Ухамсар сайжрах тусам хүн өөрийгөө хүндэлж эхэлдэг. Гол олноороо урсаж ганц далайд цутгадаг. Нэгэнт далайд цутгасан бол хаанаас эхтэй ямар гол вэ гэдэг нь хамаагүй болдог. Үүнтэй адил өнгөрсөнөө ардаа орхин үнэний эрэлд гарч шинэ зам мөр хөөж байгаа бярман дайчин худалдаачин ядуус гээд хэний ч болов язгуур үндэс угсаа эцэстээ ямарч хамаагүй болно. Хүн бүрийн цус улаан өнгөтэй, нулимс шоврог амттай. Алагчаалж ялгаварлах нь нэг нь нөгөөгөө захирч дээрэлхэх гэсэн хүмүүсийн сэдэл юм. Би энэ бүгдийг эцэс болгоно оо! Би аюул занал, хүмүүсийн дургүйцэлтэй нүүр тулах нь мэдээж. Гэхдээ шударга үнэн биднийг урам зоригоор тэтгэж байх болно. 


“Нөгчих цагийн билиг” сударт өгүүлсэн нь: “Будда Агнистын оронд хааны ордонд заларч хамаг шавь нартаа ном номлохуйд Огторгуйн зүрхэн нэрт Бодисатва Буддад мөргөж ийн асуулт өчив.


–Бурхан багш минь. Боди сэтгэлтэн үхэхийн өмнөх хоромд юуг санаж бясалгах вэ? гэхэд Бурхан багш хариу соёрхсон нь: “Боди сэтгэлтэн бээр үхэхийн өмнөх хоромд нөгчих цагийн билиг ухааныг бясалгагтун.


Тэрхүү нөгчих цагийн билиг нь: Юмс үзэгдэл бүгд мөн чанартаа ариун хоосон тул бодит бусын ухаарлыг бясалгагтун. Юмс үзэгдэл бүгд Боди сэтгэлд хурах тул Үлэмж нигүүлсэл хайрын ухаарлыг бясалгагтун. Юмс үзэгдэл мөн чанартаа баригдах зүйлгүй тунгалаг тул ахуй юунд ч үл шунахуйн ухаарлыг бясалгагтун. Сэтгэлээ танивал даэд билгүүн мөн тул Бурханыг гаднаас үл эрэхүйн ухаарлыг бясалгагтун” хэмээн айлдав.  


Будда айлдсан нь: Үхэл гэдэг амьдралын салшгүй нэг хэсэг.Үүнийг сайтар ойлгож санаж явах хэрэгтэй. Бид бүгд амьд сэрүүндээ бүх хүслээсээс ангижирч амар амгаланг олох нь чухал. Амар амгаланг олсон хүн л сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдарна. Энэ бол амьдралын үнэн.Энэ бол шашин бүрийн гол номлол, утга санаа. Амар амгалан оршихуйд үхэх ба төрөх, үүсэх ба мөхөх, өсөх ба буурах гэж байхгүй. Амар амгалан л ашид мөнх оршино. Үхлээс айх хэрэггүй. Хүний амь мөнх бус. Гэвч миний сургаал таны сэтгэл дотор ашид мөнх оршсоор л байх болно. Өөрийн сэтгэлийг усгал зөөлөн болго, та ийнхүү үйлдвээс зөв шударга нь дийлэх болно. Амьдралд ганц л нууц оршин байдаг. Айдсаас бүрэн чөлөөлөгд. Ирээдүйдээ санаа бүү чилээ, өнгөрсөнд огт харамсах хэрэггүй. Нэгэнт өнгөрсөн явдлыг өнгөрсөнд нь үлдээ. Амьдралд өөр нэг үнэн бий. Хэрэв та өөрийгөө хэн нэгэн хүн, юмс үзэгдлээс уячихвал дээрх бүгдийг алдана. Тиймээс гадагшаа өнгийхөө больсон тэр л цагт бодит эрх чөлөөгөө олж авах юм. Гэргийтний амьдрал бол эв эеийн ухаан байдаг билээ. Эхнэр, нөхөр эвтэй найртай бол айл гэр өнгөтэй өөдтэй гэрэл гэгээтэй болдог.


Гэр бүлүүд аз жаргалтай байх аваас даян дэлхийн хүн ардад ч тустай болой. Эхнэр нөхөр хоёр хорвоогийн муу бүхнээс ангид оршин, хэрүүл тэмцэлгүй амжиргаагаа тэтгэж аривдуулан авч явах учиртай байдаг билээ.


Эхнэр нь эр нөхрийнхөө салшгүй нэг тал болдог. Нөхөр нь эхнэрээ хүндэлж бурмаар тэтгэх төдийгүй шударга мөртэй явах учиртай. Эхнэрээ хэзээ ч дорд үзэж, бусдын өмнө гомдоох эсвэл гутааж огт болохгүй. Эхнэр нь эр нөхөртөө үнэнч байж, нөхөр нь ариун журамт явдлын гэм хорыг жигших ёстой. Өрхийн тэргүүн алсын хараатай байх хэрэгтэй. Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө эхнэрийнхээ санаа оноог сонсож байх нь зүйтэй. Нөхрөө халамжлах нь эхнэр хүний үүрэг. Хадмуудаа төрсөн ээж, аав мэт хайрлан тэтгэж явах учиртай. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх төдийхөн бус бүх зүрх сэтгэлээ харамгүй зориулах хэрэгтэй. Ирсэн зочноо хүндэлж бай. Хэрэв хоёр биедээ итгэдэг байх аваас хамтын хүчээр та нар гэгээрэлд хүрч болно. Өөрсдийгөө сайн хүмүүсээр хүрээлүүл. Хайхрамжгүй, болгоомжгүй, сэрэмжгүй байхыг тэвчих хэрэгтэй. Энэ нь та биднийг уруу татах гэмтэй. Та биднийг буяны мөрөөр оруулах тийм л хүмүүсээр хүрээлүүл. Сэтгэл оюун ариун болвоос явдал мөр зөв буянтай сайн болно. Та юу ч хийсэн бай, гэр орны аар саар ажил хийсэн байлаа ч ухамсартай нягт нямбай төдийгүй хамаг сайнаараа үйлдэх нь л чухал. Өөрийн болон нөхрийнхөө ээж, аав төдийгүй үр хүүхэд, хамаатан саднаа ачилж тусалж явах нь таны амьдралын салшгүй хэсэг. Зөвхөн хар амиа хичээн амьдарч болохгүй, эд баялаг, аз жаргал, амжилт бүтээл бүхнээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Архи дарс, мөрийтэй тоглоомоос холуур яв. Хүмүүст ачлал энэрэлтэй хандаж, хариу нэхэлгүй тусалж, тэдэнд талархаж яваарай.


Өглөө бүрийг шинэ амьдралын эхлэл хэмээн санаж явах хэрэгтэй. Өдөр тутмын үйл бүр тань дээдийн ач холбогдолтой. Бид бие биедээ талархаж амьдрахыг умартсан, бусдаас хамааралтай гэдгээ хэзээ ч мартах учиргүй юм.


Ой мод, цэцэг навч, цэвэр агаар, цэнгэг ус, цэлмэг тэнгэр эдгээрийг та бид бий болгоогүй, харин бид байгаль эхдээ талархаж явах учиртай. Амьдралаас суралцсан бүхэндээ талархаж сурах хэрэгтэй. Хүн сэтгэлээ хангалуун байлгах чухал. Ихийг сурч мэдээгүй ч эрүүл энх яваадаа талархах хэрэгтэй. Хэдий ядарсан ч байлаа амьд яваадаа талархах хэрэгтэй. 


Бурхан багшийн сүүлчийн айлдвар: “Ананд! Чи итгэлийн тухай ярьж байна. Би амьдралынхаа туршид дээд зэргээр төвлөрсөн. Хуврагууд маань миний айлдсан гурван сургаалийг дээд зэргээр шүтэн биширдгийг би мэднэ ээ. Бясалгал бага үйлдсэн хувраг хүртэл нирваанд хүрэх урсгалын нэгэн хэсэг байдаг. Эрхэм хуврагууд минь энэ миний хамгийн сүүлийн сургаал. Та бүхэн минь. Өөрөө өөрийнхөө гэрэл болцгоо. Энэ л та нарын гарын авлага. Нойрноос сэрж Номын мөрөөр алх. Бясалгаж ухамсараа сэрээ. Өөрийгөө зөв зам руу чиглүүл. Мухар сохроор бусдыг бүү дага. Бүх юмс хувирамтгай. Юу ч болж байсан тогтуун бай. Үргэлж шаргуу хичээж цөхрөлтгүй чармай. Хэзээ ч бүү шантар” хэмээн айлдав.Бурхан багшийн сүүлчийн сургаалийг сонссон Хуврагууд “Бурхан багш дор аврал одуулмуй. Бурханы ном дор аврал одуулмуй. Бурсан хувраг дор аврал одуулмуй. ”хэмээн гурван эрдэнэд аврал одуулав.  Бурхан багш ийнхүү 45 жилийн турш ариун дээд номоо хүмүүст айлдаж, наян нэгэн насандаа Нирваанд орлоо.Будда хүн төрөлхтөнд аврал болсон гурван эрдэнээ үлдээлээ. Буддын сургаал нь Ганжуурын 113 боть, Данжуурын 226 ботид хураагдсан байдаг. Бурханы ном бол нисваанисийг дарж, гэгээрэлд хүргэдэг. Үхэх цагт Бурханы ном л тусалдаг гэдэг. Хүмүүс минь. Бурханаа шүтэж, Буянаа хураацгаая. Хамаг амьтан Бурхан багшийн сургаалтай учирч, Гэгээрэлйн хутгийг олж, Сансарын хүрдийг гэтлэх болтугай. 



Доржийн СҮХБААТАР