sonin.mn

Өөрийгөө судлах чадвартай, өөрийгөө судлах шаардлагатай, тиймээс өөрийгөө хар аяндаа, урсгалаар, сулдаа шахуу судалсаар ирсэн ганц амьтан бол хүн юм. Хүн судлал хэмээх мэдлэгийн энэ салбарын түүхийг бичих аваас тун ч сонин, хачин зүйлүүд өгүүлэгдэх бизээ. Хүн өөрийгөө таньж, мэдэж эхэлсэн цаг, цэг, арга ухаан, зорилго, сонирхол, алдаа оноо, гэгээрэл, төөрөгдөл гээд л ярих, дурсах юм зөндөө л гарна. Хүний талаарх шашны сургаал, номлол нэг бүрийг ч авч үзэх хэрэгтэй болно. Хүний үйл ажиллагааны төрөл, хэлбэр нэг бүр ч гэсэн хүн судлалд хамаатай. Хүмүүс бол байгаль дахь, нийгэм дэх бүхий л харилцааны амьд зангилаа цэгүүд юм. Байсан бүх үзэгдэл, юмстай, одоо байгаа бүх үзэгдэл, юмстай, ирээдүйд буй болох бүх үзэгдэл, юмстай хүмүүс л холбоотой. Ингэхлээр хүн судлалын түүх бол аль аль талдаа хязгааргүй үргэлжлэх боломжтой, үнэн мэдлэг, зөв мэдээлэл нь онцгой их ач холбогдолтой.


ХҮНИЙ ХУВЬД ҮНДСЭН ЗУРГААН ЕРТӨНЦ БУЙ:

 

НЭГДҮГЭЭРТ; Хүний гадна байгаа амьгүй биетүүд,

ХОЁРДУГААРТ; Хүний гадна байгаа амьд биетүүд (ургамал, амьтад),

ГУРАВДУГААРТ; Хүний өөрийн бие, эрхтнүүд,

ДӨРӨВДҮГЭЭРТ; Хүний бие, эрхтэнд шимэгчлэн амьдардаг микробууд (бактериуд, вирусууд), ТАВДУГААРТ; Хүний оюун санааны ертөнц дэх үнэн мэдлэг, зөв мэдээллүүд,

ЗУРГААДУГААРТ; Хүний оюун санааны ертөнц дэх шашин, сүсэг бишрэл.

 

Энэ зургаан ертөнцийн харилцаа, харилцан үйлчлэл дунд хүний амьдрал урсан өнгөрдөг. Дүрсэлж хэлэх аваас хүн нэг бүрийн орчин тойронд нь 2 ертөнц, биенд нь 2 ертөнц, оюун санааны амьдралд нь мөн 2 ертөнц зэрэгцэн оршиж байдаг ажээ. Эдгээр 6 ертөнцөөс хүмүүс бие, эрхтнүүдээ, дээр нь нэмээд (бие, эрхтнүүддээ) шимэгчлэн амьдардаг микробуудын ертөнцийг энэ XXI зууны 30-аад он гэхэд ч харамсахаар, чамлахаар муу, бага мэдэж байна.


Хүн нэг бүрийг, ялангуяа насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн нэг бүрийг үг яриа, үйлдэл хөдөлгөөн нэг бүрээ бодож, сэтгэж, санаатайгаар хэлдэг, хийдэг гэж бид боддог. Хүн төрөлхтөн бүх түүхийнхээ туршид л тэгж үзэж, тооцож иржээ.


Гэтэл энэ маань гүнзгий төөрөгдөл байжээ. Хүний ааш зан, үг яриа, үйлдэл, хөдөлгөөн бол үнэндээ тун олон хүчин зүйлээс хамаардаг, бүр объектив, бас субъектив хамаардаг, эзэн нь өөрийн эрхгүй л хэлдэг, хийдэг тохиолдол ч бас байдаг юм байна. Хүний бие, эрхтэнд үүсдэг олон янзын дааврууд, бас зарим бактери хүний зан аашийг бараг л (хэтрүүлж хэлбэл) жолооддог нь нотлогджээ. Амьтай бүхэн нарны гэрлээс том хамааралтай. Нартай, гэрэлтэй байхад ихэнх амьтан унтаж чаддаггүй.


Харанхуй болоход, бүр нүдээ аньж байж л хүн нойрсдог. Энэ нь тийм үед хүний биед үүсдэг мелатонин гэх даавраар нөхцөлддөг. Энэ даавар үүсэхгүйгээр хүн нойрсох чадваргүй.


Энэчлэн хүний баясах, гомдох, дурлах, хайрлах, идсэн хоол шингэх, дур хүсэл оргилох, уурлах, бухимдах нь хүртэл тус тус өөр даавраар өдөөгддөг, илэрдэг, зарим нь бүр микробуудаар ч өдөөгддөг байна. Хүний сэтгэл санаа, ааш авирт нөлөөлж ширүүн догшин болгодог бактерийг судлаачид олж токсоплазмоз гэж нэрлэжээ. Замын хөдөлгөөнд оролцож явахдаа байнгад шахам бухимдаж, бусдыг харааж, зүхэж байдаг жолооч нарын ихэнх нь энэхүү токсоплазмозын халдвар авсан хүмүүс байж ч болох юм байна. Зарим бактери, вирус хүнийг идэмхий ховдог болгодог. Хүн гипнозод автаж байгаа нь ч мөн олныг өгүүлж буй юм. Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, соёлтой, хүмүүжилтэй, оюун ухаантай, төгс төгөлдөр хүн хэмээх амьтны ааш авирыг бараг л удирдах хэмжээнд зарим бактери, вирус нөлөөлдөг гэдэгт хүмүүс ер итгэж байсангүй.


Гэтэл энэ талаар бидний мэдэх зарим жишээ, үзэгдэл ч байгаа шүү дээ. Галзуурсан, солиорсон хүн, согтсон хүн, мансуурсан хүн, угаартсан хүний биеэ авч явах байдал, хөдөлгөөн ямар байдаг билээ?...

 

Хүний ааш авир, үг яриа, үйлдэл, хөдөлгөөн бол, дүрсэлж хэлэх аваас, олон хүчин зүйлээс хамаардаг хувьсагч (функци) юм. Хүний биед олон янзын булчирхай бий. Бүгд л даавар ялгаруулдаг. Баясах, жаргах цэнгэх үед ялгардаг даавар (окситоцин) гэж ч буй. Олон хувьсагчтай функциудыг агуулсан функци мэтээр ч хүнийг төсөөлж болох юм. Даавар нэг бүрийн ялгарах нөхцөл ба хэмжээ, генофондын онцлог ч их нөлөөтэй нь тогтоогджээ. Зарим хүн сэрэл, сэтгэл хөдлөлдөө илүү их захирагддаг, зарим хүн бодол, дүгнэлтэндээ илүү их хөтлөгддөг, зарим хүн бусдыг дууриах доргих нь их, зарим хүн гадны нөлөөнд бараг л автдаггүй гэхчилэн олон янз байдлыг бид мэднэ дээ.


Эрэгтэй, эмэгтэй хэн ч болов амьдралынхаа туршид олон шийдвэр гаргадаг. Тэдний нэг хэсэг нь зөв, нэг хэсэг нь буруу байдаг. Гаргасан бүх шийдвэрийн нь хэдэн хувь нь зөв, хэдэн хувь нь буруу байхыг тухайн хүний хувьд үнэн мэдлэг, зөв мэдээлэл л шийддэг.


Аль нэгэн зөв шийдвэр гаргахад үнэн мэдлэг, зөв мэдээллийн “зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй хэмжээ” гэж буй. Үнэн мэдлэг хангалтгүй, зөв мэдээлэл хангалтгүй байх аваас зөв шийдвэр гаргах боломжгүй. Амьдралдаа гаргасан бүх шийдвэр нь зөв байх тохиолдол мэдээжээр цөөн, ховор. Мөн бүгд буруу байх нь ч цөөн, ховор. Зөв, буруу хоёрын харьцаа 90:10, 50:50, 10:90 байж ч болох юм. Олон зөв шийдвэр эзнээ өөд нь татдаг бол олон буруу шийдвэр эзнийхээ амь насыг ч хохироодог. Эмчилгээг нь эрт эхэлсэн бол эдгэрэх бүрэн боломжтой өвчин туссан хүн буруу шийдвэр гаргасаар нас барах тохиолдол ч олон шүү дээ. Эмнэлэг, эрүүл ахуйн ямар ч мэдлэг, мэдээлэлгүй зарим хүн лам, хар, ид шид, бөө удган гэж явсаар өвчнөө хүндрүүлээд эцэст нь үхэхийнхээ өмнөхөн л эмч, эмнэлэгт хандах нь ч буй. Хүний хайрлах, дурлах үзэгдэл ч гэсэн хэд хэдэн дааврын үүсэлтэй уялдаж, уураг тархинд явагдаж буй биохимийн урвалаар давхар баталгаажиж байдаг гэнэ. Хүний сэтгэлзүй, үйлдэлд нөлөөлөх дааврын болон микробуудын хүчин зүйлийг судалж тогтоох ажил цааш цаашдаа олон шинэ мэдлэгийг буй болгох нь эргэлзээгүй. Одоохондоо бол хүмүүс бид дотоод шүүрлийн бүх булчирхай, бүх даавар, шимэгчилж буй ашигтай, ашиггүй бүх микробыг бүрэн гүйцэд таньж чадаагүй байна.


Микробиологи, бактериологи, вирусологийн шинжлэх ухаанууд эрчимтэй хөгжиж, олон лабораториуд ажиллаж, шинэ хүчирхэг багаж, хэрэгслүүд ашиглаж, судлаачдын чадвар ч өссөөр байна. Хүний биологи, физиологи амьтныхтай ижилхэн. Бүр үр хөврөл байхаасаа үхэх хүртлээ л адилхан.


Гэхдээ хүнд сэтгэн бодож шийдвэр гаргах онцгой нэгэн чадвар бас буй. Амьтныхаар байх уу, хүнийхээр байх уу, даавруудын нөлөө болон микробуудын нөлөөнд захирагдах уу, ухаан, бодолдоо захирагдах уу гэх сонголтонд аль тал нь ялах уу, бүр байнгад ялсаар байх уу гэдэг асуулт, асуудал ч лав л удтал байсаар л байх болов уу. Байнгад хувьссаар байдаг байгалийн болон нийгмийн орчинд хүний хувьсал яаж явагдах бол, хувьслын доторх хувьслын ирээдүй ямар байх бол? Энэнд хүн судлал, хүний ирээдүй судлал хариу олсоор байх бизээ.Хүмүүс бид бие, эрхтнүүдээ ч сайн мэдэхгүй, бас биенд маань шимэгчилж амьдардаг олон тэрбум микробуудын талаар ч мэдлэггүй байгаа нь, мөн идэж болох бүхнийг идээд, ууж болох бүхнийг уугаад яг л “нохой, гахай шиг” явж байгаа нь зөөлөн хэлэхэд бүх нийтээрээ уруудах, доройтох, насаа богиносгохын дохио юм. Энэ байдлаа бүх нийтээрээ орхих, байгалийн төгс бүтээл болох эрхтэн нэг бүрээ зөв арчилж, биендээ байгаа ашигтай, ашиггүй микробуудын тоо, хэмжээ, нөлөөг зөв зохицуулж сурвал бидний хэн нь ч гэсэн 100-120 наслах бүрэн бололцоотой.


“Органик молекул – вирус – бактери – хаг – замаг – нэг эст бүдүүлэг биет – олон эст бүдүүлэг биет – ургамал – амьтан – хүн” гэсэн урт хэлхээ бол байгаль дахь хувьслын түүх. Энэнээс нааш нь хүн хэмээх оюун ухаант амьтан, бидний түүх эхэлдэг. Цаашдын хувьслаа, хөгжлөө бид ухамсартайгаар жолоодох ёстой.


Өөрийн байгалийн талаа ч, мөн нийгмийн талаа ч хослуулан хөгжүүлж, зөв авч явах учиртай. Энэ бол амар ажил, зорилго биш, урсгалаар нь орхих, хувь заяа, хэтийн төлвөө ухамсар дорой хар масс, бизнесменүүдэд даатгаж ч болохгүй, энд ёстой л “100 хэмжиж байж нэг огтлох” нь нэн чухал. Өнөө гэхэд л зохисгүй гэхээр, сэжиг, болгоомжлол төрүүлэхээр олон үзэгдэл буй болчихоод байгаа билээ. Монгол ардын үлгэр туульсад “Үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж 25 настайгаа байдаг ариун бумбын орон” гэж гардаг. Энэ бол зүгээр л нэг толгой холбоод хэлчихсэн үг биш юм. 25 наснаас хүний бие, эрхтэн, эд, эсийн хөгшрөл эхэлдгийг өвөг дээдэс маань мэдэж байжээ. Хөгшрөл эхэлсэн л бол цаашид улам бүр газар авсаар бүх эрхтэн муудаж, эд эс хөгширч, хорогдож хүн үхэж төгсөх болно. Харин нас, бие гүйцсэн 25 насны байдлыг хэвээр нь хадгалах, энэ үеийг аль болохоор уртасгах, хөгшрөл эхлэх мөчийг аль болохоор хойшлуулж чадваас хүн урт наслах нь тодорхой юм. Эрдэс бодис, витамин, бусад зүйлсээр хэвийн хангаад байх юм бол, мөн архи, тамхи, давс, сахар, өөх тос, консерв, хиам, мансууруулагч бодисууд мэтийг хэрэглэхгүй, хэтрүүлж хэрэглэхгүй байх аваас хүний аль ямар ч эд эрхтэн нэг янзаараа удаан хадгалагдаад байх чадавхтай нь нотлогдоод байна шүү дээ. Кальци мэтийн хэрэгтэй зүйлс дутагдахгүй бол 100 насалсан ч хүний шүднүүд байж л байх жишээтэй. Аль нэгэн шинжээрээ (үнэр, амт, мансууруулах, согтоох, тайвшруулах, өвчин намдаах г.м) хүнд ихэд таалагдсан бодисыг бүр дангаар нь ялгаж аваад ихээр хэрэглэх нь хортой юм.


Жишээ нь сахар. Цусанд сахар ихэсвэл судасны хана гэмтэж цус чөлөөтэй урсах боломжгүй болдог. Судас бөглөрч, хагарч (инсульт, инфакт) хүн амь хохирдог. Мөн спирт (архи)... Хүн бол байгальд байдаг л бодисуудаас бүтсэн (хийгдсэн) ердийн л биет юм.


Ингэхлээр сэлбэг, запасаар дутахгүй байж болно. Анх амьгүй бодисуудаас амьтан үүсчээ. Амьтай биетүүдийг, мөн хүнийг заавал амьтай, ер бусын ид шидтэй (бурхад мэтийн) амьтад л бүтээдэг гэх төөрөгдөл бол хүмүүс бидний алдаа. Амьгүйг амьгүй бодисууд, амьтайг амьтай амьтад бүтээх ёстой мэтээр үзэх нь буруу байжээ. Өмнө яригдсанаас ургуулан бодох аваас хөгшрөлтэй тэмцэх нь урт наслахын нэгэн том, бүр хамгийн үндсэн хүчин зүйл байж ч болох юм. Энэ талаар тун нарийн судлах, байгальд өөрийгөө залуужуулж чаддаг амьтад буй эсэхийг мэдэх, түүний нууцыг таних, үл хөгшрөх, үл элэгдэх, залуу насны үеийг урт удаанаар хадгалахын арга, технологийг нээх хэрэгтэй байна. “Хөгшрөхгүй бол үхэхгүй” гэх үг үнэн юм. Хөгшрөлийг бүрэн зогсоож чадвал мөнхрөл яригдаж болох л зүйл ажээ.


Хөгшрөлтэй тэмцэхэд, хөгшрөлийг зогсооход хамгийн том бэрхшээл нь мэдрэлийн эсүүдийн тоо, чанарыг хэвээр хадгалах, чадвал мэдрэлийн эсүүдийг нөхөн үржүүлэх, гавал доторхийн нууцыг бүрэн таних, залуу үеийн нь чанар, байдлыг хэвээр нь хадгалах асуудал л байх болов уу...


Нарны системийн хаанаас л бол хаанаас органик молекулуудыг олж, нээж болох төлөвтэй байна. Цагийн уртад, тохиолдлуудын хязгааргүйд, харилцан үйлчлэлийн элдэв үр дагаврын ачаар органик молекулуудаас вирус, бактери, хаг, замаг мэт нь хаана ч үүсэж болох юм. Ус, чийг, дулаан, хөрс, шороо бол ховорт орохгүй шүү дээ. Амьгүй элдэв бодис, минералууд үүсэх, амьтай биет үүсэх нь адилхан л, ердийн л байгалийн процессууд юм. Хүний оюун ухаан ч гэсэн мэдрэлийн эсүүдийн гадаад болон дотоод мэдээллүүдийг хүлээн авах, боловсруулах, таарч тохирсон хариу өгөх биотехнологи, чадвар ажээ. Иймэрдүү гэхээр болхи, бүдүүлэг, чадвар амьтанд ч буй. Ялангуяа хүний дохио, зангаа, дуу, үгийг аль нэг хэмжээгээр ойлгож, хариу өгч, харилцаж чадаж байгаа хэрээ, далайн гахай, нохой гэх мэт амьтанд тийм чадвар бусдаас нь илүү их сайн хөгжсөн байдаг. Хүн судлалын нэгэн онцгой чухал салбар, тал бол хүмүүсийн оюун санааны ертөнцийн судлал юм. Тэр дундаас бүр онцгой чухал нь шашин, сүсэг бишрэлийн асуудал. Шашин, сүсэг бишрэлээс шалтгаалсан аюул занал, дайн самуун, аллага хядлага, алдаа, төөрөгдөл хүн төрөлхтөнг яг л сүүдэр мэт дагалдсаар өнөөг хүрчээ. Буруу номтон гэх нэр, хаяг яг л цаазын ял мэтээр ойлгогдож, гүйцэтгэгдэж байсан цаг үе, бүс нутаг хаана л бол хаана, хэзээ л бол хэзээ байсаар иржээ.


Өөр шашин, бурхантай гээд алж хороох нь байж боломгүй жигшүүртэй хэрэг, хүнээс хүнд гаргаж үл болох гэмт үйлдэл юм. Шүтлэг, бишрэлээрээ туйлшран ялгарах, бүр алж хядалцах нь оюун ухаантай амьтан болох хүмүүсийн хувьд “даан ч дээ” гэхээр тэнэглэл байв.


Шашин бүхний сайн зүйл, зөв зүйлд нь түшиглээд хэн хүнийг аугаа их ачтан болгож ч болно, бас буруу, худал бүхэнд түшиглээд хэн хүнийг алуурчин, араатан ч болгож болно. Энэ үг үнэн гэдгийг нотлох жишээ, баримт шашин нэг бүрийн түүхэнд хангалттай тоо, хэмжээгээр байгаа. Дэлхий дахины түүх судалсан, өөрийн улс, үндэстний түүх судалсан хүн бүр энэ үнэн гэдгийг ойлгоно, хүлээн зөвшөөрнө. Хүний оюун санааны амьдрал дахь нөгөө нэг ертөнц нь шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэл. Энэ бол хэн хүний амьдралд алхам тутамд нь хэрэг болж, ашиглагдаж, аюулт өвчнөөс амь насыг нь ч хамгаалж, хүний чадал, чадавхыг ч олон зуу дахин өсгөж байдаг зүйл. Мэдлэг бол хүч гэж ярьдаг даа. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл бол хүнийг хүн болгодог, хүн хэвээр нь амьдруулдаг, насыг нь уртасгадаг, аюул бүхнээс хамгаалдаг, улмаар сансар хорвоод хүн төрөлхтөнг мөнхөлж ч чадах аугаа их хүч юм.



Судлаач, профессор Д.Чулуунжав