
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 5 /CNBC/. Америкийн “Nvidia” компани зах зээлийн үнэлгээгээр “Microsoft”-ыг гүйцсэнээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани цолоо эргүүлэн авчээ.
Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч тус компанийн хувьцаа мягмар гарагт 3 хувиар өсөж, 141.40 ам.доллар болсон бөгөөд тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд 24 орчим хувиар өссөн байна.
Одоо тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.45 их наяд ам.доллар болжээ. Харин мягмар гаргийн арилжаа хаагдах үед “Microsoft”-ын үнэлгээ 3.44 их наяд ам.доллар байв.
“Nvidia” өнгөрсөн зургаадугаар сараас хойш дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг “Apple” болон “Microsoft”-той ээлжлэн тэргүүлж байгаа юм. Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 24-нд “Nvidia” хамгийн үнэ цэнтэй компани болж байв.
“ChatGPT” чатботыг хөгжүүлэхэд “OpenAI” компанийн ашиглаж буйтай адил хиймэл оюуны чипүүд нь “Nvidia”-гийн өсөлтөд голлон нөлөөлсөн юм. “Microsoft”, “Meta”, “Google”, “Amazon”, “Oracle”, “xAI” зэрэг компаниуд хиймэл оюуны дэвшилтэт технологиудыг бүтээхийн тулд “Nvidia”-гийн чипүүдийг асар их хэмжээгээр худалдан авах болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Ер цаашид энэ компанийн үнэ өсөж буурах нь тодорхой биз.