sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ огцрох үеэрээ өөрийг нь огцруулах ажлыг Засгийн Газрын кабинетын гишүүд дундаас хийсэн гээд хэлчихсэн юм.


Үүнээс хойш сошиал орчинд Н.Учрал Л.Оюун-Эрдэнийг “түгжилдсэн” гэх цууг идэвхтэй тарааж, “Женко” Х.Баттулгын зөвлөх, экс гишүүн эмэгтэй: "Учрал л Засгийн Газрыг огцруулчихлаа" гэх маягийн урт урт зүйлс бичих болов. Л.Оюун-Эрдэнэ яагаад ингэж дүгнэх болсон юм бол? Шалтгаан нь маш энгийн ажээ.


Монголын нэг номерын мэдээлэлтэй байх учиртай Ерөнхий Сайд сүүлийн үед маш их вакумжсан байна.


Ерөнхий Сайдыг тэнгэрт тултал магтаж, бодит шүүмжлэл хэлсэн хүмүүсийг атгаг санаат дайсан мэтээр ойлгуулдаг хэсэг тойрон хүрээлэгчид түүний дэргэд бэхжиж, таныг ард түмэн маш сайн дэмжиж байгаа, бараг л та байхгүй бол Монгол Улс яана аа гэж ярьсаар Л.Оюун-Эрдэнийг төсөөллийн хөөсөн бөмбөлөгт оруулжээ.


Хэргийн эзэд бол гадаадын компаниас хандив авсан улс төрч эмэгтэй голлосон, “15 давхар”-ын пиарчид, “Америкт төгсөгчдийн бүлэг”, жагсаалтаар сонгогдсон зарим нөхөд аж.


Тэд л сүүлийн жилүүд дэхь инфляцийн аймшигт өсөлт, хүнснээсээ илүү юм авах чадваргүй болсон цалин, төгрөгний ханшны уналт, тэгш бус байдлаас үүдсэн иргэдийн бухимдлыг ямар нэг дайсны зохион байгуулсан хуурамч зүйл хэмээн тайвшруулж, тэр бүү хэл “Огцрох амархан” жагсаалд оролцож буй залуусыг “Их Засаг”-ын л оюутнууд юм байна лээ шүү дээ гэсэн тайлбарт итгэтэл нь Л.Оюун-Эрдэнийг вакумжуулжээ. Нэгэнт вакумжсан дарга тойрон хүрээлэгчдийнхээ тайлбарт л итгэсэн хэрэг. Харин эсрэгээрээ бодит байдал дээр ураны гэрээ байгуулагдмагц эсэргүүцэн, жагсаал хийж байсан “тэмцэгчид” багаа хуулан Л.Оюун-Эрдэнийг огцруулахын эсрэг тэмцэж, бүр өлсгөлөн хүртэл зарласан нь маш сонирхолтой. Арай Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө Засгийн Газрын байгуулсан гэрээг ганцхан Н.Учралд хамаатуулан дайрч, нэр төрийг нь шороотой хутгах ажлыг зохион байгуулж байсан юм биш биз дээ? Хэрэв тийм бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө Н.Учралыг “түгжилдэж” байсан болж таарна.



М.Гал