sonin.mn

СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 3 /Yonhap/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэллээ. Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарласнаас хойш яг зургаан сарын дараа сонгууль болж байна. Санал хураалт өглөөний 06:00 цагаас эхэлсэн бөгөөд оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.


Сонгуулийн үндэсний хорооноос мэдээлснээр, улсын хэмжээнд 14 295 санал авах байр нээгджээ. Нийт 44 391 871 сонгогч санал өгөх эрхтэйгээс өнгөрсөн долоо хоногт болсон хоёр өдрийн урьдчилсан санал хураалтын үеэр 15.4 сая гаруй хүн саналаа өгчээ. 


Ингэснээр урьдчилсан санал хураалтын ирц 34.74 хувьд хүрсэн нь 2014 онд уг тогтолцоог нэвтрүүлснээс хойших хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо.


Санал хураах байрууд хаагдсаны дараахан саналын хуудсыг тоолж эхэлнэ. Ялагч шөнө дунд орчимд тодрох төлөвтэй байгаа боловч санал тооллого лхагва гаргийн өглөөний 6 цагт дуусна гэж Сонгуулийн хорооноос мэдээлжээ.


Саналын хуудсыг тоолж дууссаны дараа тус хороо сонгуулийн дүнг албан ёсоор батлуулахаар өглөөний 07:00-09:00 цагийн хооронд чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулна.


Юн Сог Ёлийн халааг авах хүнийг тодруулах сонгууль хугацаанаас өмнө болж байгаа тул шинэ ерөнхийлөгч шилжилтийн үегүйгээр шууд ажлаа хүлээн авна. Тангараг өргөх ёслол хэдэн цагийн дараа Үндэсний Ассемблейд болох төлөвтэй байгаа боловч шинэ Ерөнхийлөгч тодорсны дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас /АН/ Ли Жэ Мён, “Ардын хүч” намаас /АХН/ Ким Мүн Сү, Шинэ шинэчлэлийн намаас Ли Жүн Сок, Ардчилсан Хөдөлмөрийн намаас Квон Ён Гук, бие даан нэр дэвшигч Сон Жин Хо нар өрсөлдөж байгаа юм.


Өнгөрсөн долоо хоногт явуулсан сүүлийн санал асуулгын дүнгээр АН-ын Ли Жэ Мён АХН-ын Ким Мүн Сүгээс 10 орчим хувийн саналаар илүүрхэж байсан боловч өмнөх санал асуулгын дүнгүүдтэй харьцуулахад саналын зөрүү нь багассан байлаа.


Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр Ли Жэ Мён 40 хувь, Ким Мүн Сү 30 хувь, Ли Жүн Сок 10 орчим хувийн санал тус тус авчээ. Ли Жэ Мён, Ким Мүн Сү нарын хэн хэн нь эдийн засгийн өсөлтийг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр эн тэргүүний амлалт болгож, хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарахаа амласан байна.


Аюулгүй байдлын тухайд, Ли Жэ Мён дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаатай холбогдуулан “прагматик” дипломат бодлого баримтална гэж амласан бол Ким Мүн Сү Умард Солонгосын цөмийн аюул заналхийллийн эсрэг тогтоон барих хүч бий болгохын ач холбогдлыг онцолжээ.


Харин Ли Жэ Мён, Ким Мүн Сү нар ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог одоогийн тогтолцоог дөрвөн жилийн хугацаагаар хоёр удаа сонгогддог байх тогтолцоогоор солихын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэгт санал нэг байна. Ким Мүн Сүгийн хувьд 2028 оноос эхлэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндэсний Ассамблейн гишүүдийнхтэй уялдуулахын тулд өөрийн бүрэн эрхийг гурван жил болгон богиносгохоо амлажээ. Харин Ли Жэ Мён Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, уг өөрчлөлтийг 2030 оноос хэрэгжүүлэхийг уриалсан байна.


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг