sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэв.


Тэрбээр,: “Зарим тодорхой бус асуудалд өөрийн биеэр хариулт өгөх нь чухал гэж бодлоо. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш парламентад үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Хамтарсан Засгийн Газрыг бүх талаар дэмжсэн, Л.Оюун-Эрдэнийг таван жилийн хугацаанд бүх талаар дэмжсэн. Намайг нэг удаа парламент дээр орж ирж, буруу зөрүү зүйл ярихыг та бүхэн сонсоогүй байх. Ерөнхий сайд байсны хувьд зовлонг нь мэднэ, амар биш. Цар тахлын үед ажилласан. Заримдаа яс янгинахаар хэцүү ажил байдаг. Олон жил Ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт амьдарсан улстөрчийн хувьд, удирдагчийн хувьд энд сууж байгаа хоёр даргыг хайрладаг, хамгаалдаг. Өнөөдөр ч гэсэн хайртай. Иймд хувь хүмүүсийн асуудал ярихгүй. Зарчим ярина. Нэгдүгээрт, хүн засагдахгүй, хууль засаглана. Миний тангараг өргөх ёслолдоо хэлсэн үгийн хамгийн гол пойнт бол энэ. Би өнөөг хүртэл үүндээ үнэнч байгаа. Би улс төрд ороод 30 гаруй жил болж байна.


Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас боловсронгуй болгохын төлөө өөрийн бүх он жилийг зориулсан.


Ерөнхий сайд байхдаа ч энэ байр суурийг үргэлж илэрхийлж байсан. 2019 оны Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт, саяын 126 гишүүнтэй болсон өөрчлөлт зэрэгт дандаа дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрх, бүх зүйлээс татгалзсан шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгчид айхтар эрх мэдэлсээд байх юм үгүй. Бүх эрх мэдэл Засгийн Газарт шилжсэн. Би үүнийг өөрөө Ерөнхий сайд, намын дарга байхдаа хийсэн хүн. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж чөлөөлдөг болсон. Надад зүгээр мэдэгдээд л болоо. Би өөрөө Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Ерөнхийлөгч бол АТГ-ын даргыг томилдог, санал болгодог байдал олон жил бусдыг хонгилоор чирсэн юм байна, таслан зогсооё гэсэн. Манай нөхцөлд Ерөнхийлөгч бол дээд танхимын л үүрэг гүйцэтгэдэг юм шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрөө байгуулж, шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байгаа. Шүүхийн Ерөнхий Зөвлөл парламент руу очсон. Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүгчийг томилно. Ерөнхийлөгч ганц удаа буцаах эрхтэй, тэгээд оруулж ирснийг нь томилно. Өөр эрхгүй. Ийм л Ерөнхийлөгч бий.


Өнөөдөр төрийн тэргүүн засаг төрөө дарамтлах боломж байхгүй. Ерөнхийлөгчийн хүч гэвэл ард түмний сонгосон сонголтоос өөр зүйл үлдээгүй.


Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойгоор, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг үгийг би хэлсэн. Сая албажуулж, нүүр хуудастаа дахин тавьсан. Манай ард түмний сонголт бол парламентын засаглал, ардчиллын баталгаа. Тийм учраас Ерөнхийлөгч цаашид ч парламентын засаглалыг дэмжинэ. Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахин зургаан жилээр огт сонгохгүй. Намайг хэн дахин сонгоод байгаа юм бэ. Яагаад өнөөдрийн үйл явдал Ерөнхийлөгчийн засаглал гэдэг тэс ондоо юм руу явж, ард түмний толгойг эрүүлэхэд хүрэв. Би зарчим ярьж байна шүү. Би энэ хоёр даргад зарчимтай бай гэж хүүхэд байхаас нь захиж ирсэн. Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж одоог хэр найдаж байгаа. Эр хүний жудаггүй ааш авир гаргахгүй гэдэгт би итгэлтэй байна. Парламентат ёсоо улам бэхжүүлэхийн төлөө л бүгдээрээ ажиллана. Нэгдүгээр асуудлыг маш тодорхой хэллээ.


Хоёрдугаарт, баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм. Би МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд байхдаа 2019 оны Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, Үндэсний баялгийн сан байгуулна гэсэн заалтыг оруулсан. Би энэ заалтад үнэнч байгаа. Газрын баялаг бол ард түмний өмч. Миний хүүхэд байхаас тогтсон үндсэн философи. Байгалийн баялгийг аль нэг компани бүтээгээгүй. Энэ чинь бурхны бүтээл. Тийм учраас Монголын ард түмэн ижил тэгш хүртэх ёстой. Хулгай хийж авсан бол буцааж өгөх ёстой. Би 2018 онд гэж санаж байна, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ийн даргаар ажиллаж байсан. Би Норвегид очиж, баялгийн санг нь судлаад ир гэж явуулж байсан. Ингэж баялгийн сан бий болсон. Ерөнхийлөгч ард түмэндээ баялгийг нь авч өгөхөд цаашдаа ч хатуу байр суурьтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гурван зүйлд санаа зовж явдаг. Нэгдүгээрт тусгаар тогтнол. Хоёрдугаарт аюулгүй байдал. Гуравдугаарт эв нэгдэл. Энэ та бүхний ч үйл ажиллагааны үндсэн зарчим.


Сүүлийн хорь хоног харлаа. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйлийг хэлж байгаа. Ард түмнээ сонсооч гэж. Ард түмэн чинь юу яриад, юу хүсээд, мөрөөдөөд байгаа юм бэ. Хорь хоног жагслаа шүү дээ.



Тавьж байгаа шаардлага нь маш тодорхой. Залуу үе нь гарч ирээд шударга ёс тогтоох тухай хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй юм шиг, шал анги юм энд яриад байна вэ? Асуудлаа тодорхой яриач. Олон түмэн хорь хоног хүлээлээ шүү дээ. Ард түмний шаардлагад парламент зохих хариу өгөх ёстой гэж бодож байна. Би амьдралдаа дөрвөн албан тушаал өгч байсан. МАН-ын ЕНБДаргын ажлыг сайн дураар өгч явлаа. УИХ-ын гишүүнээс сайн дураар татгалзаж байлаа. Шадар сайдаа мөн өгч байлаа. Ерөнхий сайдын эрхэм өндөр албан тушаалыг ч мөн сайн дураар өгч, огцорч байлаа. Энэ бүгдийн цаана ард түмний эв нэгдлийг удирдагч хүн тэргүүн зэрэгт тавих ёстой гэдэг л бий. Өөрийн хашиж буй өчүүхэн албан тушаалд битгий шигд. Ухрахдаа ухарч, урагшлахдаа урагшилдаг байх ёстой. Хариуцлагаа өөрөө үүрч чаддаг байх ёстой. Үнэнээ хэлдэг байх ёстой. Худлаа ярьж болохгүй. Ард түмний эв нэгдэлд гай болж болохгүй. Үүнийг би төрийн тэргүүний хувьд зөвлөж байна.


Хүмүүс намайг залуу хүн гэж боддог байх. Би улстөрд гучин таван жил явж байна. Алдаж онож үзлээ, сайн муу юмыг нуруун дээрээ үүрч гарлаа. У.Хүрэлсүх худалч хулгайч байсан бол олон түмэн намайг сонгохгүй байсан байх.


Би албан тушаалыг хэзээ ч бусдад худалдаж байгаагүй. Би улс орноосоо хэзээ ч хулгай хийж байгаагүй. Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гадныхны 50 сая вонноор зарж байгаагүй шүү. Би таван нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Дээр нь би эх орондоо хайртай. Эцэст нь төрийн тэргүүн бол ард түмнээс сонгогдсон хүн. Ард түмнийхээ талд бат хатуу зогсоно гэдгээ хэлье. Талбай дээр сайн дураараа ирж, хүсэл зорилгоо илэрхийлж, эрх чөлөөгөө эдэлж, шударга ёсоо хүсэмжилж байгааг нь хангахын төлөө явна. Төрийн тэргүүнийхээ үгийг тунгааж, зөвөөр ойлгож, асуудлаа шийднэ гэж найдаж байна. Хамтарсан Засгийн Газар харамсалтайгаар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн Газрыг тултал нь дэмжсэн шүү. Надад ямар боломж байна, бүгдээр дэмжсэн. Энэ Засгийн Газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн бараг өөрсдөө мэдэж байгаа болов уу. Надаас биш Ерөнхий сайдаасаа асуух хэрэгтэй. Яагаад тарах болсон гэдгийг, хэн үүнийг тараах санаачилга гаргасан юм гэдгийг холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь үнэнд нийцнэ гэж бодож байна.


Ард түмнийхээ үгийг сонс. Бие биенээ доромжилж, гутааж, бусдын нэр хүндэд халдахаа боль. Арай дэндэж байгаа юм биш үү.


Үг дуугарсан хүнийг ямар муухай харлуулж, доромжилж, хүнд байдалд оруулж байна аа. Эр, эм гэж тоохгүйгээр. Ингэж байж бид ардчиллыг хамгаалж байна гэж ярьж болох уу. Ингээд парламентын гишүүд та бүхэндээ төрөө авч явах эрхэм бөгөөд нэр хүндтэй ажилд улам их амжилт хүсье. Ард түмнээ битгий талцуулж, шар махтай нь хатаа. Асуудлаа шийд. Хэрэв та бүхэн ард түмний талд асуудлаа шийдэж чадахгүй бол, ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй байна шүү. Ашиг сонирхолгүйгээр энэ олон залуус төрийн ордны гадна эмх цэгцтэй, үймээн самуунгүй үзэл бодлоо илэрхийлж байгаад баярласан. Ухаалаг, ондоо болсон юм байна. Одоо ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо одоо боль.


Амин хувийн ашиг сонирхол, ах дүү нарынхаа сонирхол, албан тушаалын жижигхэн сэнтийд бүү шигд. Эр зоригтой бай.


Ингэж чадвал ард түмэн чинь чамайг хайрлана. Битгий талцуул, хуваа. Гадаад дотоод нөхцөл байдал хүнд байгаа. Ингээд Ерөнхийлөгч нь өөрийн байр суурийг илэрхийллээ. Цаашид үг хэлэх шаардлагатай гэж үзвэл дараа дараагийнхаа үгийг хэлэх болно. Эрхэм төрийн түшээд зөвөөр хүлээж аваарай" гэлээ.


З.Болор