
“Зууны мэдээ“ сонин нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжилга бүтээлээ “Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя” нэртэйгээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны дугаараар олны хүртээл болгосон. Энэ удаад “Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя-2” цуврал нийтлэлээ хүргэж байна. Энэ хаврын мод тарих хөдөлгөөн ойрын өдрүүдэд өрнөж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зарлагдаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 84 сая мод тарьжээ.
Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хоёр дахь шат эхэлнэ. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангасан тул энэ жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх юм байна. 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж 570 сая, гурав дахь шат буюу 2028-2030 онд 850 сая мод тарьж, ургуулна гэж төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жил тарьсан нийт модны хэмжээг дараагийн гурван жилд долоо дахин, сүүлийн гурван жилд бүр 10 дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. 2030 он болоход таван жил үлдэж. Ийм их хэмжээний модыг таван жилд тарина гэхэд бодит байдал дээр биелэх магадлал тун хомс байна. Уул уурхайн 21 аж ахуйн нэгж 2030 он хүртэл нийт 610 сая мод тарьж ургуулах, арчлан хамгаалахаа илэрхийлж санамж бичиг байгуулсан. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар энэ амлалт 1.99 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд 2024 онд 12.083.922 мод тарьж, 7.6 сая модны тарьц суулгац бэлтгэжээ. 2024 оны гүйцэтгэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 2.1 сая мод тарьсан байна.
Тус компанийн нийт тарьсан модны тоо 2.5 сая болжээ. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойших дөрвөн жилийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 3.5 сая мод тарьсан үзүүлэлтээр тэргүүлж байна. Тэгэхээр хөдөлгөөн эхэлсэн дөрвөн жилд 100 сая ч хүрэхгүй мод тарьжээ. Тэгвэл үлдэж буй хугацаанд нэг тэрбум 420 сая мод тарих төлөвлөгөө цаасан дээрээ үлдэх бололтой.
Улсын хэмжээнд 1170 чимээгүй хот 15525.8 га талбайг эзэлж байна
Хамгийн олон оршуулгатай нь Ховд аймаг байгаа бол хамгийн бага оршуулгатай нь Орхон аймаг байна. Орон нутагт нийт 1170 оршуулгын талбай байгаагаас 1112 оршуулгын талбайд хариуцсан газарт эзэмшигч, ашиглагч байхгүй байна. Харин хамгийн дөтөөр дор хаяж 3-5 жилд 31 сая гаруй мод тарих боломж байна.
Өөрөөр хэлбэл, манай улсын нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрд бий болсон 1170 оршуулгын газарт буюу 15525 га -д нэг /га-д 2500 мод/ гэж тооцвол 31 сая 312 мянга 500 ширхэг мод тарих боломж байгааг мэргэжилтнүүд тооцоолжээ.
Учир нь төвлөрсөн хот суурин, аймгийн төв, сумд бүгд өөрийн оршуулгын газартай. Бид бурхан болоочоо дөрвөн зүг найман зовхист гаргадаг. Ил тавих, газарт булах, хөшөө бунхан босгох зэрэг олон зуун мянган га талбайг оршуулгыг газарт ашигладаг. Харин уг газрыг дахин өөр зориулалтаар ашиглах боломжгүй. Нэгэнт бий болсон оршуулгын газруудыг хоргүйжүүлэх буюу ялгарч буй хорт хий бусад сөрөг нөлөөллийг саармагжуулах шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх хамгийн тохиромжтой арга нь мод тарьж цэцэрлэгжүүлэх гэдгийг гадаад, дотоодын эрдэмтэд тогтоосон байдаг. Тэгвэл манайд хамгийн удаашралтай, уламжлалт зан үйлээ, шинэчилж чадахгүй байгаа зүйл бол оршуулгын ажил болоод байгаа юм. Иймээс оршуулгын зан үйлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байгаль, дэлхий, экологид сөрөг нөлөө багатай гүйцэтгэх нь өнөөгийн тулгамдсан асуудал болжээ.
Хэдийгээр төв суурин, сумын төв орчимд оршуулгын газар олон болж байгаа ч ямар ч зориулалтаар ашиглахгүй зөвхөн ногоон байгууламжийн талбай болгохоос өөр гарцгүй юм.
1804 онд хамгийн анхны цэцэрлэгт оршуулгын газар нь Парис хотын Пеер Лакашений оршуулгын газар нээгдэж байжээ. Дараа нь АНУ-д 1831 онд Массачусет мужийн Mount Aubern ногоон цэцэрлэг бүхий оршуулгын газар нээж байсан түүхтэй. Гадаадын орнуудад оршуулгын газар, тэнд байгаа булш, бунхан нь хэний ч анхаарал татахгүй. Зөвхөн ногоон ой, цэцэрлэгт хүрээлэн байдаг нь орчин үеийн чимээгүй хотын хөгжлийн нэг хэлбэр аж. Холливудын зарим кинонд оршуулгын газар нь битүү цэцэрлэгт хүрээлэн байдгийг бид үзэж байна. Тэгэхээр дэлхийн хөгжлийг даган Монгол Улс оршуулгын хэв маяг,оршуулах зан үйлийг шинэчлэх, өөрчлөх шаардлагатай болжээ. Нийгмийн сэтгэл зүйд энэ зан үйлийг хүн, байгаль орчинд ээлтэй, өөд бологсдын хойд насанд буян болох зан үйлийн шинэ хэв маяг, соёлд суралцах хэрэгцээ үүсээд байна.
Бид дөрвөн “Бага-тойруу"-тай тэнцэх газарт талийгаачаа нутаглуулдаг
2014 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн Оршуулгын газрын судалгаанд нэг шарил оршуулах талбайн хэмжээ 15-20 м2 газрыг ашигладаг гэхээр жилдээ 36.8 га газрыг далд хэлбэрээр оршуулах ажилд хэрэглэж байна. Энэ нь 10 жилд 368 га газрыг хамрах талбай юм.
Улсын хэмжээнд байгаа оршуулгын газрын судалгааг 2020 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хийжээ.
Улсын хэмжээнд төвлөрсөн 1170 байршлын нийт 15525.8 га талбайд оршуулгын зан үйл хийж байгаа аж. Нийт оршуулгын газруудын хоёр хувь буюу 23 байрлалын 102.7га оршуулгын газар нөөцгүй болсон. Газрын эрх зүйн байдлын хувьд таван хувь нь буюу 53 нэгж талбарын нийт 1554.2 га газар эзэмшигч, ашиглагчтай байна. Харин орон нутгийн төрийн байгууллагын эзэмшилд 39 нэгж талбарын 548.2 га, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд 11 нэгж талбарын 238 га хувь хүний эзэмшилд гурван нэгж талбарын 12.7га газар байна. Жилд дунджаар 18500 хүн нас барж байгаагаас хэд нь төвлөрсөн оршуулгын газарт нутаглуулж байгаа нь тодорхойгүй байна.
Нийт оршуулгын талбай болох 15525 га -д нэг /га-д 2500 мод/ гэж тооцвол 31 сая 312 мянга 500 ширхэг мод тарих боломжтой наран ээвэр газар байна гэсэн үг юм. Үүнийг Улаанбаатар хоттой харьцуулбал дөрвөн Бага тойруу байрлах хэмжээтэй газар юм.
Харамсалтай нь эдгээр газрыг дахин ашиглах ямар ч боломжгүй гэдгийг судалгаанд онцолжээ. Түүнчлэн нийт оршуулгын газрын 95 хувь нь газрын эрхийн харилцаа байхгүй, талийгаачдыг хаана хэрхэн оршоож байгаа бүртгэл мэдээлэл хийхгүй байгааг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ХБХ-ийн хэлтсийн дарга О.Одбаярын судалгаа харуулж байна.
Оршуулгын цэгийн хамгаалалтын бүсийг Монгол Улсын Ариун цэврийн тухай хууль болон эрүүл ахуйн стандартад заасны дагуу 300 метрээр тогтоожээ. Үүнд зөвхөн тохижуулах зорилгоор мод, бут сөөг тарихаас бусад ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Орон нутаг дахь оршуулгын газрын мэдээллийг аймгуудын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газруудаас ирүүлэхийг хүссэн 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 1/338 тоот бичгийг явуулж оршуулгын газрын орон зайн мэдээ болон орон зайн мэдээг 21 аймгийн хэмжээнд цуглуулжээ. Мөн 21 аймгийн мэргэжилтнүүд оршуулгын газрын судалгаа хийж мэдээллийн бааз үүсгэжээ.
Ингэхэд хамгийн олон оршуулгатай нь Ховд аймаг байгаа бол хамгийн бага оршуулгатай нь Орхон аймаг байна. Түүнчлэн орон нутагт нийт 1170 оршуулгын талбай байгаагаас 1112 оршуулгын талбайд хариуцсан газарт эзэмшигч, ашиглагч байхгүй байгааг тогтоожээ.
Мөн нийт оршуулгын газраас долоон оршуулга ил хүн тавьдаг бол, 28 оршуулга ил, далд, холимог тавьдаг, 1135 оршуулга далд хэлбэрээр шарил болгон оршуулсан байжээ. Орон нутагт байгаа 1152 оршуулгын 95 хувь газар эзэмшигч, ашиглагч байхгүй байна. Таван хувь буюу 61 оршуулгын газарт газар эзэмшигч, ашиглагчтай байна. Мөн орон нутагт байгаа нийт оршуулгын хоёр хувь буюу 23 оршуулга газрын нөөц дуусаж хаагдаж хүн оршуулахаа больсон аж. Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 18403 хүн нас барсан байна. Нэг хүнийг оршуулах газрын талбай дэлхийн стандартаар 7м2 газар ногдоно гэж үзвэл жилд 12.8 га газрыг оршуулах ажилд ашигладаг гэсэн үг. Гэвч 2014 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн “Оршуулгын газрын судалгаа”-нд нэг шарил оршуулах талбайн хэмжээ 15-20 м2 газрыг ашигладаг гэхээр жилдээ 36.8 га газрыг далд хэлбэрээр оршуулах ажилд хэрэглэж байна. Энэ нь 10 жилд 368 га газрыг хамрах талбай юм. Өөрөөр хэлбэл, жилд оршуулгад 36.8 га талбай шаардлагатай болж байна. Судалгааны дүгнэлтээр “Оршуулгын газар”-ын газар эзэмшигч, ашиглагчийг тодорхой болгон эзэмшүүлэх.
Хот суурин газрын оршуулгын газрыг чөлөөлөх стандарт, дүрэм, журам гарган хэрэгжилтийг хангуулах. Оршуулгын газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг оршуулгын хил заагаас 300 метрээр тогтоох саналыг гаргажээ.
Улсын хэмжээнд хүн ам олноор суурьшсан, нягтрал ихтэй газруудад шарил чандарлах байгууламж байгуулах, ойжуулах, мод тарих үндэслэл тооцоог судалгааны үндсэн дээр хийж хэрэгжилтийг хангахад эрх зүйн болон бодлогоор дэмжин ажиллах шаардлагатайг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын судалгаа дүгнэжээ.
Жилд оршуулгад шаардагдах 36.8 га газрыг ойжуулж, мод таръя
Иргэн Д.Амгалан саяхан хөдөөнөөс бурхан болооч үеэл дүүгийнхээ буяны ажилд Улаанбаатарт ирж оролцжээ. Буяны ажлыг “Улаанбаатар буян” компани зохион байгуулсан аж. Бурхан болсон дүүг нь чандарлаж, чандрыг нь хэдэн жилийн өмнө өөд болсон аавынх нь чандрын хажууд гантиг хананд оршоожээ.
Д.Амгалан ярихдаа “Орчин үеийн оршуулгын ажил, ар гэрийнх нь хүсэлтийн дагуу зохион байгуулдаг болжээ. Манайхан бурхан болоочоо чандарлаж дараа нь мод тарих хүсэлтэй байсан. Ёсоор болголоо.
Хамгийн гол нь аавынх нь дэргэд оршоосон нь дараа нь ирэхэд сэтгэлд нэг л өег санагдлаа. Хүн энэ хорвоод ирсэн нь үнэн, явах нь үнэн. Тэгэхээр аав, ээж, ойр дотнын нь хүмүүсийн дэргэд оршуулах газрын захиалга бас хийдэг болжээ. Зарим хүн сонсоод гайхах л байх. Гэхдээ орчин цагаа дагаж аль болох байгальд ээлтэй оршуулгын зан үйлд, дадах нь чухал санагдлаа. Оршуулгын ажилд 10 орчим сая төгрөг зарцуулсан. Тарих мод нь бэлэн байдаг юм байна. Бид гар хүрч оролцсон. Бусдыг нь компани хийдэг юм байна. Тэр хавьд эргэн тойронд мод тарьж, зүлэгжүүлсэн харагдсан. Энэ нь их зүгээр санагдлаа” гэсэн юм. Тэгэхээр чандарлахад газрын хэмжээ бага шаардагдах аж. Өөрөөр хэлбэл, 40х30 см хэмжээтэй хайрцаг дахь нэг чандрыг газарт оршооход нэг метр кв талбайтай газар хангалттай аж. Харин гантиг болон цементэн хананд оршооход газрын талбай бүр багасаж өгнө. Газарт хайрцагт хийж далд оршуулахад 12 метр кв газар нэг хүнд хэрэгтэй. Тэгэхээр талийгаач нарыг оршооход жилд дунджаар 36.8 га газар шаардагдаж байгаа. Га тутамд 2500 ширхэг мод тарьдаг гэж тооцвол 92 мянган ширхэг мод тарин нь. Бараг 100.000 мянган мод.
Хайлаас мод чимээгүй хотыг чимнэ
Бурхан болоочоо нутаглуулчихаад эргэж харалгүй явцгаадаг бидний сэтгэлд юу үлдэх билээ. Бунхалсан суварга, босгосон хөшөө, булсан хөрс нүдэнд харагдаж үлдэнэ. Дээр үед эргэн тойронд нь төмөр хашаа хүртэл барьж байсан.Зах зээлийн шилжилт, ядуурлын үед төмрийг нь мулталж, булш, бунхныг нь ухаж хаясан билээ. Тэгвэл тэнд өнөөдрөөс эхлэн хайлаас мод тарьж хэдэн зуун жилд урган найгаж, сэрчигнэн шуугих навчсын дор нойрсох боломжийг эхлүүлцгээе.
Ээжийн газрыг гурван жил, аавын газрыг таван жилийн дараа ханш нээх өдрүүдээр эргэн очдог гэсэн бичигдээгүй хуультай. Тэр ёсоо бодвол мод тариад орхивол ургах уу гэсэн бодол орж ирэх нь ойлгомжтой. Тэгвэл хөдөөлүүлсэн тэр өдрөө модоо суулгаад ханатал услаад орхиход ургадаг тийм л мод тарих болох нь.
Энэ нь 1-2 настай бортогонд ургуулсан 15-20 см өндөртэй хайлаас мод. Үндэс нь бортогоор бүрэн хамгаалагдсан байдаг байна. Суулгацаа зөвхөн суулгах үедээ бортогоноос нь гаргаж суулгана. Урьдчилж 10 см амсартай, 20 см гүнтэй нүх ухсан байна. Ингээд усалж орхиод эргэж харалгүй явж болох тухай 40 жил дендрологич хийсэн Байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимэд ярьж байна. Ингээд 3-5 жилийн дараа ханш нээх өдрөөр эргэн очиход өмнөөс тань 3-5 метр өндөр ургасан хайлаас мод ногоон навчсаа дэлгэн найган ганхах мэт таныг угтах болно. Үүнд л таны баяр баясгалан оршиж энэ мод миний, түүний минь шим тэжээл, буянт сэтгэл хэмээн бодох буй за. Тэгвэл бид бурхан болоочдынхоо шарил бүрийн дээр яагаад мод тарьж буян үйлдэж болохгүй гэж. Мэдээж мод тарьсан юм чинь заавал арчлалт, хамгаалалт шаардагдах нь тодорхой. Улаанбаатар хотод мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэй газарт өөд бологсдоо хөдөөлүүлсэн хүмүүс санаа амар байж болно. Хамгийн гол нь та бурхан болоочдоо зориулж мод тарих хүсэлтээ өгнө. Түүнчлэн арчлалт, хамгаалалтын зардлыг нь урьдчилж төлсөн байх ёстой. Гэхдээ энэ нь бас л хүний хэтэвчний хэрээр хязгаарлагдах магадлалтай.Хөдөө орон нутагт мэргэжлийн буяны байгууллага ховор.
Нөгөөтээгүүр, тарих мод нь бэлэн биш гээд наад захын асуудал хөвөрнө. Тэгэхээр арчилгаа бага шаардагдах, ямар ч нөхцөлд ургах чадвартай мод бол хайлаас модыг л тарих нь зөв гэв.
Монголчууд хайлаас модыг “ариун мод” хэмээн нэрлэж тахилгат уул овоо, сүм хийд, шашин номын газар, ихэс дээдсийг нутаглуулсан газарт тарьж байжээ. Энэ мод өөртөө нарны илчийг шингээн амилж, хамгийн нарийхан мөчир салаа нь хүртэл хахирган хатуу цагийн зодуурыг даан хойтон хавар нь амилан ургаж чаддаг ажээ. Хэн ч тийм гэж бодомгүй, түүний урган амьдрах чадварыг гайхаад барамгүй. Налуу газрын ус урсаад л өнгөрдөг болохоос тогтож газарт шингэх нь бараг үгүй. Говийн нүцгэн уулс, хад асга бүхий голын хөндий, татам,цөл хээрийн үржил шимгүй цагаан хөрсөнд зөвхөн хайлаас ажрахгүй ургадаг онцлогтой. Хайлааст говь, цөлийн ургамлын шинж төгс бий. Навч нь жижиг, үндэс нь хүчирхэг, өндөр биш боловч хамж ургасан үндэс нь хаа хол тархаж, хаанаас ч жаахан ус олоод ирэх нь түүний чадварыг илтгэнэ. Хайлаас мод 150 жилийн настай. Нарс 300-500, Шинэс 500-800 жил насалдаг. Одоогоос 2200 жилийн өмнө Хүннүгийн ихэс дээдсийг нутаглуулсан булшин дээр даруй 1700 жилийн дараа ургасан Дурлигийн нарс мод өнөөдөр Хэнтий аймгийн Баян-Адаргад найган шуугьж байна. Мөн эдүгээгийн их хааны эцэг Өгөдэй хаан өөрийн сүнсийг амарлингуй байлгахын тулд нэг хэсэг бут, сөөг, шугуй болтол мод тариулаад байсан нь ийм учиртай байж.
Эдгээр сөөг, модыг хэн ч огтолж үл болох. Ямар нэгэн мод мөчрийг хугалсан байвал тэр хүнийг ташуурдах буюу хувцсыг нь тайлж үсэртэл жанчих тухай зарлиг буулгасан байдаг” хэмээсэн нь мод тарих нь эрт дээр үеэс улбаатай аж.
Ялангуяа, бурхан болоочдод зориулан мод тарихыг эрхэмлэж ирсэн нь түүхэн баримтаар нотлогдсон ажээ. Оршуулгын газар гэх энэ хүндэтгэл бүхий ариун дагшин газраа энэ байдлаар тээгээд явах уу. Эсвэл ногоон суварга болгон ойжуулаад явах уу гэдгийг холбогдох шийдвэр гаргах түвшний хүмүүсийн сэтгэл, зүтгэл , менежментээс шууд шалтгаална. Энэ санааг хэрхэн хүлээж авах талаар “Тэрбум мод” сангийн гүйцэтгэх захирал Б.Баярмаатай холбогдож тодруулах гэсэн боловч модоо тариад хотоос гадуур яваа бололтой. Утас нь сүлжээнээс гарсан хариуг нийтлэлээ бичиж дуусах хүртэл сонссон юм. Оршуулгын газар гэхээр яагаад заавал уулын энгэрт хэдэн хөшөө, хог дүүрсэн газар байх ёстой гэж. Дэлхийн жишгийг даган хөгжье гэвэл ногоон оршуулгын газрыг бий болгохоос өөр сонголт үгүй мэт. Одоогийн эвдэрч хэмхэрсэн хайс, ухаж сэндийчсэн булшийг харан айдастай амьдарч буй нь иргэд эрүүл тайван орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр. Үүнээс гарах оновчтой гарц нь оршуулгын газрыг хайлаас модоор ойжуулах явдал гэдэгт мэргэжлийнхэн, ТББ-ынхан, мөн мэргэжлийн буяны үйлчилгээ эрхлэгч “Бат номин” компани гээд бүгд санаа нэг байна.
Оршуулгын тухай хуультай болсноор асуудал шийдэгдэнэ
Оршуулгын газрыг ойжуулах тухай хүсэлт болон төслийн санаагаа “Буяны зан үйлийн холбоо” ТББ байгууллага, судлаачдын хамтаар Уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны яаманд 2024 онд бичгээр хүргүүлсэн ч энэ талаар төлөвлөгөөнд тусгаагүй тул төсөв батлаагүй. Тиймээс боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тухай эх сурвалж хэлсэн юм. Нийслэлийн захирагчийн ажлын оршуулгын үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шалгалт хийсэн.
Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Мөнхбаяртай энэ тухай ярилцахад “Нийслэлийн Засаг даргын 370 тоот захирамж гарсны дагуу оршуулгын газруудыг цэцэглэх зорилгоор хяналт шалгалт хийсэн. Шалгалтын дүнг албан ёсоор Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар хүлээж байна.
Оршуулах ажиллагааны стандарт батлагдсанаас хойш үйл ажиллагаа явуулж буй компаниуд шаардлагаа ерөнхийд нь хангаж байна. Одоогоор Улаанбаатар хотод оршуулгын нэг ч газар нэмж зөвшөөрөл олгох боломжгүй. Буяны энэ үйл ажиллагааг журам, гэрээгээр зохицуулах боломжгүй болсон байна. Хотын 2030, 2040, 2050 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай. Тиймээс Оршуулгын тухай бие даасан хууль баталснаар дэлхийн жишиг стандарт руу чиглүүлэх боломжтой” гэсэн юм.
Шалгалтын явцад зөрчлийн 70-80 орчим хувь нь оршуулгын үйл ажиллагааг гэрээ нэрийн дор бизнес болгох гэсэн санаархалтай этгээдүүд эзэлж байсан аж. Нөгөөтээгүүр, оршуулгын үйл ажиллагааны журам, стандартаа баталсан нэг ч аймаг одоогоор байхгүй байлаа.
Ховд болон Төв аймаг журмаа батлахаар зэхэж байгаа юм байна. Бусад нь энэ талаар ямар ч журам байхгүй байгааг онцолъё. Цаашдаа нийслэл, аймаг, дүүрэг, хотынхоо хэтийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулж оршуулгын газраа хэрхэхийг хуулиар тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Түүнчлэн Хотын ерөнхий төлөвлөгөөний газрынхан, Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд хамтарч энэ асуудалд анхаарах цаг нь болжээ.
Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл4
Энэ их зөв санал байна. Харин далан давхрын оршуулгын газрыг элдэв шарилаас цэвэрлээд тракророор хусаж газрыг нь тэгшилээд хүмүүсийн зугаалж нааддаг цэцэрлэгт хүрээлэн байгуулна гээд байсан нь юу болсон бэ. Далан давхарын хажуугаар явахад нэг жоохон талбайг трактороор хусаад цахилгааны подстанц трансформатор барьсан харагдана лээ. Өөр хийсэн юм байхгүй л байна лээ. Миний өвөө эмээгийн шарилийг трактороор арай хусаагүй байдагаараа байж л байна лээ
Чимээтэйтээгээ эн тэнцүү л дээ - соц . уралдаан шиг л ... " Хотонд байгаа хонио хоёр мянгад хүргэнэ - хонгор бүсгүй чамаас хол яасан ч хоцрохгүй " ...
Монгол улсын иргэн хүн сонголтоо хийдэг баых эрх үүрэгтэй байх ёстой. Хүссэн хүнд нь 2 алд газар өгөх хэрэгтэй . Харин хажууд нь Хогын цэг бгуулдаг ёс бус юмаа больцгоо.
хашаа газартай бүх айл өрхүүд хашаандаа гудамжиндаа мод тарих хэрэгтэй