sonin.mn
Энэ удаагийнхаа Зочны хойморт "Алдар" спорт хорооны тамирчин, ахлах Ө.Дүүрэнбаярыг урилаа. Тэрбээр 9 дүгээр сарын 22-28ны өдрүүдэд Азербайжаны Баку хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий +100 килограмын жинд хүрэл медаль хүртжээ.Түүний энэхүү амжилт "Алдар" спорт хорооны түүхэнд анхдагч юм. Тодруулбал тус спорт хорооноос жүдо бөхийн төрлөөр ДАШТ-ээс ямар нэгэн медаль хүртсэн тамирчин байгаагүй аж.
 
Юуны өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе...
 
-Баярлалаа. Миний хувьд энэ жил чамлахааргүй амжилтууд гаргасандаа баяртай байна. Өнгөрсөн 8 дугаар сард Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн XVIII наадмаас мөнгө, сая Азербайжаны Баку хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий +100 килограмын жинд хүрэл медаль хүртлээ.
 
Таны жинд хэчнээн өрсөлдөв? Хамгийн өрсөлдөгч аль улсын байсан бэ?
 
-Нийт 43 орны 49 өрсөлдсөн. Мэдээж бүгд ерсөлдөгчид. Тэр тусмаа тойрогт барилдсан олимп, аваргын мөнгөн медальт Японы тамирчин, хүрэл медалийн төлөө барилдсан Чехийн тамирчин олимп болон дэлхийн аварга Локаш Крпалек нар байсан. Гэхдээ миний хувьд урьд нь Чехийн тамирчинтай хэд хэдэн удаа таарч барилдаж байсан болохоор барилдааны арга техникийг нь ерөнхийдөө мэднэ. Тийм учраас нэлээд хашир барилдаж ялалт байгуулсан.
 
Жүдо бөхийн спортод хэзээнээс хел тавьсан юм бэ?
 
-12 настай байхаасаа хичээллэж эхэлсэн, тухайн үед би ОХУ-д сурдаг байсан юм. Тэр үед Евгейний Юрывич багш маань зөвлөж, дэмжин энэхүү их спорт руу хөтлөн оруулж байлаа. 2008 онд эх орондоо ирээд СХД-ийн дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Хаштогтох багшийн удирдлагад хичээллэсэн. Харин 2015 оноос "Алдар" спорт хороогоор овоглогдон жүдо бөхийн ОУХМ П.Нямлхагва, Д.Батсайхан багш нарынхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа базааж байна.
 
Жүдо бөхийн спорттой нөхөрлөснөөсөө хойш чамлахааргүй амжилтуудын эзэн болсон байх. Заримаас нь онцлохгүй юу?
 
-2013 онд залуучуудын ДАШТ-ээс мөнгө, 2014 онд алтан медаль хүртсэн. Мөн залуучуудын Азийн аваргын тэмцээнд 2010, 2012, 2013 онд аваргалсан. Түүнчлэн 2016 оны Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жиндээ алтан -медаль авсан зэрэг амжилтаа дурдахад таатай байна. Хэдийгээр энэ мэт багагүй амжилт үзүүлсэн ч сүүлийн 2 жилд дорвитой барилдаж чадахгүй, барилдаанаа "олохгүй" шантарсан. Тэр ч утгаараа спортоо орхиж, барилдахаа болье гээд шийдчихсэн байсан. Гэтэл "Алдар" спортхорооны удирдлага, багш дасгалжуулагчид маань Азербайжаны Баку хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д оролцох үүрэг өгсөн. Тэгээд л 6 дугаар сарын 1-ний өдрөөс бэлтгэлээ шаргуу базааж тэмцээндээ оролцон хүрэл медаль хүртэж, жүдо бөхийн төрлөөр дэлхийн аваргаас медаль хүртсэн "Алдар" спорт хорооны анхны тамирчин болсондоо сэтгэл хангалуун байна. Энэ тэмцээн бол миний амьдралыг өөрчилсөн, намайг спортын халуун тогоонд үлдэх хамгийн том шалтгаан болсон, хэзээ ч мартагдашгүй тэмцээн байлаа.
 
Эргэлт буцалтгүйгээр спортынхоо халуун тогоонд үлджээ гэж ойлгож байна. Маш олон тэмцээн хүлээж байгаа нь ойлгомжтой...
 
-Тийм ээ. Одоо надад сэтгэл хоёрдож, нүүр буруулах эрх байхгүй. Тууштай хичээллэж, чадлынхаа хэрээр амжилт өөд тэмүүлэх болно. Хамгийн ойрын тэмцээн ирэх 11 дүгээр сард болох Токио гранд слам, мөн 12 дугаар сард Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Эдгээрт хүч сорихоор бэлтгэлдээ орно.
 
Бөхчүүдийг ихэвчлэн удам дагадаг гэдэг юм билээ. Таны хувьд...
 
-Би удам дагасан бөх. Манай аав улсын начин Л.Өлзийбаяр гэж хүн бий. Мөн аавын маань аав Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын заан Д.Лувсан гэж хүн байсан. Бөхийн хорхойтнууд "Нисэхийн тавхай заан" гэдэг нэрээр нь андахгүй. Нисгэгч, тавхайлддаг мэхийг түлхүү хийдэг бөх байсан учраас тэр юм билээ. Бас авга ах маань МУГТ, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, улсын начин Л.Энхбаяр гэж хүн байсан. Ээжийн талд мөн л олон бөх бий. Манай өвөө Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат н.Рэгжийбуу гэж сумынхаа наадамд олон удаа түрүүлэн сумын заан цол хүртсэн цэргийн дарга хүн байсан. Хамгийн том нагац ах маань олон жил бөх зассан Р.Чойдорж гэж бөхийн зүтгэлтэн байлаа. Мөн Бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж, улсын заан Р.Давааням тэдний хүүхдүүд гээд олон бөх бий. Тэгэхээр миний хувьд  хоёр талаасаа бөхийн удамтай гэдгээрээ бахархдаг. Улсын гарьд Н.Ганбаатар ах маань намайг олон талаар дэмжиж, маш их тусалдагт баярладаг.
 
Сүүлчийн асуултыг Таны мэдэлд үлдээе...
 
-Баярлалаа. Намайг  үргэлж дэмждэг гэр бүлдээ, ээждээ маш их баярладаг. Ээж маань Замын-Үүдэд амьдардаг юм. Намайг хүрэл медалийн төлөө барилддаг өдөр гэрээсээ өглөө эрт гараад л Замын-Үүдэд байдаг овоонд мөргөж залбирсан гэсэн. Түүнийг нь мэдээд би маш их хичээж барилдсан, нөгөө талаасаа ээжийнхээ итгэлийг алдчихвий гэж бас их эмээсэн. Энэ дашрамд БХЯ, ЗХЖШ, "Алдар" спорт хорооны удирдлага, багш дасгалжуулагчид, хамт олондоо баярлаж талархаж явдгаа уламжлаад аз жаргал, амжилт бүтээл бүхний дээдийг хүсье.
 
Ярилцсанд баярлалаа.
Спортын өндөр амжилт хүсье.
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин