sonin.mn

"Аймгийн цолтон"-ны ярилцлага булангиинхаа энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат ТЕГ-ын “Эрч” спорт хороо Барилга угсралтын “Бүти" ХХК Хан Хэнтийн аварга дэвжээний бөх сумын заан С.Сэргэлэнгийн хүү аймгийн хурц арслан Ариунбилэгийг урьж ярилцлаа. Тэрээр өнөө жил Хэнтий аймгийнхаа баяр наадамд 256 бөхөөс найм даван түрүүлж, аймгийн арслан цолоо батлан хурц чимэг хүртээд байгаа билээ.

-Таны бөхийн удам судрын талаар яриагаа эхэлье?

-Манай аав С.Сэргэлэн Баянхутаг сумын харъяат, сумандаа хоёр түрүүлсэн сумын заан цолтой, том биетэй хүн байдаг. Аавын талд Тавхай Лувсаншарав гэж даншгийн заан цолтой хүн байсан.

Харин ээжийн талд Сэцэн ханы Гоё Жамц гэж бөх байсан гэсэн. “Сэцэн хан мишээж байна, Гоё Жамц нь гарч ирж байна" гэж хүмүүс ярьдаг байсан гэнэ лээ. Их сайхан гараа дэвээтэй, гоё бие хаатай бөх байсан гэдэг юм.

-Удмаа дагаад бөхийн спортыг сонгов уу. Аль эсвэл өөр учиртай юу?

-Монгол эр хүн болгон л багаасаа барилдаж ноцолдож өсдөг. Аймгийн арслан Т.Гүрсоронзон бид хоёр арван жилийн сургуульд нэгээс наймдугаар анги хүртлээ хамт сурсан. Гүрсоронзон маань барилдана, би дагаж их бөх үздэг. Хааяа Гүрсоронзонтойгоо барилдчихдаг байсан. Би Завхан аймгийн Идэр сумаас эхнэр авсан.

Манай эхнэрийн ах аймгийн арслан Данзангийн Батжаргал намайг “одоо барилдах цаг чинь болжээ” гээд дагуулан анх бэлтгэл хийлгэсэн юм. Ер нь намайг бөх рүү оруулсан хүн бол Д.Батжаргал арслан. Миний багш, найз, ах юм.

Тэр үед Д.Батжаргал маань ҮБТДС-д сурдаг байсан. Нэг өдөр “манай сургуулийн аварга шалгаруулах барилдаан болно, бөх үзье, чи ер нь манай ангийн нэр дээр барилдчих” гээд... Тэгсэн надад зодог шуудаг байдаггүй. Батжагийн муудчихсан зодог шуудгийг өмслөө, бас гутал олддоггүй ээ.

Одоогийн улсын начин Б.Бадамдоржийн гутлыг гуйж өмсөн анх барилдсан сонин түүх бий. Тэр барилдаан тойргийн журмаар болж Архангайн а.а Л.Үйтүмэн түрүүлж, улсын заан Б.Сайнбаяр үзүүрлэж байв. Манай суманд аймгийн арслан Оюунболд анх бөхийн секц хичээллүүлж, тэр секцэнд явдаг байлаа.

-Бага насаа хаана хэрхэн өнгөрөөсөн бэ?

-Миний бага нас Баянхутаг сумын төв дээр өнгөрсөн. Би сумандаа наймдугаар анги төгсөөд хотод ирэн 13-р сургуульд суралцаж төгссөн. Амралтаараа хотод өвөө, эмээ дээрээ их ирнэ. Ер нь өвөө, эмээ хоёрын хүүхэд байсан даа.

-Хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?

-2007 оноос бөхийн спортоор тууштай хичээллээд өдөр болгон бэлтгэл хийж эхэлсэн. Сайн муу барилдах нь яахав, аль болох барилдаан алгасахгүйг хичээдэг.

-Анхны цолоо хаана, хэзээ авч байв?

-2004 онд Биндэр суманд болсон Г.Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлж, аймгийн заан болж байсан юм.

-Түрүүлсэн мөртлөө яагаад аймгийн заан болдог билээ?

-Тухайн үеийн тойргийн барилдаанд унаагүй түрүүлвэл аймгийн арслан цол өгнө гэсэн шаардлага тавьдаг байсан. Би нэг унаатайгаар түрүүлж аймгийн заан болж, одоогийн улсын начин Ч.Батчулуун хоёрт орж байлаа.

-Аймгийн наадамд хэд шөвгөрөөд байгаа вэ?

-Тогтмол бэлтгэлтэй байсны хүчинд өнөөдөр аймагт хоёр түрүүлж, нэг тав давчихаад Г.Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд 1 түрүүлж, 1 үзүүрлэж, 3 удаж гуравт шалгараад байгаа.

2008 онд аймгийн арслан Б.Хадбаатартай үзүүр түрүүнд үлдэн түрүүлж байсан. 2013 онд аймгийн түүхт 90 жилийн ойгоор улсын заан Б.Сайнбаяраар тав даваад зургаагийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарт унасан.

-Өнөө жилийн аймгийнхаа наадмын тухай ярих уу?

-Өнөө жил аймгийнхаа наадамд улсын начин Б.Одхүү ахыг даван түрүүлж аймгийн арслан цолондоо чимэг нэмж хурц чимэг хүртээд байгаа.

-Аав ээжийнхээ тухай ярина уу?

-Манай аав С.Сэргэлэн олон жил нэгдлийн даргын жолоочоор ажилласан. Дарга нь аймгийн хурц арслан Хешик гэж хүн байлаа. Манай ээж Л.Нарангэрэл Хэнтий аймгийн Идэрмөнх сумын харъяат. Аав ээж хоёр маань одоо тэтгэвэртээ гарчихсан, хотод амьдарч байгаа.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Эхээс зургуулаа. Хоёр ах, нэг эгч, хоёр дүүтэй. Манай доод талын дүүг Ариунбаяр гэдэг. Аймгийн наадамд гурав давж байсан. Одоо Солонгост сурч байгаа.

-Заалны барилдаанд анх давж байсан улсын цолтой бөх хэн бэ?

-Анх оюутан байхдаа улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй цагаан сарын барилдаанаар таарч барилдаж байсан. Би барилдсан бөхчүүдээ бүгдийг нь бичиж тэмдэглэдэг.

-Та сая барилдсан бөхчүүдээ тэмдэглэдэг гэж ярилаа. Өнөө цагт барилдаж буй бөхчүүдийн хичнээнтэй нь барилдсан байна?

-Дийлэнхтэй нь барилдсан байна лээ. С.Мөнхбат аваргыг аймгийн заан цолтой байхад нь бөхийн өргөөний 20 жилийн ойгоор хоёрын даваанд таарч барилдаж байсан. Одоо ид барилдаж буй бөхчүүдээс барилдаж үзээгүй бөх ховор.

Ямар нэгэн байдлаар бэлтгэл сургуулилт дээр, наадмын бэлтгэл дээр, эсвэл бөхийн өргөөнд барилдана, бөхийн өргөөнд барилдаагүй бөхтэйгээ бэлтгэл дээр таараад барилдчих нь бий.

-Бөх болох юм байна гэсэн урам зориг хэдий үеэс төрсөн бэ?

-Бөх найзуудаа дагаад адилхан бэлтгэл хийгээд явж байхад бүх зүйл болох юм шиг санагдсан. Ганц нэг барилдаанд нөгөө хэд маань урам өгөөд ч байгаа юмуу, унаж өгөөд л. Манай нутгийн миний үеийн хэдэн сайхан аймгийн арслангууд байдаг юм.

Тэднийгээ хаячихаар би ер нь яагаад барилдаж болохгүй гэж санагдаад... Би 2004 онд Самдан аваргын нэрэмжит барилдаанд их сайн барилдсан юм. Тэр барилдаанаас “бэлтгэл сургуулилтаа тууштай хийвэл болох юм байна” гэсэн урам зориг авч билээ. Тэр барилдааны дараа би 3 жил Америк яван ажиллаж амьдрахдаа хотынхоо наадамд 3 жил дараалан түрүүлсэн.

Манай хотод Монголчууд их байдаг цагаан сар болон монгол наадмаа жил бүр зохион байгуулдаг юм. Зодог шуудагтай 32 бөх амархан бүрдээд барилдчихна шүү. Намайг монгол руугаа буцах үер манай хотынхон “С.Ариунбилэг нь Indiana мужийн Jeffersonville хотын Арслан" гэсэн өргөмжлөл өгч байсан. Монголдоо ирээд аймгийн арслан цолоо авсан даа.

-Бэлтгэл сургуулилтаа ямар горимоор хийж байна вэ?

-Одоо үед бол цолны ялгаа залаа тэмдгэндээ байдаг болсон байна. Залуу бөхчүүд том цолтой бөхчүүдээс айхгүй, хэн нь ч хэнийгээ хаядаг болсон. Бэлтгэлээ хэн илүү хийж байгаа нь сайн барилдаж байна. Дээхнэ үед бол аварга бөх дор даваанд унадаггүй, аймгийн цолтой бөх 4 залуу бөхөд унадаггүй байсан.

Одоо манай үндэсний бөх мэргэжлийн талдаа болчихсон байна. Хүмүүс бэлтгэлийг сайн хийдэг болсон, бөхийн сургуулиуд ч их болсон байна. Миний хувьд болж өгвөл өдөр болгон бэлтгэлтэй байхыг боддог.

Долоо хоногийн хоёр өдөр хүчний, хоёр өдөр үндэсний бөхийн бэлтгэл, нэг өдөр нь ууланд гараад гүйдэг ч юмуу амралтын өдөр барилдаангүй бол гэртээ сайхан амардаг. Манай аймгийн залуу бөхчүүд АБТДС дээр улсын начин Б.Адъяахүү багшийн удирдлаганд бэлтгэлээ базаадаг. Би хааяа Б.Адъяахүү багштай бэлтгэл хийдэг.

-Та барилдааны ямар онцлогтой вэ?

-Баруун талтай, сэрвүүгээс голдуу барилддаг. Суйлах, буцаагаад тахимдах, бусгах мэхтэй. Ч.Цогбаяр начинтай Хоршооллын зааланд бэлтгэл дээр барилдахад “Чиний хоёр гар улсын цолтой болчихжээ" гэж хэлж байсан.

Би бэлтгэл хийсэн ч боломжийнхоо хэрээр еөрийгөө дайчилж хийдэг. Э.Оюунболд харцагатайгаа хааяа бэлтгэл хийнэ. Улсын начин Б.Одхүү ах жүдогийн “Тэмүүлэл” гээд дэвжээ байгуулж өсвөрийн жудочдыг бэлтгэж байгаа. Манай нутгийн бөхчүүд долоо хоногтоо нэг удаа очиж Одхүү ахтай хамт бэлтгэл хийдэг.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Манай эхнэрийг Д.Оюунаа гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Манайх хоёр хүү нэг охинтой. Том хүү Баярбаатар 1-р сургуульд сурдаг, бага хүү Баярбаясгалан цэцэрлэгт явдаг. Охин Мишээл хоёр настай.

-Дотно найзалдаг бөхчүүдийнхээ тухай?

-Нутгийнхаа бөхчүүдтэй дотно найзалдаг. Тэр дундаа улсын харцага Э.Оюунболд, аймгийн арслан Т.Гүрсоронзон, Г.Ганцоож, З.Наранбаатар, сумын заан Т. Баттулга нартай дотно нөхөрлөдөг. Нутгийнхаа аймгийн арслан Н.Баатархүү ахтайгаа байнга холбоотой байдаг.

Хэнтийд байгаа бөхчүүдтэйгээ холбоотой хааяа очиж бэлтгэл хийнэ. Би ТЕГ-ын “Эрч” спорт хороонд харъяалагдан, Завханы бөхчүүдтэй бэлтгэл хийж дотно нөхөрлөж явдаг. Завханы бөхчүүд ихэнх нь “Эрч” спорт хороонд харъяалагддаг шүү дээ. Манай Батжаргал тус спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажилладаг.

Улсын гарьд М.Баяржавхлан, Ш.Жаргалсайхан, улсын начин Ш.Уламбаяр, Ж.Оргил, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн, аймгийн арслан М.Баярсайхан, Ж.Сүхбат нартай найзууд. Ш.Жаргалсайхан гарьд “Би чам шиг бяртай байсан бол” улсын наадамд түрүүлчихсээн гэдэг.

Тэгээд энэ жил үзүүрлэхээр нь Жагаад “Чи над шиг бяргүй болохоороо үзүүрлэлээ дээ” гэж хэлсэн ( инээв. Хүн чинь хоосон юм ярихгүй шүү дээ. Тэгэхээр надаас бяр анзаарагддаг шиг байгаа юм. Бяраа ашиглаад барилдвал түрүүлэх нь ч хаашаа юм, гэхдээ илүү сайн барилдах юм шиг санагддаг.

-Өөрийгөө хэр дайчилдаг вэ?

-Би түрүүн манай үеийн аймгийн арслангууд байдаг гэж хэлж байсан даа. Би тэр хэдээсээ сүүлд цол авсан. Хүн зүгээр урсгалаар явах биш, зорилготой бэлтгэл хийх ёстой. Жишээ нь: нойр хүрээд бэлтгэл хиймээргүй үедээ би энэ бэлтгэлийг хийчих юм бол эсвэл үүний ард гарчих юм бол хэзээ ч хаяж үзээгүй хүнээ хаяна даа гэж, эсвэл аймгийнхаа наадамд түрүүлээд туг тойроод явж байна гэдэг ч юмуу, улсад тав даваад Монгол улсын начин цолны болзол хангалаа гээд дуудуулах ч юм уу гэх мэтээр би өөрийгөө цэнэглэдэг.

Хүн дотроо зорилго тавин бэлтгэлд оччихоод ядарлаа гээд суугаад байж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол үр дүнд хүрэхгүй. Би өөрийгөө дайчилсны үр дүнд аймгийн арслан цол авснаасаа хойш зургаан жилийн дараа аймгийн хурц арслан хэмээх сайхан цолыг авлаа.

Энэ цолоо Монгол улсын начин цолтой дүйцүүлж боддог. Одоо хурц арслан болчихлоо гээд ханах биш дараагийн цол ойртсон гээд өөрийгөө шахаад ганц нэг жилдээ бэлтгэл хийвэл Монгол улсын......гээд дуудуулах боломж их ойртсон гэж бодож байгаа. Улсын цол авч аавыгаа баярлуулах нь өдрийн бодол, шөнийн зүүд болоод байна даа.

-Биеийн өндөр жин хэдтэй байна?

-Жин 118 кг, өндөр 178 см байгаа

-Аймгийн арслан цолтой барилдах хурц арслан цолтой барилдах хоорондоо ялгаатай байна уу?

-Ер нь ялгааг нь мэдэрч байна шүү. Хааяа миний дээр байдаг хурц арслангууд барилдахгүй тохиолдолд манлайлаад гарч байна. Энэ бол “магнайлж байна" гээд хөөрөхөөс илүү их том хариуцлага.

Аливаа юмны манлай нь бусаддаа үлгэр дуурайлал байх ёстой учраас наад зах нь дор даваанд унаж болохгүй. Хүндэлдэг байсан сайхан арслангуудынхаа дээр гараад зогсох анхандаа эвгүй байсан.

Өөрийгөө аль ч талаар зөв авч явах, их зүйлийг даах үүрэгтэй болж байгаа юм. Би хурц арслан болчихлоо гэхээсээ илүү бэлтгэл сургуулилтаа сайн хийж энэ хурц арслангийнхаа хэмжээнд барилдаж бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой гэж боддог.

-Бөхийн бусад төрлөөр барилдаж байв уу?

-Жүдо, чөлөөт бөхөөр бэлтгэл хийдэг. Гэхдээ тэмцээн уралдаанд орж байгаагуй. Үндэсний бөхчүүд спортын ордон руу очоод их спортын бэлтгэл хийе гэхээр боломж арай бага байдаг.

Үндэсний бөхөөр дагнаж буй залуучуудыгбэлтгэл хийлгэхгүй гэх хандлага ажиглагдаж байдаг. Ерөнхийдөө спортын төв ордонд үндэсний бөхчүүд аль ч зааланд шагайх хаалттай шүү.

-Улсын наадамд анх хэзээ барилдав?

-2011 оны улсын наадамд анх барилдаж хоёрын давааны хамгийн сүүлийн нугараагаар аймгийн арслан А.Даваанямтай таараад унаж байсан. Бид хоёр шөнийн 11 цаг өнгөрч байхад прожекторын гэрэлд барилдсан. Даваанямын талаар шоо буугаад барьц сонгуулан унасан даа.

-Аль сургуулийг ямар мэргэжлээр тогссөн бэ?

-2003 онд ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлийхээ дагуу орчуулагч хийх шаардлагатай болоод Америк руу хэлний бэлтгэлд явж байсан.

-Багадаа хэний барилдааныг түлхүү үзэж, түүн шигээ бөх болохыг боддог байв?

-Намайг бага байхад Б.Бат-Эрдэнэ аваргын ноёрхлын үе байсан. Аварга түрүүлнэ, харин үзүүр нь хэн бэ гэдэг. Би нэг зүйлийг их тод санадаг юм. Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат аварга хоёр үлдээд.

Тэгсэн аав Хешик ах хоёр бооцоо тавив аа. Аав аваргыг давна гээд Хешик ах Сүхбат аваргыг давна гээд. Тэр барилдаан бол Сүхбат аваргын анх цагаан сарын барилдаанд түрүүлсэн барилдаан л даа.

Манайхан цагаан сараар ширээн дээрээ том архи тавьдаг, түүгээрээ мөрийцсөн байсан. Аав архиа аваад тэднийх рүү явахад би цуг явсан юм. Очсон Хешик ах “Би Бат-Эрдэнийг уначихаасай гэж биш Сүхбатыг уначихаасай гэж бооцоо тавьсан юм” гэж билээ. Б.Бат-Эрдэнэ аварга, Б.Одхүү ах нарын барилдааныг их хардаг байсан даа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Арван жилийн найзуудтайгаа чөлөөт цагаа өнгөрөөдөг. Найзуудтайгаа таван гар сууна, бас эрүүл агаарт гарах дуртай. Аль болох эхнэр хүүхдүүддээ цаг зав гаргахыг боддог. Хагас сайн болгонд тогтмол заал авч тоглодог.

-Спортын ямар авъяастай вэ?

-Ширээний теннис гайгүй тоглочихно, сагс воллейболд сонирхолтой. Бас дуулна, ямар ч караокед орсон хүмүүсийг алга таштал нь дуулчихаж чадна шүү. Би энэ жил бөхчүүд дуучдын тоглолтонд оръё гэсэн бодолтой байгаа.

Манай Хэнтийгээс бөх энэ тоглолтонд орж байгаагүй, би бүгдийг нь үзсэн. Манайх чинь бас дуу хууртай нутаг, энэ жил бэлдэж байгаад оръё гэж бодож байгаа.

-Бөхчүүд дан ганц барилдаад амьдралаа авч явна гэдэг хэцүү. Та барилдахынхаа хажуугаар юу хийж байна?

-Эхнэртэйгээ хоёулаа хувийн бизнесээ хийдэг. Манай эхнэр ерөнхийдөө авч явдаг.

-Санаанаас гардаггүй барилдаан бий юу?

-2008 онд аймгийн наадмын үзүүр түрүүнд барилдсан барилдаан байна. Одоо болтол яаж давснаа санадаггүй юм. Сүүлд бичлэг үзэхэд Хадаа намайг шуудагнаас татаж мордоод мордохдоо жаахан үсэрч очоод тэгэхэд нь би эргээд дээр нь туссан байна лээ. Түрүүлсэн нь аймгийн арслан болох байсан учраас их хариуцлагатай барилдаан байсан.

-Та хэр хор шартай вэ. Харахад тайван хун шиг харагддаг?

-Хүмүүс бөхчүүдийг том биетэй, онгироо, мэргэжил боловсролгүй хүмүүс гэж боддог шиг байгаа юм. Ихэвчлэн “Чи аль бөхийн сургууль төгссөн” гэж асуудаг. Бөхчүүд маань дор бүрнээ өөрийгөө зөв аваад явах юм бол хумүүс бөхчүүд ийм, тийм гэж гоочлоод байхгүй л болов уу гэж боддог. Тиймээс өөрийнхөө зүгээс бөх нэрээ өндөр өргөж явахыг хичээдэг.

Монгол бөх бол монголчуудын үнэт өв соёл. Наад зах ньдээл, малгай, бүсээ бөхчүүд л бүрэн утгаар нь эдэлж хэрэглэж байдаг. Улаанбаатарын залуучууд дотор сурыг юугаар хийдгийг мэдэхгүй хүн байж байгаа шүү дээ. Сур гэдэг тэр зүйлийг өнөөдөр бөхчүүд л хэрэглэж байна.

Цолныхоо эрэмбээр бие биенээ хүндлэнэ, том цолтой бөхийнхөө дээр гарч суухгүй, түрүүлж дуугарахгүй гээд бөхийн жаяг уламжлалууд байна. Одооны залуучуудад иймэрхүү бусдыг хүндлэх, ёс жудаг сахих талаар мэдлэг тун маруухан даа. Тиймээс бөхчүүдээрээ их бахархаж явдаг.

-Хэр их зодог шуудаг сольсон бэ. Анхны зодог шуудгаа хадгалдаг уу?

-Зодог шуудаг бол өдөр болгон бэлтгэл хийгээд явахад тэсдэггүй юм. Нэг зодгийг жил гаруй өмсөнө шүү. Одоо 4,5 зодог байгаа. Дээлний хувьд манай эхнэр өөрөө хийдэггүй ч гэсэн цагаан сар наадам болгоноор шинэ дээл өмсгөхийг зорьдог.

-Барилдаан зүүдэлж байв уу?

-Их бэлтгэл хийгээд ирэхээр зүүдлэнэ шүү. Наадмын бэлтгэл дээр бол зүүдтэй л хононо. Барилдаан их бодохоор зүүдэлдэг юм билээ. Ингэж барилдаж байна, тэгж барилдаж байна гээд л...

-Наадмын өглөө сэтгэл зүй хэр байдаг вэ?

-Одоо цагт сул даваа муу бөх муу өрсөлдөгч гэж байхгүй болсон. Улсын наадамд 512 бөх барилдахад нэг хоёрын даваа гэхэд маш эвгүй. Ер нь нервтэнэ шүү. Гэхдээ би тайван талдаа зантай болохоор харьцангуй гайгүй. Улсын цолтой бөх болчихоод нутаг орныхоо нэрийг дуудуулаад явж байх юмсан гэж боддог.

-Аймгийн цолтой бөхчүүдийн эрэмбэнд улсын наадамд үзүүлсэн амжилтыг нь оруулах нь зөв үү. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Улсын наадамд гурав дөрөв давсан амжилтыг нь оруулдаг хэрнээ хурц арслангуудын улсын наадамд үзүүлсэн амжилтыг оруулахгүй байгаа. Нэгэнт оруулж байгаа бол бүх бөхчүүдийн улсын наадамд үзүүлсэн амжилтыг оруулах ёстой. Аймгийн цол бол аймгийн л цол байх ёстой.

Нэгийг нь оруулах байгаа бол нөгөөхийг нь ч бас оруулахгүй байх ёстой. Ингэхээр хүмүүсийг алаг үзээд байгаа юм шиг болчихож байгаа байхгүй юу. Улсын наадмын амжилтыг оруулвал хурц арслангуудын эрэмбэ өөр болоод л явна.

Үүн дээр би минийх доошоо, дээшээ орчихлоо гэж ярих юм байхгүй. Оруулвал бүгдийг нь сайхан оруулаад оруулахгүй бол бүгдийг нь оруулахгүй, зөвхөн аймгийн наадамд үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлэх ёстой гэж боддог.

-Ярилцлагынхаа төгсгөлд таныг бэлтгэл сургуулилт хийгээд явахад тусалж дэмжиж байдаг хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

-Германд манай аавын төрсөн дүү боксын Монгол улсын гавъяат шүүгч Баясгалан гэж ах байдаг юм. Аав Баясгалан ах хоёр намайг их дэмждэг балиашигладаг. Намайг барилдаж байхад зах мушгиад сууж байдаг хүн бол Баясаа ах. Төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, Баясаа ах болон ах дүү хамаатан садан, Баярсайхан даргатай ТЕГ-ын Эрс спорт хороо, Ганбаатар захиралтай барилга угсралтын “Бүти” ХХК-ийн хамт олондоо баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

-Улсын цол хүртээд аавыгаа баярлуулахын ерөөл өргөе?

-Баярлалаа. Бөх сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Бөхийн босоо цагаан хийморь бүх Монголчуудыг минь ивээж явах болтугай.

ХААИС-ийн оюутан С.Давааням

Эх сурвалж: "Бөх" сонин