sonin.mn

 

Үндэсний бөхийн отгон аварга Сүхбаатарын Мөнхбаттай “Үндэсний мэдээ” сонины сэтгүүлч У.Баярсайхан дараах ярилцлагыг хийснээ БӨХ сонины уншигчдад хүргэхийг хүссэн юм.
 
 
-Аваргаар сүүлийн үед сонин их биз дээ?
 
-Тайван даа. Бэлтгэлээ хийгээд л байж байна.
 
 
-Ойрд бараг барилдсангүй. Зав муу байна уу?
 
-Зав байх үедээ байна л даа. Барилдах нөхцөл сайн бүрдэхгүй юм. Бэлтгэл ч бас жигдрэхгүй байна. Цагаан сарын барилдаанаас хойш барилдаагүй юм байна шүү. Бэлтгэлээ жигдрүүлж байгаад барилдана даа.
 
 
-Энэ жилийн цагаан сарын барилдаанд таныг түрүүлэх байх гэж олон үзэгч харсан байх. Боломж байсангүй юу?
 
-Чансаатай барилдаан болсон шүү. Миний хувьд үзүүрлэсэн нь боломжийн амжилт гэж бодож байгаа. Өнгөрсөн жил түрүүлсэн.
 
 
-Хоёулаа таны бага насны тухай яриагаа үргэлжлүүлье. Таныг гэртээ төрсөн гэж сонссон юм байна?
 
-Ээж төрөх дөхчихсөн байсан гэсэн. Намайг төрөхийн өмнө өдөр нь ээж, аав хоёр эмнэлэг рүү явах гээд юм хумаа базааж байсан юм билээ. Шинэ хүн төрөх гэж байхад яаж зүгээр байхав, шинэ шөл уулгах гээд хонь ч төхөөрч.
 
 
Тэгээд ээж гэдэс асгах гээд явж байхдаа нэг урт хайрхантай таарсан гэсэн. Тэрнээсээ болоод гэнэт өвдөөд, шөнөжин өвдөөд өглөө нар мандаж байхад би төрсөн гэдэг юм.
 
 
-Аав тань Нармандах гэдэг нэр өгөх гэж байснаа Мөнхбат гэдэг нэр хайрласан гэсэн. Бөхтэй холбогдолтой ямар нэг зүйл бодсон болов уу?
 
-Тийм ээ. Нар мандаж байхад төрсөн гэж бэлгэшээгээд Нармандах гэдэг нэр өгөх гэж байсан гэнэ лээ. Гэтэл намайг төрөхөд манайд байсан хүмүүс хүү төрсөн юм чинь бөх болж магад гээд Х.Баянмөнх аваргын нэрийг өгнө, Ж.Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж талцаж. Монголчууд угаасаа эртнээс хүү төрвөл бөх, эр унага гарвал хурдан хүлэг болно гэж бэлгэддэг ард түмэн шүү дээ.
 
 
-Тэгээд Ж.Мөнхбат аваргын нэрийг өгнө гэсэн хүн нь олон байсан хэрэг үү?
 
-Тийм юм байлгүй дээ.
 
 
-Уг нь тэр хүмүүс нутгийнхаа бөхийн нэрийг өгнө гээд Баянаа аваргын нэрийг сонгох гээгүй юм байх даа?
 
-Тийм бодол байсан байх л даа. Гэхдээ тухайн үед энэ хоёр аварга улсын наадамд босоо байсан болохоор тэдний нэрээс өөр бөхийн нэр бодогдоогүй байх л даа. Мөн тэр үеийн хүмүүс одоотой адил нутаг усаараа хуваагдаад байдаггүй байсан болоод л Төв аймгийн аваргын нэрийг өгсөн байж таарна. Ж.Мөнхбат аваргад нутгийнхаа аваргаас илүү хайртай ч байсан байж болох шүү дээ, тийм ээ?
 
 
-Энэ тухай Ж.Мөнхбат аваргатай ярилцаж байв уу?
 
-Миний цолны найран дээр Мөөеө аварга хошин байдлаар их гоё ярьж байсан. Би цолныхоо найрны өмнөхөн хэлж байсан санагдана.
 
 
-Аварга юу гэж хэлж байх юм?
 
-“Увс аймагт нэг хүү төрж.Тэр үед Баянмөнх бид хоёр ид байж. Тэгээд миний нэрийг зээлж өгсөн юм билээ. Гэтэл тэр хүүхэд өнөөдөр аварга цол хүртэж. Мөнхбат нэртэй хоёр аварга төрлөө. Одоо Баянмөнх гэдэг нэртэй аварга дахин төрөх хэрэгтэй” гэж ярьж байсан.
 
 
-Хүүхэд насаа сумандаа өнгөрсөн үү?
 
-Тэгэлгүй яахав. Дунд сургууль төгсөн төгсөтлөө сумандаа байсан.
 
 
-Хэр хөдөлгөөнтэй хүү байв?
 
-Тэр үед одооных шиг компьютер тоглоом, гар утас энэ тэр гэж байхгүй. Тиймээс миний үеийнхний ганц хийдэг ажил барилдах. Өөр зүйлд сатаарахгүй юм чинь арга ч үгүй юм даа.
 
 
Одооны хүүхдүүд хоол идчихээд утсаа бариад суучих юм. Тэгэхээр хөдөлгөөн нь дутагдаад таргалаад байх шиг. Би одоо “Гар утас, компьютерээс хол өссөн нь болж” гэж боддог.
 
 
-Та газар тариалангийн ажилд нэлээд оролцдог байсан гэл үү? Бөхчүүд таныг дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай гэдэг. Тэр ажил тамир суухад нөлөөлсөн болов уу?
 
-Тийм байх шүү. Тариа будааны ажлыг биеийн хүчээр л хийнэ. Буулгана, ачна, цэвэрлэнэ гээд л. Тэр л надад ясны тамир суулгасан байх гэж боддог. Манай сум бөглүү жижигхэн сум биш сангийн аж ахуй байсан болохоор тухайн үедээ багагүй хөгжсөн, хүн ам олонтой байлаа.
 
 
Атрын анхны аянаар байгуулагдсан гэдэг юм. Тэгэхээр газар тариалантай их ойр өссөн. Аав маань комбайнч хүн. Манайх эргэн тойрон тэр аяараа тариан дунд амьдардаг айл байсан. Хаашаа л харна, тариа. Хаварт нь шороо бужигнасан, намарт нь тариа халиурсан.
 
 
Машин техник сүлжилдсэн, шөнө нь тариан талбайгаас комбайны гэрэл улалзаад л, гоё нутаг шүү дээ. Баруунтуруун сум газар газраас ирсэн залуус байгуулсан сангийн аж ахуй. Тийм болохоор хүмүүс нь бусдаас арай илүү хөдөлмөрч. Хөдөлмөрч ард түмэн цуглаж тэр сумыг бүрдүүлсэн болохоор ажил хөдөлмөр л буцалж байдаг.
 
 
-Та жижгэвтэр биетэй бөхчүүдийн нэг. Биеийн хүчний ажил багаасаа хийсэн болохоор өсөлтөд тань нөлөөлсөн тал бий юу?
 
-Би эсрэгээрээ боддог юм шүү дээ. Ажил их хийснээр харин ч боломжийн өндөр болсон байх. Түүнээс биш манай удамд том биетэй хүн байгаагүй.
 
 
-Та хэзээнээс эхэлж бөхийн спорт руу хөл тавьсан билээ?
 
-Миний багын мөрөөдөл бөх болох байсан. Тиймээс хөлд орсноосоо хойш л ноцолдож эхэлсэн болов уу гэж боддог. Манай аав сумын заан цолтой, Би жаахан байхдаа орой дэнлүүнийхээ гэрэлд орныхоо гудсыг газарт дэвсч байгаад гурван эрэгтэй дүү, аавтайгаа нийлээд пижигнэчихдэг байсан. Дүү нартайгаа багана түшиж дэлээд л, дэвээд л.
 
 
-Ээж тань гэр буулгах шахлаа гэж загнах уу?
 
-Би нэг эгчтэй. Ээж, эгч хоёр их загнана аа. Харин аав биднийг барилдуулах дуртай болохоор их дэмжинэ. Өөрөө ч бөх хүн юм хойно. Өдөр нь гадаа айлын хүүхдүүдтэй барилдаж өмд, дээлээ урж ээждээ ажил удчихаад, орой нь гэртээ бас барилдахаар яаж дуугүй байх вэ дээ, ээж.
 
 
-Та айлд орж дэвж үзүүлээд чихрээр шагнуулдаг байсан гэсэн. Тэр тухайгаа яриач?
 
-Намайг барилдах дуртайг айлын хүмүүс мэдчихсэн байсан л даа. Тэгээд намайг орохоор “Том бөх орж ирлээ, нэг дэвчих. Тэгвэл чихэр өгнө шүү” гэдэг байсан. Би жаахан байсан болоод ичих гэж мэдэх биш, чихэр авч л байвал болоо гэсэн шиг дэвээд, дэлээд л байна. Бас чихэрний мөрийнд барилдана аа.
 
 
-Олон чихэр авч байв уу?
 
-Үеийнхэнтэйгээ барилдаад олон чихэр авч байсан. Харин дээд үеийнхнийгээ арай барахгүй. Аавын ах, дүүс олон бандитай байлаа. Зун найман айл нийлж буудаг байсан. Тэр айлын хүүхдүүд нийлэхээрээ 15-16-уулаа болно. Өдөр бүр 16 бөх тойргоор барилддаг байсан гэсэн үг. Тэр үе л намайг бөхийн спортод дуртай, барилдааны мэдрэмжтэй болгосон байх.
 
 
-Аав тань өөр аймаг, сумын барилдаанд барилдаж байгаагүй юм уу?
 
-Комбайнч болохоор хавар, намар ажил ихтэй. Зуны улиралд л жаахан зав гарна.Тэр үедээ л бүс бүсэлвэл бүслээд, эсвэл шуудаг өмсөөд барилддаг байсан гэсэн.Түүнээс биш нэг их ийш тийш очиж барилдаж байгаагүй юм билээ.
 
 
Хэрэв тэгж барилддаг байсан бол яах байсан бол гэж би хааяа боддог юм. Найзууд нь аавыг их тэнхээтэй хүн байсан гэж ярьдаг. Планета-2, Планета-3 мотоциклийг өргөөд гэрээ гурав тойрчихдог байсан гэсэн шүү.
 
 
-Их бяртай байжээ?
 
-Харин тийм. Тэр үед бэлтгэл хийх биш. Хар ажил нь л бэлтгэл нь болдог байж гэж боддог. Би аймгийн заан болчихоод гэртээ очсон юм. Гэтэл аав намайг “Би чиний насанд мотоцикль өргөдөг байлаа.Чи өргөөд үз” гэлээ.
 
 
Тэгэхээр нь би өргөх гэтэл бардаггүй шүү. Аавын өргөсөн мотоцикль тракторын акумлятор зүүсэн байсан гэсэн.Тухайн үеийн хүмүүс мотоциклио тэгж унадаг байсан шүү дээ.
 
 
-Тэгэхэд та хэдэн настай байсан юм бэ?
 
-20 дөнгөж хүрч байсан. Одооны залуус штанг өргөөд л байгаа болохоос биш дээр үеийн бөхчүүд ихэвчлэн чулуу энэ тэр өргөдөг байсан гэдэг. Манай нутгийн Тулгаа зааны өргөсөн чулуу байдаг.
 
 
Ер нь хотод өссөн хүүхэд барилдана гэдэг хэцүү л байх. Тоотой хэдхэн хотын хүүхэд бөх болсон байдаг. Ихэвчлэн хөдөө өссөн хүүхэд дээшээ ахиж барилддаг. Тэдний хамгийн том шалгуур нь наад зах нь чаргатай ус чирэх.
 
 
Өнөөх нь уначихвал өргөж тавина. Өөрөө халтирч унах гээд байдаг. Энэ бол бяцхан тэмцэл. Тэр нь яваандаа ахиж барилдааны сургамж болдог байсан. Морь унахад ч өшиглөдөг морь уу, хаздаг морь уу гэдгийг мэдэрдэг болно шүү дээ.
 
 
-Морь гэснээс та хурдны морь унаж байв уу?
 
-Том толгойтой хүүхэд байсан болохоор морь унаж байгаагүй. Тийм хүүхдээр морь унуулдаггүй гэдэг шүү дээ.
 
 
-Танайх морь уядаг байсан уу?
 
-Манайд уях олон морь байгаагүй. Унааны цөөн хэдэн адуутай л байсан.
 
 
-Та яваандаа морь уях болов уу?
 
-Сүүлийн үед уяачидтай их танилцаж байна. Зарим нь хурдан угшилтай адуу бэлгэнд өгсөн. Гэхдээ одоогоор морь уях бодол алга. Зав зай ч гарахгүй биз. Морь уяна гэдэг том хөдөлмөр шүү дээ.
 
 
-Та барилдахаас гадна ямар авьяастай вэ?
 
-Спортын ихэнх төрлийг чадна гэж үзнэ шүү.
 
 
-Сагсан бөмбөгт бүр илүү гэж сонссон..
 
-Сагс, гарбөмбөг, ширээний теннис зэргийг жигд тоглохыг хичээдэг.
 
 
-Урлаг талдаа гэвэл...
 
-За даа, гайгүй бүжиглэнэ дээ.
 
 
-Тийм үү. Цэнгээнт бүжиг үү?
 
-Янз бүр дээ.
 
 
-Дисконд хэр вэ?
 
-Илүү сайн /инээв/. Барилдахад хөдөлгөөний эвсэл, мэдрэмж чухал  үүрэгтэй.  Үүнтэй адил бүжиглэнэ гэдэг хөгжмөө сонсох, хөгжимдөө тохирсон хөдөлгөөн хийх гээд барилдахтай төстэй санагддаг.
 
 
-Та нэг удаа бэлтгэл хийхдээ хэр их хөлс гаргадаг вэ?
 
-Ямар бэлтгэл хийхээсээ шалтгаална л даа.
 
 
-Одоо хоёулаа таны түрүүлдэг наадмын тухай ярья. Наадмын өглөө танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
 
-Тэр наадмын өглөө миний сэтгэл санаа тайван байсан. Өмнөх жилийг бодоход би харьцангуй тайван байлаа. Аймгийн цолтой байхдаа “За, нэг начин болчих юмсан. Начин начиндаа муу начин биш, начин шиг начин болчих юмсан, сайхан барилдаан үзүүлчих юмсан” гэж бодож явлаа.
 
 
Түүндээ ч хүрсэн. Түрүүлсэн наадмын хувьд би хоёр жил дараалан улсын цол хүртсэн болохоороо гурав дахь жилдээ сайн барилдана шүү л гэж өөртөө хэлсэн. Дээрээс нь манай нутгийн ах дүү нар маш өндөр ач холбогдол өгч, Увсын бөхчүүдийг бэлтгэлд хамруулж, өвлийн турш бэлтгэл сургуулилт хийлгүүлсэн.
 
 
Тиймээс урьд жилүүдээс илүү бэлтгэл хийчихсэн, бэлтгэлийн ир сайн таарсан, сэтгэлзүй өндөр, сандрах, олон юм бодож айх бэргэх зүйл ер нь байгаагүй. Бид хоёр өдөр барилдахын тулд 12 cap бэлтгэл хийдэг. Тэр дунд хоол ундаа зохицуулна.
 
 
Сүүлийн үед үндэсний бөхөөр бэлтгэл хийж буй залуус их эрчимжиж байна. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргууд үндэсний бөх гэхээс илүү чөлөөт, жүдо бөхийн спорт руу түлхүү хичээллэдэг байсан. Гэхдээ тэр үед ганцхан үндэсний бөхөөр бэлтгэл хийж байсан хүн нь улсын гарьд И.Доржсамбуу.
 
 
-Наадмын өмнөх бэлтгэлд Улсын аварга О.Балжинням таныг “Энэ жилийн наадамд С.Мөнхбат заан цол хүртэх байх аа” гэж хэлсэн байсан. Танд ямар санагдаж байв?
 
-Аварга бүтэн жил бэлтгэл хийлгэсэн. Тэр хугацаандаа хэн нь сайн барилдах вэ гэдгээ мэдэрч байсан байх л даа.
 
 
-Ер нь заан цол санаанд тань багтаж байсан уу?
 
-Яг үнэнээ хэлэхэд би зөвхөн урд талынхаа давааг л бодож барилдсан. Гэхдээ дотроо цолоо баталчих, ахиулчих юмсан гэсэн хүсэл их тээсэн. Гэхдээ хүн болгон хатуу чанд бэлтгэл сургуулилт хийж, өмнөө том зорилготой, нэг нэгийнхээ барилдааныг мэддэг болчихсон ийм үед бүх юм тийм амар байгаагүй.
 
 
Одоо аварга гэсэн хүндтэй цолонд хүрлээ. Дараа дараагийн наадам бүр л их дарамттай болж эхлэх байх даа. Аварга хүн яаж барилдах ёстой юм. Улсын начин, харцагынхаа хэмжээнд барилдаад унах нэг өөр. Аварга хүн дор унаад байх ямар байх билээ.Энэ бүхнээс үүдээд энэ нэр хүндийг авч явах өндөр хариуцлага л нуруун дээр маань ирлээ гэж ойлгож байна.
 
 
-Таныг улсын заан Ч.Санжаадамбатай барилдахаар гарах гэхэд хэн нэгэн “Цаадах чинь бяртай байна шүү” гэсэн гэдэг. Гэтэл та “Тэгвэл би хуниад өгнө өө” гээд гарсан гэсэн. Бөх хүнд өөрийгөө ирлэдэг олон арга байдаг. Таны арга тэр байсан уу?
 
-Мэдээж бөх хүн учраа бөхөө унагаахын тулд ямар нэгэн байдлаар өөрийгөө зоригжуулна. Чадахгүй ч гэсэн би чадна л гэж бодох хэрэгтэй.Тэгээд ч миний сэтгэл болон биеийн бэлтгэл сайн байсан болохоор тэгж хэлсэн байж таарна.
 
 
-Бөхчүүд цолдоо ханадаг гэж ярьдаг. Заан цолны даваа алхчихаад та цолондоо ханасан уу?
 
-Өмнөх жил нь улсын начин, харцага цол авчихаад ханаад унаж байсан. Харин тэгэхэд би яагаад ч юм ханахгүй барилдах ёстой гэдгийг ухаараад байсан юм. Дээрээс нь Х.Баянмөнх аваргатай наадмын өмнө уулзаад үнэтэй зөвлөгөө авсан байсан л даа.
 
 
-Аварга юу гэж зөвлөж байна вэ?
 
-“Давааны цаана даваа байгаа гэдгийг санаарай” гэж хэлсэн. Тэр үг нь надад “Даваа бүрийн цаана шинэ цол хүлээж байгаа шүү” гэж хэлэх шиг бодогдсон.
 
 
-Улсын арслан Г.Эрхэмбаярын хувьд? 
 
-Өмнөх жил нь барилдаж унаж байсан. Тиймээс тийм ч амархан унахыг бодоогүй л дээ.
 
 
-Аварга цолны болзол хангачихаад тэмдгээ Ерөнхийлөгчөөс гардаж байхад юу бодож байсан бол...?
 
-Олон хүн надаас энэ асуултыг асуусан л даа. Наадмаас өмнө би “Хэрвээ аварга болвол яах бол” гэж зүүдлээ ч үгүй явсан. Гэтэл аваад зогсч байхдаа “Энэ цолыг авах ёстой хүн нь л авдаг байх” гэж бодсон. Гэхдээ тайван байсан шүү.
 
 
Өөрөө өөртөө сэтгэлдээ “Би аварга цол авчихлаа шүү дээ” гэж хэлсэн хэрнээ тайван байсан.Өмнө нь аварга цол авбал хашгирмаар болох байх даа гэж бодож байсан хэрнээ шүү дээ.Тийм л сонин сэтгэгдэл төрсөн.
 
 
-Тэгэхээр жаахан ч гэсэн баярын нулимс унагаагүй хэрэг үү?
 
-Тийм. Харин наадмын дараа аймгийнхаа хэсэг бүлэг хүнтэй ярьж суухдаа уйлсан.
 
 
-Начин, харцага болохдоо та уйлсан уу?
 
-Уйлсан. Харцага болохдоо. Гэхдээ би өөрөө цол авсандаа уйлаагүй.
 
 
-Тэгээд юунд уйлсан гэж?
 
-Улсын арслан Б.Ганбат ахыг түрүүллээ гэж уйлсан.
 
 
-Та нутгаасаа ирчихээд түүнтэй ойр дотно байсан уу?
 
-Тийм. Миний хуурай ах байхгүй юу.
 
 
-Та Б.Ганбат арслангийн зодог шуудагтай цүнхийг нь үүрээд гудамжаар явахад дэргэдүүр чинь өнгөрсөн хүмүүс “Ганбаа арслан явж байна” гэхийг сонсоод “Хэзээ нэгэн цагт хүмүүс намайг ингэж хэлдэг болоосой” гэж боддог байсан гэлүү?
 
-Арслантай хамт явж байгаадаа их бахархдаг байсан. Ганбат ахыг тэр хүмүүс харахын зэрэгцээ намайг бас харж байгаа байх даа гэж дотроо боддог байж билээ.
 
 
-Аварга болсноос хойш танаас хамгийн түрүүнд юу өөрчлөгдсөн бэ?
 
-Юу өөрчлөгдөх вэ дээ. Малгайны тэмдэг, цол л өөрчлөгдсөн.Бусад нь хэвээрээ байгаа.
 
 
-Таныг гаднаас тань харахад их зантай хүн шиг санагддаг. Өөрийгөө тодорхойлвол?
 
-Намайг бусад хүмүүс тодорхойлох байх даа. Түүнээс би өөрийгөө хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан тамирчин хүн болоод ч тэр үү, ямарваа юмыг ялан дийлэх ёстой гэж боддог. Чингис хааны цэрэг нь байсан бол би өөрийгөө нэг эрэлхэг баатар нь байх байсан гэж боддог. Хамгийн түрүүнд дайраад л, цавчаад л.
 
 
-Та өөрийнхөө барилдааныг хэнийхтэй төстэй гэж боддог вэ?
 
- Xүмүүс Ц.Цэрэнпунцаг гарьдынхтай төстэй гэж хэлдэг. Харин хүндэлж явдаг аварга гэвэл Х.Баянмөнх, А.Сүхбат нар. Би Ц.Цэрэннпунцаг гарьдын барилдааны бичлэгийг их үздэг байсан. Ортой л юм билээ.
 
 
-Та өөрийгөө бөх болоогүй байсан бол гэж бодож байв уу?
 
-Бодсон. Гэвч надад бөхөөс өөр магадлал гараагүй. Угаасаа л бөх болохоор заяагдсан юм шиг байна билээ.
 
 
-Та сурлагадаа хэр байсан бэ?
 
-Дунд сургуульд байхдаа эх орны алтан гурвыг гуйхгүй авдаг байсан.
 
 
-Бөхчүүдийг боловсрол муутай гэж хүмүүс ярьдаг. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
 
-Бөх гэдэг хүнийг дээхнэ өөрөөр хардаг байсан байх. Том биетэй болохоор нь их иддэг гэж бодоод л идээд бай л гэдэг. Тэр ойлголт одоо болтол байсаар л байна. Боловсролыг дипломоор дүгнэх шаардлагагүй. Хэн ч диплом авч болно.
 
 
Хамгийн гол нь амьдралын хар ухаан байх хэрэгтэй. Хар ухаантай хүнийг боловсролтой гэж хэлж болно. Манайхан “Малчид 1000 боловсролтой” гэж ярьдаг. Энэ үнэн шүү дээ.
 
 
Тэд цаг уурч, эмч зэрэг мэргэжлийг давхар эзэмшсэн байдаг. Сүүлийн үед залуус гадагшаа дотогшоо явах нь ихсээд эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй хүмүүс харагдах юм. Би үүнд дургүй.
 
 
-Солонгос кино их гарснаар энэ байдал бий болсон байх л даа?
 
-Солонгос бол Солонгостоо л байх ёстой шүү дээ.
 
 
-Та солонгос кино үздэг үү?
 
-Үгүй. Ямар хэрэг байна аа.
 
 
-Ямар сэдэвтэй кино үзэх дуртай вэ?
 
-Зав гарвал зодоонтой кино.
 
 
-Дунд болон дээд сургуульд байхдаа та хэр их гар зөрүүлдэг байсан бэ?
 
-Нэг их дээрэлхүү атаман байгаагүй ээ. Гэхдээ хүнд зодуулдаггүй хүүхэд байсан. Хүн өдөж зодохгүй ч өдсөн нэгнийг дуугүй болгочихно.
 
 
-Уураа хэр их барьдаг вэ?
 
-Уураа барьж чаддаггүй хүнийг мунхагт тооцдог шүү дээ.
 
 
-Бөхчүүд сэтгэлзүйчтэй байдаг гэж сонссон. Танд байдаг уу?
 
-Байхгүй. Байлгах юмсан гэж боддог. Гэхдээ бөхчүүдэд байдаггүй байх аа.
 
 
-Танайхан газар тариалангийн бизнес эрхэлдэг гэсэн үү?
 
-Тийм. Тариан талбайтай. Гурилын үйлдвэртэй. Тэгж л анх ажил амьдралын гараагаа эхэлж байсан.Түүгээрээ л амьдардаг.
 
 
-Юнрэн гэж аймгийн арслан таныг анх “Энэ алсдаа юм дуулгах хүүхэд” гэж хэлж байсан гэдэг. Энэ үнэн үү?
 
-Аав маань намайг бага байхад улсын ч бай, аймгийн ч бай цолтой бөх л хүн ирвэл миний хүү бөх болох уу, нэг шинжээдэхээч гэж асуудаг байж билээ. Хүн болгон л янз янзаар хэлнэ. Зарим нь жижигхэн л биетэй юм даа гэнэ.
 
 
Гэхдээ л хүний хүүг яаж эцэгт нь чиний хүү бөх болохгүй ээ гэж хэлэх вэ дээ, тийм ээ? Манай нутгийн Юнрэн гэж сайхан хөгшин байсан л даа. Бумбаяр зааны авга ах. Тэр сайхан хөгшин тэгж хэлсэн юм гэсэн.
 
 
-Та аваргуудаас хэн, хэнтэй нь барилдаж үзсэн бэ?
 
-Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар хоёртой. Би аймгийн цолтой байхдаа Д.Сумъяабазар аваргыг аваргуудын нэрэмжит барилдааны үеэр хаяж байлаа.Тэр үед аварга их харамсч байсан гэсэн. Дараа нь Д.Сумъяабазар аварга надад “Би тэр үед дараагийн аваргадаа унаж байжээ” гэж байсан.
 
 
-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
 
-Бэлтгэлээс өөр нэг их онц хийсэн зүйлгүй. Амьдрал ахуйнхаа ажлыг л амжуулдаг.
 
 
-Аваргынхаа мөнгөн шагналын дээжийг бурхандаа тавьсан уу?
 
-Уяачдын наадмаар олонд тараагаад л дууссан шүү дээ. Олонтойгоо хуваалцаж идэхэд амттай байдаг хойно.
 
 
-Таныг аварга боллоо гэхэд олон компани их зүйл амласан. Яг үнэндээ авсан зүйл юу байна вэ?
 
-Сэтгэлийнхээ хөөрлөөр янз янзын байдлаар хүмүүс олон юм амласан. Түүнд нь ард түмэн итгээд намайг баяжчихлаа гэж бодсон байх. Яг үнэндээ би аймгийнхаа нутгийн зөвлөлөөс нэг машин авсан. Мөн Хууль зүйн яамнаас дөрвөн өрөө байр, “Увс хүнс” компани миний амьдарч байгаа хоёр өрөө байрыг өгсөн. 
 
 
-Та эхнэрээ танилцуулахгүй юу?
 
-Эхнэр маань манай Баруунтуруун сумын хүн л дээ. Б.Сарангэрэл гэдэг.
 
 
-Нэг ангийнх гэсэн үү?
 
-Тийм. Намайг барилдахад арын албыг эхнэр маань хариуцдаг. Нэг давбал бөхийн бай авахгүй. Тийм үеэсээ бид хоёр нийлсэн. Бай авахгүй бол автобусанд суугаад л харина. Авбал таксидна. Үлдсэнээр нь гэртээ юм аваад орно. Үнэтэй пудр түрхдэг эхнэртэй байсан бол хэцүү шүү дээ /инээв/.
 
 
-Сумын даргын охин гэсэн. Арван жилдээ үерхдэг байсан уу?
 
-Тийм. Одоо Улсын прокурорын ерөнхий газрын Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг хариуцсан нягтлан хийдэг. Бид нэг охинтой. Охиныг маань Энэрэлт гэдэг. Зургаан настай.
 
 
Эх сурвалж: "Бөх" сонин