sonin.mn

Монгол улсын Зэвсэгт хүчний 92 жилийн ойн өмнөхөн Монгол улсын арслан, дэд хурандаа Гунаажавын Эрхэмбаярыг зочноор урьсан билээ.


-Сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан, сайхан.



-Та саяхан нутагтаа байж байгаад ирсэн гэсэн төрсөн нутгийн тань хаваржаа сайхан байна уу?

- Манай нутгийн хаваржаа сайхан байнаа. Ер нь, би нутаг амьтай. Ээж минь, ах, эгч нар минь нутагтаа байгаа, Тийм болохоор зав гарвал л нутагтаа очдог.



-Нутаг ус гэснээс таныг төмөр замчин хүний хүүхэд гэж дуулсан. Манай төмөр замчдын бас нэг элгэмсүү өөриймсүү зан бий. Тэрийг тa мэдэрдэг байх. Тиймээс таныг энэ удаагийн дугаартаа зочноор урьсан юм. Та ээж аавынхаа тухай манай уншигчдад ярихгүй юу?

-Миний аав, ээж хоёр төмөр замын албан хаагчид. Ах нар маань ч бас төмөр замаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Би ер нь, өөрийгөө төмөр замчдын хүмүүжлээр хүмүүжсэн гэж боддог юм. Тийм болохоор өөрийгөө төмөр замтай салшгүй холбоотой гэж боддог.

 

Яагаад ч юм надад төмөр замын баяр наадам маш ээлтэй байдаг. Аав ээжийн маань төмөр замд хийсэн буян хишиг нь надад ирж байгаа юм болов уу гэж хувьдаа бодож, баярлаж явдаг юм даа.



-Аав, ээж тань төмөр замын ямар байгууллагад ажиллаж байв?

-Аав маань Зүүнхараагийн БОС-ны ангид ажиллаж байлаа. 1980-аад оны үед зам шалгадаг мотовозын жолооч байсан гэж ээж ярьдаг юм. Тэрийг нь би сайн мэдэхгүй л дээ. Ээж маань Зүүнхараагийн нэгдсэн эмнэлэгт эх баригчаар олон жил ажиллаж, тэндээсээ тэтгэвэрт гарсан.

 

Аав ээж минь төмөр замд хөдөлмөрлөж, төмөрзамын цалин пүнлүүгээр бид өсч өндийж хүний зэрэгтэй явж байгаагаараа төмөр замчиддаа баярлаж явдаг юм даа. Бид эцэг, эхээс зургуулаа. Манайх дөрвөн банди, хоёр охинтой. Би дээрээ хоёр ах, хоёр эгчтэй, дороо нэг эрэгтэй дүүтэй. Өнөр өтгөн айлын хүүхэд дээ.



-Аав, ээжийн тань тал хоёулаа бөхийн удамтай гэж сонссон?

-Аавын минь талд Завхан аймгийн Баянхайрхан сумын их мундаг бөх байсан. Улсын цол хүртээгүй ч даншиг наадмын түрүүг алддаггүй хүчирхэг бөх байсан гэдэг. Ээжийн минь талд Монгол Улсын заан Баярсайхан, аймгийн арслан Эрдэнэбулган гэж хүн бий.

 

Миний аав өөрөө сумын заан цолтой хүн байсан. Бас самбо бөхийн хоёрдугаар зэрэгтэй байсан гэдэг. Бөхөд их дуртай хүн байлаа. Аавынхаа хүслийг биелүүлж бөх болсондоо их бахархдаг шүү.



-Тэгэлгүй яахав. Бөх болох хүсэл мөрөөдөл мэдээж хүүхэд наснаас жигүүрлэсэн байх? Спортод хөл тавьсан тэр үеэ эргэн дурсвал...

-Багаасаа бөхөд сонирхолтой байсан. Хоёрдугаар ангид байхдаа Монгол Улсын начин М.Мижиддорж багшийн удирдлаган дор Зүүнхараагийн вокзалын арын таван давхар тоосгон байшингийн подвальд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн л дээ.



-Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв даа?

-Дэггүй талдаа хүүхэд байсан шүү. Гэхдээ гэм хоргүй хүүхэд насны дэггүйтэл л дээ. Ээж "Энэ Эрхэмээ чимээгүй үймүүлдэг янзын хүүхэд шүү" гэдэг байсан. Зундаа бол Хараа голын эрэгт өнжинө. Найзуудтайгаа өдөржин усанд орсоор байгаад бов бор болчихно.

 

Аав ээждээ загнуулсан ч хаширдаггүй байсан байх шүү. Нэг удаа ахтайгаа хэн нь түрүүлж гэртээ харихаа үзэхээр болж, уралдах юм боллоо. Зэрэгцэн зогсож байгаад гүйтэл ах гудамжаараа ороод алга болж өгөхөөр нь би товчлох санаатай айлын хашаа давах гэж байгаад хашаанаас пальтогоороо дүүжлэгдээд бөөн уйлаан майлаан болж, аав ирж намайг хашаанаас салгаж авч байв. Иймэрхүү хөгжилтэй зүйл олон л доо.



-Бөхөөр хичээллэсний анхны амжилт, урамшиж зоригжсон үе гэвэл...

-Дунд сургууль төгсөөд нэг жил аав, ээждээ туслан сургуульд суралгүй өнжсөн. Тэр жилийн зун Мандал хайрханы тахилгын барилдаанд гурав даваад, дөрвийн даваанд өвдөг шороодсон. Барилдахын хажуугаар уясан даага минь торгон жолоо өргүүлсэнд баярлаад.

 

Гэртээ ирээд овооны наадмын тухай сониноо дуулгахад аав бөхийн барилдаанд гурав давсанд минь баярлаж, урам өгсөн шүү. Тэгээд дараа жил нь буюу 1997 онд Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуульд үндэсний бөхийн багш дасгалжуулагчийн ангид орж суралцсан. Тэнд л улсын харцага Г.Элбэг багшийнхаа шавь болсон доо.



-Аймгийн цол бол улсын цолонд хүрэх шат байдаг. Таны хувьд...?

-Бөхийн спортоор хичээллэж эхлээд хамгийн түрүүнд л аймгийн цол хүртчих юмсан гэсэн бодол төрдөг. Монгол Улсын начин болдог жил Дархан-Уул аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Харин зургаа хоногийн дараа Монгол Улсын начин болж байлаа.



-Начин болохын өмнөх жил таныг үндэсний бөхөөр барилдахаа болих гэж байсан гэж дуулсан шүү. Яагаад тэр вэ?

-Би улсын наадамд барилдаад гурав дахь жилдээ начин болсон. 2002 оны наадмаар начин цолонд хүрчих юмсан гэж их хичээсэн. Тэр жил аавын минь бие тааруу байсан учраас улсын цолонд хүрч аавыгаа баярлуулахсан гэсэн чин хүсэлтэй.

 

Гэтэл хоёрын даваанд Ч.Даваадорж харцагад өвдөг шороодож, гоморхож ахин үндэсний бөхөөр барилдахгүй гэж хэлээд Г.Элбэг багшдаа зэмлүүлсэн шүү. Яахав, намайг олон наадам хүлээж байгааг анзаарахгүй, аагархсан залуу насны гэм байхгүй юу,

 

Харин хоёр хоногийн дараа уяачдын наадамд багшийнхаа хамт очоод багш түрүүлж, би үзүүрлэсэн юм. Үзүүрлэчихээд гарч ирэхэд багш "За Эрхэмээ одоо барилдмаар байна уу" гэж асуусан шүү. Тэр жил Зүүнхараа хот байгуулагдсаны 50 жилийн ойн наадамд түрүүлж аавыгаа баярлуулсан. Харин хойтон жил нь намайг начин болохыг аав минь үзэж чадаагүй ч дээд тэнгэрээс хүүгээ хараад баярласан байхдаа гэж боддог.



- Та начин цолтой хэдэн жил барилдсан бэ? Энэ Эрхэмбаяр хэзээ заан болох бол гэсэн олны хүлээлтэд та нутгийнхаа 80 жилийн ойгоор шууд арслан цолонд хүрч хариултыг нь өгсөн. Өөрөө төдийгүй нутгийн зон олноо баярлуулсан бахдам сайхан үе байсан байх.

-Начин цолтой найман жил барилдаж байж арслан цолонд хүрсэн. Ний нуугүй хэлэхэд, тухайн үедээ бол арслан цолонд хүрнэ гэж бодож байгаагүй ээ. Яахав заан цол авчих юмсан гэж л мөрөөдөж, горьдож бэлтгэл хийдэг байлаа. Төрийн ногоон дэвжээ маань ивээх үедээ... Ивээх цаг нь ирэхээрээ сайхан ивээсэнд баярладаг юм даа.

 

Сэлэнгэ аймгийн 80 жил наадмын дараахан болсон. Тухайн үед 78 жил ч юмуу тэрийг бодсон юм байхгүй л дээ. Наадмын дараа манай аймгийн удирдлагуудаас 78 жилийн дараа манай аймгаас улсын арслан төрлөө гэдгийг л сонсож байсан. Тэрнээс Боохой Данзан гэдэг арслан байсан гэдэг түүхийг мэдэхээс би тэдэн жилийн дараа арслан боллоо гэж бодож байгаагүй л дээ.



-Бөхчүүд "од гийсэн үе" гэж ярьдаг даа. Арслан болсон наадмын өглөө танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Долдугаар сарын 12-ны өглөө гэр бүлийн хүн маань цайгаа чанаж, цайлаад сууж байтал манай нутгийн багын найз нөхөд ороод ирсэн. Найзуудтайгаа халуун яриа өрнүүлээд тухайн өдрийн барилдааныг бодож байсан стресс алга болчихож байгаа юм. Ихтайван наадмын дэвжээ рүүгээ явсан. Сэтгэл санаа тайван сайхан байсан нь цол ахихад нөлөөлсөн байх. Түүнээс өөр олон зүйл бодоогүй.



-Тэр өдөр бас нэг хөгжилтэй зүйл болсон гэдэг шүү дээ, та тэрийгээ манай уншигчдад ярьж өгөхгүй юу?

-Аан, тэгээд тэр өглөө найз нартайгаа гэрээсээ гарахад нэг найз маань "Эрхэмээ найз нь машин авсан" гээд 9999 гэсэн дугаартай шар "Ланд круйзер 200" зааж байсан юм. Тэр жил миний наадамд өмссөн дээл шар өнгөтэй байсан.

 

"Ямар сонин юм бэ. Миний наадмын дээлний өнгөтэй машин авчихсан байна ш дээ" гээд инээлдэн машинд нь суухдаа "Чи 9999 гэсэн дугаартай машин авсан юм чинь найз нь ес даваад чиний машиныг мялаачихъя" гэлээ.

 

Наадмын орой найзуудтайгаа гэртээ ирэхэд өнөөх найз маань уйлж, "Би их буруу юм хийчихэж. 9999 биш 1010 гэсэн дугаар авсан бол миний найз өнөөдөр аварга болчих байлаа" гэж бөөн инээдэм болж байлаа. Миний багын найз нар тийм л сайхан сэтгэлтэй улс даа. (Инээв)



-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Таны хобби...

-Миний хобби бөх л юм даа. /инээв/ Хоббигоороо ажиллаж амьдарч байна даа. Ер нь, зав чөлөө их багатай. Бэлтгэл-гэр-бэлтгэл гэсэн цагийн хуваарьтай шахуу даа. Бэлтгэлийн дараа маш их ядарна. Тийм үед гадуур дотуур явахаас илүү гэртээ л харина. Хүмүүсийн найман цагт хийх ёстой ажлыг хоёр цагт л хийж байна гэсэн үг шүү дээ.



-Үндэсний бөх одоо бол мэргэжлийн спорт болчихлоо доо, тиймээ. Олон ч сургууль бий болж.

-Үндэсний бөх мэргэжпийн спорт болсон гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ сургуулиуд байгуулагдаад бөхчүүд тэнд суралцаж төгссөнөөр мэргэжпийн спорт болчихсон гэвэл арай өрөөсгөл л дөө. Спортод хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр спортод хөрөнгө оруулалт хийж байгаа олон компани, байгууллага байна.

 

Тэдний хувь нэмэр маш их бий. Бөхчүүд аль нэг байгууллагын нэр дээр барилдаж тэр байгууллагын ажилтан шиг цалин хөлс авч, хариуд нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж амжилт гаргах үүрэгтэй.

 

Энэ нь тэр байгууллагын бас нэг талаар сурталчилгаа болж байгаа юм л даа. Ер нь, тэгээд энэ спортыг хөгжихөд спортод элэгтэй хүмүүсийн тусламж дэмжлэг, бөхөд хайртай Монгол түмний минь сэтгэл итгэл гээд их олон зүйл бий байхаа.



-Та төмөр замчдын баярт жил бүр ирж, баяр наадмыг нь улам чимдэг. Төмөр замчдын баярын түрүүгээ өнгөрсөн жилийн баяраар ч бас нэмсэн. Энэ баярын тухай сэтгэгдэл?

-Би дээр хэлсэн шүү дээ. Төмөр замчин хүний хүүхэд болохоор энэ хамт олон миний сэтгэлд ойрхон. Тиймээс төмөр замчдын баярт очих дуртай. Төмөр замчдын баярын зүлэг ногоон дэвжээ нь надад ээлтэй байдаг. Би наадмын түрүү авъя гэхээсээ илүү аав ээжийнхээ ажил мэргэжлийг хүндэтгээд энэ баярт очдог. Ингэхэд би төмөр замчдын баярт хэд түрүүлчихсэн бэ?



-Сайн мэдэхгүй байна. Таныг өнгөрсөн жилийн баярын дараа дөрөв дэх удаагаа түрүүллээ гэж сонссон санагдаж байна?

-Би Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 68, 69, 70 жилийн ойгоор гурав дараалан түрүүлсэн санагдаж байна. 70 жилийн ой Хүй долоон худагт болж байсан даа. /хэсэг бодсноо/ Тав түрүүлчихсэн юм уу даа.



-Та маш завгүй байдаг бололтой юм. Бид таныг сая олж уулзах гэж нэлээд хөөцөлдлөө шүү. Байнгын бэлтгэлтэй байдаг уу?

-Ерөөсөө наадмаас наадмын хооронд байнга л бэлтгэл хийдэг. Гэхдээ жилийн тэр үед нь тийм бэлтгэл хийнэ, ийм үед нь амарна гэсэн жилийн төлөвлөгөө байдаг юм л даа. Яг л тэр төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэлээ хийгээд явна. Тэрнээс дуртай цагтаа бэлтгэл хийгээд дургүй цагтаа амарна гэж байхгүй л дээ.



-Мэдээж, таны энэ бахдам амжилтуудын ард маш их бэлтгэл сургуулилт, хөлс хүч бий. Та бас Могой жилийн cap шинийн барилдаанд түрүүлж, түүний дараахан цэргийн цол нэмж, дэд хурандаа болсон. Төмөр замчдын тосгонд төрж өссөн төмөр замчин хүний хүү ийм сайхан амжилттай яваад гэр бүл, найз нөхөд, нутгийн зон олноос гадна төмөр замчид маань их баяртай байгаа байхаа. Арван зургаан мянган төмөр замчныхаа өмнөөс танд удахгүй тохиох Монгол улсын зэвсэгт хүчний 92 жилийн баярын мэндийг хүргээд ирэх наадмаар "Аварга болоорой" гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе дөө.


-Баярлалаа, Ерөөл бат оршигээ. Энэ дашрамд, төмөр замчиддаа cap шинэ хуучраад байгаа ч усан могой жилийн мэндийг хүргэж, амжилт бүтээл арвинтай байхыг ерөөе дөө.


Б.Гүнжинлхам

Эх сурвалж: “Ганзам”