Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн II тойрог тун сонирхолтой явагдаж байна. Өнгөрсөн пүрэв гарагт болсон “Баянзүрх Буллз”, “СБЛ Шаркс”-ын тулаан яах аргагүй лигийн шилдэг тоглолт байсан юм. Энэ тоглолтод “Баянзүрх Буллз” өрсөлдөгчөө ширүүн өрсөлдөөний дараа буулган авсан. Ингэснээр тэд лигийн тав дахь хожлоо авсан юм.
Лигийн өөр нэгэн үзүүштэй тоглолт “Эрдэнэдрийлинг Ригс”, “Эхлэл МБМ”-ын хооронд өрнөсөн. “Эрдэнэдрийлинг”-ийн Б.Батжавхлан хувийнхаа рекордыг 50 оноогоор эвдсэн төдийгүй эсрэг багийн хамгаалагчдыг хүнд байдалд оруулсан юм.
“Баянзүрх Буллз” 105:99 “Шаркс СБЛ”
Эхний тоглолт “СБЛ Шаркс” болон “Баянзүрх Буллз” багуудын хооронд болов. Эхний тойрогт ижилхэн дөрвөн хожил, хоёр хожигдол гэсэн амжилт үзүүлсэн багуудын эхний тоглолтод “СБЛ” 99:84-өөр хожсон юм.
Үзэгчид лигийн шилдгүүдийн тулааныг сонирхохын тулд заал дүүргэсэн байлаа. Улмаар тоглолтын эхний хагаст хоёр ч слэм данк үзэгчдийг баясгав. Эхний үед “СБЛ” багаас Халлын дамжуулалтаар Девон Кларк тохсон бол II үед “Буллз”-ээс Т.Санчирын шидэлтийг Декори Жонес нэмж тохсон юм.
Улмаар эхний хагаст багууд 46-46- аар тэнцсэн. Эхний хагаст “СБЛ”-ээс Аарон Халл 19 оноо, харин “Буллз”-ээс Т.Санчир 13 оноо авч багаа тэргүүлжээ. Сонирхуулахад, гадны легионер тоглогчдоос Монголын лигт хамгийн сайн зохицож байгаа нь Аарон Халл гэхэд болно. Тэрбээр оролцсон тоглолт бүртээ 20-иос дээш оноо авдаг юм.
Тоглолтын III үе эхлээд “СБЛ” олон бөмбөг алдаж байлаа. Хэдийгээр тэд довтолгоо болон самбараас сайн бөмбөг авч байсан ч олон боломжоо алдсан юм. Мөн энэ үед “Буллз”-ээс Рафаел Харрис тохоод амжсан. Гэхдээ энэ үеийн төгсгөлийг “СБЛ” сайн хийж, цаг дуусах мөчид Аарон Халл бөмбөг таслаад, холын зайнаас шидсэн нь амжилттай болж, тооны харьцааг 71:74 болгон ойртуулсан.
Үргэлжлүүлэн IV үеийн эхэнд мөн л Халл гурвын зайнаас шидсэн нь амжилттай болж, оноог тэнцүүлсэн. Гэхдээ эсрэг багийн Т.Санчир тэр даруй хариуг нь барьж чадсан юм. Улмаар Т.Санчир энэ үед цагариган дээрээс довтолж, үзэгчдийг суудлаас нь босгож, заалны чимээ тэнгэрт хадах нь тэр.
Харин “СБЛ” IV үед асуудалтай байлаа. Хэдийгээр О.Сэргэлэн багийнхандаа гайхалтай дамжуулалтууд өгч байсан ч талбай дээр гарсан маргааны улмаас Девон Кларк нэлээд минут сэлгээнд сууж, мөн З.Дэлгэрням бэртлийн улмаас сүүлийн долоон минут тоглоогүй юм. Мөн СБЛ-н мэргэн буучдын нэг З.Доржсүрэн холын зайнаас найман удаа довтолсон ч ердөө хоёрыг нь “чулуу” болгосон.
Тоглолтын сүүлийн минутад “Буллз”-ын Декори Жонес бас нэг удаа цагариган дээрээс тохсон. Ингэснээр маш сонирхолтой болсон энэ тоглолтонд 105:99-өөр “Баянзүрх Буллз” хожиж тав дахь ялалтаа авлаа. Тэднээс Т.Санчир 36 оноо, 14 самбар, зургаан оновчтой дамжуулалт өгсөн бол Декори Жонес 25 оноо, самбараас 14 удаа бөмбөг авалт гүйцэтгэсэн.
Мөн Д.Мөнхтүвшин 16 оноо, зургаан самбар, зургаан оновчтой дамжуулалт багтаа авч иржээ. Харин “СБЛ” гурав дахь хожигдлоо хүлээлээ. Тэднээс Аарон Халл 30 оноо, 14 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн. Девон Кларк 22 оноо, 16 самбар, О.Сэргэлэн хоёр оноо, найман самбар, 11 оновчтой дамжуулалт хийсэн байна. Энэ хоёр багийн тоглолт үеийн үед онц, сонирхолтой болдог гэсэн үнэлэмжээ энэ удаа ч алдсангүй.
Эх сурвалж:
Пүрэв - 04 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
sbl sharksiin dasgaljuulagch Baatarzorigt munyy medeh hyn baival helj uguuch