sonin.mn
“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд 24 хоног үлдээд байгаатай холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа юм.
Олимп улс төрөөс ангид байж чадаагүйн нэг жишээ “Гармиш Партенкирхен-1936” өвлийн IV наадам болсон билээ. Тэр жил нацист дэглэмийн удирдагч Гитлерийн нөлөөгөөр өвөл, зуны олимп хоёул Германд зохион байгуулагдсан юм.
Гитлер Германы Засгийн эрхэнд гараад спортоор дамжуулан нацист дэглэмийн хүч чадлыг дэлхий нийтэд харуулахыг хүссэн. Түүний өмнөөс үгүй гэж хэлж чадах хүч тухайн үеийн Олон улсын олимпын хороо /ОУОХ/-нд байсангүй. Өвлийн олимпын IV наадам Германы Бавари мужийн жижиг хот Гармиш Партенкирхенд болсон түүхтэй.
 
 
Харин Гармиш Партенкирхений олимп эхлэхээсээ л олны эсэргүүцэлтэй тулгарч байв. 1935 онд тус хотод очсон Английн сэтгүүлч, гэрэл зурагчин эр “Еврей хүмүүст энд байх орон зай алга” гэж бичсэн нь дэлхий нийтэд шуугиан тарьсан юм. Спортын хэд хэдэн том зүтгэлтэн олимпыг бойкотлох тухай ярьж, байдал эвгүйтэж ирэв. Харин тухайн үед ОУОХ-г удирдаж байсан Анри де Байе-Латур германчуудтай ярилцаж, олимпын үеэр хүний эрхийг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаж болохгүй талаар тохиролцсоноор нөхцөл байдлыг зөөлрүүлсэн юм.
Гэхдээ л Америкийн тэшүүрчин, өмнөх олимпын аварга Жек Ши, Норвегийн тамирчин, “Санкт Мориц-1928” олимпын аварга Бернт Эверсен, Францын уран гулгагч, олимпын хошой аварга Андре болон Пьер Брюне нарын алдартай тамирчид Германы харгис дэглэмийг эсэргүүцэн олимпод оролцохоос татгалзжээ.
 
Сонирхолтой баримтууд
 
Харин энэ удаагийн өвлийн олимп цаг агаарын туйлын тааламжтай нөхцөлд явагдлаа. Өмнөх олимпуудын үеэр цасан шуурга тавих, хэтэрхий дулаарах, эсвэл цас орохгүй байх зэрэг цаг агаарын гэнэтийн хүндрэл байнга тохиолдож байсан бол энэ удаа тэнгэр хангай тамирчдыг ивээсэн юм. Мөн бүх л тэмцээн уралдаан дүүрэн үзэгчтэй байсан нь олимпын наадмын үеэр урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл байлаа. Тэр ч байтугай олимпын наадмын тухай баримтат кино хийн театруудаар гаргахад сая гаруй хүн ирж үзсэн тооцоо гарчээ.
Хэдийгээр олон улс Германд болсон олимпыг бойкотлох талаар ярьж байсан ч 28 орны 646 тамирчин /үүнээс 80 нь эмэгтэй/ ирж оролцлоо. Энэ нь өвлийн олимпын шинэ рекорд болсон юм. Тамирчид 8 спортын төрөлд 17 багц медалийн төлөө өрсөлдөв.
Австрали, Болгар, Грек, Испани, Лихтенштейн, Турк гэсэн 6 улс анх удаа цагаан олимпод хүч сорьжээ. Түүнчлэн өмнөх олимпыг өнжсөн Эстони, Латви, Голланд, Югославын тамирчид эргэн ирсэн юм.
Энэ удаагийн олимпод уулын цанын төрөл шинээр бүл нэмлээ. Гэвч энэ спортоор дээгүүр өрсөлддөгч Швейцар, Австрийн уулын цаначид олимпод оролцохоос татгалзав. Харин Австрийн уулын цаначин Густав Ланшнер Германы нэрийн өмнөөс олимпод оролцож, мөнгөн медаль хүртжээ.
 
 
Олимпын наадамд цанын буухиа төрөл /4х10 км/ нэмэгдсэн нь олны сонирхлыг ихэд татав. Тус уралдаанд Финландын баг түрүүлж, Норвеги удаалан Шведын баг хүрэл медаль хүртжээ. Уралдааны төгсгөл хэсэг тун өрсөлдөөнтэй, сэтгэл хөдөлгөм болсон гэдэг. Норвегийн сүүлийн хүн Б.Иверсен арын өрсөлдөгч Финландын К.Ялканенаас минут гарангаар түрүүлж байлаа. Гэтэл Ялканен хүнд баймгүй их хүч гарган ширүүн дайралтаар өрсөлдөгчөө гүйцэж чадсан юм. Энэ амжилтаараа тэрбээр олимпын баатруудын нэг болж, зураг нь шуудангийн марк дээр хэвлэгдэж байв.
Харин “Гармиш Партенкирхен-1936”-гийн хамгийн хурц од нь Норвегийн Ивар Баллангруд байв. Тэрбээр гүйлтийн тэшүүрийн дөрвөн зайн гуравт нь /500, 5000, 10000 м/ аваргалж, 1500 метрт мөнгөн медаль хүртсэн юм.
Тухайн үед Норвегийн эмэгтэй тэшүүрч Лайла Шоу-Нильсен 500, 1000, 1500, 3000, 5000 метрт дэлхийн дээд амжилт эзэмшиж байлаа. Гэвч эмэгтэйчүүдийн тэшүүрийн төрөл олимпын хөтөлбөрт хараахан багтаагүй байсан тул энэхүү алдарт бүсгүй түүхэнд нэрээ үлдээж чадаагүй юм. Гэхдээ тэрбээр олон талт авьяастай болохоо харуулж, уулын цанаар хүрэл медаль хүртжээ.
Түүнчлэн Норвегийн уран гулгагч Соня Хени гурван олимп дараалан эмэгтэйчүүдийн төрөлд аваргаллаа. Тэрбээр олимпын дараа Америкийн мөсөн дээрх балетад ур чадвараа сорих болсон байна.
Энэ олимын гол сенсаац хоккейн тэмцээнд дэгдлээ. Өмнөх гурван олимпод итгэл төгс түрүүлсэн Канадын шигшээ анх удаа аваргалж чадсангүй. Олимпын хоккейд урьд өмнө дуулдаагүй их тоо буюу 15 орон оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Тиймээс багуудыг дөрвөн хэсэгт хувааж, шилдэг найман баг дахин хоёр бүсэд хуваарилагдах схемийг зохион байгуулагчид сонгов. Хоккейн эх орныхон хэсэгтээ гурав хожиж, итгэл төгс нэгээр гарч ирлээ. Гэвч дараагийн шатанд Их Британид 1:2-оор дийлджээ. Цаг дуусахаас хоёр минутын өмнө Их Британийн довтлогч Э.Бренчли хожлын шайбыг хийсэн байна.
 
 
Хэрвээ сүүлийн тойрогт Америкийн баг Британийн хоккейчдыг хожвол Канадад боломж гарч ирэх байсан. Гэвч гурван удаа цаг сунгасан хүндхэн тулаан 0:0-ээр өндөрлөж, Британийн хоккейчид эхний бөгөөд эцсийн томхон амжилтаа гаргасан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа британичууд хоккейн элитүүдийн тоонд багтахаа больсон байлаа.
Багаа аваргалахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь хаалгач Жеймс Фостер байв. Тэрбээр олимпын турш өрсөлдөгчийнхөө олон цохилтыг няцааж, долоон тоглолтод гуравхан гоол алджээ.
Олимп өндөрлөснөөс гурван долоо хоногийн дараа Германы цэргүүд Рейн дэх зэвсэггүй бүсийг орхин гарснаар дэлхийн хоёрдугаар дайны эхлэл тавигдсан юм. Олимпод оролцож байсан олон тамирчин үүнээс хэдэн жилийн дараа Германы армид багтан фронтод тулалдаж, амиа алдсан түүхтэй.
 
Медаль авсан орнууд
 
Улс                         Алт   Мөнгө  Хүрэл    Нийт
1.Норвеги               7        5        3             15
2.Герман                 3        3        -              6
3.Швед                    2        2        3             7
4.Финланд               1        2        3             6
5.Швейцар              1        2        -             3
6.Австри                  1        1        2            4
7.Их Британи           1       1        1             3
8.АНУ                       1        -        3             4
9.Канад                    -        1        -             1
10-11.Унгар             -        -         1            1
10-11.Франц           -        -          1            1
Нийт                       17      17      17           51