sonin.mn
К2 дэлхийн 2 дахь оргил 8611м
Канченжунга 3 дахь оргил 8586м
Лхоце 4 дахь оргил 8516м
Макалу 5 дахь оргил 8485м.
 
Энэ оргилууд хоорондоо 30-70м өндрийн ялгаатай байгааг та бүхэн харж байгаа байх. Эверест Хайрхан маань 8848м буюу 2 дахь оргилоос даруй 237 метрээр өндөр. Бусад оргилуудаасаа эрс өндөр гэсэн үг. Авиралтын хувьд бүгд өөр өөрийн онцлогтой. Мөн өөр өөрийн хэцүүтэй. Ер нь ямар ч уулын оргилд зүгээр нэг гардаггүйг та бид мэднэ. Мэддэгээрээ Эверест, Лхоце Хайрхануудын ялгааг бүсгүй хүнтэй зүйрлүүлэн бичье.
 
 
Эверест Хайрхан, залуу танд зөвшөөрөх гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг бүсгүйтэй тун төстэй. Танд болчихмоор сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ болоогүй л байна. Таниас маш тэвчээр, хугацаа, тууштай байхыг шаардана. Та тэсэж үлдэх л хэрэгтэй үгүй бол амжилтад хүрэхгүй.
Лхоце Хайрхан, залуу танд бүсгүй шууд зангаа харуулна. Хатуу үгтэй, шулуун шударга өөрөөр хэлбэл өөрийгөө хэн бэ гэдгийг таны өмнө тодорхой болгоно. Та өөрийгөө түүнд тохируулах ёстой, эс бөгөөс юу ч бүтэхгүй. Бас л тэвчээр, цаг хугацаа, тууштай байх ёстой. Тэр таныг өөрийн шулуун шударга зан шигээ харж, хүлээж авах үгүйгээ шийднэ. Тэгэхээр залуу та өөрийгөө ямар байх ёстойг шууд гадарлах байх.
 
За ингээд жинхэнэ яриандаа оръё.
2018 оны 05 дугаар сарын 18-ны 17 цагийн орчимд Эверест Хайрханаас Үндсэн Отогт бууж ирснийг өмнөх тэмдэглэлд бичсэн. Оройн хоол зүгээр нэг хоол биш баяр болсон. Мэдээж дэлхийн дээвэрт гарна гэдэг баяр бахдалаар дүүрэн байх нь аргагүй. Миний хувьд айдгаа авдартаа хийсэн, баяр хөөрөөр дүүрэн байв. Маш орон хүн фэйсбүүкээр баяр хүргэж дэмжсэн байсан нь өөрийгөө ялан дийлсэн сэтгэлийг минь улам хөөргөж, урам зориг өгсөн юм. Эверест, Лхоце Хайрхануудад дараалан авирах зөвшөөрлийг урьдчилан авсан ч чадах үгүйгээ мэдэхгүй байсан учраас хэнд ч хэлээгүй байсан. Баярлаж хөөрсөн, зориг орсон надад Лхоце Хайрхандаа авираад үзье, чадахгүй бол замаасаа буцна биз гэсэн бодол төрж, энэ тухайгаа фэйсбүүк хуудсаараа зарлалаа. Пост оруулсны дараа  олон хүн дэмжиж, амжилт хүсч, болгоомжтой авирахыг сануулж байлаа. Шөнө сайхан унтлаа.
 
2018.05.19
 
Өглөөний хоолны үеэр ахлах шерпа Мягмардорж (Mingma Dorchi) 20-ны өглөө үүрээр Лхоце Хайрханы оргилын авиралтыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Надаас гадна Хятад авирагч охин Жин Чен бас авирах байлаа. Жин Чен уг нь Эверест Хайрханд авирах төлөвлөгөөтэй байсан юм. Бид хамтдаа Үндсэн отог хүртэл алхаж ирсэн. Явах замдаа миний хоёр Хайрханд авирах төлөвлөгөөг сонсоод надтай нэгдэхээр болсон юм. Зөвшөөрлийг Катманду дахь үйлчлэгч компанийн төлөөллөөр дамжуулан авсан.
 
Авиралтын төлөвлөгөө:
 
05 дугаар сарын 20-ны үүрийн 04 цагт хөдөлж, II отогт хүрч, 2-3 цаг амраад оройдоо III отог хүрч хонох. 21-ний өглөө гарч, үдээс хойш Лхоце IV отогт хүрч хэдэн цаг амраад, тэр шөнөдөө гарч 05 дугаар сарын 22-ны өглөө Лхоце Хайрханы оргил гарах байлаа.
Өглөөний цайгаа уугаад усанд орох боллоо. Эверест Хайрханд авираад буцаж Үндсэн отогт ирэхэд нийт 5 хоног болсон шүү дээ. Усанд орох зариулалтаар барьсан, хүн босоод зогсох боломжтой майхан дотор халуун бүлээн усыг (25л орчим) шанагаар хутгаж, өөр дээрээ хийх маягаар усанд орно. Хувцсаа тайлаад гуяа харлаа, миний гуя мөн үү. Дэлхийн II дайны үеийн хоригдлуудын дүр төрх шууд санаад бууж байна. Арай ч дээ, 5 хоногийн дотор ингэж турлаа гэж үү. Жингээ үзмээр байсан ч жин байх биш. Одоо бодоход 10-15 кг турсан байх. Уснаас гараад дотуур хувцсаа угааж, хатаахаар гартал авиралтаа дуусгасан авирагчид буцаж байлаа. Сэтгэл сонин болсон шүү. Уулчид гэрийн зүг явж байхад би буцаад уул руу явна гэж бодхоор. Тэдэнтэй цуг буучихмаар санагдсан.
Төлөвлөгөө шахуу, 22-ноос хойш тэнгэр муудах тул 22-ны өдөртөө амжих хэрэгтэй. Тэгээд ч шөнө явах тул амрах хэрэгтэй. Хэсэг унтаж байтал өдрийн хоолонд дуудаж байна. Хоолоо идээд дахиад унтлаа. Мартсанаас хоолондоо сайн болсон шүү. Оройн хоолонд мөн л дуудагдаж очлоо. Оройн хоолонд миний авирсаны маргааш оргилд гарсан авирагчид маань ирж дахиад баяр болсон. Бүр олуулаа баяр хөөрөөр дүүрэн бие биедээ баяр хүргэсэн дээ. Хоолны дараа бэлтгэлээ хийж эхэллээ. Авч явах юмсаа үүргэвчиндээ хийж, өмсөх хувцсаа бэлдэж тавиад, фэйсбүүкээ жаахан ухаж байгаад унтах гэж  оролдлоо. Өдөр их унтсан тул нойр хүрдэгггүй, нэг мэдсэн унтжээ.
 
2018.05.20
 
Чимээ гарч байна. Хажуугийн майхны Жин Чен босч байгаа бололтой. Босоод өглөөний цай уугаад дөрвүүлээ алхаж эхэллээ. Дөрөв гэснээс надад өөр шерпа хуваарилсан байлаа. Нямаа шерпа туршлагатай, сайн авирагч, сайн шерпа байсан. Эверест Хайрханы авиралт эхлээд явж байхад түгжирч байсан бол энэ удаа биднээс өөр хүн байсангүй. Нэг л эл хуль. Жаахан түгшүүртэй санагдсан шүү.
 
 
Кhumbu icefall авирч гараад цааш үргэлжлүүлж 35м мөсөн хана хүрэх үед бууж яваа уулчид, шерпа нартай тааралдсан. Уулчид бууж байхад өгсөж яваа бид  дөрөв. Нэг л тийм мэдрэмж...
 
Өдөр 12 цагийн үед II отогт ирлээ. Майхан цөөрсөн харагдана. Зарим багууд авиралтаа дуусгаад майхнаа хүртэл хураасан байлаа. Үдийн хоолоо идээд амрахаар майхандаа орлоо. Удахгүй дээшээ явах тул жоохон ч гэсэн унтаад авъя. Хэсэг унтжээ. Сэрээд юу болов, явах яасан юм бол гэж бодоод гал тогоонд явж очлоо.
Ахлах шерпа төлөвлөгөө өөрчлөгдсөнийг хэллээ дээ. Маргааш буюу 05.21-ний өглөө II отгоос гарч яваад III отогт хэдэн цаг амраад, тэдээсээ шууд оргилын авиралт хийнэ гэнэ. III отгоос шууд оргилын авиралт хийнэ гэдэг маш урт авиралт болно. Маш их тэвчээр шаардах болно. Бүтэшгүй санагдсаныг нуух юу байхав. Хэцүү шүү дээ гэж хэлж үзлээ. Зүгээр ээ, чи хүчтэй чадна гэх. Бодож үзтэл сонирхолтой санагдсан. Урьд нь авирагч нар үүнийг хийсэн ч юм уу, үгүй ч юм уу. Алдах юм юу байхав оролдоод үзье гэж бодлоо.
Оройн хоолоо идээд амрах гэж байтал Нямаа шерпа дуудаж байна. Майхнаас гараад хартал Эверест Хайрханы хаданд нэлээн дээр гэрэл харагдаж байна. Гараа тайруулдаг нөгөө Япон залуу авирч байгаа нь тэр. Бүгд гайхан харж байсан бөгөөд би дотроо жинхэнэ уулчин гэж ийм л байдаг байх гэж бодож, бишрэн хүндэтгэж байлаа. Маргааш өглөө нь түүнийг нас барсан байдалтай олсон байсан. Үнэхээр харамсалтай.
 
 
2018.05.21
 
Ахлах шерпа өглөө босоод яарсангүй, 10 цаг өнгөрөөгөөд хөдөллөө. Нартай сайхан өглөө байлаа. Ер нь өглөө тэнгэр цэлмэг сайхан байх нь олонтоо. III отог хүрэх авиралтын замд бууж яваа шерпа, авирагч нар таарч, зарим хэсэгт зөрөхөд цаг зарцуулж байсан хэдий ч 15 цагийн үед III отогт хүрлээ. Тэнгэр цэлмэг сайхан байсан тул орчин тойрныхоо зургийг аваад, майхандаа орлоо.  Эверест Хайрханы авиралтыг бодвол хоолны зуршил сайжирсан учраас аль болох сайн идэж, амрахыг хичээж байв. Өнөө шөнийн авиралт хүнд, олон цаг үргэлжлэх тул  хүчтэй байх хэрэгтэй.
 
 
III отгоос Лхоце Хайрханы авиралт оройн 20 цагт эхлэв. Эверест Хайрханы авиралт эхлээд удаагүй түгжирч, авиралт удааширч байсан бол Лхоце Хайрханы авиралт тийм зүйл тохиолдсонгүй. Энэ нь нэг талдаа сайн ч нөгөө талдаа амралтгүй хөлөө зөөж тавих шаардлагатай болж байлаа. Нямаа шерпа хамгийн урд би удаалж, Жин Чен, Ахлах шерпа гэсэн дарааллаар дээшилж байв. Нямаа шерпа үнэхээр сайн байсан. Тэрбээр урд хурдтай дээшилж чадаж байсан бөгөөд надаас нэлээд холдохоороо эргэн биднийг хардаг. Зуршил уу эсвэл энэ удаа л тэгсэн үү бүү мэд. Яг үнэнийг хэлэхэд энэ байдал нь миний шарыг хөдөлгөж, эргэж харахад нь яг ард нь тулчихсан зогсож баймаар санагдуулна. Хэдэн удаа тэгж чадсаан гэхдээ сүүлдээ үнэхээр дийлэхгүй болсон.
 
 
Шөнө 01 цагийн үед Лхоце IV отогт очиж, тэндээ бага зэрэг ууж идээд авиралтаа цааш үргэлжлүүлэв. Эверест Хайрханы шөнийн авиралт салхитай хүйтэн байсан. Арга ч үгүй биз. Халхлах нөмөр бараг байхгүй. Харин Лхоце Хайрхан маань өөрөө нөмөр болж байлаа. Бид урдаас нь авирч, баруун зүүнээс салхигүй байв. Харин урд зүгээс салхилвал авиралтад дэмтэй байх байлаа.  Салхигүй тогтуун сайхан шөнө байлаа.
Лхоце Хайрханы IV отгоос хөдөлж, цаг орчим явсны дараа Эверест Хайрхан сүүмийх төдий харагдаж, авирч яваа уулчдын цуваа, тэдний духандаа зүүсэн гэрэл цуваа болон маш үзэсгэлэнтэй гахамшигтай харагдаж байлаа. Нэг харахад уул өөд гулсан яваа гэрэлт могой мэт эсвэл тэнгэрт одод цуваа болон байрласан ч юм шиг. Түүнийг зөвхөн харсан хүн л ой тойндоо хэзээ ч мартахгүйгээр хадгалан үлдээх биз ээ. Маш сайн зургийн аппаратаар цаг гаргаад зургийг нь авсан бол.Харамсалтай нь цаг, сайн аппарат ч байсангүй.
 
2018.05.22
 
Удалгүй үүр хаяарч эхэллээ. Өмнө хад сүүмийн харагдаж, би ч дотроо баяртай байлаа. Учир нь Лхоце Хайрханыг доороос харахад оргил нь хад харагддаг. Гэхдээ энэ замын зөвхөн тал байсныг хожим ойлгосон. Жинхэнэ хэцүү тэндээс л эхэлж байсныг би яахан мэдэх билээ.
Тэмдэглэлийн эхэнд уулыг бүсгүй хүнээр төлөөлүүлэн бичсэний учир гэвэл Эверест Хайрханы Өмнөд оргил хүртэл тасралтгүй өгсдөгч уулын дээд хэсэг соёо шиг тул өгсөж уруудна. Олон удаа шүү. Оргил нь харагдахгүй. Сүүлийн өгсүүр дээр гарч ирсний дараа л нэг юм оргил харагдана. Та бүхэн миний зүйрлэлийг бодоод үзээрэй. Харин Лхоце Хайрхан оргил хүртлээ зөвхөн л өгсүүр.
 
 
 
Оргилд ойртох тусам өгсүүр нэмэгдэнэ. Гэхдээ оргил бас л харагдахгүй эцэс төгсгөлгүй өгсүүр мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эцсийн мөчид оргил харагдаж, эгц босоо бараг цасгүй хадаар авирч оргилд гардаг.
 
 
 
Хадан дунд ороод явчихлаа. Өмнө нэг хадан оргил харагдана. За энэ оргил мөн гэж бодлоо. Өгсөж явсаар тулж ирээд хад руу гарах байхдаа гэж бодтол авиралтын олсыг баруун тийш хазайлган, цааш цасаар өгсүүлэн тавигдсаныг анзаарлаа. Мөн горьдов оо, хаа ч байсан юм. Сэтгэлээр унах шиг. Болоогүй бол болоогүй, цааш авирах л хэрэгтэй. Хатан хавцлаар цааш үргэлжлүүлэн авирлаа. Нар аль хэдийнэ мандсан ч шовх үзүүртэй өндөр хаднуудыг цаанаас гарч ирэх  болоогүй  байв. Хэсэг явсны дараа өөдөөс гурван Европ шерпа нартайгаа бууж ирж байна. Тэд өнөөдөр анх удаа Лхоце Хайрханд гарчээ. Мэндлээд зөрж явлаа. Уг нь өмнө духны гэрэл харагдаагүй л юмсан гэж дотроо бодож байлаа.
Хадан хавцал үргэлжилсээр, дуусахгүй юм байх даа гэж бодож эхэллээ шүү. Ядарч байлаа. Нөгөө жумар олс хоёртойгоо л дээшилж байлаа. Цаг хугацаа зогссон уу эсвэл жингүйдээд байна уу. Нэг дүр зураг эцэс төгсгөлгүй давтагдахаар яг тийм бодол төрдөг юм байна.
Өмнө нэг том хад байна. Олс түүнийг тойруулаад цааш тавигдсан бололтой. Тэр хад хүрчихвэл цаашаа тодорхой болмоорч юм шиг сэтгэгдэл төрөөд явчихлаа шүү. Тэнгэр минь би зөв боджээ, цаана нь битүү хадан хэрмэн дунд ороод ирсэн юм шиг. Олс ч хад өөд тавигдсан байхыг харлаа. Хичнээн их баярлав даа. Оргилдоо ойртсон тул дөрвүүлээ нэг хавтгай чулуун дээр сууж амарлаа. Би өгсөж ирсэн зүг рүүгээ хараад хүчилтөрөгчийн маскаа тайлж, нуруунаасаа үүргэвчээ авч суулаа. Нямаа шерпа хүчилтөрөгчийн баллон сольж байлаа. За одоо юу байхав, оргилдоо гарна гэж бодож суутал миний үүргэвч доош гулсчихлаа. Гайхаад амнаас ч үг гарсангүй. Уг нь би биеэрээ үүргэвчээ тулаад сууж байсан. Огцом уруу учир үүргэвч зогсохгүй, Лхоце Хайрханы ёроол хүртэл гулсах нь ойлгомжтой. Гулсахдаа эрчээ авч улмаар хад мөргөн юм үлдэхгүй л болов уу. Үлдсэн ч сэг л үлдэх байх. Үүргэвчинд хэрэгтэй зүйлс олон байсны дотор хүний захиж явуулсан нандин зүйл байсан юм. Түүнийг алдсандаа одоо ч харамсдаг. Үүргэвчгүй болж хоцорлоо. Шерпа-д  хүчилтөрөгчөө үүрээлээд дээшиллээ. Гуурсан шлангаар холбогдсон шерпатай их ойр явахаас өөр аргагүй болов. Энэ үед араас гурван хятад, шерпа нартайгаа гарч ирсэн бөгөөд тэднээс үүргэвчээ асуулаа. Үүргэвч маань тэдний хажуугаар өнгөрч, нэг нь барьж авахыг оролдсон ч харамсалтай нь чадаагүй гэнэ. 
Цааш багахан яваад хаданд тулж ирлээ. Гэтэл тэнд 22-28 насны Европ залуу сууж байх юм. Эхлээд яг л маникен шиг харагдсан. Уулын бүрэн хувцас хэрэглэлтэй. Суугаараа хөлдсөн хүн гэдгийг хажуугаар нь гарахдаа ойлгосон. Олс тэр хүний бараг л өвөр дээгүүр нь тавигдсан тул буруу хөдөлгөөн хийвэл тэр хүнд хүрчихээр ойр зөрж байлаа.
Тэр залуугийн тухай гурван ч түүх сонссон бөгөөд хамгийн үнэмшилтэйг нь бичье. Залуугийн найз бүсгүй нь Лхоце Хайрханд авирч байгаад сураггүй болсон гэнэ. Тэр залуу найз бүсгүйтэйгээ үүрд хамт үлдэхийн тулд тэнд зориуд сууж үлдсэн гэх. Одоо бодоход үнэн санагддаг. Учир нь тэр залуу даарсан шинжгүй, цэх суусан байсан бөгөөд нүүр амаа огт битүүлээгүй байсан. Суугаад унтуулах эм уучихсан ч байж мэдэх. Хэрвээ явж чадахаа болиод тэнд үлдсэн бол амьд үлдэхийн төлөө тэмцэх байсан. Цас ухаж нөмөр болгоод, нүд амаа битүүлэх зэргээр.
 
 
Лхоце Хайрханы оргилд өглөө 7:56 цагт гарлаа. Үүргэвчээ алдаад сэтгэл гонсгор байсан ч оргилд гарсантай харьцуулвал өчүүхэн зүйл гэж бодож өөрийгөө тайвшрууллаа. Эверест Хайрхан хажууханд үнэхээр сүртэй нь аргагүй дүнхийнэ. Үнэхээр л дэлхийн тэргүүн оргил юм даа. Тэртээд дэлхийн тав дахь оргил Макалу (8485м) харагдана. Эверест Хайрханыг бодвол оргилд гарсан цаг эрт байсан тул эргэн тойрон тодоос тод харагдаж байлаа. Хүний амьдралд тэр болгон тохиогоод байхгүй, хараад ханамгүй тэр л үзэсгэлэн төгөлдөр, гайхамшигтай дүр төрхийг харж зогсох тэр мөч... Миний Монгол хэлний мэдлэг зүгээр л хүрэлцэхгүй юм байна. Энэ тэмдэглэлийг уншиж буй эрхэм та хэрвээ сэтгэл шулуудвал өөрөө очиж үзээрэй.
 
 
 
2018.05.16-нд Эверест Хайрханд, 2018.05.22-нд Лхоце Хайрханы оргилд гарсан. Миний амьдралд 16, 22 гэсэн тоонууд хэд хэд давтагдсан нь сонирхолтой. 2016.01.16-нд АТВ Хүйтэн(4374м) оргил, 2016.01.22-нд Цамбагарав Хайрханд (4209м) гарч байжээ.
 
Лхоце Хайрхан үнэхээр сайхан хүлээж авсан. Нар мандаж дулаахан, оргилд хичнээн ч удсан болохоор тааламжтай сайхан байлаа. Хайрханы оргил хутганы ир шиг тул торгон оргилд зогсох боломжгүй. Зөвхөн моринд мордсон юм шиг сууж болно. Тиймээс оргилоос 5м орчим дор ердөө нэг хүн зогсож болох хоёр хэсэгт цасыг ухаж тэгшлэн зогсох талбайг бий болгожээ. Хоёр хүн зогсоод бие биенийхээ зургийг авч болно гэсэн үг л дээ. Бид дөрөв ээлж дараагаар гарч зургаа авлаа. Удалгүй замд тааралдсан хятадууд гарч ирсэн тул буухаас өөр аргагүй боллоо. Хүчилтөрөгчийг маань шерпа үүрч яваа тул би бас л их ойрхон явах хэрэгтэй. Хэсэг яваад ингэж явах нь бүтэшгүй санагдаад салгаж орхисон. Нямаа шерпа болохгүй гэж сануулсан ч би зүгээр хэцүү болвол хэлнэ гэж  санааг нь амраасан. Нэмэлт хүчилтөрөгчгүй буусан гэж хэлж болно. 
 
 
Буулт огцом уруу тул 8-тоо багаж ашиглах ёстой. Гэхдээ цаг алддаг тул шерпа нар карбин ашиглан буудаг. Би тэр техникийг заалгаж сурсан тул энэ аргаар буулаа. Техникийг буруу хэрэглэвэл аюултай ч зөв хэрэглэвэл үнэхээр хурдан шүү. Буух замдаа үүргэвчээ олох горьдлого тээн харж явсан ч байгаагүй. Байх боломжгүйг мэдэж байсан хэрнээ л горьдлого тээсэн. Харин ам нь задгай үүргэвчнээс туг далбаанууд маань сугарч үлдсэнийг ихэнхийг нь олж авсан шүү, баярлууштай.
Хаднаас гарч доошлох тусам халуун болж эхэллээ. Сөдөн комбинзон хүйтэнд дулаахан сайхан хувцас хэдий ч халуун үед... Цээжин хэсгээ тайлж хоёр ханцуйгаар нь бэлхүүсээрээ ороогоод явсан ч хөлс урссаар л байлаа. Бас ам цангаж байна гэж жигтэйхэн. Уух шингэн мэдээж дууссан. Гүрийсэн шүү, III отог хүртэл.
III отогт цас хайлуулж, устай залгалаа. Хичнээн их ус уусан ч ханахгүй байсан нь гайхалтай.
II отогт 15 цагийн үед ирж, хоол унд идэж амарлаа. II отогт майхан бүр цөөрсөн байв. Авирагчид маань бууж дуусаж байгаа нь энэ. Майхандаа орох гэтэл  Нямаа өөр шерпатай нам унтаж байна. Өөр майханд ороод унтаж болно л доо. Гэхдээ л үндсэн отог руу явчихмаар санагдаад сэтгэл тогтдоггүй. II отогт байсан гудас хөнжил бас бус зүйлсээ шуудайд хийж, нарийн олсоор үүрч болохоор зангидаад явахаар болов. II отгын тогооч явуулахгүй, явбал шерпатайгаа яв гэнэ дээ. Түүнийг унтаж байгааг хэлээд, би олон удаа явсан тул алзахгүй гээд  хүчээр шахам явчихлаа. Нөгөөх маань дургүй үлдэв.
 
Хөдлөх үед 19 цаг болж байсан тул замд харанхуй боллоо. Духны гэрлээ асаагаад явах тул санаа зовохгүй байлаа. I отог өнгөрөөд Kumbu acefall хүрэх үед харанхуй боллоо. Явах замдаа өөр компанийн шерпатай ханьсаад авсан. Мань эр эхэндээ их л эвсэг хамтдаа явж байсан ч доошлох тусам манийгаа хаяад явах шинжтэй. Шөнө ганцаараа мөсөн ханаар явна гэдэг буруу шийдвэр байсныг ойлгосон. Хэрвээ хөл алдаад унавал ангал нүхнээс өөрөө гарах бараг боломжгүй. Хамгаалалттай тул бүр доошоо унахгүй ч хүн хажуугаар явах хүртэл дүүжлэгдээд  байж байхаас өөр аргагүйд хүрнэ. Шөнө хүн явахгүй бол яах вэ, асуудал шүү. 
Нөгөө нөхрөөс хоцрохгүйг хичээн хурдан доошилж байлаа. Заримдаа бараа нь харагдаж, заримдаа алга болно. Тэгж явсаар нэлээн доошиллоо. Гэтэл духны гэрэлтэй хүмүүс харагдлаа. Шерпа нар бууж ирж байгаа авирагчдаа тосохоор ирсэн байж. Намайг тосож байгаа даа ... байхгүй ээ.  Дахиад цаашаа ганцаараа.
Мөсөн ханаас бараг л буучихлаа. Нэг мөсөн хана тойроод гараад иртэл нөгөө замын хань маань зогсож байна. Тэгээд цаашаа дахиад хамтдаа алхлаа. Хэсэг яваад нөгөөх маань “би ийшээ явна, чи чигээрээ яваарай тэгээд отогтоо хүрнэ”  гээд би саллаа. Салахаас өмнөхөн манан бууж маш жижиг ширхэгтэй цас биш, бороо ч биш зүйл орж эхэлсэн юм.
 
 
 
Энэ манан бороо намайг төөрүүлсэн дээ. Уг нь Үндсэн отогт гэрэл харагддаг. Тэр мананд Үндсэн отог харагдахгүй болж, хэсэг яваад төөрсөнөө ойлгосон. Хаашаа явахаа мэдээд байгаа ч тэр зүг рүүгээ явж чадахгүй байлаа. Мөсөн уулууд замд хөндөлсөөд цааш нэвтэрч болдоггүй. Буцах ёстой байсан ч би уулын сэтэрхий байж л таарна гээд уруудаад байсан нь буруу болсон. За бүр болохгүй бол гудас хөнжлөө гаргаад унтъя гэж бодож үзлээ. Гэхдээ л явсаар байлаа. Доош их явж байж ашгүй мөсөн уулын завсар олдож Үндсэн отог харагдлаа. Манай отог Үндсэн отгоос нэлээн дээр байрладаг. Харин би Үндсэн отгийн бүр доогуур гараад иржээ. Дахиад дээшлэх хэрэгтэй. 
 
 
 
 
Шөнийн 03 цагийн орчимд отогтоо ирлээ дээ. Ирснээ хэлэх гээд хүн хайтал бүгд нам унтаж байна. Унтахаас гэж бодоод майхандаа орлоо. Бүх юм битүү чийг авчээ. Хуурай хувцас гаргаж өмсөөд унтахаар хэвтлээ. Толгой тавиад нам гэдэг болж. Үүрийн таван цагийн үед л байх, майхны цахилгаан дуугарч, отгийн ахлах шерпа нүд нь том болчихсон орж ирээд чамайг их хүлээсэн,чи зүгээр үү гэж байна.  Би нойрмоглон би зүгээрээ л гэлээ. Нөгөөх чинь дахин юм хэлэх гэсэн үү намайг харснаа нэмэр алга гэж бодсон уу. Унт унт гээд гараад явчихлаа. Удалгүй дахиад чимээ гарлаа. Нар манджээ. Майхан онгойлгоод 2 шерпа орж ирээд хурдлаараай босоорой гэж байна. Нисдэг тэрэг ирж байна амжих хэрэгтэй гээд л миний юмсыг цүнхэнд чихэж эхэллээ. Би ч сандраад бослоо.
 
2018.05.23
 
Өглөөний 07 цагт нисдэг тэрэг ирж, замдаа нэг бууж 08 цаг гэхэд Лукла-д (2800м) газардлаа. Лхоце Хайрханы оргилд байсан хүн 24 цагийн дараа Лукла тосгонд ирсэн байлаа. Адал явдлаар дүүрэн бүтэн нэг хоног өнгөрсөн.
Лукла-д Непалын нийслэл Катманду нисдэг онгоцны буудал байдаг. Цаг агаарын байдлаас (манан) болж Катманду нисэж чадахгүй энд хэд хоносон.
 
Эверестийн хаврын авиралт тухай зарим тоо баримт
 
2018  Оны Эверестийн хаврын авиралт маш амжилттай болж өндөрлөсөн. Энэ удаагийн сезонд нийт 802 уулчин оргилд гарсны 563 нь Непал талаас, 239 нь Түвдийн талаас оргилд гарсан. Оргилын авиралт тасралтгүй 11 хоног үргэлжилсэн. 2018 онд Эверестийн оргилд гарсан уулчдын тоо өмнөх жилүүдээ тэргүүлсэн ба уулын хураамжаараа ч мөн өмнөх жилүүдээ тэргүүлжээ. Непалын аялал жуулчлалын яам 5 172 408 ам.долларын орлого олжээ. Харамсалтай нь үхэл тойрч өнгөрсөнгүй. Непалын талаас 4, Түвдийн талаас 1 уулчин осолдсон байна. (1 уулчин Лхоце авирч байгаад осолдсон)    
 
 
 
 
2018 онд Лхоце Хайрханд 50 уулчин гарсны 15 нь Эверест Хайрханд гарсны дараа Лхоце Хайрханд авирсан байна. Энэ 15 уулчны ихэнх нь II отог болон Лхоце IV отогт амарч байгаад дахин оргилд гарчээ. 
 
 
Непал буюу өмнө талын стандарт маршрутаар
 
 
25 экспидецийн  563 уулчин Эверестийн оргилд гарсны 261 гадаад уулчин, 302 нь Шерпа болон Непалын уулчид байсан. 2017 онд 440 оргилд гарч байсан нь 2018 563 болон өсчээ.  Гадаадын 347 уулчинд Эверестед авирах зөвшөөрөл олгосноос  261 уулчин оргилд чадсан байна. Оргилд 39 орны уулчид гарсны 52 нь эмэгтэй уулчин байжээ.      
 
Хятад Түвдийн талын стандарт маршрутаар
 
11 экспидецийн  239 уулчин Эверестийн оргилд гарсны 111 гадаад уулчин, 128 нь Шерпа болон Непалын уулчид байсан. 2017 онд 202 оргилд гарч байсан нь 2018 онд 239 болон өссөн. Гадаадын 180 уулчинд Эверестед авирах зөвшөөрөл олгосноос  111 уулчин оргилд чаджээ.
2018 онд Эверестийн оргилд 802 уулчин гарсны талаас илүү нь шерпа нар бөгөөд зарим нэг нь олон удаа гарсан байх магадлалтай. 2017 онд  648, 2016 онд 641, 2013 онд 658, 2007 онд 633 уулчид оргилд гарч байжээ.
Нийт дүнгээрээ Непалын талаас 5839, Түвдийн талаас 3167 уулчид дэлхийн тэргүүн оргилд хөл тавьж байсан ба  9006 оргилд гаралтаас  анх удаа оргилд гарсан 4830 уулчин, 4176 уулын хөтөч, тэдний ихэнх нь шерпа нар буюу 1-с дээш удаа оргилд гарсан шерпа уулчид байдаг. 9006-аас 210 нь нэмэлт хүчилтөрөгчгүйгээр оргилд гарчээ. Мөн амь эрсэдсэн 293 уулчны 102 нь нэмэлт хүчилтөрөгчгүй авирч байсан.
Бичих туршлага, авъяасгүй намайг тэвчин уншиж дууссан та бүхэндээ их баярлалаа. Манай нэг уулчин найз маань уулыг тачаангуй гэж хэлэх дуртай. Хэдий чинээ тачаангуй байна төдий чинээ авирахад хэцүү уул гэсэн үг л дээ. Бидний амьдарч буй дэлхийд маань хичнээн тачаангуй уул байгаа бол. Тоолж баршгүй биз. Ууланд алхдаг, авирдаг таньдаг таньдаггүй бүх найзууддаа олон тачаангуй уулын оргилд хөл тавиарай гэж ерөөе.         
 
 
Эверест Хайрханы авиралт тэмдэглэлийг https://sonin.mn/news/sport/121326 -аас уншина уу.
 
 
Уулын Спортын Олон Улсын Хэмжээний Мастер Жагдалын Бямбасүрэн