sonin.mn
2018.05.12
 
Өглөө 04 цаг орчим Эверестийн Үндсэн Отгоос гарч, 13-ны өдөр II отогт ирж хонолоо. Бид 15-ны өглөө оргилд байхаар төлөвлөсөн байв. Сэтгэл маш их хөдлөхийн зэрэгцээ би чадах болов уу гэсэн айдас ч байсан. Өмнө нь III отог хүртэл хоёр ч удаа өндөр авалт хийж байсан болохоор танил газраар авирч байлаа. Нийт 20 авирагчийг (би 1-р хэсэгт багтсан) хоёр хувааж, нэгдүгээр хэсгийн 10 авирагч 10 шерпа-н хамт үндсэн отгоос гарч, тун удалгүй Кhumbu icefall-д тулж, авиралтаа эхлүүллээ. Манайхаас гадна бусад багууд мөн авиралтаа эхлүүлсэн  тул зарим хэсэгтээ түгжрэл үүсч, хүлээх хэрэгтэй болж байв. Авирагчдын духны гэрэл харагдах төдий сүүмэлзэж, цуван авирсаар байлаа. Үүр цайх үед мөсөн ханынхаа дунд хэсэгт явж байв. Ингэж явсаар бид 12-ны өглөө 10 цагийн орчимд мөсөн хана дээр гарч, улмаар I отогт хүрсэн байлаа.
 
 
 
 
 
 
Кhumbu icefall нь мөсөн хана гэхээсээ илүү бие биед нь шахсан жижиг мөсөн уулууд гэж хэлж болно. Нэг уулыг даваад уруудна, дахиад уулыг өгсөнө, заримыг нь тойрно зэргээр. Гэхдээ алсуураа өгссөөр байдаг. Олс тавигдсан (олсыг мөсөнд бэхэлдэг) байдаг болохоор жумар (олс хавчиж байрлуулдаг багаж нэг тал руу гүйж, эсрэг талдаа цоожлогддог) багаж л авиралтын гол хэрэгсэл болдог. Худрага-с нарийн олстой карбинаар давхар хамгаалалт хийнэ. Жумар эвдэрч алдаад унасан ч олсны доод бэхэлгээ хүртэл унах юм.
 
 
 
 
 
Эверестийн Үндсэн Отог 5360м-т, I отог 6000м, II отог 6400м-т байдаг. Нэгдүгээр отогт анх өндөр авалт хийх уулчид болон авирч, уруудахдаа их ядарсан уулчид бууж амрах зориулалттай гэж би ойлгосон. Эверестийн II отог (6400м) Үндсэн отгийн дараа орох гол отог юм. II отогт байнгын гал тогоо, тогооч байрлаж уулчдад үйлчилдэг. Оргилын авиралт хийхээр явж байгаа уулчид Үндсэн отгоос шууд II отогт буудаг. Бид ч мөн адил.
 
 
 
 
 
Khumbu icefall буюу мөсөн ханыг авираад гарч ирэхэд нүдний өмнө Лхоце уулын хөндий харагддаг. Өмнө Лхоце Хайрхан, зүүн гар талд Эверест Хайрхан, баруун гар талд Нупце Хайрхан дүнхийн харагдана. Энэ хөндий аажим өгсүүр тул алхахад ядралт бага ч 30-35м орчим эгц босоо цас мөсөн хана амар биш ээ.
 
 
 
 
 
 
Нэгдүгээр отогт түр амсхийгээд цааш хөдлөв. Удалгүй хананд авирч, дээр гараад дахин амсхийгээд цааш алхалтаа үргэлжлүүллээ. Зарим шерпа, уулчид гутлын хадаасаа салгаад үүрдэг. Өгсүүр биш учраас гутлын хадаас шаардлагагүй байж мэдэх. Харин би тэгсэнгүй. Замд хоёр ч удаа ангалаар хөндлөн тавьсан шатан дээгүүр гардаг ба заримдаа ангалыг тойрч явдаг. II отогт 14 цаг орчимд ирж, өдрийн хоолоо идэв. Өглөөний цайг хүн бүрт өгсөн ч би идсэнгүй. Харин уух шингэнээ дуусгаад ирлээ. Өдрийн хоолоо ч сайн идсэнгүй, хоолонд нэг л дургүй. Оройн хоол хүртэл майхандаа амарлаа. Оройн хоолыг сайн идэж чадсангүй. Өөртөө бүрэн итгэж чадахгүй байгаа нь хоол идэх зуршилд нөлөөлсөн байж магадгүй. Уг нь нойрондоо сайн л байх шиг. II отог Эверест Хайрханы бөөрөнд наалдан байрладаг гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. 
 
 
 
 
 
 
2018.05.13
 
 
Өглөө цайгаа яаралгүй уугаад, 10 цагийн үед алхалтаа эхэллээ. Энэ өдрийн зорилго III отог хүрч, тэндээ хононо. Хөндийгөөр цааш үргэлжлүүлэн алхаж, Лхоце Хайрханд тулж ирснээр жинхэнэ авиралт эхэлнэ. Уг Хайрханы ёроолоос эхлэх авиралт маань Эверестийн оргил хүртэл огцом өгсүүр гэж хэлэхэд хол зөрөхгүй. III отог 7200м-т байрлах бөгөөд майхнаас майхан хүрэхдээ хамгаалалтын олсноос барих буюу олсноос өөрийгөө бэхлэх хэрэгтэй болдог. Отог маш налуу хэсэгт байрладаг гэсэн үг.
 
 
 
 
 
Бид саадгүй авирсаар 18 цагийн үед III отогт хүрч, амрах боллоо. Надад талд нь хүчилтөрөгчийн баллон овоолон өрсөн майхан таарч ашгүй ганцаараа хонох нь гэж бодож байтал хоёр шерпа чихэж, хэцүүхэн байдалд оров. Гэхдээ тухгүй муу хоносон гэж хэлэхгүй, нөгөө 2 намайг тухтай байлгах гэж хичээсэн л дээ. Өдрийн хоолоо боолтоор авч явсан ч талыг нь идсэн. Оройн хоолоо ч арай гэж барсан. Ер нь л хоолонд тааруухан хэвээрээ л байлаа. Шөнө хүчилтөрөгчтэй унтах ёстойг хэллээ. Хүчилтөрөгч 0.5-5 хүртэл тохируулгатай. Хамгийн бага буюу 0.5-д тавиад унтав. Сайхан унтлаа.
 
 
 
 2018.05.14
 
 
 
Энэ өдрийн зорилго бол IV отогт хүрэх, тэндээ 5 цаг орчим амраад оройн 9 цагт оргилын авиралтаа эхлүүлэх улмаар шөнөжин авирч 15-ны өглөө Дэлхийн дээвэрт гарах байлаа.
 
 
Авирагч бүр нэг шерпатай байх ёстой. Би өөрийнхөө шерпа-г одоо болтол дурдахгүй байгааг та бүхэн гайхаж байгаа байх. Лхагва шерпа Эверест-д нэг удаа гарсан маш чадалтай гэж танилцуулсан. Үнэндээ өндрийн ачаа зөөгч (porter), Эверест-д гарч байгаагүй гэдгийг нь хожим мэдсэн л дээ. Туршлагатай шерпа нар авирагчийнхаа хажуугаас салахгүй хүсэлтүүдийг биелүүлж явах ёстой. За энэ тухай хожим дурсая.
 
 
Өглөө цайгаа уугаад, уух усаа бэлдээд, хүчилтөрөгчөө 1 дээр тавиад цааш авиралтаа эхэллээ. Авиралт талдаа, өөрөөр хэлбэл замын талд хүрэх үед тэнгэр муудаж цас орж улмаар шуурч эхлэв. Ахлах шерпа буцах шийдвэр гаргалаа. Нэгэнт авирч эхэлсэн надад буух хүсэл үнэндээ байсангүй. Үргэлжлүүлье, энэ шуурга удахгүй зүгээр болно гэж гуйж үзлээ. Тусыг эс олж, буцаад III отогт ирлээ. III отогт хүрэхийн үед үнэхээр тэнгэр онгойсон шүү.
 
 
III отогт ирсний дараа ахлах шерпа Мягмардорж (Mingma Dorchi"Одоо Эверестийн авиралт дууссан" гэдэг байгаа. Гэхдээ тоглож байгааг мэдсэн л дээ.
 
 
 
 
Непал олон үндэстэн ястангаас бүрдсэн 30 орчим сая хүн амтай. Непал хэл Энэтхэг хэлтэй 70% ижил төстэй. Тэр олон үндэстэн ястны нэг нь шерпа. Шерпа гэдэг нь нэг ястны нэр. Шерпа нар түвд нэртэй байх нь элбэг бөгөөд бурханы шашин шүтдэг. Тэдний зарим нь өөрийгөө Монгол хүн гэдэг. Эверест-д анх хөл тавьсан Дэнзэн Норгай өөрийгөө Монгол гаралтай гэдэг нь тийм учиртай.
 
 
III отогт буцаж ирээд амраад 15-ны өглөө авиралтаа үргэлжлүүлэхээр боллоо. 15-нд III отгоос гарна гэдэг нь 16-нд оргилд гарна гэсэн үг байлаа. Миний хувьд 16 зүгээр нэг тоо биш. Би 2012.09.16-нд Эльбрус (5642м), 2013.10.16-нд Килиманжаро (5895м), 2016.01.16 (4376м)-нд АТБ өвлийн Хүйтэн уул оргилуудад гарсан. Гэнэтийн давхцал. Мөн миний утасны дугаар 16-р төгсдөг.
 
 
 
2018.05.15
 
 
14-ний өглөө хийсэн авиралтаа 15-нд давтаж, III отгоос хөдөллөө. Ямар ч уулын бүс нутаг өглөө тэнгэр цэлмэг, 11 цагийн үеэс үүл хөөрч бүрхэх нь элбэг байдаг. Үдээс хойш тэнгэр муудаж цас орж, шуурах  нь элбэг. Гэхдээ 15-нд өдөржин цэлмэг нартай сайхан өдөр байлаа. Нартай байгаа нь надад сайн байсангүй. Авирч яваа би халууцаж хөлс ихээр гарч, уух зүйлээ эрт дууссан нь хүндрэл учруулж эхэллээ. Мөн ядралт их мэдрэгдэж байлаа. Авиралтын замд Лхоце IV отог дайрч өнгөрдөг л дөө. Тэнд сууж нэлээд амарч авлаа. Мөн шерпа нарыг гуйж тэр отгийнхноос ус олж аваад, бага зэрэг юм идлээ. Гэхдээ л хоолын зуршил муу хэвээрээ л байлаа. Овоо цэнэг авлаа шүү. Эверестийн IV отог хүртэл хол биш, ямар ч байсан отог хүрнэ гэж бодож суулаа. Нэлээн хүч сэлбэсэн ч IV отогт их сульдаж, ядарч очсоноо нуух юу байхав. Оройн 18 цаг арай болоогүй байхад IV отогт хүрсэн дээ.
 
 
 
 
 
 
 
IV отог буюу Souht col(7903м) их салхитайгаараа алдартай газар. Хүчтэй салхилах үедээ хүн майхан бүгдийг хамаад явчихдаг гэсэн. Аргагүй зүүнээс баруун нэвт, өмнө хойноо уултай, ёстой л салхи нэвтрүүлэх хоолой л гэсэн үг.
 
 
Намайг очиход шерпа нар нэг майхан босгочихсон, дахиад нэгийг босгож байлаа. Орой тэнгэр цэлмэг ч хүчтэй салхитай учраас майхан босгоход амаргүй харагдана. Гадаа зогсож хүлээх хэрэгтэй боллоо. Удалгүй майхан барьж дуусаад, дотогш орлоо. Шерпагийн чанаж өгсөн гоймонг хүчилж байгаад дуустал нь идлээ. Ахлах шерпа 21 цагт авиралт эхлэхийг санууллаа.  
 
 
Энэ хугацаанд хүчилтөрөгчөө зүүсэн хэвээр. Цүнхээ буулгах үедээ түр салгасан ч замдаа нэмээд 2-р заалт хүргэсэн байлаа. Хоёр өдөр, өдөр шөнөгүй хэрэглэсэн хүчилтөрөгч маань дуусаж байх шиг. Зарим шерпа хүчилтөрөгчөө авчихсан нааш цаашаа яваад байгааг хараад “авчихвал яах бол, ухаан алдвал майханд хэвтэж байгаа хүн хажуугаас аваад зүүчих юм чинь” гэж бодоод хүчилтөрөгчийн маскаа авчихлаа. Мэдэгдэх юм л алга. Хэсэг хугацаа өнгөрлөө, зүгээр шүү. Бие засахдаа ч хүчилтөрөгчгүй гарахаар шийдлээ.  Гутлаа өмсөж байтал ахлах шерпа “хүчилтөрөгчөө” гэж сануулж байна. Би зүгээрээ гэтэл мань эр над руу нэг сүрхий харснаа толгой дохилоо. Бодвол би зүгээр харагдсан байх.
 
 
Шөнийн 21 цаг ч болж, бид хувцас гутлаа өмсөөд бэлэн боллоо. Майхнаас гарахад харанхуй болж, духандаа гэрэл зүүсэн авирагчид аль хэдийнэ цуваа болон авирч байгаа нь харагдлаа. Салхи тогтуун болжээ, яарах сэтгэл төрж байна. Нэг л хоцорсон мэдрэмж. Отгоос хөдлөх гэсээр байтал бараг 23 цаг дөхлөө. Би аль хэдийнэ бэлэн болоод хүлээж байв. Оройтож гарсны уршгийг хожим мэдэрсэн шүү.
 
 
 
Эверест Хайрханы оргилын авиралт үндсэн замаар дараах дарааллаар явдаг.
 
 
1.Souht col-4-р отог 7903м
2. Balcony-Эверест Лхоце Хайрхануудыг холбосон нуруу 8400м
3. Souht Summit-Өмнөд оргил 8750м
4. Hillary Step-Хайрханы оройн хэсэг 8800м
5. Хайрханы оргил 8848м
 
 
 
Манай баг 10 шерпа, 10 авирагчтай боловч бүгд хамтдаа хөдөлсөнгүй. Зарим түрүүлээд явсан байлаа. Ахлах шерпа Мягмар, Хятад эмэгтэй авирагч Жин Чен, шерпа Лхагва бид 4 духны гэрлээ асаагаад, IV отгоос хамтдаа хөдөллөө. Хүчилтөрөгчийн хувьд би бүтэн нэг баллоныг үүрч, шерпа маань гурвыг үүрч, нэгийг нь өөрөө хэрэглэж явлаа. Тохируулгаа хоёроос эхлэв. Мэдээж жаахан идэх юм, илүү нүдний шил, бээлий, нүүрний хаалт, GPS, Spot, зургийг аппарат, туг далбаа уух шингэн гэх мэт зүйлс үүргэвчиндээ авч явлаа.
 
 
 
Spot багаж нь сансарын хиймэл дагуултай холбогдож, миний байршлын мэдээллийг тодорхой хугацааны зайтай дамжуулдаг. Миний байршлын мэдээллийг хиймэл дагуулаас Spot-н үйл ажиллагааг эрхэлдэг компанийн веб хуудсанд шууд тавигддаг. Өөрөөр хэлбэл миний явж байгаа газрыг дэлхийн хаана ч гэртээ суугаад шууд харж болно гэсэн үг. Миний оргилын авиралт эхэлсэн тэр мөчөөс Хайрхан Аялагч Клубын найзууд маань цуглан харж, зарим нэг хэвлэл мэдээлэлийн байгуулгад мэдээ өгч байсан байдаг. Та бүхэндээ их баярлалаа.
 
 
Өндөрт өдөртөө хүйтэн биш ч нар жаргамагц хүйтний эрч эрс чангардаг. Зүүн талаас хүйтэн салхи үлээж, заримдаа гараараа нүүрээ халхлахаас өөр аргагүйд хүргэж байлаа. Эхэндээ өгсүүр гайгүй тул жигд хурдаар урагшилж, өмнөө яваа зарим хүнийг гүйцэж түрүүлэн урагшилж байлаа. Өгсүүр нэмэгдэхэд бид ч олсонд орлоо. Олсондоо ороод удалгүй өмнө явж байсан авирагчид тулж ирэв. Эндээс л оройтож гарсны гай гарч эхэлсэн дээ. Өмнөх хүнээ гүйцэж түрүүлэх боломжгүй. Гүйцэж түрүүлэхийн тулд олсноос гарах хэрэгтэй болно. Энэ нь аюултай, нэг л буруу хөдөлгөөн хийвэл унана. Унавал уулын хормой хүрч л зогсоно. Замдаа хад чулуу мөргөнө. За, ер нь үхэл гэж хэлж болно. Тиймээс өмнөх хүн урдаа гаргахыг зөвшөөрч, зам тавьж өгвөл л гүйцэж болно. Гэхдээ урьд байгаа авирагчийн урд авирагч, түүний урд ч бас байгаа учир зам тавьж өгөхгүй. Тэгэхээр өмнөө байгаа авирагчийн хурдаар авирна гэсэн үг.
 
 
 
 
 
Их удаан урагшилж байлаа. Зарим газар бүр таг зогсоод 4-5 минут хүлээнэ. Зогсохоор даарна, хамгийн түрүүнд гар даарч эхлэв. Давхар бээлийтэй, гадна бээлий маань энэ дэлхийн шилдэг брендийн хамгийн дулаан бээлий байсан ч даарч байлаа. Дараа нь хөлийн хуруу даарч эхэлсэн. Гутал ч мөн адил шилдэг гэснийг өмссөн байгаа шүү дээ. Гутал дотроо хөлийнхөө хурууг хөдөлгөж, бээлийн дотроо гараа атгаж дулаацуулахыг оролдоно. Цуваа аажим урагшилж, би даарсаар байсан ч буцах хүсэл огт төрөөгүй. Харин ядрах нь гайгүй.
 
 
 
2018.05.16
 
 
Balcony-д дөхөж ирэх үед үүр ч цайлаа. Нар гараад ирвэл даарахгүй болно. Balcony-д гарна гэдэг нэг даваа. Сууж амраад жаахан юм амандаа хийв. Шерпа хүчилтөрөгч дуусах дөхсөнийг хэллээ. Солих хэрэгтэй. Шерпа-н ажил боловч мань хүн мэддэггүй. Хэрхэн солихыг сургалтаар сурсан тул би өөрөө сольчихлоо. За цааш явна даа. Ахлах шерпа, Хятад охин хоёр урд явж байгаа харагдана. Би ч араас нь хөдөллөө. Хэсэг яваад улам өгсүүр болж, түгжрэл ч ихэслээ. Шерпа-г ард яваа л гэж бодоод анзаарсангүй. Хэсэг яваад нөгөөхөө санаад эргээд хартал байдаггүй. Өөр авирагч шерпа нар миний ард байна. Яалтай ч билээ, явж л байхаас.
 
 
 
 
 
 
 
 
Хүчилтөрөгч 2.5 тохиргоотой тэр хэвээрээ, өөрөө тохиргоог нэмэхэд түвэгтэй л дээ. Нүдний шил, хүчилтөрөгчийн маскаа авч, дараа нь цүнхээ буулгаж тохиргоогоо хийгээд бүгдийг буцааж байранд нь оруулна. Уг нь шерпа хажуугаас хийж өгөх ёстой.
 
 
Түгжирч, бага багаар ахисаар Souht Summit буюу Өмнөд оргилд гарлаа. Үнэхээр ядарч байлаа. Гэхдээ үүнээс цааш жинхэнэ хэцүү эхэлнэ гэж бодоогүй. Hillary Step буюу Хайрханы оройн хэсэг. Уулчид эндээс буцаад байдгийг ойлгосон. Уруудана өгсөнө. Үүнийг нэлээд хэдэн удаа давтана. Сүүлдээ өгсүүр дээр ирээд хөл урагшаа гишгэх тэнхэлгүй болдог. Таг зогсчихсон авирагч нартай таарч байсан. Мөлхөөд ч хамаагүй оргилд хүрнэ гэж бодож өөрийгөө зоригжуулж байлаа.
 
 
Ашгүй сүүлийн өгсүүр дуусч оргил харагдаж байна. Оргилд хүрэхэд хөөрхөн зайтай байв. Хөлөө нэг нэгээр зөөж тавьж байлаа. Тав алхаж чадахгүй амсхийнэ. Гэхдээ л урагшилсаар.
 
 
 
 
 
 
Мөнх тэнгэр минь, оргилд хүрлээ. Гэхдээ огт баярласангүй. Хүн ядрахаараа үхэлд зүгээр буугаад өгдгийг тэгэхэд ойлгосон. Би маш их ядарч, баярлах тэнхэлгүй болсон. Сайн мэдэхгүй байна, 15-20 минут сууж байж ухаан орсон. Оргилд байгаагаа ухаарсан гэх үү дээ. Зураг хөргөө авъя, оргилд байна шүү дээ гэж бодох чадалтай болсон. Юуны түрүүнд SPOT-ныхоо зорьсондоо хүрлээ гэх товчлуур дээр дарсан санагдана.
 
 
 
 
 
 
 
Тэгэхээр 23.30 цагаас өмнө оргилд хүрсэн гэсэн үг. Гэхдээ бие маань оргилд хүрсэн ч ухаан санаа маань хожуу оргилд хүрсэн гэж ойлгож болох байх. Зураг авлаа, бичлэг хийлээ. Бүр хүчилтөрөгчөө салгаж үзлээ. Зүгээр шүү. Ухаан орсноосоо хойш 30-аад минут оргилд байсан байх. Харамсалтай нь өглөөнийх шиг цэлмэг биш үүл дээшээ хөөрөн харагдах орчин муудсан л даа. Ахлах шерпагаар хэдэн зураг даруулж аваад, урууддаг байхдаа гэж бодож байтал шерпа маань ирж яваа харагдана. Ирэхээр нь хамт зургаа даруулаад буулаа. Шерпатайгаа нэлээн доошилж байтал нөгөөх маань зогсоож, хүчилтөрөгч дуусаж байгааг сануулж, солих болов. Бас л би солилоо. Нар дээр хөөрч, халууцаж эхэллээ, уух шингэнгүй болжээ. Шерпа хүчилтөрөгч сольсоны дараа хаяад явчихлаа. Өгсөхдөө удаан ч уруудахдаа хурдан байсан шүү, Шерпа маань.
 
 
 
 
 
 
Balcony-д ирэх үед би бүрэн сэргэсэн баяр хөөрөөр бялхаж явлаа. Миний цээжинд бүх дэлхий багтаад байгаа ч юм шиг өөрөөрөө бахархаж, хөөрч явсан нь сэтгэлд тодхон. Нөгөө их ядралт ул мөргүй алга болж, доошоо гүйчихмээр санагдаж байлаа. 17 цагийн үед IV отогт ирж, жаахан юм идээд унтахаар хэвтлээ. Энд хонож болохгүй аюултай гэж байсан ч явах тэнхэл байсангүй.
 
 
 
2018.05.17
 
 
 
Өглөө сэргэлэн цовоо босч, ойр хавийн зураг дарж бичлэг хийлээ. Манайхны нэгээс бусад нь оргилд амжилттай гарчээ. Непалын сэтгүүлч бүсгүй гараагүй байсан. Шалтгаан нь их сонин, орой явах үед унтчихсан байсан. Зургаан өдрийн дараа дахиж ирээд гарсан.
 
 
Энэ өдөр их халуун байлаа, бас л ам цангаж уух юмаар байнга дутагдалтай явсаар III отогт ирж устай залгав. Манай сайн эр намайг хаяад явдаг хэвээрээ. II отогт ирж хонолоо. Тогоочоос авахуулаад бүгд баяр хүргэж, нэг шар айргаар дайллаа. Пиво бол тэнд үнэхээр ховрын ховрын ховрын бараа шүү дээ. Ховор гэдэг үгийг гурван удаа бичсэнээс ойлгоно байх.
 
 
 
 
 
 
 
 
2018.05.18
 
 
 
Яаралгүй босоод, Үндсэн отог руу буухаар явлаа. Шерпа маань өглөө явчихжээ. Үдээс хойш 17 цагийн үед Үндсэн отогт хүрлээ. Очтол отгийн ахлах шерпа утсаа барьчихсан “Монголоос яръя” гэж байна гээд ирлээ. ТВ2 сувгаас баяр хүргэж, яриа авахыг хүслээ. Би ч майхандаа үүргэвчээ оруулж тавиад, ТВ2-той ярьсны дараа оройн хоолоо идлээ. Баяр хөөрөөр бялхсан хүмүүс дүүрэн байлаа. Мөн хоёрдугаар баг нэг хүнээс бусад нь намайг гарсны маргааш нь оргилд гарсан мэдээ ирүүлж, баяр дээр баяр болов.
 
 
 
 
 
Үүнээс 35 цагийн дараа дэлхийн дөрөв дэх өндөр уул Лхоце (8516м) Хайрханд авирахаар буцлаа.
 
 
 
 
 
Үргэлжлэл бий.
 
Ж.Бямбасүрэн