sonin.mn
Монголчууд эрт үеэс өнөөг хүртэл улс үндэстнээ хамгаалах, цэргийн хүчээ зузаатган бэхжүүлж, байлдааны бэлтгэлийг хангах зорилгоор байгаль, цаг уур, ахуйн нөхцөл, цаг үедээ зохицсон эрүүл чийрэг, хүдэр эрсийг бэлтгэдэг уламжлалт арга, арвин туршлагатай ард түмэн байсаар ирсэн билээ. Энэ л дагуу цэрэг дайчдын бие бялдрын бэлтгэл сургуулилт, сахилга бат, эр зоригийг төлөвшүүлэхэд түлхүү анхаарч, цэргийнхээ бэлтгэл, сургуулилтын төрөл бүрийн сорилт шалгуур, тэмцээн наадмаа явуулж тэсвэр хатуужилтай үнэнч шударга эрсийг бэлтгэдэг байсан нь түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг.
Эр зориг, авхаалж самбаа, хурд, хүч, арга, техник шаардсан олон эрсийн тулаан, өрсөлдөөний гайхам үзүүлбэр, дуу алдам агшин нэг дор цогцолж үзэгчдийг, хөгжөөн дэмжигчдийг уяж чаддаг цэрэгжлийн гимнастикийн шүүгч, улсын шүүгч, Гимнастикийн холбооны дасгалжуулагч, спортын мастер Д.ГАНБААТАРЫГ дугаарын зочноороо урилаа.Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс зохион байгуулдаг цэрэгжлийн спортын тэмцээнийг 10 дахь жилдээ шүүж байгаа туршлагатай нэгэн бөгөөд зарим нэгтгэл, ангийн дасгалжуулагчаар ажилладаг юм.
 
Энэ жилийн цэрэгжлийн гимнастикийн тэмцээнд оролцож байгаа залуус их өнгөтэй, эрч хүчтэй байна уу даа ...
 
-Миний хувьд цэрэгжлийн гимнастик гэлтгүй олон газар очиж гимнастикийн тэмцээний шүүгчээр ажиллалаа.Энэ жилийн хувьд харьцангуй цөөн тэмцээн болсон. Болсон хэд нь ч үзүүлэлтийн хувьд арай бага байлаа.Харин Зэвсэгт хүчнээс зохион байгуулж байгаа цэрэгжлийн гимнастикийн тэмцээний шүүгчээр ажиллаад энэ бодол өөрчлөгдөөд байна. анай Зэвсэгт хүчнийхэнд энэ хэдэн сар үргэлжилсэн хөл хорио огт нөлөөлөөгүй бололтой. Оролцогчид их эрч хүчтэй, эрэмгий, ур чадвартай байна. Жил ирэх бүр чадваржиж, өмнөх жилийн амжилтаа ахиулан уран чадвараа гайхуулан өрсөлддөг учир Зэвсэгт хүчний цэрэгжлийн гимнастикийн тэмцээнийг шүүх сонирхолтой байдаг юм.
 
Цэрэгжлийн гимнастикийн онцлог юу вэ?
 
-Дэлхий дахинд спортын гимнастик, уран сайхны гимнастик, аэробик гимнастик, нийтийн гимнастик гээд маш олон төрлийн гимнастик байдаг. Энэ дундаас цэрэгжлийн гимнастик зөвхөн Монголд, Монгол Улсын Зэвсэгт хүчинд л бие даан хөгжиж үлдсэн байдаг. Энэ бол маш том давуу тал бөгөөд бахархал юм. Дэлхий нийтэд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна, гадаад улсуудад зохион байгуулагдаж байгаа төрөл бүрийн уралдаан, тэмцээнүүдэд монгол цэргүүд амжилттай оролцож байна гээд л маш олон мэдээ гарч байдаг.
 
Би энгийн хүн, үүнийг хөндлөнгөөс харахдаа Зэвсэгт хүчин цэрэгжлийн спортоо, цэрэгжлцйн гимнастикаа авч үлдсэн, үүнийгээ хөгжүүлж, цэргийн алба хаагчдаа бэлдэж байгаа учир дээрх бүхий л арга хэмжээ, уралдаануудад амжилттай оролцож байна гэж дүгнэдэг. Тиймээс энэ бол спортын агуу төрөл. Авч үлдэж, хөгжүүлж, ийм олон төрлөөр тогтмол, өндөр түвшинд чадварлаг зохион байгуулж байдагт Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдадаа талархмаар байдаг юм.
 
Энэ жилийн тэмцээний хувьд ...
 
-Би цэрэгжлийн гимнастикийн шүүгчээр 10 дахь жилдээ ажиллаж байна.Анх 20 хүрэхгүй анги оролцож байсан бол өнөөдөр энэ тоо хоёр дахин өссөн байна. Оролцогчдын хүрээ, үзүүлбэр, ур чадвар, техникийн үзүүлбэр зэрэг маш олон давуу талыг цогцлоож мэргэжлийн өндөр түвшинд хүрчээ.
Энэ жилийн тэмцээний хувьд дээр хэлсэнчлэн хөл хорио гээд бэлтгэл сургуулилалт тасарсан, алдагдсан зүйл алга.
 
 
 
Гимнастик гэдэг бол цэвэр техникийн спорт байдаг. Тиймээс бага зэрэг бэлтгэл тасрахад л сөргөөр нөлөөлдөг. Гэтэл тийм зүйл ажиглагдахгүй байна гэдэг нь цэргийн залуус байнгын бэлтгэлтэй байдгийн илрэл юм.
 
 
 
Мөн энэ жил ажиглагдсан нэг зүйл бол шинэ хүүхдүүд маш их оролцож байна. Хэдий шинэ тамирчид ч гэсэн туршлагатай, олон жил оролцож байгаа тамирчидтайгаа эн тэнцүү өрсөлдөж байгаагаас харахад манай Зэвсэгт хүчнийхэн цэрэгжлийн гимнастикийн дараа үеэ, шинэ залуу үеэ сайн бэлтгэж байна.
 
Өндөр амжилт үзүүлсэн тамирчдын тухайд...
 
-Тамирчин гэхээсээ илүү би Зэвсэгт хүчний 350 дугаар ангийг энэ удаад дурдмаар байна. Тамирчдаа маш эртнээс бэлтгэхийн зэрэгцээ мэргэжлийн зөвлөгөөг тус ангиас оролцож байгаа тамирчид ягштал биелүүлж байна. Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр анги байна. Тамирчдаа шинэ, хуучин гэлтгүй зэрэг, давхар бэлдэж дараа үеэ сайн дадлагажуулдаг. Зэвсэгт хүчний 330 дугаар анги залуу тамирчдаа бэлтгэх талаар санаачилгатай гээд маш олон нэгтгэл, анги, тамирчдыг дурдаж болно. Сонс эргэлтээр 400 гартал эргэж байна. Модон морин дээгүүр 13 малгай тавьж харайлаа, чөлөөт үзүүлбэрт уран гимнастикийн техникүүдийг оруулсан байна гээд маш олон шинэчлэл энэ жилийн дэвшил, давуу тал болж байна.
 
Гимнастикаар хичээллэхийн давуу тал юу вэ?
 
-Хамгийн наад зах нь хөдөлгөөний эвсэлтэй болно. Хүн хөдөлгөөний эвсэлтэй болсноор зөв сайхан алхаж, гишгэж сурахаас эхлээд маш олон чадварын олж авдаг. Унахдаа хүртэл зөв унан, үсэрч харайхад хүртэл хөл гараа гэмтээхгүй байх аргаа олж авна. Одоо эвгүй гишгээд л шагайгаа булгалж байна, унахдаа гараа хугалж байна. Үүнд хүний идэж, уух зүйл нөлөөлж байгаа хэдий ч хөдөлгөөний дутагдал том байр суурь эзэлж байдаг юм. Мөн сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд илүүдэл жин гэдэг асуудал тулгарч байна.
 
 
 
Илүүдэл жингээс салах, биеийн жингийн зохистой харьцааг бүрдүүлэх зэрэгт гимнастик, тэр дундаа нийтийн гимнастик хамгийн их хэрэгтэй. 1970, 1980-аад оны үед нийтийн гимнастик эрчимтэй хөгжиж, иргэн бүр хичээллэдэг байлаа. Улсын их баяр наадам, Хүүхдийн баяр гэх мэт гол гол баяруудын нээлт хүүхдүүдийн гимнастикаар эхэлдэг байсан. Гимнастикийн спорт Жанжин Д.Сүхбаатартай нас чацуу, спортын "цагаан толгой" юм.
 
 
 
Гимнастикаар хэдэн наснаас хичээллэвэл тохиромжтой вэ?
 
-Гимнастик залуу насны спорт. Хүүхдүүд голчлон хичээллэдэг бөгөөд 3-5 настайгаасаа анх хичээллэж эхлээд охид 14, 15, хөвгүүд 24, 25 нас хүртлээ хичээллэх боломжтой.
 
Манай улсын хэмжээнд ямар гимнастикийй төрлүүдээр уралдаан, тэмцээнүүд зохион байгуулагддаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Мэргэжлийн гимнастик буюу спортын гимнастик, эрэгтэй, эмэгтэй төрөл, уран сайхны гимнастик, аэробик гимнастик, нийтийн гимнастик гэсэн таван төрлөөр улсын хэмжээний тэмцээн зохион байгуулагдаж байна. Үүнээс аэробикийн гимнастик фитнесс төрөлд орох болсон. Сүүлийн жилүүдэд 10 жилийн сургуулийн сурагчид хөдөлгөөний дутагдалд орох нь их болсноос үүдэж эцэг, эхчүүд хүүхдүүдээ гимнастикаар хичээллүүлэх сонирхолтой болсон. Гэвч улсын хэмжээнд гимнастикийн ганц заал байдаг учир заалныхаа багтаамжаар хүүхдүүдээ авдаг юм. Үүнээс гадна улсын хэмжээнд биеийн тамирын заалгүй сургууль маш их байна. Энэ бол эмгэнэл юм шүү.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин