sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 21 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 17 дахь багц хориг арга хэмжээг баталжээ.  


"Шинэ багц хориг арга хэмжээ нь ОХУ газрын тосны хоригоос бултах зорилгоор ашиглаж буй "сүүдрийн" флотын 200 хөлөг онгоцонд хамаарна" гэж ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мягмар гарагт мэдэгдсэн байна.


Багц хоригийг мөн гибрид аюул занал, хүний эрхийн зөрчлийн хариуд авч байна. Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг боловсруулж байна. Оросын тал дайныг үргэлжлүүлэхийн хэрээр бид хариу арга хэмжээгээ улам чангатгах болно" гэж К.Каллас X нийгмийн сүлжээнд бичжээ. Украинд халдан довтолсны хариуд Оросын эсрэг авсан 17 дахь удаагийн багц арга хэмжээний хүрээнд 75 хуулийн этгээд болон хувь хүнийг хоригийн жагсаалтад нэмж оруулжээ.


Ингэснээр ЕХ-ны хоригийн жагсаалтад багтсан хүмүүсийн тоо 2500-гаас, хөлөг онгоцны тоо 300-аас давна гэж ЕХ-ны өндөр албан тушаалтан Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.


Эдгээр хориг арга хэмжээг хэдэн долоо хоногийн турш боловсруулсан бөгөөд өөрөөр хэлбэл Оросын тал тавдугаар сарын 12-ноос эхлэн 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай саналыг хүлээн авахаас татгалзахаас өмнө боловсруулж эхэлсэн юм. Уг саналыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар дэвшүүлсэн байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг