sonin.mn

Барин тавин баримттай зүйлийг царайны хувиралгүй мэлийтэл худлаа яриад байх чинь жудгаа алдаж яваагийн гэрч бус уу ?


Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Упсын соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор Довдонгийн Данзантай “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулгын хийсэн ярилцлагыг тус сониноос зөвшөөрөл аван нийтэлж байна.

-Сүүлийн үеийн бас нэг шуугиан бөхчүүдийн хэрүүл, тэмцэл болоод байна уу даа. Д.Сумъяабазар аварга саяхан телевизээр яриа өгсөн. Түүний дараа А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд, арслан Х.Мөнхбаатар нар мөн л цуврал лекц явуулж үзэгчдэд хүргэлээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-А.Сүхбат аварга, Х.Мөнхбаатар арслан нарын лекц яах вэ. Тэр хүмүүс лекцээ явуулж л байг. Харин Монгол Улсын аварга, дотночилж хэлбэл дүү Д.Сумъяабазарын телевизээр ярьсан, олон давтсан яриа хөөрөөний тухайд өөрийн бодлоо хэлье. Миний бие аваргын яриаг сонсоод эхэн үедээ нэг их ач холбогдол өгөөгүй. Ер нь ч тэгээд магтаалд хөөрч, шүүмжлэлд сөрвөлздөг нас минь нэгэнт өнгөрсөн болохоор төвөг цаашаа л гэж бодсон. Тэгтэл ойр дотнын бүхий л хүмүүс “Худал зүйлийг олон давтахаар үнэн болдог” шүү гэж сануулаад байна. Энэ нь намайг Сумъяа аварга-дүүгийн ярианд хариу өгөөч гэсэн үг хэмээн ойлголоо. Эрхэм дүүгийн яриа баахан бухимдангуй, гуниг харууслын аястай, уур уцаартай, омог шартай, бас ч шаггүй жүжиглэлтэй, нэг үгээр хэлэхэд баахан нисваанистай боллоо. Уур, мунхаг, шунал, атаархал, омог эдгээрийг нисваанис буюу сэтгэлийн таван хор гэдгийг манайхан мэднэ дээ. Нэгд, аваргын ярианд хүн үнэмшимгүй зүйл их, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн логик алдаа арвин байна. МҮБХ-ны хийсэн нэр төртэй олон ажил түмний нүднээ ил байгааг зориудаар үл анзаарчээ.

-Сумъяа аварга “Бөхийн ёс зүйг сайн сайхан болгохын тулд би санаачлан аваргуудын зөвлөл байгуулсан, аймаг цэргийн цолтой бөхийн барилдааныг Р.Сэддорж санаачилсан” гэсэн байна лээ. Энэ эрхбиш үнэн биз дээ?
-Худлаа. Үнэн нь гэвэл их өөр юм. Тэртээ 1973 оноос бөхөд элэгтэй хүмүүсийн санаачилгаар алдаг оног зохион байгуулж байсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдааныг 1990 оноос МҮБХ сургалтын шинжтэй болгон өөрчилж 17 жил тасралтгүй явуулсан. Үүний дараа 2007 онд аймгийн заан Р.Сэддорж гэдэг хүүг энэ барилдааны менежерээр авч үүрэгжүүлэхэд тэрээр барилдааны менежментийг шинээр хийж, маш сайн ажиллаж байсныг МҮБХ ямагт өндөр үнэлдэг. Харин мань хүн тодорхой шалтгааны улмаас МҮБХ-оос халагдсаныхаа дараа Д.Сумъяабазар нарын залуу аваргууд дээр очин “Аваргуудын зөвлөл” байгуулан МҮБХ-г удирдан ажиллаж болох тухай санал гаргаж дүрэм номыг нь боловсруулсан дуулддаг. Түүнийг нь Д.Сумъяабазар нар дэмжин ийм зөвлөл байгуулж бөхийн холбоог удирдлагадаа авъя гэж санал нийлсэн байдаг юм. Ийм болохоор аваргуудын зөвлөлийн санаачлагч нь хэн бэ гээд зохиогчийн эрх авах бол тэр нь Сумъяабазарт биш Сэддоржид очих ёстой. Бусдын санааг өөрийнх болгон ярих чинь нэгэн төрөл луйвар биз дээ. Өөр нэг залруулах зүйл нь аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдааныг Сэддорж санаачлан бий болгосон гэдэг нь бас л худлаа. Энэ барилдааныг судлаач, бөхийн тайлбарлагч Г.Баярцэнгэл санаачлан 1973 онд эхлүүлж улмаар МҮБХ 1990 оноос өвлөн авч хөгжүүлснийг Монголын оюуны өмчийн газраас баталгаажуулан Г.Баярцэнгэл гуай, бидэнд оновчтой саналын гэрчилгээ олгосон нь бий. Барин тавин баримттай зүйлийг царайны хувиралгүй мэлийтэл худлаа яриад байх чинь бүх юманд ийн ханддаг болж, жудгаа алдаж яваагийн гэрч болох бус уу.  Ах хүний хувьд, эр хүний жудаг, шударга ёсыг цаг ямагт эрхэмлэдгийн хувьд ингэж сануулмаар байна.

-Монгол бөхийн хөгжилд ахиц дэвшил гараагүй. 1990 оноос өмнө бөх бодлогоор сайн хөгжиж байсан” хэмээн аварга үзээд байгаа. Үүнтэй санал нийлэх үү?
-Түүнийг хүүхэд байх үед буюу аавыг нь ид барилдаж байхад Долгорсүрэн гуай оролцсон 24,36,48, хааяахан 64 бөх Спортын төв ордон, Хоршоолол нийгэмлэгийн зааланд барилддаг байсан. Хорин хэдэн бөх, гучин хэдэн бөх гэдэг дэндүү цөөхөн биз дээ. Тэгвэл өнөөдөр улс, аймгийн цолтой бөхчүүд ахалсан барилдаанд 224-256 бөх, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд мөн 256, сумын цолтой болон залуу бөхийн барилдаанд 500-600 бөх барилдаж байна. Зориудаар хязгаарлаж байж ийм тооны бөхчүүд зодоглож байна. Энэ ахиц дэвшил биш үү. Мөн монгол бөх өөрийн ордонтой, өөрийн хэвлэлтэй, бөхчүүд цолны хишигтэй, ядарч зүдрэхдээ яваад очих байгууллагатай, орон тооны удирдлагатай, бүгдээрээ цуглаж хуралдаад өөрсдийнхөө асуудпыг шийдчихдэг дүрэмтэй, хуралтай, үндэсний бөхөд гаргасан амжилтаараа гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар болдог боломжтой боллоо. Энэ бас ахиц дэвшил биш гэж үү. За тэгээд бөхийн бай байна. Ерээд оноос өмнөх үед заал танхимд түрүүлсэн бөхийн бай 50 төгрөг байсан. Мөнгөний ханш энэ хугацаанд 1000 дахин унасан гэх яриа бий. Түүнийг би талх, гурил, мах, цагаан архи гээд олон зүйл дээр тооцож үзсэн. 1000 хүрэх ч үгүй юм билээ. Тэрхүү тооцоотоор аваад үзэхээр 50 төгрөг байсан түрүү бөхийн бай 50.000 төгрөг болох ёстой. Тэгвэл өнөөдөр түрүү бөх барилдааны зэрэглэлээс хамаарч 850 мянгаас хоёр сая төгрөг авч байна. Ханш уналтыг тооцоход бөхийн бай 17-40 дахин өсчээ. Энэ мэтээр дээр бичсэнээс өөр олон дэвшил монгол бөхөд гарсан. Тодруулбал ерэн оноос хойш 40 шинэ зүйлийг монгол бөхөд хийсэн юмаа, бид. Энэ тухай тусгай ном бий, түүнийг уншаасай гэж дүүд дахин дахин хүсье.

-Бөхчүүдийн найрааны асуудлыг бас л та хэдтэй холбодог доо?
-Эрхэм дүү ам нь халаад ирэхийнхээ үест “Найраа байсан, одоо ч байгаа, бөхийн нэр хүнд, монгол бөхийн үнэт зүйл хаачив, энэ бүхэнд МҮБХ буруутай" гэж ихээхэн уур хилэнтэй хэлж байна. Мэдэхгүй хүн харвал МҮБХ-г харааж, Сумъяабазарыг шагшихаар. Бид 1990 оноос эхлэн дүрмээр, бөхчүүдийн ёс зүйгээр, ухамсраар найрааг арилгах гэж янз бүрээр оролдсон. Улсын цолтой 35-аас дээш насны бөх наадамд шөвгөрвөл нэмэлт бай олгож үзлээ, цолны хишгийг улсад шөвгөрсөн амжилтын олон цөөнийг нь харгалзан ялгавартай олгодог журам мөрдлөө, алдрын залаа бий болгож, шөвгөрсөн амжилтыг нь олны нүднээ ил болгон сурталчиллаа, сонин сэтгүүлээр, яриа таниулгаар ухууллаа, ятгалаа, үр дүн санасанд хүртэл гарсангүй. Иймээс 2002 онд ихээхэн дуулиан шуугиан тарьсан шинэчлэл хийж, цол олгодоггүй байсан зургаа ба наймын давааг цолтой болгож, ижил цолтны илүү амжилттайг нь түрүүлэн ам авдаг болгож, наадмын дөрвийн давааг оноолтоор барилдуулсан суурь өөрчлөлт хийсэн. Уг шинэчлэл монгол бөхийг аварсан. Хавтгай найрааг 70-80 хувь бууруулж чадсан. Өмнө нь хэнийг цолонд хүргэхийг хэсэг хэсгээрээ нэгдсэн бөхчүүд цагаан сарын үеэс ярьж тохирон, наадам нэгийн даваанаас тусгай “зохиол”-оор явдаг жүжиг болсон байсан. Ийм байдлаар цолтон төрж ард түмэн бөхөө үзэхээ больж монгол бөх мөхлийн эрмэгт хүрээд байсан.
Одоо найраа 20-30 хувь байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Арилгах гурван арга бий. Үүний хоёрын тухай бишгүй ярьж, бичсэн дээ. Нэг нь бөхчүүд ухамсраараа болих, нөгөө нь төрийн хүчирхийлэл буюу хууль гаргаж хэрэглэх юм. Бөхчүүдийн ухамсарт найдаад засрахгүй нь харагдаж байна, бас хууль гаргах хялбар биш, тэгээд ч энэ асуудлыг хуулиар зохицуулах нь ёс суртахууны хувьд зохимжгүй. Иймээс гурав дахь аргыг хэрэглэх ёстой. Ирэх оноос ард түмэнтэйгээ хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна. Эндээс мэдэгдэхүйц үр дүн гарна. Эрхэм дүү бөхчүүдэд хангалттай мөнгө өгч мөнгөнд шунахгуй болтол амьдралыг нь сайжруулах замаар найрааг зогсооно гэснээ Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж төрийн хүчирхийллээр зогсооно гэж өөрөө өөрийгөө үгүйсгэн хэлж байна. Бодит амьдрал дээр амаараа хэлж байгаа тэр их мөнгийг чинь хаанаас олох билээ, тийм мөнгөтэй болголоо гэхэд найраа хийхгүй гэхийн баталгаа нь бас хаана байгаа билээ. Сумъяа аваргын барин тавин хэлж байгаа шиг нэг бөхөд дор хаяж 200-300 сая төгрөг өгөөгүйдээ МҮБХ буруутан болох хэрэг үү. Ийн огт бодлогогүй зоргоороо ярьж болохгүй ээ. Харин түүнийхээ оронд уг асуудлыг хэрхэн шийдэх тухай тулхтай бодож үзэх ёстой. Ер нь тэгээд хүний шуналыг мөнгөөр хангаж дуусдаггүй юм. Давстай усыг уух тусам ам улам их цангахын адил шунал араас нь хөөцөлдөх дутам гүйцэгдэшгүй, барагдашгүй юм л даа. Сумъяабазар бөхийн холбооны ажлаас гэгээн юм олж харахгүй байгаа шигээ бас энэ үеийн бөхчүүдийг бүгдийг нь хавтгайруулан доромжилж байна.

-Тийм үү, наад яриагаа жаахан дэлгэрүүлээч?
-Бөхчүүдийг удаан барилддаг, зугтахаас өөр барилдаан мэдэхгүй, жудаггүй, бүгд найраа хийдэг, штангаас өөр юм хийдэггүй, 10 минут гүйгээд ир гэхэд чадах хүн нэг ч байхгүй, үүнийг би баттай батална зэргээр омогдлоо. Мөн их омогтой байна аа даа, аварга минь. Энэ зуурт хэлэхэд, омог бол өөрийгөө бусдаас илүү дээр гэж хөөрөн бодох буруу сэтгэл шүү дээ. Омогтой хүн бусдыг дандаа өөрөөсөө доош, муу гэж сэтгэн, юм болгонд дээрэнгүй муу сэтгэлээр хандан, өөрийнхөө буй байдлыг бусдаас илүү гэж үздэг. Омогт сэтгэлээс салахын тулд бусдыг өөрөөсөө илүү хэмээн сэтгэж, хүндэлж сурах нь чухал. Одооны зохих боловсролтой ихэнх бөхчүүд архи дарс, элдэв муу зуршлаас хол, олныхоо хайрыг даан сайхан барилдаж яваа бөгөөд залгамж үе нь хэдэн зуугаараа яралзан гарч ирж байгааг яагаад харахгүй, үнэлэхгүй байна вэ. МҮБХ-ны ажил сайн яваа, монгол бөх, бөхчүүдийн нэр хүнд өндөр, ирээдүй нь гэрэлтэй болохоор л залуус чөлөөт бөх рүү биш үндэсний бөх рүү хошуураад байгаа юм. Үүнийг чи буруугаар ойлгон МҮБХ чөлөөт бөхийн хөгжлийг тасалдуулж байна гэж хэлэв ээ дээ. Бид ч яахав, хүмүүс дүүг юу гэж ойлгох бол. Чамаар жишээд бөхчүүдийг юу гэж ойлгох бол гэхээс яс хавталзах юм. Мөн “Бөөрөнхий байшин барих юу ч биш, түүнийг ард түмэн 10 төгрөгтэй нь таван төгрөгөө, хоёр хоньтой нь нэг хонио өгч байж босгосон, төр мөнгө өгсөн, малгай залаа, тэмдэг юу ч биш, ном бичих шинэчлэл биш, 10.000 бөх барилдуулах юу ч биш, бөхийн өргөөг одоо хэдийг л бол хэдийг барина, бөхийн өргөөний тухай нухацтай ярина" хэмээн гараа савчин, шазуураа зуун, үзэн ядсан өнгөөр хэлж байна лээ. Ард түмний нэг болох заан цолтой ид барилдаж, мандаж байсан Сумъяабазар таван төгрөг ч өгөөгүйг, 40 сая малтай монгол 20 сая малаа Бөхийн өргөөнд өргөөгүйг, улсын хэмжээгээр 526 хүн л хандив өргөснийг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ард түмний хандивласан 200 хонийг сумын Засаг дарга Г.Батжаргал гэдэг хүн тууж ирж өгснийг, Хэнтий аймгийн Галшар сумаас хандивласан 16 адууг МҮБХ- ны ажилтан Ц.Үнэнбат очиж тууж ирснийг баримт түшин хэлье. Чи баахан доллар ярих дуртай болоо юу даа. Доллараас үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү дээ. Ингэж их доллар ярьдаг хүн Бөхийн өргөөндөө таван төгрөг ч хандивлаагүйг, тийм сэтгэлгүйг би сая хэллээ. Нууцгүй үнэн ийм л байна. Ноднин бид 6016 бөх барилдуулж монгол бөхөө дэлхийн дээд амжилтаар бүртгүүлж амжсанаараа бахархаж явдаг билээ. Аваргад маань олон бөх барилдуулах амархан байгаа бол ирэх жил 20.000 бөх барилдуулаад дахин нэг дээд амжилт тогтоочихвол дэлхий бүр их гайхаж, монголчууд мөн ч их баярлана даа. Эрхэм дүү бас ном бичих юу ч биш, түүнийг ажил гэдэг юмуу гэж үзэн ядсан өнгөөр, ном бичдэг улс гомдмоор үг хэлж байна. Яаж ингэж болох вэ. Ном бичихийг ажил биш гэх нь алдас болохоор мунхаг зүйл биз дээ.

-Та бид хоёрын яриаг уншсан олон хэтэрхий нэг талыг бариад байна уу даа гэж ойлгох вий. Гэхдээ Сумъяа аваргын мэдээлэлд хариу өгч буйг ойлгож байгаа болов уу. Одоо танаас допингийн талаар асууя. Юу гэж асууж буйг та гадарлаж л байгаа байх?
-Эрхэм дүү биднийг “Бөхчүүдийг соён гэгээрүүлдэггүй, допингийн хор холбогдлыг хэлж өгдөггүй, та нар бөхчүүдээ анхаараач ээ, ажиллаач ээ, яасан арилчихсан дотортой улс вэ” гэж байна. Бид 2010 оныг “Бөхчүүдийн түгээмэл боловсрол, соёлын жил” болгон зарлаж, энэ хүрээнд танин мэдэхүйн дөрвөн цуврал ном гаргаж, барилдаж буй улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүддээ бүгдэд нь өгсөн. Боловсролоо түр хойш тавиад бөхийн бэлтгэлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа залуус маань орчин үеийн шинжлэх ухааны ололт, чиг хандлага, бурханы дээдсийн айлдвар, нэрт хүмүүсийн сургаал, ахмад бөхчүүдийн замнал, алдаа онооны сургамж, зөвлөгөө, допинг гэгч хорт бодисын хор хөнөөл зэргийн тухай энгийн ойлгомжтой өгүүлсэн шижир мэт зүйлүүд орсон эдгээр номыг уншиж байна. Үүнээс хэдэн жилийн өмнөөс их хамба Д.Чойжамц, гавж Ё.Амгалан, А.Эйнштейний нэрэмжит шагналт, онолын физикч, шинжлэх ухааны доктор О.Лхагва, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, XX зууны манлай спортын зүтгэлтэн, МУСГЗ Р.Нямдорж, допингийн эсрэг үндэсний төвийн захирал асан доктор О.Амарцэнгэл нараар давхардсан тоогоор 3000 орчим бөхөд лекц уншуулсан билээ. МҮБХ-нд бусад урлаг, спортын салбараас давуутай нэг зүйл байдаг нь “Бөх” хэмээх 10 хоног дутам тогтмол гардаг өөрийн сонин юм.
Бид сониндоо ахмад сайхан бөхчүүд, ид барилдаж байгаа бөхчүүдийн ярилцлагаас гадна Монголын нэрт эрдэмтэд, урлаг соёлын томчуудын яриа хөөрөөг байнга нийтэлж бөхчүүддээ хүргэж байна. Энэ соён гэгээрлийн ажил биш үү. Харин миний дүү чөлөөтийн бөхчүүддээ, циркчиддээ хэн нэг хүнээр лекц уншуулсан уу, ном, гарын авлага гар дээр нь тавьсан уу? “Допинг гэж юу вэ, түүнийг хориглохын учир”, “Допинг, түүнийг тойрсон асуудлаар дахин өгүүлэх нь", “Допинг: бөх, хууль, дүрэм, журам, сурталчилгаа, хариуцлага” гэсэн өгүүллүүдийг он дараалан “Бөх” сонинд нийтлүүлсээр ирлээ. Ер нь допинг хортой тухай шөвгөрөх анзаанд барилддаг 30 гаруй бөх байтугай жирийн ард иргэд ч мэдэхээр хугацаа өнгөрөөд байхад бөхөд допингийн хорыг нь ойлгуулсангүй хэмээн допинг хэрэглэсэн бөхийн бурууг бусдаас хайж суух нь аливаа асуудлын голыг олж чаддаггүй хүний ааш авир юм.

-Найраа хийж ард түмнийг доромжилсон хэмээн Дундговийн бөхчүүдийн цолыг хүчингүй болгосон. Гэтэл уг шийдвэрт аварга маань сэтгэл дундуур байгаа юм уу даа?
-Тийм юм шиг байна лээ. Ухаандаа энэ тухай танай сонинд ярилцлага өгч, ингэж бүхэл бүтэн аймгийн ард түмнийг доромжилж болохгүй гэж хэлснийг буруу зүйл гэж байна. “Найраа байна, бөхийн нэр хүнд унаж байна, найрааг устгах ёстой, устгахгүй даанч яав даа” гээд байгаа мөртөө найраа хийсэн бөхчүүдийг өмөөрч байгаа нь цаанаа бөхийн холбоог муутгах гэснээс биш, тэднийгээ өмөөрөөд байгаа юм биш байна л даа. МҮБХ, түүний удирдлага, ажилтнууд бөхөө хөгжүүлэхийн төлөө ажиллах, бөхчүүдийнхээ зөв сайн үйлсийг сурталчлах, алдаршуулахын зэрэгцээ болж бүтэхгүй байгаа, хууль дүрэм зөрчиж байгаа бөхчүүдэд арга хэмжээ авна, засаж залруулна, ийм ч үүрэгтэй. Тиймгүй бол МҮБХ байхын хэрэг юу байх билээ Бөхчүүдийн шударга бус, жудаг зөрчсөн үйлдэлд цаашид ч хатуу хандах болно гэдгээ энэ дашрамд дуулгая. Ам нээвэл уушги нээ гэдэг. Тиймийн учир ярианыхаа төгсгөлд аатай омогтой аваргадаа хандаж хэд гурван үг хэлэхийг хүслээ. Би гэдэг хүн 30 гаруй ном бичиж хэвлүүлсний дотор дан бөхийн сэдвээр бичсэн долоон ном бий. Бусад нөхдийнхөө 30 шахам номыг редакторложээ. Номондоо бусад зохиогчдын адил монгол бөх, бөхчүүдийг магтсан байхаас гадна тэднийгээ хайрлах, хамгаалах сэтгэлээр ёс зүй, жудаг чанар, архи тамхи, допингийн тухай илүүтэй бичсэн билээ. Монголд цор ганц байдаг “Бөх” гэдэг тэр найраглалыг ах нь бичсэн юм. Бөхчүүд цээжлээд уншиж явдаг юм билээ. Түүнд аавын чинь нэр бий. Миний дүү үг яриагаа жаахан бодолтой, хэнд юу хэлж буйгаа ойлгон ярьж байх хэрэгтэй шүү.


Эх сурвалж: “Бөх”