Энэ сарын 3-7-нд БНХАУ-ын Эрээн хотноо “Нэг бүс нэг зам” стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хятад, Монгол, Орос гурван улсын худалдаа эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болж өндөрлөлөө.
Форум нь “Эдийн засгийн коридорыг хамтран байгуулж, уялдаатай хөгжлийг ахиулах” уриатайгаар зохион байгуулсан юм. Уг уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, мөн бизнес эрхлэгчид дэмжиж ажиллав. Нээлтийн арга хэмжээнд Монголын талыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцсон юм.
ОЛОН УЛСЫН 400 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ
Монгол-Орос-Хятадын эдийн засаг, худалдааны форум нь гурван улсын худалдааны харилцаа, хүмүүнлэгийн ухааны солилцоо, соёлын аялал жуулчлал, хил дамнасан эдийн засгийн бүс нутгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөгжлийг урагшлуулах зорилготой аж.
Ес дэх удаагаа зохиогдож буй тус арга хэмжээнд манай улсаас 180 гаруй аж ахуй нэгж, 300 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм. Энэхүү уулзалтыг зохион байгуулахад Эрээн хотын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг тус хотын орлогч дарга Цогзол хэлэв. Чуулганд оролцсон төлөөлөгчид бүс нутгийн үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааны хөгжлийн байдал, шинэ салбарт хамтран ажиллах, төсөв төлөвлөгөө, адил бус бүс нутгийн онцлог, давуу тал болон томоохон төслийн ажлын бүтээн байгуулалтын талаар танилцуулга хийсэн. Мөн цаашид хамтран ажиллах тухай санал бодлоо солилцсон юм.
Форумын үеэр үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж Монгол, Орос, Тайвань, Малайз, ХонгКонг, Пакистан, Солонгос, Энэтхэгийн 400 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.
Манай улсын хувьд урд хөрш хамгийн том түнш, харилцагч хэвээр байгааг албаныхан онцолж байна. Тиймээс Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчид хамтран ажиллах таатай боломжийг энэхүү уулзалт олгож байгааг дуулгав.
100 САЯ ЮАНИЙН ИМПОРТЫН БАРААНЫ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

“Хятад-Монголын банк санхүүгийн инноваци болон ажил хэрэгч хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан боллоо. Уг хуралдааны үеэр “Худалдаа хөгжлийн банк” Өвөрмонголын банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд төгрөгөөр зээл өгөх, гүйлгээ хийх боломжийг Хятадын банк өгч байгааг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатар хэллээ. Тэрээр “Хөрш орнуудтай үндэсний валютаар харьцах давуу талыг бий болгож байна.
Санамж бичиг байгуулахдаа урьдчилсан байдлаар нөхцлүүдээ тохирсон. Тиймээс хоёр улсын хооронд улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр банкууд гүйлгээ хийх, зээл олгох боломжийг бүрдүүлнэ” гэв. Мөн энэ үеэр “Голомт банк” Хятадын тариалангийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулан хоёр улсын хооронд бизнес эрхлэгчид юанийн болон төгрөгөөр төлбөр тооцоо гүйцэтгэхээр болж буй.
Түүнчлэн Өвөрмонголын банктай 100 сая юанийн импортын барааны зээлийн гэрээг байгууллаа. “Голомт” банкны газрын захирал Д.Бадрал “Импортын зээлийн гэрээгээр дамжуулан хоёр хөршийн худалдаа, бизнес эрхлэгчид Голомт банкаар дамжуулан зээл авах боломжтой” гэсэн юм. Ийнхүү гадаад худалдаа эрхлэгчдийг дэмжих цаашлаад гадаад худалдаа эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа энэ үеэр илэрхийллээ.
Мөн энэ үеэр “Чингис хаан” банк Өвөрмонголын банктай хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд гадаад худалдааны санхүүжилтийг хөгжүүлэх, төгрөг юанийн арилжааг хөгжүүлэх аж. “Хоёр банк хамтран ажиллах харилцаагаа эхлүүлж байна. Цаашид ямар чиглэлд ямар зарчмаар ажиллах вэ гэдгээ тохиролцох хэлэлцээ үргэлжилнэ” хэмээн “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирлын орлогч Н.Амгалан хэллээ.
Форумын үеэр эдийн засгийн коридорыг идэвхжүүлснээр гурван улсын эдийн засагт нэлээдгүй хувь нэмэр оруулах учиртайг төлөөлөгчид онцолсон юм. Тиймээс зассан замаар саадгүй явах, эдийн засаг, бизнесийн дэвшилд хүрэх эсэх нь бизнес эрхлэгч болон төсөл хэрэгжүүлэгчдээс шалтгаална гэж байлаа.

Үргэлжлэл бий.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0