sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ирэх сард болох сонгуульд ялсан тохиолдолд чухал ашигт малтмалын стратегийн нөөцийг бүрдүүлэхэд 1.2 тэрбум австрали долларын /580 сая фунт стерлинг/ хөрөнгө оруулна гэдгээ тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезе амлажээ. Цахилгаан авто машин, байлдааны онгоц, робот зэрэг дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай 7 төрлийн газрын ховор элементийн экспортод Хятад улс хязгаарлалт тогтоосны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Хятадын хязгаарлалт нь бүх улс орныг хамрах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулсан татварын хариуд авч буй арга хэмжээ гэж олон нийт үзэж байна.


Австрали улс өөрийн болон түншүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементийг нэн тэргүүнд тавих болно гэж Э.Албанезе хэлжээ. Гэвч түүний төлөвлөгөө Хятадын ноёрхлыг эсэргүүцэж чадах болов уу?


Газрын ховор ашигт малтмал гэж юу вэ, яагаад чухал вэ?


Газрын ховор элемент гэдэг 17 төрлийн элемент багтдаг бөгөөд тэдгээрийг олборлох, боловсруулахад төвөгтэй байдаг тул “ховор” гэж нэрлэжээ. Самари, терби зэрэг ховор элементүүд нь цахилгаан машин, өндөр дэвшилтэт зэвсгийн систем зэрэг ойрын хэдэн арван жилд дэлхийг тодорхойлох технологи үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.


Э.Албанезегийн санал болгож буй нөөцөд Австрали улс олборлолтоороо тэргүүлдэг лити, кобальт зэрэг чухал ашигт малтмалууд багтаж байна.


Хятад, Австралийн аль аль нь газрын ховор элементийн нөөцтэй. Гэвч газрын ховор элементийн боловсруулалт буюу технологид ашиглах боломжтой болгох үйл явцын 90 хувь нь Хятадад хийгддэг тул тус улс нийлүүлэлтийг хянах болжээ. Энэ нь барууны засгийн газруудад болгоомжлол төрүүлж байна. 


Хятад улс экспортыг хязгаарлаж буйн учир


Бээжингийн зүгээс мэдэгдсэнээр, АНУ руу импортлох Хятадын бараанд 145 хувийн татвар ногдуулсан Д.Трампын шийдвэрийн хариуд газрын ховор элементийн экспортоо хязгаарлажээ.


Харин шинжээчдийн үзэж буйгаар, ховор металлын нийлүүлэлтийг баталгаатай болгож чадахгүй байгаа нь Д.Трампын засаг захиргааны санааг зовоосон асуудлуудын нэг болсон бөгөөд ялангуяа Бээжинтэй дипломат маргаан хурцдаж буй энэ үед ийм нөхцөл байдал үүсээд байна.


АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 2019-2022 оны хооронд АНУ-д хэрэгцээтэй ховор элементийн 75 орчим хувийг Хятадаас нийлүүлжээ. Баруун Австрали мужийн Перт хотын Төмрийн хүдрийн судалгааны газрын захирал Филип Кирхлехнер ВВС-д ярьснаар, сүүлийн хэдэн арван жилд АНУ болон Европын Холбоо газрын ховор элементийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн, харин энэ хугацаанд Хятад улс боловсруулалтын тал дээр монополь байдлаа хурдацтай бэхжүүлсэн гэв. “Хятад улс АНУ болон Европын хамгаалалтын системүүдийн эмзэг цэг дээр нь хатгасан” гэж тэрбээр нэмж хэллээ. Tesla-гийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, Хятад улс сүүлийн үеийн соронзонд ашигладаг ховор металлын экспортыг зогсоосон нь тус компанийн хүн дүрст робот бүтээх чадварт нөлөөлж байна гэсэн байна. 


Австралийн санал тоглоомыг өөрчилж чадах болов уу?


Э.Албанезегийн саналд "нөөц ашигт малтмалыг дотоодын үйлдвэрлэл олон улсын түншүүдийн аль аль нь ашиглах боломжтой" гэдгийг тусгажээ. Ф.Кирхлехнер хэлэхдээ "уг алхам нь удаан хугацаанд хүлээгдсэн” хэмээн сайшаасан боловч “асуудлыг шийдэхгүй” гэдгийг дурдсан байна. Гол асуудал бол Австрали чухал ашигт малтмалын нөөцийг бий болгосон ч гэсэн газрын ховор элементийг боловсруулах үйл явц нь Хятадын хяналтад байх болно. Лити нь газрын ховор элемент биш, харин цахилгаан машины цэнэг хураагуур, нарны зайн хавтанг үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой металл юм. Австрали улс дэлхийн литийн 33 хувийг олборлодог боловч багахан хэсгийг нь боловсруулж экспортолдог. Харин Хятад улс дэлхийн литийн дөнгөж 23 хувийг олборлодог боловч 57 хувийг нь боловсруулдаг гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ.


Австрали улс “Future Made in Australia” төлөвлөгөөнийхөө хүрээнд газрын ховор элементийг боловсруулахад хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд ингэснээр тус улсын чухал ашигт малтмалын нөөцийг ногоон шилжилтийг дэмжихэд хөшүүрэг болгохыг зорьж байна.   


Перт хотод төвтэй “Arafura Rare Earths” компани өнгөрсөн онд тус улсын газар ховор элементийн анхны хамтарсан уурхай, боловсруулах үйлдвэрийг байгуулахад зориулж 840 сая австрали долларын санхүүжилт авчээ. Мөн 11 дүгээр сард Баруун Австралид анхны ховор элемент боловсруулах үйлдвэр нээгдсэн бөгөөд үйл ажиллагааг нь “Lynas Rare Earths” компани хариуцна. Гэхдээ тус улс наад зах нь 2026 он хүртэл Хятадаас хараат байх төлөвтэй байна гэж Вашингтонд төвтэй Стратегийн болон олон улсын судалгааны төв мэдээлжээ.


АНУ, Хятад хоёр ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?


Хятад улсын хувьд Д.Трампын бий болгосон тогтворгүй байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж байна. Хятадаас Канберрад суугаа Элчин сайд дэлхийн худалдаанд хандах Вашингтоны хандлагыг зэмлэн буруушааж, Бээжинтэй “гар нийлж ажиллахыг” Австралид уриалсан талаар Австралийн хэд хэдэн сонинд бичсэн боловч Э.Албанезе татгалзсан хариу өгчээ.


Австралийн тал Д.Трамптай хийсэн яриа хэлэлцээний үеэр ашигт малтмалаа санал болгосон юм. Америкийн тал зарим чухал ашигт малтмалыг Австралийн бараанд ногдуулсан 10 хувийн татвараас чөлөөлжээ.


Шинжээчдийн үзэж байгаагаар, Э.Албанезегийн санал нь Австрали болон түүний түншүүдийг Хятад зэрэг стратегийн өрсөлдөгчдөөс хамгаалахад чиглэж байна. “Natixis” группийн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа-Херреро ВВС-д хэлэхдээ, Э.Альбанезегийн төлөвлөгөө нь эдийн засгийн байдал хурцадсан үед Австралийн нөөц баялгийг худалдах боломжийг тусгасан тул өмнөх саналуудаас “илүү боловсронгуй” байсан гэв. Хэрэв Хятад улс экспортын хязгаарлалт тогтоовол Австрали дэлхийн зах зээл дээрх үнийг бууруулахын тулд ашигт малтмалын нөөцөө илүү их хэмжээгээр зарж эхлэх бөгөөд Хятадын хязгаарлалтыг сулруулж чадна, гэхдээ Австрали улс Хятадыг бүрэн орлож чадахгүй хэвээр байх болно гэж А.Херреро нэмж хэлжээ. 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг