sonin.mn

Крымийн хямрал, Украйны дайн эхэлснээс хойш ОХУ-ын экспортын орлогын дийлэнх хувийг эзэлдэг эрчим хүчний анхдагч бараа бүтээгдэхүүний эсрэг барууны орнууд өргөн хэмжээний хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Хориг арга хэмжээ нь ОХУ нь эрчим хүчний бүтээгдэхүүний худалдаагаа Европоос Ази руу (Хятад руу) чиглүүлэхэд түлхэц болов.


Европ Оросын эрчим хүчний экспортын гол чиглэл байв


Украйны дайн эхлэхээс өмнө буюу 2021 онд ОХУ нь дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч, Саудын Арабын дараа орох хоёр дахь том газрын тос экспортлогч, Индонез Австралийн дараа орох гурав дахь том нүүрс экспортлогч орон байв. Тус онд Европын холбооны улсууд нийт газрын тосны хэрэглээнийхээ 49%, байгалийн хийн 74%, нүүрсний 32%-ийг Оросоос импортоор авч байжээ.


2021 онд өдөрт 10,1 сая баррель газрын тос олборлосны 45 гаруй хувийг экспортолж байсан бөгөөд үүний томоохон импортлогч орнууд нь Европоос Нидерланд, Герман, Польш Азиас Хятад, Өмнөд Солонгос байжээ. 24,8 их наяд шоо фут байгалийн хий үйлдвэрлэсний 8,9 их наядыг экспортолсон.


Нийт экспортын 84%-ийг байгалийн хий дамжуулах хоолойгоор экспортолсон бөгөөд газрын тосны экспортын нэгэн адил Европ нь Оросын байгалийн хийн экспортын 74 орчим хувийг эзэлж, бүс нутгийн хамгийн том импортлогч байв. Герман, Турк, Итали, Беларусь, Франц тэрхүү байгалийн хийн ихэнхийг хүлээн авч байв. 262 сая тонн нүүрс 2021 онд экспортолсон бөгөөд Хятад улс бараг 25% буюу 63 сая тонн импортолсон бол Өмнөд Солонгос, Япон, Тайвань нийлээд Оросын нүүрсний экспортын 22 орчим хувийг импортолжээ. Оросын нүүрсний экспортын гуравны нэгийг Европын орнууд эзэлж байсан байна. Герман, Нидерланд, Турк, Польш улсууд нийлээд 2021 онд Оросын нийт нүүрсний экспортын 24 хувийг хүлээн авсан[1]. ОХУ-ын нийт экспортын орлого 2021 онд 420 тэрбум евро (ДНБ-ны 28%) байсан бөгөөд эрчим хүчний бараа бүтээгдэхүүн экспортын 50%-тай тэнцэж байсан байна. Украйны дайн эхлэхээс өмнө буюу 2021 оны байдлаар Оросын хувьд Европын орнууд нь эрчим хүчний экспортын гол стратегийн чиглэл байсан[2].


Орос, Хятадын худалдааны төлөв байдал


Орос, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа Украйны дайнаас хойш эрчимтэй өргөжиж харилцан нэгнээ нөхөх хандлагатай байгааг харуулж байна. 2023 онд Хятад, Оросын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 26.3%-иар нэмэгдэж, 240 тэрбум 110 сая ам долларт хүрч Орос Хятадын найм дахь том худалдааны түнш болжээ[3].


Энэ үзүүлэлт нь 2021 онд 146,9 тэрбум, 2022 онд 190 тэрбум ам доллар байсан[4]. 2023 онд Хятадаас Орост хийсэн механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 69%-иар, өндөр технологийн бүтээгдэхүүний экспорт 22.4%-иар, автомашин, эд ангийн экспорт 374%-иар нэмэгджээ.


Үүнийг 900 мянга гаруй иж бүрэн автомашин, Хятадын гар утас, зурагт, угаалгын машин, хөргөгч болон бусад бүтээгдэхүүнүүд эзэлж байна[5]. Харин Оросоос Хятадад экспортолсон бараа бүтээгдэхүүний дийлэнхийг нүүрс, газрын тос болон байгалийн хий буюу эрчим хүчний бүтээгдэхүүн эзэлсэн байна[6]. Хоёр орны худалдааны өсөлтөөс гадна Орост ялангуяа Алс Дорнодод оруулж буй Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ Украйны дайнаас хойш аажмаар өсөж байна. 2023 оны 5 дугаар сард ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев Алс Дорнод дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийг буюу 1,6 тэрбум ам долларын өртөг бүхий 26 дэд бүтцийн төслийг Хятадын төрийн өмчит компаниуд санхүүжүүлсэн гэж мэдэгджээ.


Энэ нь Хятадын тус бүс нутагт хийж буй хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 150 хувиар өссөнийг харуулж байна[7]. Мөн Украины дайнаас хойших Хятадаас Орост оруулсан хөрөнгө оруулалт нь зөвхөн эрчим хүч төдийгүй уул уурхай, дэд бүтцийн салбарыг хамарч байна.


2022 оны 2 дугаар сарын 24-өөс 2023 оны 5 дугаар сарын хооронд Хятадаас Оросын Алс Дорнодын бүсэд 3,4 тэрбум ам долларын тээвэр, уул уурхай, далайн боомтын төслүүдэд шинээр хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 2024 оны байдлаар хоёр улсын худалдаа 244,8 тэрбум ам доллар болж өмнөх оноос 1,9% өсөлттэй гарчээ[8]. 2023 оны үзүүлэлтээс төдийлөн өсөлт ажиглагдахгүй байгаа нь төлбөрийн хэрэгсэл болон дэд бүтцээс шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой, нүүрс тээвэрлэх төмөр зам зэрэг дэд бүтцийг одоогийнхоос ахиулах боломж хоёр улсад олдоогүй гэж хэлж болно.


Дайнаас хойших Орос, Хятадын эрчим хүчний салбарын харилцаа


1990 оноос хойших Орос, Хятадын эрчим хүчний салбарын харилцаа нь төрөл бүрээр хөгжиж байгаа бөгөөд технологи шилжүүлэх (атомын цахилгаан станц), анхдагч эх үүсвэрийн (нүүрс, газрын тос, байгалийн хий), хувирган хөрвүүлсэн эрчим хүч (цахилгаан) гэсэн чиглэлээр ангилан авч үзсэн[9]. Орос нь дайнаас хойш эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтээ зүүн тийш буюу Хятад руу шилжүүлж худалдан авагч тал хөнгөлөлттэй үнээр худалдаа хийсээр байна. 2023 оны хувьд Оросын Хятад руу чиглэсэн эрчим хүчний түүхий эд импортын хэмжээ дээд хэмжээндээ хүрчээ.


2024 он гэхэд Орос улс Хятадын түүхий нефтийн хамгийн том нийлүүлэгч, нүүрс, хийн хоолойн хоёр дахь том эх үүсвэр болсон байна. Украйны дайн эхлэхийн өмнөх 2021 оноос өнгөрсөн он хүртэлх хоёр орны эрчим хүчний эх үүсвэрийн худалдааны тоо хэмжээг дараах хүснэгтэд үзүүлэв[10].


Бараа бүтээгдэхүүн2021202220232024 Газрын тос (сая тонн)~8086.2~107​108.5​Байгалийн хий (тэрбум куб метр)10.4​15.5​22.7​~30​LNG (сая тонн)4.76.5​~8.0​8.3​Нүүрс (сая тонн)56.768.1​102.1​93.9​ 2024 оны байгалийн хий, газрын тосны үзүүлэлт дээд амжилт тогтоосон бол нүүрс 2023 оны оргил үеэсээ бага зэрэг буурсан байна. Буурсан шалтгаан нь барууны орнуудын хориг арга хэмжээ, инфляцаас шалтгаалан нүүрс тээвэрлэлтийн өртөг өндөр болсон мөн одоогийн байгаа төмөр зам үүнээс дээш хэмжээгээр экспорт хийх боломжгүй зэргээс болсон байна. Хятадын компаниуд Оросын газрын тос, нүүрс, LNG-ийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжийг ашигласан нь 2022 онд Хятадын Оросоос импортлох түүхий эдийн хэмжээг 52 хувиар нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.


Дүгнэлт


Өнөөгийн нөхцөлд дэлхийн аж үйлдвэрийн хөдөлмөрийн хуваарь дахь зөрчилдөөн эрчимжиж, аж үйлдвэр, нийлүүлэлтийн хэлхээний тогтворгүй байдал, тодорхойгүй байдал нэмэгдсээр байна. Барууны орнууд Оросын эсрэг тавьсан нэг талын хориг арга хэмжээ нь Хятад, Оросын эдийн засаг худалдааны хэвийн хамтын ажиллагаанд тээвэр, санхүүгийн зэрэг олон сорилтыг дагуулсан. Гэсэн хэдий ч Хятад, Оросын эдийн засгийн бүтэц харилцан бие биеэ дээд зэргээр нөхөж байна. 2023, 2024 оны байдлаар хоёр улсын эрчим хүчний эх үүсвэрийн худалдаа 190 тэрбум орчим ам.доллар болсон нь Орост алдагдсан барууны зах зээлийг нөхөхөд тусалж, Хятадад найдвартай эрчим хүчний хангамжийг хямд үнээр олж авах боломжийг олгосон. Хятадын нийт эрчим хүчний импортод Оросын эзлэх хувь хэмжээ бага зэрэг өссөн бол (газрын тос 15%-аас 19%, нүүрс 18%-иас 23% хүртэл гэх мэт) эсрэгээрээ Оросын экспортод Хятадын эзлэх хувь хэмжээ бараг хоёр дахин өссөн (Хятад улс Оросын нефтийн экспортын ~30%, Оросын байгалийн хий, нийт нүүрсний экспортын 30% -ийг эзэлдэг) байна.


Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв