sonin.mn

Дэлхий даяар хүмүүс бүсээ чангалах бодлогын эсрэг тэмцэн, хүний үндсэн эрх болох, санаа бодлын эрх чөлөөг хязгаарлах гэсэн эрх мэдэлтнүүдийн дайралтыг няцаан,босон зогсож үгээ айлгүй хэлэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Өнөөдөр өөр ертөнц бий болох боломжтой боллоо.

 

Франкфурт сонины нэрт эрхлэгч Ф.Шимахер “Зүүний үзэл зөв байсан гэдэгт би итгэж эхэлж байна…” гэж өөрийн сониндоо бичсэн нь Карл Маркс дахин ялалтын маршаа эхлүүлсэний баталгаа юм. Түүний социалист хамтын ардчилсан үзлийг, нуран унаж байгаа Капитализмын оронд тавин хэрэглэхийг нийт олонхи хүсэж эхэлжээ.

 

Үүнийг Италийн ард түмэн өчигдөр болсон сонгуулиар  зүүний үзэлтэн Лүижи Берсаниг сонгосноор баталлаа. Капитализм буюу одоогийн Монголын замнаж байгаа үзэл яагаад нуран бутарч байгааг товч авч үзье. Чөлөөт зах зээлийн систем үүссэн цагаасаа хойш үргэлж хямрал дагуулж ирсэн.

 

Анхны, 1637 оны “Тулпенкризел” буюу Цэцэгний хямралаар бүх л Голланд улсын эдийн засаг өвдөг сөхрөн, аж үйлдвэрт нь хүнд хохирол учруулсанаас эхлээд, капитализмтай нас чацуу 200 жилийн түүхтэй агуу “Lehmans Brother”компаныг түүхээс арчин алга болгосон 2008 оны хямрал,өнөөдөр хүртэл Дэлхийн банк санхүүг нийтээр нь чичиргэн бүх л Европын зооныг сандаргаж байгаа билээ.

 

Би эдийн засгийн хичээл дээр...Чөлөөт зах зээлийн систем бол өөрөө өөрийгөө зохицуулдаг “Үл үзэгдэгч эдийн засгийн гар” хямралын үед орж ирэн хэцүү байдлыг зогсоож, засан залруулдаг алдаагүй механизм гэж заалгаж байсан юм. Тэгэхлээр тэр худлаа болж таарч байна?! Тийм гэдгийг үе үед болсон, хүн төрөлхтөнд гай авчирдаг тэр олон эдийн засгийн хямралууд гэрчилж байна.

 

Капитализм өөрийн бий болсон асуудлуудаа шийдэх чадваргүй гэдгээ дэлхийд хэдийнээ хэллээ. Энэ системийг аврах амьтай голтой үлдээх гэж бүхий л олон улсын нэрт эдийн засагчид, улс төрийн лидерүүд хамтдаа хичээн,жил болгон Швейцарын Давост цуглан толгойгоо гашилгаж сууна.

 

Яагаад гэвэл бүгд хоорондо холбоотой нэг нь нурвал бүгд хамтдаа хөтлөлцөн нуран унахаа тэд мэдэж байна, өөр үгээр...нэг завин дээр бүгд сууж байгаа тул живбэл бүгд гүн рүү цугтаа явах учраас. Гэвч тэд энэ үхлүүт өвчтөнийг аварч чадах болов уу? Итгэл алдаж найдлагаар тоглосон банкуудаа аврахын тулд хямралд орсон аж үйлдвэрийн орнууд дахин их хэмжээний зээл авхаас өөр арга үлдээгүй.

 

Харамсалтай нь тэд өмнө нь бас их хэмжээний өртэй байсан. Тэд олон жил, эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй, татварын бодлогоор хуримтлагдсан мөнгөөрөө өрөө дарчихна гэж найдаж байсан нь талаар болов. Эдийн засгийн өсөлт байгаагүй, татвар авч чадаагүй, өр нь улам нэмэгдсэн. Ингэж их өрийн хямрал эхэлжээ.  
Санхүүгийн салбарын хөөрөгдсөн хүү, банкууд, өрнүүд.

 

Учир нь хүсэн хүлээсэн боловч нэг л ирж өгөхгүй байгаа мөрөөдлийн, эдийн засгийн “Өсөлтөнд” гол асуудал байгаа юм. Дэлхийн нөөц боломж ресурс хязгаартай. Байнгын эдийн засгийн “Өсөлт” бол хэзээ ч боломжгүй зүйл юм. Үүнийг ч эрүүл мэндийн шинжлэх ухаан, Хавдарын өвчний жишээн дээр баталж байдаг. Хорт хавдарын эсүүд хяналтгүй өссөөр эцэст нь тэд бүх л бие организмыг хямруулан үхэлд хүргэдэг.

 

Энэ таван жилд, хүндрэлд өртсөн улс гүрнүүдийн Хямралыг зогсоох арга хэмжээнүүд гэвэл бүх салбарын хэмнэлт,зардлаа багасгах,нэмүү өртөгийн татвар, үл хөдлөх хөрөнгөний хураамжийг нэмэгдүүлэх, мөн тухайн улсад эдийн засгийн “Өсөлтийг” бий болгох гэсэн оролдлогууд юм. Германы, Америкийн, Японы засгийн газрууд орлого бага давхаргын татварыг хөнгөлөн, тэдэнд санхүүгийн нэмэлт урамшуулал олгох, шинийг юм авсны шагнал гэх мэт хүн амын худалдан авах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн.

 

Магадгүй гайхалтай явдал болж, хүмүүс шинэ юм худалдан авч, үйлдвэрлэл өсөж болох юм. Эсвэл Энэтхэгчүүд, Хятадууд гэнэт баяжин, шинэ автомашин, ахуйн хэрэглээний техникийг авах чадвартай болцгоож. Эсвэл хэн нэгэн...хүн болгоны авахыг хүсэх шуугиан тарьсан шинэ бүтээгдэхүүн нээж, жишээлбэл гар утсаа ашиглан нисэж чаддаг болох ч юмуу, тэгсэнээрээ зах зээлийг хөдөлгөөнд оруулах.

 

Эс тэгвээс, аж үйлдвэрийн улсуудад хоёрхон зам үлдсэн байна. Эхнийх, амь тариа буюу одоогийнх шигээ дахин өр тавин, дахин зардлаа нэмэгдүүлэн үйлдвэрлэлээ амь голтой байлгахын тулд ямар ч үнээр хамаагүй “Өсөлтийг” бий болгох. 2 дахь хувилбар НУРАН УНАХ. Капитализм нь бүх хүний эрх тэгш байдлыг үгүйсгэдэг.

 

Хүний эрх, хүний нэр хүнд гэж бичдэг боловч тэр нь зөвхөн цаасан дээр үлдэж амьдрал дээр хэрэгждэггүй. Яагаад гэвэл бид өнөөдрийг хүртэл газар, ус бүтээн байгуулалтыг хувийн өмч байна гэсэнд итгэдэгт байгаа юм. Гэтэл энэ дэлхий гариг дээр байгаа юмс болгон түүн дээр амьдарч байгаа хүн бүхэнд адил тэнцүү хамааралтай.

 

Зөвхөн ашгийн төлөө явсан, амин сүнс нь болох банкны хүүн дээр тогтсон энэ системийн үр дүнд: баян 5000 хүний хөрөнгө, ядуу 500 сая хүний хөрөнгөтэй тэнцэж байгаа нь шударга бус хуваарилалт явагддагийг баталж, энэ нь олонхийн зөв буюу “Ардчилсан” гэдэг нийгэмд өчүүхэн ч таарахгүй байна. За яах вэ...Дэлхийг мөнгө удирдаж байж болно. Тэгвэл мөнгө, маш муу чадваргүй удирдагч юм.

 

Дэлхийд ийм байхад Монголд юу болж байна? Юу болж байгааг Та бид өдөр бүр харж, амьд гэрч болон биеэрээ мэдэрч, сэтгэл өвдөж, гомдоллон зүдэрч байна. Дэлхийд хямрал болсны дараа санхүүгийн систем нь их хэмжээний цаасан мөнгө хэвлэн гаргаж, зохиомлоор түр зуурын ч гэсэн завсарлага авдаг...

 

Гэтэл Монгол орны хямрал 1991 оны “ардчилсан” гэх хувьсгалаас хойш өдөр бүр, сар бүр, жил бүр, мөч бүр үргэлжилж, Монгол хүн цаг тутамд шаналан зовж байна.
Тэд ажилтай, гачигдах зүйл багатай, нэр төртэй, ирээдүйдээ итгэлтэй амьдарч байсан сайхан Ард түмнийг, ажилгүй болгож...Одоо та нар зах зээлд орсон, хулгай хийж худлаа ярьцгаа! Гэж бүгдийг гудамжинд гутамшигтайгаар хөөн гаргасан.

 

Нийт олноороо бий болгосон 70 жилийн бүтээн байгуулалтыг хэсэгхэн зальтай овжин нь тонон дээрэмдэж...  Улсын хөрөнгийг хурдан хувьчилж, хувь хүнийх болох ёстой, тэгвэл зах зээл өөрөө бий болдог гэсэн худал капитализмын шийдлээр явсны үр дүнд, хүн амын 1%-д ашиг олох үүд нээгдэж, олонхи буюу 99% нь өөрсдөө бүтээн байгуулсан нийтийн баялгаас хүртээгүй хоосон хоцорчээ.

 

Марс гариг руу нисэх гэж бусад улс бэлтгэлээ базаан төлөвлөж байхад, 21-р зуунд бид тэдэнтэй хамт амьдарч байж, Монголчууд ичгүүртэйгээр модон жорлондоо бааж, данхтай усаар биеэ угаасан дундад зууны үерүү буцан иржээ. Монгол улс хөгжих биш улам дордож үүнээс илүү доошоо унана гэж байхгүй болжбид ёроолд нь хүрсэн.

 

Монголчууд нийтээрээ ирээдүйдээ итгэлгүй болж ухамсрын доройтолд орцгоон, эр эм хөгшин залуугүй архи ууцгаан, хэцүү амьдралаа түр мартахыг оролдож байна. Гэтэл ардчилсан гэх Ерөнхийлөгч болон түүний “барууны” найзууднь Монгол улсын хөгжиж байгааг гайхан шагширч, бусад улсад үлгэр жишээ улс боллоо гэж тунхаглан, бидний тархийг санаатай угааж байна.

 

Түүхэндээ энэ цаг “Уналтын харанхуй 23 жил” “Монгол хүн доромжлуулан доройтсон 23 жил” гэж үлдвэл үнэнд нийцнэ. Одоо бид үхэж босохын “барууны Нео-колончлолд” бүрэн автсан түүхэн эгзэгтэймөчид ирсэн байна. Монгол улс ямар замаар явах вэ?

 

Англо-Саксоны сонгодог капитализмын хэлбэр болох чөлөөт зах зээлийн модел гүн хямралаас гарч чадахгүй амь тэмцэнэ. Үүнийг бид Америк, Англид харж байна.
Нөгөө талаас капитализмын континентал хэлбэр болох их хэмжээний халамжийн бодлого нь их диффецит, ажилгүйдлийг бий болгон сүйрдгийг үзлээ. Энэ бол Грек, Итали, Португаль, Франц.

 

Монголд бас МАН-ын эрх барих үед хэрэгжиж,бэлэн мөнгөө тарааж барьцаанд тавьсан Таван толгой, Оюү толгойгоо гадныханд алдсан.  Тэгэхлээр энэ хэлбэр бүүр ажиллахгүй нь. Бид шинэ, хамгийн зөв болгоныг хослуулсан, дэлхийд болж байгааг нь сонгосон өөрийн уламжлалаа мөн шингээсэн  Монгол замаар явбал зүйтэй.                                   

 

Эхлээд бид хуучин тогтолцоог авч үлдэхийг янз бүрээр оролдож байгаа Ард түмнийг нохой шиг амьдруулж доромжилсонтөрд шургалсан олигарх луйварчдыг ховхлон хаяна. Ингэхээс өөр арга байхгүй. Дараа нь зөв хүмүүсээ гаргаж,  хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээ рүү чиглэсэн ашиг олохын тулд биш, хамтын,мэдлэг боловсролтой хүнлэг нийгмийг бий болгоно.

 

Монгол хүн гэсэн түүхэн өндөр нэрийг унагаахгүй. Өнөөдөр үхчэхвий гэсэнайдасгүйаюулгүй орчинд, хангалттай хоол ундтай, тохилог амьдрах боломжтой орон сууц, эрүүл мэндийн хамгаалалт, маргааш ажилгүй болчихно гэж эмээхгүй, баталгаатай хөдөлмөрлөх боломж, сурч боловсрон мэдэн дээшлэх, соёл урлаг үзэн чөлөөт орчингоо бүрдүүлж чадахаар мөн гэр бүлдээ цаг гаргах боломжтой “эрүүл” амьдралыг бий болгоно.

 

Ийм наад захын хүний үндсэн хэрэгцээг бид хуульчилж өгч, нэг ч Монгол хүнийг үлдээхгүй мөрдүүлэх болно. Монгол хүүхдийг төрснөөс эхлэнТөр хамгаалалтандаа авч түүнийгээ Үндсэн хуульд суулгаж өгч. Хувь хүн болон өсөн төлөвшөх бүх шатанд нь нягт хажуудан байж, зөв иргэн хүн болоход нь чиглүүлэн,боловсролын өндөр түвшинд, төрийн цогц бодлогтойоролцох болно.

 

Төрөөс зохицуулсан хамтын эдийн засгийг бүрдүүлж, аж үйлдвэрийг үргэлжийн хямралд оруулахгүйн тулд чөлөөт зах зээлийн хуулиудын аянд шидэхгүй, төрийн оролцоотой төлөвлөх хэрэгтэй зүйл байдаг гэдэг нь Скандинавын социализм бүрдсэн Норвеги, Швед, Дани, Финланд зэрэг орнуудад харуулж байна.Тэгэхлээр ардчилалтай хослуулан төлөвлөж нийт ард олны амьдралын нөхцлийг байнга сайжруулна.

 

Улс төрч Эдмунд Буркегийн хэлсэн “Муу муухайг цэцэглүүлэхийн тулд сайнууд юм хийхгүй байхад болно” гэдэг үгийг үргэлж санан, Сайнууд болох мэдлэгтэй, чадвартай зоригтой Монгол хүмүүс хурдан хөдөлж юмаа хийе. Бусдыг үргэлж дуурайсан алдаанаасаа хатуу суралцаж, зөвхөн зөв замаа урдаа тод харан, бид өөрсдөөрөө бахархан, бид чадна гэдэгтээ итгэн, нуруу цэх, тэргүүн өндөр байж энэ улс орныг хэн нэгэн нь өөр болгочихно гэж найдахгүй хүлээхгүй,

 

Чамаас өөр энэ улсад хэн ч байхгүй гэдгийг ойлгож, энэ үндэстний өнөөдөр, өчигдөр, ирээдүй... зөвхөн БИД гэдгийг ухаарч эх нутгаа мөхлөөс  хамгаалъя... Энийг сонгох үлдлээ.


Ч.Өрлөг