sonin.mn
“Бизнес, хөгжил” буланд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавыг урьж Хятад, Монгол, Орос гурван улсын худалдаа эдийн засгийн форумын талаар ярилцлаа.
 
-Энэ удаагийн чуулга уулзалтын ач холбогдол, өнгөрсөн жилүүдээс ялгаатай тал нь юу байв?
 
-Гурван улсын худалдаа, эдийн засгийн форум жил бүр өөрийн өнгө, агуулгатай болдог. Мэдээж улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээг хамарч байгааг та бүхэн анзаарсан болов уу. Жишээлбэл, есөн жилийн өмнө Эрээн хотын худалдааны танхимтай хамтарч зочид буудлын өрөөнд хурал зохион байгуулж байсан түүх бий.
 
Тэр үед манай улсаас 30 орчим төлөөлөгч оролцож байсан. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Худалдааны танхим хооронд бизнесийн хүрээнд явж байлаа. Гурван жилийн өмнөөс ОХУ, БНМАУ-ын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга нарын хамтын ажиллагааны дүнд, ялангуяа гурван улс хооронд эдийн засгийн коридор байгуулах хамтын шийдэлд хүрснээр уламжлал болсон хуралдаан өргөн цар хүрээг хамарч байна.
 
Тиймээс сүүлийн хоёр жил энэхүү уулзалт Өвөрмонгол болон Хятад улсын Засгийн газрын хэмжээнд авч үздэг болсноор оролцогчид нэмэгдэн, ач холбогдол, үр дүн ч өсч байна. Энэ удаагийн уулзалтад манай улсаас УИХ, Засгийн газар болон орон нутгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцлоо. Ер нь энэ форумын гол зорилго нь бизнес эрхлэгчид болон эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлийн замыг засч бартааг арилгахад чиглэж байсан юм. Манай байгууллагын хувьд үүргээ сайн биелүүлсэн гэж бодож байна.
 
-Бизнесийнхэн болоод албаныхан та бүхний зассан дардан замаар саадгүй явахын тулд чухам юуг анхаарах ёстой вэ?
 
-Бизнес эрхлэгчид, албаны хүмүүс зассан замаар хэрхэн явж, юу бүтээх вэ гэдэг нь тэдний зүтгэл, сэтгэлээс шалтгаална. Бид өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Энэ удаагийн уулзалтаар Хятадын тал Эрээн хотыг хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийхээс илүү Замын-Үүдэд хөрөнгө оруулах сонирхолтой гэдгээ илэрхийллээ.
 
“Замын-Үүд” чөлөөт бүс татваргүй учраас дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой гэж харж байгаагаа хэлж байсан. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдийн дэд бүтэц, цахилгаан станцыг нь барьж өгөх боломж байгаа юм байна. Энэ ажлын явц ямар байх нь чөлөөт бүсийн шинэ удирдлагуудаас шалтгаална. Мөн “Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлыг хойд хөрштэйгээ тохиролцон шийдвэрлэх боломж бий.
 
Хамгийн гол нь ОХУ болон БНХАУ-ын нэг сая км замыг манай улсаар дамжуулан холбох нь маш чухал. Тэгэхээр нэн тэргүүнд 1000 км үргэлжлэх автозамыг барих ажлыг түргэвчлэх хэрэгтэй. Үүний тулд холбогдох яамд болон Засгийн газар яаралтай шийдвэр гарган тэнд ажиллах аж ахуйн нэгжийг авлига, хээл хахуульгүй, арын хаалгагүйгээр сонгон шалгаруулах учиртай. Одоогоор энэ бүх ажил биднээс шалтгаалж байгаа юм.
 
-Манай улсын чөлөөт бүсийн хөгжил олон жилээр даамжирч байгааг шүүмжилсээр ирсэн. Гэвч урагшлахгүй байсаар байна шүү дээ. Тэгэхээр бид юунд анхаарлаа хандуулах ёстой вэ?
 
-“Замын-Үүд, “Алтанбулаг” чөлөөт бүсийг төрийн оролцоотой хийх гэж 20 жил оролдсон ч амжилтад хүрээгүй юм шүү дээ. Тэгэхээр хоёр чөлөөт бүсийг хөгжүүлэх эрхийг хувийн хэвшилд олгож, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх нь үр өгөөжтэй гэж харж байна. Хэрэв энэ зарчмаар ажиллавал хоёр жилийн дараа эдгээр бүс идэвхтэй ажиллагаатай болох юм. Ялангуяа, “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг Өвөрмонголын өөртөө засах орноос гаргах санаачлагыг манай талд тавьж байгаа. Түүнчлэн банк санхүүгийн системд нээлттэй харилцаатай байх сонирхлоо илэрхийлсэн.
 
Манай улсын хувьд давуу эрхтэй компаниуд зах зээлийн зарчмаар ажиллах боломж олговол орж ирэх боломж бий. Энэ бүхэн эдийн засгийн коридороор дамжина. Хаалгаа нээгээд оруулах эсэх нь манай улсаас шалтгаалж байна. Хоёр хөршийн тухайд харилцан асуудлаа шийдвэрлэсэн. Эдийн засгийн коридороор зөвхөн бараа бүтээгдэхүүн гарна гэж ойлгож болохгүй. Үүнийг дагаад санхүүгийн болон бусад үйлчилгээ орж ирснээр эдийн засгийн өсөлт чухал байр суурийг эзэлнэ.
 
-Энэ удаагийн форумаас хүлээж байсан үр дүнгийн талаар та саналаа хуваалцаач?
 
-Манай байгууллагын зүгээс хөрөнгө оруулалт, харилцан, хамтран ажиллах замыг нь засах ажлаа маш сайн хийсэн гэж болно. Бид Өвөрмонголын худалдааны танхимтай нягт ажиллаж өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л зүйлийг амжилттай биелүүлсэн. Тиймээс бизнес эрхлэгч болон албаныхан хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ оновчтой, зөв тодорхойлох хэрэгтэй.
 
Үүнийг дагаад эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт орж ирнэ. Гэхдээ манай бизнес эрхлэгчид нэг дутагдлаа засахгүй байгаа нь анзаарагддаг. Өөрөөр хэлбэл, борлуулж буй барааныхаа шошгийг үзэсгэлэн болж буй орны хэл дээр бичих хэрэгтэй шүү дээ. Энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд оролцохдоо жил бүр 50-100 бизнес эрхлэгчтэй оролцдог байсан. Энэ жил 180 гаруй аж ахуй нэгж, 300  гаруй бизнес эрхлэгч оролцож байна. Түүнээс гадна өөрсдийнхөө бизнест тохирсон маркетинг, менежментийг хийж хэвших ёстой. Хэдийгээр манай улсад энэ төрлийн бизнес эрхэлдэг компани цөөхөн байдаг ч тэднийг ашиглах хэрэгтэй.
 
Учир нь олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцохдоо тухайн үед олох ашгаас илүүтэй ирээдүйд хөрөнгө оруулалт татах боломж болон хамтарч ажиллах нөхцөл бололцоог сонирхох нь чухал. Харамсалтай нь энэ боломжийг төдийлөн ашиглахгүй байна. Уг нь үзэсгэлэн худалдаа гэдэг нь өөрийн бүх бололцоог гадны хөрөнгө оруулагч, худалдан авагчдад дэлгэж үзүүлэхийг хэлдэг. Хамгийн гол нь тогооноосоо хальж сэтгэх өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжийг ашигладаг байгаасай гэж хүсч байна.
 
-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгааг гадны төлөөлөгчид хэлж байна. Уулзалтын үеэр хөрөнгө оруулалт хийхийг сонирхож байгаагаа илэрхийлж байна. Гадныхны хувьд хүлээлт ямар байна вэ?
 
-Бидний хувьд хөрөнгө оруулалтыг шингээх талбар нь аж ахуйн нэгж. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шүү дээ. Өнгөрсөн жил батлагдсан Ил тод байдлын тухай хуулиар 34 их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгосон.
 
Үүний цаана 33 мянган компани гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг шингээх боломж бүрдсэн байгаа юм. Энэ өөрчлөлтийг гадныхан таатай хүлээж авч байна. Нөгөө талаас бидний хийж байгаа энэхүү уулзалт сүүлийн хоёр жилийн хугацаанд шат ахисаар дөрөвдүгээр үедээ орсон. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөн өнгөрсөн сонгуулиар шинэ Засгийн газар байгуулагдан энэхүү уулзалт оролцож байсан албаны хүмүүс солигдсоноор бидний хэлэлцэж, тохиролцсон ажил удаашрах төлөвтэй байна.
 
Харин урд хөршийн хувьд санал солилцож, зөвшилцөлд хүрсэн учраас ажил хэрэг болгох талд анхаарлаа хандуулж байгаа юм. Тиймээс холбогдох төрийн байгууллагын шинээр ажлаа авсан хүмүүс өнгөрсөн хугацаанд чухам ямар ажил ярилцаж, аль шатанд хүрсэн бэ гэдгийг ойлгож тохиролцсон ажлыг бодит байдалд буулгахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүний тулд бидний зүгээс ойлгуулж тайлбарлах, мэдээллээр хангах ажлыг уйгагүй хийж, үүргээ биелүүлэх болно.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин