sonin.mn




   Үнэн үү? гэж асуухад үнэн гэж хариулж хэлсэнээр бүхий л амьдрал тэр чигээрээ орвонгоороо эргэдэг. Үнэнийг асуусан ба хариулсан хүмүүс адилхан л үнэнийг бодсон гэж үү? Үнэн бол олон биш ганц. Тэр л үнэн нь үнэн л учраас үнэн ба худлаагийн тухай маргаан байх ёсгүй. Хэлсэн үг бас үйл явдал хоёр яг таг таарсан байх л үнэн.

Үнэнийг хэлэх эсвэл үнэхээрийн байдлыг дүрслэхэд тийм ч амар биш. Яагаад гэвэл үнэн ихэвчлэн наад зураг биш бас цаад учир нь. Үнэхээрийн байдал нь энэ л үүссэн эсвэл тохиолдсон явдал. Тиймээс үнэхээрийн байдлыг судалж ойлгож түүнийг тод хэл яриагаар тайлбарлаж түүнийгээ эцэст нь дүгнэх нь чухал.

Үнэнийг хэлэх нь эцсийн тэр л ганцхан үнэнийг хэлж чадсан уу? гэсэн асуулт. Үнэнийг хэлэхээс гадна бас хайж олж тогтооох ажил гардаг. Үнэнийг хайх нь хүний амьдралын учир. Үнэний төлөө эрэл хайлт олон мянган жилийн түүхийг туулж иржээ.

Үнэнийг хайх гэдэг нь үнэн хайчваа, хайччихав эсвэл үнэнийг хайж олох цаашилбал үнэнийг хайгаач ээ гэсэн асуултууд мөн урианууд гэмээр. Үнэн бол хувь хүний төсөөлөх чадвар, ялгаж салгах чадвар бас хэлж ярихдаа зөв ярих чадвар гэх мэт олон чухал үйлдэлүүдээс шууд хамааралтай.

Үнэн үү? Гэсэн асуултанд үнэн гэж хариулж хэлэх нь хэний үнэнийг хэлсэн бэ? Гэсэн нэмэлт асуулт тавигдана. Хоёр хүний хоорондын миний үнэн ба чиний үнэнээс гадна бас гуравдагч хүний үнэн гэж ярих нь элбэг. Хоёр хүний хоорондын үнэний хажууд гарч ирсэн гуравдагч буюу бусдын үнэн заримдаа хоёр хүний хоорондын үнэнийг шийдвэрлэх нь харамсалтай. Хоёр хүний үнэнийг нэгнээс нь үнэн үү гэж асуугаад л гуравдагч шийдэх гэж үү?

Үнэн нэг бол абсолут үнэн эсвэл үнэн өөрөө релатив утгатай. Энэ хоёр туйлын аль нэгийг хүн шийддэг. Абсолут үнэн байгаа гэвэл өгөгдсөн үнэн л гэмээр. Үнэн релатив утгатай гэвэл түүний үүсэл, нөхцөл гэх мэт олон ойлголтуудыг нэг бүрчилэн судалж нэг үгээр хэлбэл үнэнийг илчлэнэ.

Үнэн гэж юу вэ? гэсэн асуултын хариуг тодорхой, яг таарсан хэлэхэд бэрхшээлтэй. Тэр л бэрхшээлээс гарахын тулд үнэний тухай олон төрлийн ухагдахуунуудыг эхлээд ойлгох нь ашигтай. Үнэнийг мэдлэгтэй хамааралтай тайлбарладаг. Зөв таньж бас зөв мэдсэн факт нь эцсийн үнэн .Энэ үнэнд ямар ч тайлбар хэрэггүй, ямар ч шалтгаан хэрэггүй бас ямар ч шалтаг хэрэггүй. Үнэн нь л бол үнэн.

Үнэний теори бас ухагдахуунуудыг тодорхойлохын тулд обектив үнэн, субектийн үнэн ба энэ хоёрын тэнцүүлэлтээр үүссэн давуу үнэн гэж үнэнийг дотор нь ангилдаг. Үнэн нь ялгах чадвар, үнэн хэллэг эсвэл үнэн өгүүлбэрүүд байх нь субектийн үнэнтэй хамаатай. Гэтэл үнэн зүйл нь юу вэ гэсэн далд нууцыг нь олох гэсэн яриа үргэлж гардаг ба үүнийг л обектийн үнэн гэдэг.

Үнэн гэдэг дотоод чанар. Гадаад байдлыг хүн зөвхөн мэдэрч, ажиглаж л байгаа. Жинхэнэ үнэн бол далд нууц нь. Үнэнийг үнэлж бас цэнэлэх боломжгүй. Үнэн бол үнэлж баршгүй үнэтэй. Ертөнцийн юмсын гаднах дүр зураг солигдох эсвэл хувирсан байх нь үргэлжийн л тохиолдох үйл явдал. Тэр цаад үнэн нь дотроо хадгалагдсан л байгаа.

Үнэн бол дотроо байгаа жинхэнэ байдал учраас хүмүүст барьцтай. Үнэн байхгүй гэвэл амьдрал зогсоо зайгүй солигдол ба хувиралт. Тиймээс хүн амьдралын ийм хувиралд хөлөө олох боломжгүй нэг ёсондоо хөлтэй биш хөлгүй амьдрал үүснэ. Тэгэхээр үнэнтэй амьдрал гэдэг нь барьцтай бас түшицтэй хөлөө олсон.

Эцсийн эцэст субектийн үнэн ба обектийн үнэн хоёр тэнцсэн байх л чухал. Аль нэг нь илүү байвал жинхэнэ үнэн гарч ирэхгүйзөвхөн аль нэгнийх нь давуутай үнэн л гарч ирнэ.

Хүмүүсийн ойр зуурын ярианд үнэн гэсэн үг ялгаатай хэрэглэгдэж тэр ч байтугай ховордсон. Ер нь жинхэнэ үнэн үргэлж л нууц. Үнэн бол хувийн нууц тиймээс үнэнээ хэл гэх нь нууцыг мэдэх гэсэн хардалт.

Үнэнийг хэлний онцлогоос шалтгаалан олон янзаар илэрхийлж бас түүнийг олон янзаар ойлгодог. Үнэн найз гэхийн оронд үнэнч найз гэж үнэнийг хэлдэг найзыг л үнэнч гэж нэрлэжээ. Үнэт чулуу гэж нэрлэх нь ховор чулуу нь үнэн шүү л гэснийг ойр зуурын хэл яриагаар илэрхийлсэн.

Үнэн гэсэн үгийг олон төрлөөр монгол хэлэнд хэрэглэдэг. Хүн үнэнээ хүлээх гэдэг нь хугацаагаар үнэнийг илэрхийлсэн ба үнэнийг мэдэхийн тулд хүн заавал хүлээх л гэсэн ойлголт. Үнэнийг илчлэх мөн цаашилбал үнэн нүүр гэсэн нь үнэний нуугдмалыг ил гаргах гэсэн ойлголт ажээ.

Үнэн гэсэн ойлголт нь зөв буруу гэсэн үгнүүдтэй бас л хамааралтай хэрэглэгдэнэ. Бид хэл яриандаа зөв л байвал үнэн гэж хэлэх нь бас элбэг. Үнэхээр л болж өнгөрсөн үйл явдлыг хүмүүс араас нь үнэн үү гэж асуудаг ба үүний хариулт нь үнэн эсвэл худлаа гэсэн хариултууд. Үнэн гэдэг нь логикийн хувьд зөв, бодоход алдаа мадаггүй байх теоритой. Ер нь баттай хөдлөшгүй зүйлсийг л үнэн гэж бас нэрлэдэг.

Хүн үнэнийг хэлж байна гэдэг нь ертөнцийг үнэнээр дүрслэн буулгаж байна гэсэн ойлголт. Тэр буулгасан буулгалтыг л бид үнэн эсвэл худлаа гэнэ. Тиймээс аливаа хэл яриа маш их тодорхой, хурц мөн тунгалаг байх нь хамгийн анхаарууштай. Үг ба өгүүлбэрийн бүтцийн логик маш цэгцтэй замбараатай байсан цагт хүмүүс амьдралын үнэнийг буулгах боломжтой.

Үнэнийг түүхийн талаас нь, нийгмийн талаас нь, политикийн талаас нь, шашны мөн сайэнсийн гэх мэт олон талуудаас нь судалж тайлбарладаг. Түүхийн үнэн гэж байхгүй харин түүх ба үнэн хоёр хаа нэг эхлэлтэй ба үнэн бас хаа нэгтээ өнгөрөн төгсдөг.

Эцэс төгсгөлгүй үнэн гэж байхгүй. Тэр л тухайн цаг мөчид л үнэн түүхүүд яригдана. Эндээс л цаг цагийн түүхүүд үүсдэг ба түүх бүрийг шинээр тайлбарлах ажил өрнөдөг.

Үнэнийг бид үгээр өгүүлдэг. Зөвхөн өгүүлбэрээр өгүүлэх биш бас хэллэгээр хэлдэг. Математикийн баталгаа, геометрийн дүрсүүд ба сайэнсийн теоринууд нь мөн техникийн өгүүлбэрээр илэрхийлсэн хуулиуд нь үнэн гэсэн  хэллэгүүд. Эдгээр нь эцсийн үнэн биш харин одоохондоо хамгийн үнэн хэллэг.

Үнэний теори нь жинхэнэ үнэн гэж нэрлэгдэх нууц биш, далд биш хаалтгүй л зүйлүүдийг илэрхийлдэг. Үнэн гэдэг нь тэр л байгаа үнэн. Эндээс л байхын үнэн буюу үнэний байгаа чанар гарч ирдэг. Үнэн гэдэг нь байгаагаараа л байгаа нь энэ гэсэн байгаагаа л хэлдэг гэтэл энэ л байгаа нь ил гаргахын аргагүй далд.

Үнэнийг харсан эсвэл мэдсэн хүн зөвхөн тухайн хүн үнэнч байхаас хамаарахгүй. Тухайн хүн өөрөө зөв харсан байх нь урьдчилсан нөхцөл ба тэгж байж л үнэнийг хэлнэ. Андуурал нь үргэлжид тохиолдох байгалийн чанар. Эндүүрэл бол хүнээс өөрөөс нь шалтгаална. Андуурал бол андуурч харах харин эндүүрэл бол эндүүрч бодох.

Тоглох, зүүдлэх, дууриах, хуурамч байх нь үнэний эсрэг ойлголтууд учир үнэнтэй ямар ч хамаагүй. Үнэнч биш сөрөг байдлууд нь хүмүүсийн сэргэлэнтэх, залилах, мэхлэх, эндүүрэх, үг дуугүй дарагдуулах мөн хоосон шүлэглэх.

Үнэнч биш хүмүүсийг найдваргүй, хуурамч, шударга биш гэж нэрлэдэг ба тэдгээр хүмүүс нь яагаад үнэнийг далдлах нь нийгмийн, политикийн, психологийн эсвэл шашны шалтгаануудтай хамаатай. Хүн үнэнийг шалтгаантай биш бас шалтагтайгаар дарж хаадаг.

Үг хэлний үнэн худлааг зөвхөн ярианы хувьд л дүгнэхээс биш үнэний теоритой хамтруулан ойлгох ямар ч боломжгүй. Учир нь үг хэлээр тоглох эсвэл үнэн худлааг илэрхийлээгүй шүлэглэсэн шүлэглэл нь үнэн амьдралтай ямар ч хамаагүй. Үнэн гэж бас сонин сэтгүүл нэртэй байх нь үнэний теори биш зөвхөн л нэрлэсэн нэрлэгээ. Ер нь сонингууд үнэнийг мэдээлэхээсээ илүү мэдээлэлийн үнэнийг баримтлах зарчимтай.

Үнэний теори бол логикийн тусламжтайгаар үйлдэлийг буцааж хөөж үнэнийг тодорхойлоход оршино. Үнэний тухай логикийн олон хэллэгүүд зохиогдсон. Би худалч шүү гэсэн хэллэг нь хүнийг худалч хүн учраас худлаа хэлж байгаа тэгэхээр үнэн байх нь гэж ойлгомоор.

Худалч хүн үнэнээ хэлж байгаа нь худлаа учраас л үнэнийг ч бас худлааг нь ч тодорхойлох аргагүй үгээр тоглох олон боломжуудтай. Үүнтэй адил өдөр дутмын амьдралтай ямар ч хамаагүй олон сайхан үгнүүдийг холбон уянгатайгаар уншиж тоглох боломжтой. Үнэнч хайр дурлал гэдэг нь хайр нь үнэн үү эсвэл хайрыг хэлж буй нь үнэн үү гэдгийг мэдэх аргагүй.

Үнэнийг хэлэхийн тулд бодол ба байх хоёрын харьцаа, субект ба обектийн харьцаа, мэдлэгээс үнэхээрийн байдалд харьцах харьцаа гэх мэт олон харьцаануудыг илэрхийлэх нь ойлгоход тустай. Үнэнийг хэлж буй хүн өөрөө үнэн байх нь урьдчилсан нөхцөл. Үнэнийг мэдэхийн тулд хүн яагаад? гэж шалтгааныг асуухаас гадна бас юу нь? гэж төрхийг нь асуудаг.

Үнэн эсвэл худлаа гэж байх тухай л ярихаас биш үнэнд ямар нэг зэрэглэл байхгүй. Ойр зуурын яриандаа хүмүүс үнэний хувьтай эсвэл бараг л худлаа болж таарлаа гэх нь хэллэгийн онцлогтой хамаатай ба цаад жинхэнэ үнэнтэй ямар ч хамаагүй. Үнэн л бол үнэн. Худлаа л бол худлаа.

Үнэнийг үг өгүүлбэрээр буулгаж дүрслэхээс гадна бас дүгнэлт хийж дүрслэдэг. Шалтгаан ба түүний үйлчлэл, шалтаг ба түүний үр дагавар мөн нөхцөл ба нөхцөлдөх гэх мэт нь өмнөхөөсөө дараагийнх нь хамаарсан логик хамаарлыг дүгнэдэг. Үйлчлэл, үр дагавар ба нөхцөлдөх гэх мэт нь субектууд ба тэдгээр нь обектоос хамааралтай.

Ойр зуурын ярианд үнэн худлыг ярих нь зөвхөн үйл явдлыг ялгаж салгахдаа биш мөн цаашлаад орчиндоо нөлөөтэй. Хүүхэд өсөж ертөнцтэй танилцахад үнэний ойлголт чухал. Энэ бол үнэн тэр бол худлаа гэж хүүхдэд үнэнийг ч бас худлааг ч зааж сургах нь хожим үнэн худлааг ялгаж бас хэрэглэж сурсан хүн болоход тустай. Үнэн худлааг сураагүй хүүхэд үргэлжийн л гомдоно.

Үнэн ба худлаа нь амьдралын зөвхөн шинж биш бас өнгө. Зөвхөн л үнэнээс тогтсон дэлхий уйтгартай. Зөвхөн л худлаагаас тогтсон дэлхий аюултай.

Ойр зуурын ярианы үнэн худлааг хүмүүс үргэлж шалгаж шалгаахгүй ихэнхидээ л итгэлцэл ба интуицдаа найдан хүлээж авдаг. Сайэнсийн үнэн худлааг үргэлж шалгаж баталгаажуулж баттай теори гаргаж авдаг. Зарим сайэнсийн салбаруудад эксперимэнтээр шалгаж үнэнийг баталгаажуулах боломжгүй нөхцөлд хипотезээр магадалдаг.

Сайэнсад магадтай эсвэл магадгүй байхыг үнэнтэй ойр гэсэн процентоор тооцоолдог. 50-иас дээш процент магадтай бол үнэнтэй ойр түүнээс бага магадтай бол худлаа тал руугаа буюу магадгүй. Яг хэлэхэд магадлал гэж байхгүй харин үнэний хувь л байдаг гэмээр. Энэ бол судалгаа шинжилгээний ажлуудтай хамаатай.

Түүхийн үнэн, заншилын үнэн эсвэл урлагийн үнэн цаашилбал шүүхийн үнэн гэж ярьж хэлсэнээр ярьсан ба сонссон хүн мөн бичсэн ба уншсан хүн гэх мэт олон хүмүүсийн үнэнийг тогтоож хайх эсвэл үнэнийг шүүж шийдэх ажлууд гарч ирдэг ба ингэснээр үнэн ямар нэг байдлаар тунгаагдаж эцэстээ үнэнийг тунгаалаа гэсэн ойлголт гарч ирдэг.

Түүхийн үнэн гэхээр нэг бол хэн сонссон бэ? эсвэл хэн уншсан бэ? гэсэн асуултууд гарч ирэхээс гадна хаана шүүсэн бэ? эсвэл яаж тунгаасан түүх вэ? гэсэн дараагийн олон асуултууд гарч ирдэг. Судлаачид үнэн түүх гэхээсээ илүү хүчин төгөлдөр түүхийн тухай өгүүлдэг. Хүмүүсийн сонссон эсвэл уншсан зүйлүүд ямар нэг хэмжээгээр хүчин төгөлдөр байсан цагт үнэнд ойртоно.

Үнэний эсрэг үнэн биш яригддаг. Үнэн бишүүд нь хуурмаг мөн худлаа. Худлаа ярих нь үнэнийг мэдсэн мөртлөө нуудаг. Дэмий ярьж буй хүн үнэнийг ч мэдэхгүй бас худлааг ч мэдэхгүй.

Үнэн байлаа эсвэл худлаа байлаа гэсэн эцсийн дүгнэлт гаргахын тулд хүн хэрэг байдлын буюу хэрэг явдлын тухай хэрхэн өгүүлж буй мөн хэрхэн илэрхийлж буй хэллэгүүдийг авч хэлэлцдэг. Үнэндээ бол, үнэнхүү чармайсан гэж хүмүүс үнэхээр л хэрэг байдлын тухай тайлбар хийдэг. Гэтэл амьдрал дээр хүмүүс ямар ч үнэнд ямар ч тайлбар хэрэггүй гэдэг ба зөвхөн үнэн эсвэл худлааг л хэлэхийг хүсдэг.

Эцсийн эцэст үнэнийг хүсэх нь зөвийг хүсэх цаашилбал гоёыг хүсэхтэй ижил. Учир нь үнэн, сайн ба гоё гэсэн гурван ухагдахуунууд нь харилцан нягт холбоотой. Ерөөсөө үнэнийг үзүүлж чадвал сайн бас үнэнээрээ байгаа зүйлүүд гоё.

Өдөр дутмын амьдралын хэрэг явдал өнгөрөн урсах тохиолдолууд эсвэл золтой ба золгүй заяанууд нь цаанаа нэг учиртай байв уу гэсэн ойлгож мэдэхийн хүсэл нь үнэнийг мэдэх гэсэн л хүмүүсийн цаад сонирхолууд. Яг хэлэхэд зарим үнэн гашуун тэр ч байтугай гашуудалтай.

Үнэн зөвхөн хүсэл сонирхол татахаас гадна бас зарим үнэн амьдралын утга учрын эрэлд уриалан дууддаг. Үнэнээрээ байх нь зөвхөн гоё байхаас гадна хөнгөхөн бас цовоо байлгадаг. Худлаагаараа байх нь хүндрэлтэй, түгшүүртэй үргэлжийн л дарамттай.

С.Молор-Эрдэнэ "Ертөнц Бодол Мэдлэг" номоос