sonin.mn

Байцаагч нарын шагнал нь Замын-Үүд, Сэлэнгэ, Улаанбаатарын гаальд томилогдох



Гаалийн Ерөнхий газ­рын дарга ажлаа авснаас хойш багагүй ажил хийсэн гэдэг. Тэдгээрийн нэг нь байцаагчдаа сэлгэн ажил­луулах юм.

Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын улсын бай­цаагчдаа нэг газар буюу хилийн нэг боомт, хо­роонд удаан хугацаагаар ажил­луулахгүй байхаар болсон. Энэ нь эрсдлээс урьдчилан сэргийлж, хяналт шал­гал­тын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой гэнэ.

Тиймдээ ч тус газар өнгөрсөн онд гаалийн улсын 314 байцаагчийг 18 газарт сэлгэж ажиллуулсан. Түүнчлэн саяхан гаалийн улсын 384 байцаагчийг сэл­гэн ажиллуулахаар бол­сон байна. Ингэхдээ Гаалийн тухай хуулийн “Гаалийн арга ажиллагаанд нэг газар удаан ажиллаад ашиг со­нирхолын зөрчилд автаж болзошгүй тэр байдлаас урьдчилан сэргийлэх” гэсэн заалтыг удирдлага болгодог хэмээн тайлбарладаг.

Мөн Сэлэнгэ, Замын-Үүд, Улаанбаатарын гаальд удаан ажилласан байцаагч нарыг сэлгэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Харамсалтай нь тэдний энэхүү тайлбарыг зарим байцаагч нь эрс эсэргүүцэж байгаа бөгөөд сэлгээ нэрээр цөллөгө зохион байгуулж байна хэмээх болжээ. Энэ нь Гаалийн байгуулагын удирдлагууд өөрийн халаасны хүмүүсээ хүссэн газарт нь томилж, таалагдаагүй байцаагч нараа хилийн хороодод илгээх болсонтой холбоотой аж.

Үнэн хэрэгтээ гаалийн байцаагч нарын хувьд Замын-Үүд, Сэлэнгэ, Улаанбаатарын гаалийн газарт ажиллахыг илүүд үздэг төдийгүй эдгээрт томилогдохыгоо “Тэнгэрийн умдаг атгалаа” хэмээдэг байна.
Мөн энэ гурван боомтод хуваарилагдах нь шагнал мэт ойлгодог төдийгүй энэ нь гаалийнханы хээл, хахууль, авилгатай холбоотой гэдгийг эх сурвалжууд өгүүлсээр байна.

Гаалийн Ерөнхий газрын өнөөгийн удирдлагууд сэлгээг ийн цэвэрхэн тайлбарлаж байгаа ч цаад утгаараа өндөр албан тушаалтнууд болон байцаагч нарын хоорондох “найраа, наймаа”-г цэцэглүүлж байгааг хөндлөнгийн эх сурвалжууд хэлдэг.

Тухайлбал, Замын-Үүд боомтоос Сэлэнгийн гаальд томилогдон очсон байцаагч Ю.Шижирбаатар Д.Нямаа хоёр сар ажиллаад Улаанбаатар хотын гааль руу шилжсэн бол Дамдинсүрэн гэх байцаагчийг ГЕГ-т татан ажиллуулах болсон байна.

Түүнчлэн таван тонн зөгийн балны хэрэгт холбогдож багагүй шуугиан тарьсан байцаагч В.Батжаргал нь Сэлэнгийн гаальд 14 жил ажиллаж байгаа ч сэлгээнд өртөж, бууриа солилгүй үлдэж чадсан байх жишээтэй.

Гаалийн дарга нар сэлгээнд хамрагдаж буй зарим байцаагчийнхаа насжилтыг харгалзан үзсэн хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл мөн л дээрх зөгийн балны хэрэгт нэр холбогдсон байцаагч П.Буянтогтохыг Эрдэнэтийн гааль руу илгээсэн бол түүнтэй үе чацуутан Ж.Дашдавааг нийслэл дэх Шуудангийн гаальд, Ц.Зоригтийг Өмнөговь руу цөлсөн гэнэ.

Энэ мэтчилэн шинэчлэл хийж буй мэт харагдаж сэлгээнд гаалийн нэг боомт, хороонд олон жил ажилласан байцаагч нарыг хамруулж байна хэмээн ойлгуулсан. Тэгвэл Замын-Үүдийн гаалиас Сэлэнгэд шилжин очоод жил орчим болсон байцаагч Х.Уянгыг сэлгээнд хамруулан нийслэлд залж, Сэлэнгийн гаальд хоёр жил ажилласан Уугантуяаг Замын-Үүд боомт руу томилсон байдаг.

Бүр цаашилбал Сэлэнгэ аймагт гэр бүлийнхэн нь ОХУ-аас мод импортлон, Хятад руу экспортлодог компанитай Э.Мөнхцацрал гэгч байцаагчийг тус гаальд хэвээр нь үлдээсэн зэргээс харвал Гаалийн Ерөнхий газарт ямар сэлгээ явагдаж байгаа нь бүр тодорхой. Учир нь Э.Мөнхцацралын хувьд ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэх бүрэн боломжтой юм.

Энэ удаа зөвхөн Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт хийгдсэн сэлгээний талаар дурьдахад ийм байна. Тэгэхээр Гаалийн байгууллага дотооддоо сэлгээ нэрээр зарим байцаагчаа цөлж, албан тушаалтнуудынхаа халаасыг зузаалж байгаа аж.


Ж.Нарангэрэл

Эх сурвалж: