sonin.mn
Төр гэгч юу вэ. "Иргэдийн төлөөллийн удирдлагыг төр гэнэ. Иргэд нь төрөө санхүүжүүлнэ. Төрөө хянана, Төрөө удирдана. Иргэд бол хаан, төрийн албан хаагчид бол боол буюу иргэдэд үйлчлэх үйлчилгээний ажилчид" гэж их ярих болжээ. Үнэхээр иргэд бид хаан юм бол яагаад төрийн албан хаагч болсон боолуудаасаа дор эрх мэдэлтэй, тэднээс дор ахуй хангамж, цалин мөнгө авч байна вэ.
 
Төрийн албан хаагчдыг иргэд бид санхүүжүүлж, өөрсдийн эрх мэдлийг төлөөлүүлэн төрийг удирдуулж байгаа. Тэгвэл яагаад тэдний эрх мэдэл, албан тушаал, цалин хөлсийг иргэд бид хянан зохиуцуулах эрхгүй байдаг билээ. Иргэд бидний энэ эрхийг улс төрийн том толгойлсон намууд булаан авчихсан юм биш үү.
 
Улс төрийн намууд өөрсдийн намын гишүүдийг төрд тасралтгүй тогтвортой ажиллуулахын тулд Төрийн албаны зөвлөл гэгч халхавчийг гаргаж ирсэн. Энэ халхавчин дор намаасаа татгалзсан гэдэг нэр зүүж зүсээ хувиргасан төрийн албан хаагч нэртэй намын гишүүд байсаар байна.
 
Иргэн хүн аль нэг улс төрийн намын гишүүн биш бол төрийн албанд орж, ажиллах ямарч боломжгүй. Төрийн албаны зөвлөлийн шалгалтанд заавал бүдэрнэ. Улс төрийн намаас татгалзсан гэдэг нэр зүүсэн этгээдүүд улаан гэрлээр тэнцэнэ. Гадаад дотоодын ямарч сайн сургуулийг онц дүнтэй төгссөн, эзэмшсэн мэргэжилдээ гаргууд сайн байлаа гээд ч ямар үр дүнгүй.
 
Төрийн албанд хоёр жилээс дээш жил ажилласан дадлага туршлагатай байх ёстой гэх мэт заалтууд тээг болно. Хэрэв аймаг орон нутгийг удирдаж байгаа ялсан намын гишүун бол төрийн албаны шалгалтанд та өндөр оноо авч тэнцэх нь тодорхой.
 
Дархан-Уул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга, Захирагчийн албаны дарга, Боловсролын газрын дарга, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны таван сул орон тоо гарсан тул төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
 
Сонгон шалгаруулалтад орох иргэдийг энэ сарын 11-15-ны өдрүүдэд бүртгэжээ. Тус бүртгэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд гурван хүн, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд таван хүн, Захирагчийн албаны даргын албан тушаалд гурван хүн,
 
Боловсролын газрын даргын албан тушаалд дөрвөн хүн, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд гурван хүн, нийт 18 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт энэ сарын 18-ны өдрийн 15.00 цагт ШУТИС-ийн Тестийн төвд болов.
 
Сорилд 18 хүн оролцохоос нэг хүн сорилын шалгалтад ирээгүй, 17 хүн сорил өгсөнөөс найман хүн тэнцжээ. Сорилын шалгалтад тэнцсэн найман хүнээс үргэлжлүүлэн бичгийн шалгалт, гадаад хэл, цахим мэдээллэл, ярилцлагын шалгалтуудыг авч сонгон шалгаруулах комиссын дүнгээр Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд О.Банзрагч, Б.Бат-Эрдэнэ,
 
Ч.Мөнхцэцэг нарын гурван хүн, Захирагчийн албаны даргын албан тушаалд Д.Батжаргал, Б.Жаргалсайхан нарын хоёр хүн, Боловсролын газрын даргын албан тушаалд Ч.Эрдэнэбилэг, С.Баттулга нар тус тус тэнцэж төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж мэдэгдэв.
 
Тэнцсэн иргэдийг "Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэх тухай" Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 28 тоот тогтоол гарч, тогтоолыг төрийн албаны зөвлөлд болон захиалга ирүүлсэн аймгийн Засаг дарга, хэлтэс, агентлагийн дарга нарт хүрүүлсэн тухай Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээл өгөв.
 
Гэтэл шалгалтад тэнцсэн гээд байгаа хүмүүс нь эдгээр сул орон тоон дээр үүрэг гүйцэтгэгч, намаас хамааралтай нөхдүүд байх юм. Үүрэг гүйцэтгэгч эдгээр нөхдүүд шалгалтандаа тэнцсэн, энгийн иргэд болохоор шалгалтандаа унаад байгаа нь нэг үнэмшилгүй. Аймгийн Захирагчийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батжаргал нь МАН-ын гишүүн өмнөх дөрвөн жилд 3-р багаас аймгийн ИТХ-д МАН-ын төлөөлөл болон суусан.
 
Энэ жилийн аймгийн ИТХ-д дахин нэр дэвшин I багт өрсөлдсөн боловч ялагдал хүлээсэн билээ. Сонгуулийн дараа МАН нь олонх болсон учраас аймгийн Захирагчийн албаны үүрэг гүйцэтгэгч болсон. Боловсрол соёлын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Эрдэнэбилэг нь өөрийн МАН-ын угшилтай Р.Батжаргалыг ажлаас нь бөөн хэл ам болж байж чөлөөлүүлэн энэ сэнтийд очсон нэгэн.
 
Хонгор сумын ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч нь мөн л МАН-ын гишүүн. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч АН-ын гишүүн О.Банзрагч нь МУГД батлавыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлж, МАН, АН хоёр намын тохиролцоогоор энэ суудалд очсон гэх юм билээ.
 
Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч МАХН-ын гишүүн Оюунсүрэн нь МАН-ын гишүүн Б.Ганбаярыг унаган энэ суудлыг авахаар чармааж байгаа боловч одоогоор шалгалтандаа тэнцээгүй бололтой. МАХН-ынхаа жагсаалтаар хүү Б.Бат-Эрдэнээ аймгийн ИТХ-ын төлөөлөгч болгоод амжсан.
 
Харин одоо өөрийн нөхөр асан Батбаярын удирдаж байсан Хүүхдийн төлөө төвийг гартаа оруулах санаатай байгаа. Түүний талийгч нөхөр Батбаяр нь Хүүхдийн төлөө төвийн дарга байх даа "Зулзага" зуслангийн 7, 8 дугаар байрыг БСГ-ын дансанд шилжүүлэн "Багш хөгжлийн төв" болгон бужигнуулсан билээ.
 
Гэтэл хариуцлагагүй дарга агсны эхнэр Оюунсүрэнг ямар учраас тус төвийн үүрэг гүйцэтгэгчээр томилов. Энэ бүхэн нэг л сэжигтэй. Магадгүй МАН, МАХН-ын хоорондын албан тушаалын нууц тохиролцоо байж болох юм. Төрийн алба нэрээр төрд шургалагч улс төрийн намын гишүүдийг яаж хязгаарлах вэ.
 
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл гэдэг нь зүгээр нэг халхавч болсон ёс төдий зүйл байна. Хэрэв "иргэд төрөө удирдах хаан" нь юм бол, боол болсон төрийн албан хаагчдыг өөрсдийн саналаар яагаад сонгож болохгүй гэж.
 
Улс төрийн намын гишүүн биш л бол Төрийн албаны шалгалтанд тэнцэхгүй байгаа энэ гажиг тогтолцоо ариллах биз. Ер нь нэр төдий Төрийн албаны зөвлөл гэгчийг татан буулгая.
 
Н.Отгонбаатар
 
Эх сурвалж: