sonin.mn
Монголын газрын хөрсөн дэх шатдаг занарыг 1970-аад оноос эхлэн судалжээ. Хойд хөршийн эрдэмтэдтэй хамтарсан хайгуул, судалгаагаар занарын нөөцийг 788 тэрбум тонн гэж тогтоожээ. Гэхдээ энэ нь шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд байгаа баялаг аж.
 
Үүнийг Уул уурхайн яам занарын нөөцөөрөө Монгол Улс саудын Арабын газар доорхи нефтийн хэмжээнд дөхөж байна гэж онцолсон. Иймээс салбарын яам ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөнд Монголын занарыг "замд нь гаргах" төслүүдийг боловсруулсан юм.
 
 
Монголын занар шатахуун болох цаг хэзээ вэ
 
Манай улс занарын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд багтдаг ч түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж үр шимийг нь хараахан амсаж амжаагүй л байна. Гэтэл Эстоничууд занараасаа цахилгаан эрчим хүч, химийн бүтээгдэхүүн, өмнөд хөрш шингэн, хийн түлш, химийн бүтээгдэхүүн, Германууд цемент, Австрали, Америкууд шингэн түлш, хойд хөрш, Израиль цахилгаан эрчим хүч гаргаж авдаг аж.
 
Харин манайх саяхнаас занараас шатахуун гаргаж авах талаар ярилцаж эхэллээ. Уул уурхайн яам занарын сая орчим тонн нөөцийг Монголын шатахууны ирээдүй гэж үзэж байгаа. Занарыг хайж, олборлоход байгальд багагүй сөрөг үр дагвар үүсдэг байна.
 
Гэхдээ салбарын яам занар боловсруулах төслүүдэд "хариуцлагатай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, эдийн засгийн өндөр үр ашигтай уул уурхайг хөгжүүлнэ" гэсэн бодлогоо барина гэж буй.
 
Ингэхдээ занараас нефтийн бүтээгдэхүүн гаргаж авахдаа занарын давхрагыг босоо ба хэвтээ цооногоор нэвтэлж газрын гүнд нь бутлан сийрэгжүүлээд, дараа нь халааж шингэн ба хийн бүтээгдэхүүнийг цооногоор соруулж авах эсвэл уламжлалт ил уурхайн олборлох аргыг ашиглана гэж байгаа.
 
Үүний аль аль нь байгальд эерэг болоод сөрөг талтай аж. Манайд шатдаг занарын давхарга хэр зэрэг газрын гүнд байгаагаас шалтгаалаад хоёр технологийг зэрэгцүүлж явуулахаар судалж байгаа гэнэ. Өнгөрсөн хавраас "Шатдаг занар" төсөл энэ баялгийг боловсруулж, үйлдвэрлэх аргыг хайхаар гараанаасаа гарсан.
 
Уг төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх занарын тархацыг судлан үзэж, түүнээс бензин, дизель болон онгоцны түлш, шатдаг хий үйлдвэрлэх технологийг нутагшуулахаар болсон. Гэхдээ одоо төсөл судалгааны хүрээнд явна.
 
 
Хятад занарын үйлдвэрүүдээ дэмжиж эхэллээ
 
Өмнөд хөрш 36 их наяд шоо метр олборлоогүй занарын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг байна. Гэхдээ Хятадын занарын салбар дахь төрийн бодлого хэсэг занарын хөгжпийн боож байжээ. Өнгөрсөн онд Хятадын төрөөс хоёр удаа дуудлага худалдаа явуулж, 26 занарын ордыг ашиглах эрхийг олгожээ.
 
Ингэхдээ занар боловсруулах туршлагагүй цахилгаан станц, түгээх сүлжээний төрийн өмчит компаниудад эрхийг нь өгсөн аж. Үүнийг дотоодын хувийн компаниуд нь эсэргүүцэж эхэлсэн аж. Занар олборлодог Америк, Канадын компаниуд үйлдвэр, технологио газарзүйн нөхцөлдөө тохируулдаг байна.
 
Харин өмнөд хөршид ширэнгэн ой, уул, хавцал, чийг намагтай бүсэд байршилтай занарын орд руу өөр бүсээс тоног төхөөрөмж тээвэрлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаснаар олборлогчид нь зардлаа дийлэхээ байжээ. Мөн Хятадын эрчим хүчний салбарт төрийн зохицуулалт их байсан учир гадныхан хөрөнгөө татаж эхэлжээ.
 
Харин энэ оноос өмнөд хөршийн Засгийн газар занарын салбараа дэмжих, гаргасан буруу шийдвэрээ залруулахаар энэ салбартаа хэд хэдэн өөрчлөлтийг хийж эхлэв. Ингэхдээ занарын гүнийн боловсруулалтын технологийг импортлоход дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэсэн занарын тосны нэг шоо метр тутамд 0.40 юанийн хөнгөлөлт олгон, ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа хийн түлшний үнийг үе шаттайгаар нэмэн, агаарын бохирдол ихтэй томоохон хотууддаа нүүрсний оронд хий нийлүүлж эхэлжээ. Мөн занар боловсруулдаг компаниудаа татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлж эхэлсэн байна.
 
 
Дахин дэмжлэг 
 
Хятадын Засгийн газар занарын бодлогодоо санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Өмнөд хөрш Занарын хийн үйдвэрийн хөгжлөө хурдасгах хөтөлбөрийг боловсруулжээ. Эхний ээлжинд энэ салбарын мэргэжилтнүүдээ хөгжүүлэх юм байна.
 
Мөн Занарын хийн үйлдвэрлэлийн хөгжилд олгох урамшуулал, тэтгэмжийн хэмжээгээ Эрчим хүчний захиргааны цахим хуудастаа оруулжээ. Тус улсын занарын бүтээгдэхүүний бодлого нүүрстөрөгчийн хаягдлаа бууруулж, занарын хийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.
 
Өмнөд хөрш занарын салбарт бие даасан судалгааг хөгжүүлэх, занар бутлах ажиллагаанд хэрэглэсэн усыг дахин ашиглахаар болжээ. Хөрш орон энэ мэтчилэн занарын салбараа хөгжүүлэх хөтөлбөрөө жил бүр шинэчилж, занарыг мөнгө болгоход гаргасан алдаагаа тухай бүрд нь залруулж байгаа аж. Харин манай улсын занар дөнгөж гараанаасаа "гарч" байна.
 
 
Э.Солонго
 
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин