sonin.mn
Цанатай автобус, цасан бүрхүүлтэй өвлийн гурван cap өчигдөр бараг л айлчиллаа. Ингэснээр, их хотын утаа хийгээд, Үүл даргын зовлон эрчмээ авна. 
 
Өөрөөр хэлбэл, нийслэл хотод үүсдэг хамаг л зовлон, бэрхшээл өвлийн гурван сард ихсэж, эмхэтгэх ажлыг нь харин Хотын удирдлагууд хариуцдаг жамтай. Гэсэн ч өдийгөөс төдий хүртэл өвлийн улиралд хийгддэг ажлууд хоцрогдож, “хөлдсөөр” ирэв. 
 
Өнгөрсөн жилтэй харьцуулбал, өнөө жил цас эрт хаялж, халтиргаа, гулгааны асуудлаас болж, савж унасан иргэд эрс нэмэгджээ. Өчигдөр орсон цаснаас үүдэж, замын ачаалал, явган хүний зорчих хэсэг гээд Халхын хавтгайд “Япон алхалт” ч моданд орсон харагдав. Тэдгээрээс иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсэн асуудал нь улиг болсон өнөөх л цас цэвэрлэх ажил юм.
 
Үүнтэй зэрэгцээд энэ сарын 22-ны шөнийн 03:00 цагт “Энхтайваны өргөн чөлөө”-ний
уулзварууд, “Нарны гүүр”, “Нарны зам”, “Сансарын аюулгүйн тойрог”, “Энхтайваны гүүр”, “Их тойруу”, “Бага тойруу"-гийн уулзваруудын автозамаар давс, бодис цацах ажил эрчимтэй явагдав.
 
Энэ “заншил” нь явган таварцагладаг иргэдэд төдийлөн хамаагүй ч автомашинтай иргэдэд айдас хийгээд аюулгүй байдлыг зэрэг мэдрүүлдэг гэлцдэг.
 
Өөрөөр өгүүлбэл, өглөө, өдрийн цагаар цацсан давс нь цас хайлуулах хэдий ч оройн цагаар хөлдөж, халтиргаанд хувь нэмрээ оруулдаг гэж жолооч нарын дийлэнх нь үздэг. Арга ч үгүй юм. Хайлсан цасан дээр холхиж байгаа хэдэн мянган автомашин давсаар хайлуулсан цасыг мөсөн гулгуур болтол нь тэгшилж байгаа юм чинь тэгэхгүй гээд ч яах вэ.
 
Харин хоёр жилийн өмнөөс сонсогдоод сураг алдарсан өнөөх үнэтэй техник нь өнөөдөр ч ил гарсангүй. Хаа нэг төв талбайн цасыг цэвэрлэж, халы үзэгдээд л далд орчих юм. Гэтэл төсвийн мөнгөөр зүсэлж авсан цас цэвэрлэх машин нь хүний ажлыг хөнгөвчилж, давс, бодисын хэрэглээг халж, халтираа, гулгааг хуйгаар нь цэвэрлэх ид шидтэй гэлцэж байсан. Тийм ч учраас хэдэн мянган ам.доллароор нь зарцуулж, ид шидийг нь үзнэ хэмээн холбогдох албаныхан ам уралдан ярьсан удаатай. 
 
Сануулбал, нэг сая гурван зуун мянга гаруй хүн амтай Улаанбаатар хотыг орчин үеийн тохилог хот болгох менежментийн шилдэг арга барилыг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлж, Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар томилогдсон Д.Энхбат “Хэдий болтол шар хантаазтай хүмүүс тоос бужигнуулан хог шүүрдэж, өвлийн хүйтэнд нүцгэн гараараа замын цас, мөс арилгах вэ.
 
Бид үүнийг өөрчилж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх болно. Тухайлбал, цас цэвэрлэгч машин шинээр авч, давс, хайрга цацах тусгай төхөөрөмжтэй болно. Энэ өвлийг замын халтиргаагүй байлгана" хэмээн хэлсэн удаатай. 
 
Харин тус газар руу холбогдож, цас цэвэрлэх үйл явцын талаар тодруулахад, шар хантаазтай хүмүүсээс гадна нэмэлтээр иргэд цас цэвэрлэж, давс цацаж байгаа тухай хэлэв. Үнэн байдал дээрээ ч үүнтэй адил үйл явдал өрнөж байсан.
 
Өвлийн хүйтэнд уур савсуулан, цас цэвэрлэж байгаа “шар хантаазтан” эмэгтэй хоёр алхаад л тааралдаж байгаа нь Д.Энхбат даргад ч харагдсан байх гэж найдаж байна.
 
Нөгөөтэйгүүр, цас цэвэрлэх машин өдийг хүртэл “өндийхгүй” байгаа нь худалдан авах ажиллагаанд хэн нэгэн хуруугаа дүрсэн хэрэг. Анх цас цэвэрлэх машиныг худалдаж аваад тэр даруйд нь хог болгож байсан. Тодруулбал, худалдан авах ажиллагаа явагдахдаа судалгаа, шинжилгээгүй, адаглаад Монгол орныхоо эрс тэс уур амьсгалтай цаг агаарын байдлыг ч бодолцон үзээгүй байдаг.
 
Тиймээс эхний ээлжид оруулж ирсэн цас цэвэрлэгч машинууд нь өвлийн улиралд ашиглагдах боломжгүй болж, эгнээнээс хасагдсан байдаг. Цас цэвэрлэх машин нь өвлийн хүйтнийг давахгүй гэхээр тус газрын тооцоо судалгаа ямар түвшинд байгаа нь хэнд ч ойлгомжтой биз ээ.
 
Үүнтэй адил бас нэг жишээ бий. Энэ нь нийтийн тээврийн автобус. Өвөлдөө мөсөн хонгил болчихдог шинэ үеийн автобуснууд бүгд л Монгол орны цаг агаарын нөхцөлд огтоос тохирдоггүй. Хамгийн хямд жишээ нь, автобусанд суусан зорчигч өвлийн улиралд хаа яваагаа харах боломжгүйгээс эхэлдэг юм.
 
Өөрөөр хэлбэл, шахааны бизнест автсан дарга нар халуун, дулаан орны буюу Япон, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “настай” техникүүдийг нутагтаа идээшүүлэх гэж хүчээр шахам олон тооны техник худалдаж авдаг үнэний ортой юм.
 
Б.Ширнэн 
 
Эх сурвалж: