“Талх чихэр” ХК харилцагчийн баяраа тэмдэглэлээ. Олон арван жилийн баялаг түүхтэй энэ хамт олон өнгөрсөн хугацаанд тэдэнтэй хамт байж, амжилтынх нь гол түлхүүр болсон харилцагчдаа урамшуулсан энэхүү аян нүдээ олсон гэдгийг хүрэлцэн ирсэн зочид онцолж байв.
Талх чихрийн комбинатаас улсын манлай үйлдвэр болсон замнал
Монголын хүнсний манлай үйлдвэрүүдийн нэг “Талх чихэр” компанийн түүх тэртээх 1984 оноос эхтэй. Анх “Талх, чихрийн комбинат” нэртэйгээр, ЗХУ-ын техник, эдийн засгийн туслалцаагаар байгуулагдаж байжээ.
Байгуулагдсан цагаасаа бүтээгдэхүүнийхээ амт, чанараар хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн бөгөөд “Атар” хэмээх дугуй талх нь монголчуудын хамгийн дуртай хүнсний нэг болсон юм. Тус байгууллага 1999 онд хувьчлагдаж, “Талх чихэр” ХК болон өргөжсөн байна.
Нийт 28 жилийн хугацаанд Монгол Улсын хүнсний салбарын хөгжилд хийсэн бүтээсэн зүйл ихтэй энэ компани өдгөө 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, бялуу, чихэр үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байгаа.
“Талх чихэр” ХК-ийн Борлуулалтын албаны дарга Б.Нямхүү энэ талаар “Манай компани 2003 оноос инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй судалж, нэвтрүүлж чаддаг тул салбартаа ямагт анхдагч, шинийг санаалагч байж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, шинэ хэрэглээг бий болгож чадаж байна.
Мөн хэрэглэгчдийн хэрэгцээг судалсны үндсэн дээр талх, нарийн боовны нэр төрөл, хэлбэр, хэмжээнээс гадна хэрэглээг өөрчлөн жор, орц найрлагыг байгалийн гаралтай, амин дэмээр баялаг, нэмэлт түүхий эдээр баяжуулан эрүүл мэндэд ашигтай, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэж байгаа” гэсэн юм.
Шилдэг харилцагч
“Талх чихэр” ХК-ийн шилдэг харилцагч тодруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болсон. Тус компани өдөрт 100 мянган төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн харилцагчдаа шилдгээр зарласан юм. Ингээд шилдэг харилцагчаар “Оргилжин”, “Оргилох булаг”, “Соко”, “Бидний тэмүүлэл”, “Улиастай”, “Тойрог”, “Гэрэл” дэлгүүрүүд шалгарлаа.
Хүмүүс “Атар” талхыг хамгийн их авдаг
Энэ үеэр харилцагч Б.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.
-Хэдэн жил дэлгүүр ажиллуулж байгаа вэ?
-Би Сонгинохайран дүүрэгт дэлгүүр ажиллуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд “Талх чихэр” ХК-тай байнга хамтарч ажилласан.
-“Талх чихэр” ХК-ийн бүтээгдэхүүнийг бусад барааны борлуулалтай харьцуулахад хэр вэ?
-Хүнс хүний анхдагч хэрэглээний нэг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний борлуулалт бусад бараанаас арай хурдтай байдаг. Тэр дундаа хэрэглэгчдийн итгэлийн олсон бүтээгдэхүүний эрэлт их. “Талх чихэр”-ийн талх, нарийн боовны борлуулалт өдөрт 100 мянган төгрөгөөс буудаггүй. Ер нь бусдаас арай илүү гэсэн үг.
-Хүмүүс “Талх чихэр”-ийн аль бүтээгдэхүүнийг ихэвчлэн авч байна?
-“Атар” талхыг хамгийн их авдаг. Ер нь дугуй талхны эрэлт хаана ч их байдаг байх. Зарим өдөр “Атар” талх ирээгүй байвал хүмүүс юу ч авахгүй гарах нь бий.
Эрүүл, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна
Бид “Талх чихэр”-ийн нарийн боовны үйлдвэрийг сонирхсон юм. Нийслэл хот, төдийгүй Дархан, Эрдэнэтийн хэрэглэгчдийг нарийн боовоор хангадаг энэ үйлдвэрийн ажиллагаа маш сонирхолтой.
Ер нь аливаа хүнсний үйлдвэрийн гол зүйл нь эрүүл ахуй, ариун цэвэр. Тиймээс нарийн боовны цех маш цэвэрхэн, саруулхан бөгөөд ажилчдынх нь хувцас, техникийн бүрэн бүтэн, эрүүл ахуйг маш сайн хангажээ.
Энэ үйлдвэрийн хаалганд дөхөхөд нарийн боовны таатай үнэ хамар цоргино. Угаасаа эдний бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт цоо шинээрээ очдог. Тэгвэл зуухнаас дөнгөж гарсан нь бүр ч амттай байх гэсэн бодол төрж байв.
Биднийг үйлдвэрт ороход зөгийн балтай боорцог хийж байлаа. Үйлдвэрийн урсах дамжлагаар гарч ирэх шаргалтсан боорцгийг ажилчид уутлан, жинлэх бөгөөд халуун дээрээ салахын аргагүй амттай юм билээ.
Нарийн боовны үйлдвэрийн гурван цех 100 гаруй ажилчинтай. Компанийн зүгээс өнөөгийн хэрэглэгчдийн эрэлтэд тулгуурлан эрүүл мэндэд тустай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьжээ.
Тиймээс 2010 онд дөрвөн тэрбум төгрөгөөр үйлдвэрлэлийн орчин, техник, технологийг иж бүрэн шинэчилж, салбартаа тэргүүлэгч Чех, Голланд, Италийн тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Энэ компьютерийн удирдлага бүхий автомат ажиллагаатай, ажилчдын хүчийг хэмнэсэн технологи юм байна.
Энэхүү зуурмагийн хэсгийн төхөөрөмжийг үйлдвэрлэгч Голландын “TROMP” нь улсдаа төдийгүй барууны зах зээлд алдартай, чанар, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн горим нь олон улсын итгэлийг хүлээсэн фирм аж. Одоо энэ хоёр шугамаар 30-аад нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэж байгаа гэнэ.
-“Талх чихэр”-ийн нарийн боовны үйлдвэрт хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Би энд ажиллаад 17 дахь жилтэйгээ золгож байна.
-Танай үйлдвэрийн бүтээгдэхүүний бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Онцлог, давуу тал олон бий. Тухайлбал, бид Европын холбооны орнуудын техникээр тоног, төхөөрөмжөө сайжруулж, шинэ технологи нэвтрүүлсэн.
Мөн хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг харгалзан үзэж, тэд яг юуг хүсч байгааг тодорхойлсны үндсэн дээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэхийг илүүд үзэж байгаа. Тиймээс манай үйлдвэрийн хамт олон энэ эрэлт дээр тулгуурлан хүний биед хэрэгтэй хошуу болон хөх тариа зэрэг түүхий эдийг ашиглан, чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байна.
-Бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг шинжилж, шалгадаг лабораторийнхоо үйл ажиллагааг танилцуулахгүй юу?
-Манай лаборатори хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас бүтээгдэхүүний аюулгүй, эрүүл байдалд дээд зэргээр анхаарч, хянаж чаддаг. Эрүүл ахуйн, микробиологийн гэсэн хоёр лабораторитой.
-Сүүлийн үед хүнсний үйлдвэр олширсон. Өрсөлдөөн ч ихэссэн. Тиймээс бусдаас ялгарах шинэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй гарах шаардлагатай болж байна. Танай үйлдвэр энэ шаардлагыг хангаж чадаж байгаа юу?
-Манайх 2010 оноос “Органик”, “Та Чи” гэсэн хоёр төрлийн брэнд бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн. Хэрэглэгчид ч эдгээрийг таашааж байна. Бид энэ бүтээгдэхүүнүүдээ хийхдээ хүнд хамгийн хэрэгтэй, аминдэм, эрдэс агуулсан түүхий эдийг сонгосон.Мөн ашиг олох гэхээсээ илүү хүн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ер нь хэрэглэгчдийн итгэл гэдэг бизнесийн гол түлхүүр, ашиг олох үндэс болдог. Тиймээс бид бизнесийн өрсөлдөөнөөс илүү хэрэглэгчдийнхээ хүсэлт, эрэлтийг анхаарахыг хичээдэг юм.
-Ер нь хүнд хэрэгтэй хүнс гэж яг юуг хэлдэг юм бэ?
-Монголчууд, тэр дундаа нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл маш олон байна. Агаар, хөрсний бохирдол, баталгаагүй импортын хүнс, чанаргүй хэрэглээ гээд олон шалтгаанаас болж эрүүл мэндээрээ хохирох нь харамсмаар. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал маш чухал.
Аливаа хүнсийг үйлдвэрлэхэд баримтлах стандарт гэж бий. Үйлдвэрлэгчид үүнийг л баримталж чадвал эрүүл хүнс нийлүүлэх бүрэн боломжтой. Тухайлбал, чихрийн шижинтэй, хэт таргалалттай хүмүүст зориулсан сахар, өөх, тосны агууламж бага, эслэг ихтэй, эрдсээр баяжуулсан хүнсийг тусгайлан үйлдвэрлэх шаардлагатай. Хөх тариа гэхэд эслэг ихтэй, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг, бүх талаар эрүүл мэндэд ашигтай. Тиймээс хөх тариагаар үйлдвэрлэсэн талх, нарийн боовыг сонгох хэрэгтэй.
Зуухнаас дөнгөж гарсан “Атар” талх хамгийн амттай
“Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийг анх 1984 онд хоногт 90 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар суурилуулж байжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд дөрвөн ээлжээр 200 гаруй ажилчин талх үйлдвэрлэж байна.
Үйлдвэр шуудайгүй тээвэрлэсэн 20 тонн гурилыг хүлээн авах 16 силос, зуурмаг бэлтгэх, хэвлэх, хөөлгөх, жигнэх, бэлэн бүтээгдэхүүнийг зүсэж, савлах гэсэн үндсэн зургаан дамжлагаас бүрддэг юм байна.
Биднийг талхны үйлдвэрээр ороход “Атар” талх үйлдвэрлэж байв. Дугуй талхны цаанаа л нэг өег, таатай үнэр тархаж, олон жил хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн урсах дамжлагаар гарч байлаа.
“Атар” талх угаасаа гоё амттай, дөнгөж зуухнаас гарсан халуухнаар нь амсахад бүр сайхан. Энд технологичид талхны жинг шалгаж, хаа нэг тааралдах “гологдол”-ыг ялгана. “Атар”-ын цаахна талд зүсмэл “Мишээл”, “Сүүтэй чех” талх урсан гарна.
Талхны үйлдвэрт 2004 оноос инновацийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд талхны үйлдвэрийг өргөтгөн, техник, технологийг иж бүрэн шинэчилсэн байна. Ингэснээр Европын хэрэглэгчдийн таашаадаг бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх боломжтой болжээ.
Мөн микробиологийн болон химийн хоёр лабораторид мэргэшсэн инженерүүд ажиллаж, үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлээд, эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх дамжлага нэг бүрийг тогтмол хянаж, чанарын шаардлага хангасан хүнс үйлдвэрлэж байна.
Одоогийн байдлаар тус үйлдвэр хоногт 5000 гаруй ширхэг талх үйлдвэрлэх хүчин чадалтай. Талхыг их өтгөн хөрөнгийн болон хөх тарианы талх үйлдвэрлэх сонгодог технологид тооцогддог шингэн хөрөнгийн аргаар үйлдвэрлэдэг. Ингэснээр хөх тарианы талх сайхан үнэртэй, зөөлөн хэсэг нь бор саарал өнгөтэй, жигд сийрэгжилттэй, чийглэг болдог гэдгийг технологчид хэлж байсан.
Инновацийн хөтөлбөр “Талх чихэр” компанид
2003 он
-Тайвань, Япон улсын сахарын болон хатуу төрлийн жигнэмэг хийх урсгал шугам оруулж ирсэн.
2004 он
-Европын холбооны улсад үйлдвэрлэсэн “Атар” талх үйлдвэрлэх компьютерийн удирдлага бүхий урсгал шугамыг ашиглалтад оруулав.
2005 он
-Европын холбооны улсад үйлдвэрлэсэн зууван болон дөрвөлжин хэлбэрийн төрөл бүрийн талх үйлдвэрлэх компьютерийн удирдлага бүхий автомат хоёр шугамыг суурилуулсан.
2006 он
-Голланд улсад үйлдвэрлэсэн талхыг зүсэх, уутлах, боох бүрэн автомат ажиллагаатай шинэ тоног төхөөрөмжөөр Монголд анх удаа зориулалтын машинаар зүсч, савлаж гаргасан талхны цоо шинэ хэрэглээг бий болгосон.
2008 он
-“Милл хаус” гурилын үйлдвэрээс ”Атар” гурилыг шуудайгүйгээр тээвэрлэх тусгай зориулалтын 20 тн даацтай тээврийн хэрэгслийг Герман, Украинд хийлгэж ашиглалтад оруулжээ.
Эх сурвалж:
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
сайн бнуу энэ өдрийн мэнд талх яихэр комдани борлуулалтынхаа логистикийг хэрхэн яаж хийдэг талаар ярилцлага хийж өгч туслаач хүндэтгэсэн Д.Даваасүрэн
үйлдвэрийн үйл ажиллагаа олон арван жилийн түүхтэй гэдгийг ард түмэн мэддэг. Бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг манай үндэсний сайн үйлдвэр. Гэхдээ гурлин бүтээгдэхүүн, ялангуяа талх дандаа чихэр амттай байгааг анхаарч чихэргүй талх хийж баймаар байна. хорын нэг шүүдээ. Хиам, махан бүтээгдэхүүнтэй идэхэд тааламжгүй, ялангуяа настангуудад таатай биш байгааг анхаарна уу. Нөгөө талаар цөөн ам бүлтэй өрхөд тохирсон жижиг 2 хоногт хэрэглэчих хэмжээтэй байвал зүгээр. Боорцог ч гэсэн жижиг савалгаатай баймаар байна соноглт тааруу юм анхаарна биздээ.