sonin.mn
ТОКИО. /Nikkei/. Японы сайд нарын танхимын өнөөдрийн хуралдаанаар 2040 он гэхэд жилд үйлдвэрлэх устөрөгчийн хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж, 12 сая тоннд хүргэх зорилтыг баталжээ. Дээрх зорилтыг баталсантай холбогдуулан Японы эрх баригчид нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой болгох, устөрөгчийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах технологийг хөгжүүлэх зорилгоор 15 жилийн дотор 15 их наяд иенийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлээс татахаар төлөвлөж байна. 
 
 
"Устөрөгчийн үйлдвэрлэл нь хэд хэдэн салбарт үр өгөөжөө өгөх боломжтой. Тухайлбал, энэ нөөцийг ашигласнаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаас татгалзаж, эрчим хүчний салбарт тогтвортой байдлыг хангаж, манай улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна" гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
 
 
Япон улс устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах болон аж үйлдвэрийн салбараас ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийг дахин боловсруулах замаар 2050 гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавиад байгаа юм. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг