sonin.mn
УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, ТАЗ-ийн тайлан, Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Э.Батшугар байр сууриа илэрхийлэв.
 
Тэрбээр  “Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай оруулж ирж баталмаар байна. Өнгөрсөн жил манай улс 12 тэрбум ам.долларын экспорт хийсэн. 32 сая тонн нүүрс экспортолсон. Ард иргэд үүний хүртээмж нь хаана байна гэж их асууж байна.
 
Энэ хүртээмжийг хамгийн жигд хуваарилах механизм нь баялгийн сан. Яагаад гэвэл байгалийн баялгийг Монгол Улсын иргэн бүр жигд хүртэх ёстой. Жишээлбэл, Норвегийн баялгийн сан 1.3 триллион ам.долларын үнэлгээтэй, 9300 компанид хөрөнгө оруулалт хийсэн. Нэг хүнд 250 мянган ам.доллар оногдож байгаа. Энэ жишгээр Баялгийн сангийн хуулийг яаралтай баталмаар байна. Тэгж байж байгалийн баялгийг ард түмэндээ жигд хүртээнэ. Энэ жил 40 сая тонн нүүрс экспортлох хандлага харагдаж байна.  Хоёрдугаарт,  Хөгжлийн банкны сонсголоор нэг зүйл ойлгосон. Үндсэндээ эдийн засгийн баатрууд бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, бор зүрхээрээ явж байгаа баатрууд. Тийм болохоор жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ бодитой дэмжих бодлого хэрэгтэй байна. Бидний мэддэг том том компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан байна.
 
Харамсалтай нь,  зээлээ төлдөггүй, зориулалтын бусаар ашигласан байна. Тэгэхээр яг бор зүрхээрээ явж байгаа хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих ёстой. Тэд эдийн засгийн үндсэн ачааг үүрч, ажлын байр бий болгож байна.  Нүүрсний хулгайтай тэмцэж биржээр арилжиж эхэлснээс хойш манай эдийн засагт хойш хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд гарлаа” гэв. 
 
Үргэлжлүүлэн чуулганд Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцууллаа.  Тэрбээр "Бид мерит зарчмыг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ур чадварын хөндлөн шилжилт хийх эрх зүйн үндэс бүрдсэн бөгөөд найман журам нэмсэн билээ. Түүнчлэн төрийн албаны ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулснаар төрийн албанд анх орох иргэний нөөц 14 мянгад хүрээд байна. Гуравдугаарт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил буурах хандлагатай байна. Тайлант хугацаанд 415 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн. Үүнд: Төрийн захиргааны албан тушаалтан 221, Төрийн үйлчилгээний албан тушаалтан 194 байна. Цаашид албан хаагчдын тоог нэмэгдүүлэх биш, ур чадвар, гүйцэтгэл өндөртэй, цогц чадамжтай иргэнээс сонгон бүрэлдүүлэх, сургаж бэлтгэх бодлогын шилжилт хийх нь цаг үеийн эрэлт хэрэгцээ болжээ" гэлээ. 
 
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Энхбаяр нар төрийн  алба цомхон, чадварлаг байх бус төрийн алба данхайж байгаа талаар шүүмжилж, төрийн албаны орон тоо нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулж байв. Энэ онд шинээр байгуулагдсан цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёлын үйлчилгээний байгууллагуудад ажиллахаар 16659 төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгджээ.
 
Улстөрийн албан тушаалтан 406 хүнээр цөөрсөн нь зөв эхлэл юм. Харин төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулагдсантай холбоотой гэж Ажлын албаны дарга Г.Билгүүн  хариуллаа.  УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар  гишүүдэд хандан хуулийн төсөл дээр  нухацтай хандахыг анхааруулав. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төслүүдэд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгдсэн.  Харин нэрийн жагсаалтаар орж ирэх гишүүдийн тооны хувьд МАН 38, АН 28 гэсэн саналтай байгаа юм.
 
 
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин