sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн банк санхүүгийн салбарын талаарх болгоомжлол намжиж байгаатай холбоотойгоор даваа гарагт газрын тосны үнэ өсжээ. 
 
Тодруулбал, Нью-Йоркийн биржид ирэх тавдугаар сард нийлүүлэх “WTI” маркийн газрын тосны нэг торхын үнэ 3.55 ам.доллар буюу 5.13 хувиар өсөж, 72.81 ам.долларт хүрчээ.
 
Мөн Лондоны “ICE” биржид тавдугаар сард нийлүүлэх “Brent” маркийн газрын тосны үнэ 3.13 доллароор /4.17 хувь/ өсөж, 78.12 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр аль алиных нь үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшиндээ хүрч өсжээ. “PRICE Futures” группийн ахлах шинжээч Фил Флинн даваа гарагт гаргасан нийтлэлдээ, газрын тосны үнийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн үндсэн зарчмаас нь холдуулсан банкны хямралаас гарахыг оролдож байна хэмээн бичжээ.
 
Мөн АНУ-ын Хойд Каролина муж улсад төвтэй “First Citizens BancShares” компани энэ сарын эхээр дампуурсан “Silicon Valley Bank”-ийг  худалдаж авахаар тохиролцсон тухай мэдээ гарсан нь банкны салбартай холбоотой болгоомжлол намжихад нөлөөлсөн байна.
 
АНУ-ын банкны хямрал эдийн засагт сөргөөр нөлөөлж, эрчим хүчний эрэлтийг бууруулах вий гэсэн болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын эхээр газрын тосны үнэ сүүлийн 15 сарын доод түвшиндээ хүрч буураад байсан юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг