sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Япон, БНСУ сүүлийн таван жил гаруйн хугацаан дахь анхны аюулгүй байдлын асуудлаарх ажлын түвшний хэлэлцээгээ ирэх сард хийхээр төлөвлөж байна гэж нэгэн дипломат эх сурвалж даваа гарагт мэдээлжээ. Энэхүү хэлэлцээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн АНУ-д хийх айлчлалаас өмнө болох төлөвтэй байна.
 
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Юн Сог Ёль нар энэ сарын 16-ны өдөр дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ хамгийн сүүлд 2018 оны гуравдугаар сард зохион байгуулагдаж байсан хэлэлцээг нэн даруй сэргээхээр тохиролцсон юм. Токио, Сөүлийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааны улмаас сэв суугаад байсан харилцаагаа сайжруулахаар ажиллаж байгаа билээ.
 
БНАСАУ-ыг цөмийн долоо дахь туршилтаа хийж магадгүй гэж болгоомжилж байгаа энэ үед тус улс баллистик пуужин харвахаа зогсоох шинж ажиглагдахгүй байгаатай холбоотойгоор хоёр орны Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнууд Пёньяны асуудлаар нягт хамтран ажиллахаа нотлох төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлжээ. Энэ сарын эхээр БНСУ дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх саналаа танилцуулсан бөгөөд 2022 оны тавдугаар сард үүрэгт ажилдаа орсон Юн Сог Ёль БНАСАУ-аас учрах аюул заналын эсрэг АНУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ  Японтой харилцаагаа сайжруулахаа амласан юм Хожим нь Юн Сог Ёль К.Фүмиотой хэлэлцээ хийхээр Токио хотноо айлчилснаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Японд айлчилсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болсон билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг хийх газрыг хараахан товлоогүй байгаа юм байна. АНУ-ын холбоотон тус хоёр улс урьд нь ийм уулзалтуудыг ээлжлэн зохион байгуулдаг байсан бөгөөд сүүлийнх нь Токиод болжээ.
 
 
Японы Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын асуудал эрхэлсэн газрын дарга Фүнакоши Такэхиро, БНСУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн газрын ерөнхий захирал Сё Мин Жүн нар уулзалтад оролцох төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.
 
 
Хоёр орны төлөөлөгчид БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтын талаар Япон, БНСУ-ын хооронд цаг үеийн мэдээлэл солилцох боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж магадгүй байна. Мөн БНСУ-д амьдарч буй Япон иргэдийн аюулгүй байдлыг хангах, тэр дундаа Солонгосын хойгт онцгой байдал үүссэн үед тэднийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндөж магадгүй гэж эх сурвалж хэлжээ.
 
Япон-БНСУ-ын аюулгүй байдлын асуудлаарх анхны уулзалтыг 1998 оны зургаадугаар сард гадаад бодлого, батлан хамгаалах салбарын харилцан итгэлцлийг бий болгох зорилготойгоор Сөүл хотноо зохион байгуулж байв. Гэвч БНСУ-ын Дээд шүүх дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх нэхэмжлэгч нарт нөхөн төлбөр олгохыг Японы компаниудад үүрэг болгосны дараа 2018 онд хэлэлцээ түр зогссон юм.
 
Уг шийдвэрийг гарсны дараа БНАСАУ-тай харилцаагаа сайжруулахыг чухалчилж байсан Мүн Жэ Иний засаг захиргааны үед Япон-БНСУ-ын харилцаа сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрээд байлаа. Юн Сог Ёль Вашингтонтой аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-д төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байгаа бол К.Фүмио Хирошима хотноо тавдугаар сард “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг