sonin.mn
СИДНЕЙ. /TASS/. Австрали, Их Британи, АНУ-ын гурван талын түншлэл буюу AUKUS эвслийн гэрээний хүрээнд Австралийн Засгийн газар цөмийн шумбагч онгоцны флот байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх 32 жилийн хугацаанд 245 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар болжээ. 
 
Австралийн Сангийн сайд Жим Чалмерс өнөөдөр мэдэгдэхдээ,  Тэнгисийн цэргийн флотод зориулж цөмийн шумбагч онгоц бүтээх хөтөлбөрийн өртөг зардал "2023 оноос 2050-иад оны дунд үе хүртэл буюу энэхүү хөтөлбөр хэрэгжих хугацаанд жил бүр ДНБ-ий дор хаяж 0.15 хувийг эзэлнэ" гэлээ.
 
"Засгийн газар цөмийн шумбагч онгоц бүтээх зардлын тодорхой хэсгийг төсөвлөсөн байгаа тул ирэх 10 жилд хөтөлбөрийн зардал 58 тэрбум австрали доллароос /38.6 тэрбум ам.доллар/ хэтрэхгүй. Гэхдээ зардлын хэмжээ цаашид нэмэгдэнэ" гэж Сангийн сайд хэлээд хөтөлбөрийн нийт зардал 368 тэрбум орчим австрали доллар (244.8 тэрбум ам.доллар) болно гэж онцолсон байна. 
 
Санхүүгийн сайд "зардал их  гарч, холбооны улсын төсөвт ноцтой дарамт үзүүлнэ" гэж хэлсэн ч "Австрали энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байж болохгүй" гэж онцлон тэмдэглэв. “Цөмийн шумбагч онгоцны хөтөлбөр нь ирээдүйд манай үндэсний аюулгүй байдал, эдийн засагт асар их ашиг тусаа өгнө” гэж тэрбээр хэлжээ. 
 
Австралийн Сангийн яамны мэдээллээр, тус улсын одоогийн батлан хамгаалахын төсөв 48.6 тэрбум австрали доллар (32.3 тэрбум доллар) байгаа нь ДНБ-ий 2.11 хувьтай тэнцэж байна. Цөмийн шумбагч онгоц бүтээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд батлан хамгаалахын төсвийн энэ хэмжээг хамгийн багадаа жилд 59.6 тэрбум австрали доллар (39.6 тэрбум ам.доллар) болгож нэмэгдүүлэх шаардлагатай бол тус улсын ДНБ-д батлан хамгаалах зардлын эзлэх хувь 2.6 хувьд хүрч нэмэгдэнэ. 
 
Австралийн цөмийн шумбагч онгоцны флот
 
Австрали улс Их Британи, АНУ-тай цэргийн эвсэл байгуулснаа зарласны дараа 2021 оны намар цөмийн шумбагч онгоцны флот байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. 
 
 
Гуравдугаар сарын 13-ны өдөр буюу даваа гарагт гурван улс Сан-Диего хот дахь АНУ-ын тэнгисийн баазад Канберраг цөмийн шумбагч онгоцоор хангах гурван үе шаттай төлөвлөгөөг баталжээ.
 
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2027 он гэхэд АНУ, Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний таван цөмийн шумбагч онгоцыг Австралид байрлуулна. Мөн 2033 оноос Австралийн Тэнгисийн цэргийн хүчинд зориулж Америкийн “Virginia” ангиллын гурван шумбагч онгоцыг худалдаж авах бол 2040-өөд оны эхээр Их Британи Австралийн анхны “SSN AUKUS” ангиллын шумбагч онгоцыг бүтээх аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг