сонин mn
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.09.21/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, авто тээврийн хамтын ажиллагаа, хилийн боомтуудын хүчин чадлыг сайжруулах, байнгын ажиллагаатай болгох талаар санал солилцлоо.
 
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү нарын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалууд үр дүнтэй болсон. Эдгээр айлчлалыг амжилттай зохион байгуулж, хоёр орны хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буй Элчин сайд танд баяр хүргэе гээд эдгээр айлчлалаар хэлэлцсэн олон ажлууд бодит үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна гэлээ.
 
Мөн айлчлалын үеэр хоёр улсын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан  ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна.  Энэхүү санамж бичгийг байгуулснаар 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах эрх зүйн нөхцөл бүрдсэн. Иймд Хятадын талтай хамтран тус Хэлэлцээрийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэх саналтай байна гэв.
 
Түүнчлэн Төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд галт тэрэгний цувааг нэмэгдүүлэх, хоосон чингэлгийн буцаалтыг сайжруулах замаар чингэлэг тээврийн гацааг арилгаж татан авалтыг хэвийн хэмжээнд оруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ асуудлыг шийдвэрлэснээр ойрын үед Замын-Үүд-Эрээн боомтын тээвэр хэвийн горимд шилжиж, ачаа бараагаа хүлээсэн иргэд ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.
 
Мөн хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал батлахыг хүлээж байгаа. Тус хэлэлцээрийг Монголын тал 2015 онд соёрхон баталсан Хятадын талаас уг хэлэлцээрийг ойрын хугацаанд батлуулахад анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.
 
Түүнчлэн Замын-Үүд-Эрээн боомтоор тээвэрлэгдэж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг Ханги-Мандал чиглэлийн шинээр баригдаж удахгүй ашиглалтад орох гэж буй төмөр  замаар тээвэрлэснээр ачаалал буурах боломжтойг дурдаад Ханги-Мандал төмөр замын боомтыг  “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмж тусгах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан байна.
 
Автотээврийн тухайд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Хятадын талаас тавьж буй шаардлагын дагуу Эрээн боомтоор ачааг зөвхөн чингэлэгт тээвэрлэж байгаа нь тээвэрлэлтийн хэмжээг бууруулж, зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Иймд импортын ачаа тээврийн гол боомт болох Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд хоёр талаас хилийн шугам дээрх талбайн өргөтгөлийн ажлыг хийсэн. Энэхүү талбайн өргөтгөлийн ажил энэ сард дуусч байгаа тул үүнтэй холбоотойгоор тээвэр зохион байгуулалтыг авто замаар явуулах асуудлыг БНХАУ-ын холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүслээ.
 
Хоёр талын Агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх, агаарын шинэ замыг Монгол Улсын Говь-Алтай аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит мужтай хиллэдэг хэсэгт нээхээр хэлэлцэн тохиролцож Монголын талаас шаардлагатай бэлтгэл ажлыг хийж дуусгасан. Тиймээс энэ чиглэлээр эрчимтэй хамтранм ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
 
Сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын  зарим нэр бүхий компаниудын хариуцаж байгаа ажлууд хоцрогдолтой байгаа. Иймд Элчин сайд таныг тус төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлж, хоцрогдлыг арилгах талаар анхаарал хандуулахыг хүсье гэв. Цаашид Монгол Улс  Налайх-Замын-Үүд чиглэлд 4 эгнээ хоёр урсгалтай авто зам барих төлөвлөгөөтэй байгаа. Тус авто зам нь Ази-Европ, БНХАУ-ОХУ-ыг холбох, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Мөн баруун босоо тэнхлэгийн буюу Цагааннуур-Булган чиглэлийн авто зам ирэх сард ашиглалтад ороход бэлэн болсон тул уул уурхайн бүтээгдэхүүний туршилтын тээврийг эхлүүлэх саналтай байна. Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг, Бургастай боомтыг байнгын ажиллагаатай болгож, хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй байгаа. Манай хоёр улс өмнө нь Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замын ганцхан гарцтай байсан. Ойрын ирээдүйд төмөр замын нийт таван гарцтай болох тул тус боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.
 
Элчин сайд Цай Вэнруй “Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар олон удаа ярилцсан. Үүнд бэрхшээлтэй байсан хүчин зүйл нь нэгдүгээрт коронавируст цар тахал, хоёрдугаарт Эрээн өртөөний төмөр замын хүчин чадал байлаа. Өргөн царигийг нэмэгдүүлэх, хоосон чингэлгийг буцаах тал дээр холбогдох байгууллагуудад уламжилж дэмжиж ажиллана. Агаарын тээврийн шинэ гарц нээх талаар бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан бичгээр өгч танилцуулахыг хүсье. Хоёр улсын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай Элчин сайдын яам бүх талаар дэмжин ажиллаж та бүхний өгч буй саналыг эрх бүхий байгууллагуудад уламжилна” хэмээн байр сууриа илэрхийллээ.