сонин mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим 18 сарын турш ширүүн хэлэлцсэний эцэст тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены амбицтай төлөвлөгөөг баталлаа. Уг төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, инфляцыг бууруулахад болон эрүүл мэндийн салбарт 430 тэрбум ам.доллар хуваарилах тухай тусгажээ. 750 хуудас бүхий уг баримт бичгийг энэ долоо хоногт Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэх юм. Баримт бичгийг Төлөөлөгчдийн танхим шууд батлах төлөвтэй байгаа бөгөөд дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурна. 
 
“Энэ нь маш их буулт шаардсан төлөвлөгөө. Чухал шийдвэрүүдийг гаргахад үргэлж буулт хийх шаардлага гардаг. Төлөөлөгчдийн танхим энэхүү төлөвлөгөөг аль болох хурдан батлах ёстой бөгөөд би гарын үсэг зурахаа тэсэн ядан хүлээж байна” гэж Ж.Байден мэдэгджээ. 
 
“Инфляцыг бууруулах тухай хууль” гэж албан ёсоор нэрлэгдэж буй уг хуулийн төсөл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд манлайлах байр сууриа эргүүлэн авахад АНУ-д туслах төдийгүй энэхүү төлөвлөгөөг батлах нь дотоодын гол асуудлуудын нэг учир Ж.Байдены рейтингийг өсгөнө. Дээрх багц санхүүжилтийн ихэнх хэсэг буюу 370 тэрбум ам.долларыг 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 40 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд зарцуулна. 
 
Тухайлбал, уг хуулийн төсөлд америкчуудад цахилгаан машин худалдан авахад 7500 хүртэл ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэх, мөн нарны зай хураагуур суурилуулахад 30 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.
 
Түүнчлэн сүүлийн жилүүдэд түймэрт ихээр өртөж байгаа ойг хамгаалахад зориулж олон сая ам.доллар хуваарилах, байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Үүнээс гадна, уг баримт бичигт Холбооны улсын төсвийн алдагдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах зардлыг багасгах, томоохон корпорацуудын татварыг нэмэгдүүлэх талаар тусгасан бөгөөд энэ нь төсөвт нэмэлт орлого оруулах ёстой. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, эдгээр бүх арга хэмжээ нь тус улсын инфляцыг бууруулна. Энэхүү хуулийн төслийн хүрээнд гаргах нийт санхүүжилтийн хэмжээ 740 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна. Сенатын танхимд олонхын суудал эзэлдэг АНУ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер уг хуулийн төслийг баталсныг түүхэн мөч хэмээн тодорхойлжээ. 
 
“Манай хуулийн төсөл инфляцыг бууруулж, зардлыг багасгаж, сайн цалинтай  олон сая ажлын байрыг бий болгох бөгөөд уурын амьсгалын өөрчлөлттэй тэмцэх АНУ-ын түүхэн дэх хамгийн зоригтой багц юм. Энэхүү хуулийн төсөл нь Америкт хямд өртөгтэй цэвэр эрчим хүчний эрин үеийг эхлүүлж, тоглоомын дүрмийг өөрчилнө. Энэ бол удаан хүлээлгэсэн түүхэн мөч юм” гэж тэрбээр Сенатын танхимын хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 
 
Харин Бүгд Найрамдах намын төлөөлөгчид энэ хуулийн төслийг төсвийн мөнгийг хэтэрхий үрэлгэн зарцуулах төсөл гэж шүүмжилжээ. Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатч Митч Макконнелл Ардчилсан намынхныг “эдийн засгийн сүйрлийг хоёр дахин нэмэгдүүлэхийн төлөө” саналаа өгсөн гэж буруутгасан байна.  Уг хуулийн төсөл Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд болон ардчилсан намынхны саналыг тэнцүү хуваасан бөгөөд ердөө ганц саналын зөрүүтэй (51-50) батлагдсан байна. Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын санал шийдвэрлэх байжээ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг