sonin.mn
Монголчууд бидний тухайд өнгөрсөн жилүүд нь боловсролыг шинэчлэх гэсэн олон үзэл баримтлал уралдсан, олон сайд солигдсон, олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн,..эцэстээ тун таагүй  байдалд хүрсэн, нэг ёсондоо АЛДАА нь хэтэрсэн он жилүүд байж, энэ бүхний үр дүнд боловсролын төлөв байдал сүрхий муудаж, энэ  цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байна. Боловсролыг шүүмжлэх иргэдийн дуу хоолой нэмэгдлээ. УИХ–ын энэ удаагийн чуулганаар Боловсролын багц  6 хуулийг хэлэлцэж байна. Түүнд судлаачид,  иргэдийн  санал бодлыг тун нухацтай бодож тусгах ёстой. Юуны өмнө бид орчин үеийн БОЛОВСРОЛ ямар болоод байгаа, ирээдүйд яаж  өөрчлөгдөх талаар  нэгдмэл шинжлэх ухаанч чиг баримжаатай  болмоор байна. Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй  манай сурвалжлагч МОНГОЛЫН БОЛОВСРОЛ: ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙ сэдвээр цуврал ярилцлага хийсний 3 ба 4 дэхь хэсгийг хүргэж байна. 
 
 
 
Гурав: Боловсролын хоёр ЗАГВАР (жинхэнэ ба хуурмаг боловсрол)  
 
 
Та БОЛОВСРОЛ XX, БОЛОВСРОЛ XXI гэсэн боловсролын хоёр загварыг ярьж байсан,..гол ялгаа нь юундаа байна вэ?
 
Монголын боловсролын уламжлалт ЗАГВАР-ыг БОЛОВСРОЛ XX, товчоор МОНБОЛ XX гэсэн. Одоогийн монголчууд Та бидний байгаа энэ байдал ТӨРХ, тодруулбал, хэт бүтээлч бус, дуу хуур ,шүлэг зохиол голлосон, найр наадам, зугаа цэнгэлд автсан, зэрэг цол одон тэмдэг хөөцөлдсөн, хиймэл хоосон ТӨРХ нь МОНБОЛ XX гэх өнгөрсөн зууны боловсролын үр дүн юм. Монгол хүн төрөхдөө л, уг чанараараа ийм хийсвэр хоосон хөнгөн бүтээлч бус байдаг уу гэвэл хараахан ТИЙМ БИШ. Харин монгол хүүхдийг ийм  АРЧААГҮЙ муухай ТӨРХ-тэй болгож боловсруулсан нь манай өнөөгийн энэ МОНБОЛ XX.
Ийм хүнийг орчин үед яавч ЧАНАРТАЙ ХҮН-д тооцохгүй болоод байна. Би арай хатуу хэлээгүй байгаа, ухааруулах гэж л тэр. 
МОНБОЛ XX бол толгой нь уруугаа харсан тогтолцоо юм. Боловсрол гуай өөрөө ИРЭЭДҮЙРҮҮ харах учиртай гэж өмнө хэлсэн. Гэтэл монголын боловсрол өнгөрсөнрүү, арагшаа харчихаад байгаа. Боловсрол БУРУУ байранд орчихоод ЗОВЖ байна. Уруугаа арагшаа харсан боловсролын ТОЛГОЙГ эргүүлж, дээш нь урагш нь харуулъя. Боловсролыг ЗӨВ байранд нь тавъя. Тэгвэл, МОНБОЛ XXI  болно. Энэ нь агуулгын талаасаа ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ юм. Үүнийг БОЛОВСРОЛЫН ШИНЭ ЗАГВАР гэх. Энд боловсролын үндсэн парадигм өөрчлөгдсөн байна.
Монголын одоогийн боловсрол АМЬДРАЛ-аас, манай өнөөгийн БОДИТ БАЙДАЛ–аас хоцорч, хаягдлаа. Уг нь боловсрол маань АМЬДРАЛ-аас, БОДИТ БАЙДАЛ–аас ТҮРҮҮЛЖ, урд нь явах ёстой биз дээ. МОНБОЛ XX гэх боловсролын хоцрогдсон загвараасаа салж  чадахгүй удахаар ингэж байгаа юм даа.   
 
МОНБОЛ XX-г МОНБОЛ XXI болгох арга байх уу?
 
Монголд тогтсон 1990 оноос өмнөх үеийн боловсрол нь бүхэлдээ тэр үеийнхээ тоталитар нийгэмдээ зохицсон байлаа. Монголчууд бид өнгөрсөн зуунд хамгийн чанартай боловсрол нь тэр үеийн ЗХУ–ынх гэж үзэж байсан,.. харамсалтай нь тийм биш байжээ. Зөвлөлтийн  социализмыг нурахад боловсролынх нь гүйцэтгэсэн үүрэг маш их. Гэтэл бид одоо болтол тэр МОНБОЛ XX-тойгоо зууралдсаар.
Манай БШУЯ–д төдийгүй боловсролын эрдэмтэдэд нэг ТОМ АЛДАА байна. Тэр нь МОНБОЛ XX-гоо энд тэндээс нь хэсэгчлэн засан сайжруулаад байвал МОНБОЛ XXI  болчих мэт ойлголттой байгаад оршино. МОНБОЛ XX-г яаж ч сайжруулаад хол явахгүй. 
Мориор яривал, гол нь цохисон. Энэ бол цаг алдсан хий дэмий ажил. Ийм учраас МОНБОЛ XX-г МОНБОЛ XXI-д шилжүүлэх гэж цаг барахын оронд шууд шинээр МОНБОЛ XXI-г бүтээх ёстой. Энэ нь амар юм. МОНБОЛ XX ба МОНБОЛ XXI-н хоорондох ялгаа  суурь парадигмийн шинжтэй учраас ийм байгаа юм. Энд парадигмийн өөрчлөлт явагдах ёстой. Нэг зүйрлэл авъя. Манай одоогийн боловсролыг МОРИН (ҮХЭР) ТЭРЭГ гэе.  Тэгвэл, өндөр хөгжилтэй орнуудын боловсрол нь ТОЁОТА машин мэт. Морин тэрэг ч, Тоёота машин ч гэсэн хоёулаа л хүн болон ачаа зөөдөг тээврийн хэрэгсэл. Энэ талаасаа  төстэй. Гэхдээ хурд хүч нь өөр. Бас бүтэц, хөдөлгүүрийн технологи нь ялгаатай. Морин  тэрэг ихээхэн хялбар технологи ашиглана. Морины зүтгэх хүч. Зам голохгүй, өвс тэжээл хэрэглэнэ, мэргэжлийн жолооч хэрэггүй гэх мэт. Гэтэл машин бол өөр. Мэргэжлийн жолооч зориулалтын замаар жолоодно. Бас нилээд нарийн технологитой. Одоо асуулт гарна. Морин (Үхэр) тэргийг яаж сайжруулахаар Тоёота машин болох вэ?. хариулт нь БОЛОХГҮЙ. Учир нь мориныхоо тэжээлийг нь нэмээд ч,..тэрэгнийхээ нуруу модыг нь,  бөөр дугуйг нь солиод ч бүтэхгүй. Морин тэргээ засаж сайжруулах,.. энэ тэрээ гэж цаг алдаад яахав,.. болохгүй юм гэж байдаг,.. зүгээр л орхичих. Үхрээ өвлийн идшиндээ, тэрэгнийхээ нуруу модыг нь түлээнд хэрэглэнэ биз. Одоо харин ТОЁОТА машинтай болох  арга ухаан сийлье. Энэ бол МОНБОЛ XXI загварыг хүлээн авах асуудал. Үүн дээр эргэлзэх юун.
 
Ингэж болох болов уу? 
 
Болохгүй яадаг юм. БОЛНО. Манай малчид тэгээд одоо морин тэрэгтэйгээ л байгаа гэж үү,.. бодит амьдралаа зүгээр л харчих,.. тэд гаднаа хоёр гурван япон тэрэг зогсоочихсон байна. Морин тэрэг чинь хуучны кинонд л бий. Бидний АЛДАА нь МОРИН ТЭРЭГ–ээ энд тэндээс нь хэсэгчлэн засаж,.. аажмаар ТОЁОТА машин болгох гэж оролдож, цаг алдаж байгаад оршмой
 
Жинхэнэ боловсрол гэх үгс сонсогдоод байна, тэгвэл жинхэнэ бус, хуурмаг боловсрол гэж байх нь ээ? 
 
Жинхэнэ боловсрол гэдэг нь орчин үеийн номын хэллэгээрээ ЧАНАРТАЙ ОЮУНЛАГ боловсролыг хэлж буй. Жинхэнэ бус гэхээрээ ЧАНАРГҮЙ буюу ХУУРМАГ боловсролыг хэлж буй. Жинхэнэ буюу ЧАНАРТАЙ боловсрол нь САЙХАН АМЬДРАЛ–ын ТҮЛХҮҮР  юм. Гэтэл ЧАНАРГҮЙ буюу ХУУРМАГ боловсрол нь МУУ АМЬДРАЛ–д хүргэнэ. МУУ амьдралтай, хууртагдсан ХҮН. 
Эндээс жинхэнэ боловсролтой бол ЧАНАРТАЙ-САЙН ХҮН,.. харин Хуурмаг боловсролтой  аваас ЧАНАРГҮЙ– МУУ ХҮН гэсэн ойлголтууд гарч байна. Энэ маш ноцтой сануулга юм. Хүний ЧАНАР-ыг боловсролоор нь хэмжинэ гэсэн үг байгаа биз?
 
Боловсролын чанар хүний чанар хоёрын хооронд холбоо байх нь ээ. Манай ард түмний дотор БОЛОВСРОЛГҮЙ ХҮН харин ч ЧАНАРТАЙ байдаг мэтээр ярьдаг тал бий,..нээрээ ч бага боловсролтой атлаа эгэл хүнлэг чанартай САЙХАН хүмүүс байх атал дээд боловсролтой болоод ирэхээрэээ ЧАНАР нь жаахан тиймэрхүү болоод ирдэг тал бий дээ. Амьдралаас ажиглахад л тэр шүү дээ?
 
Манай боловсрол муу, буруу байна л даа, тэгэхлээр ийм үг, тийм ХҮН гарч байгаа юм.  Хүний голч сайхан чанараа гээсэн,.. дандаа албан тушаал, зэрэг цол, одон тэмдэг  хөөцөлддөг хүнийг манай боловсрол бэлдсээр өдий хүрлээ. Энд албан тушаал, зэрэг цол, одон тэмдэг хөөцөлддөг ХҮН гэх үгийг дахин дахин хатуу хэлье. Угаасаа манай боловсрол нь хүнийг зохиомол тийм нэг ЗАГВАР–т оруулж,..коммунист үзэл сурталтай ХҮН болгон хувиргадаг байлаа л даа. Тийм ХАЧИН ХИЙМЭЛ ЭВГҮЙ хүн одоогийн манай сэхээтнүүдийн дотор бас ч гэж цөөн бус бий шүү. Энд хүн буруугүй ээ, цэвэр ариун байсан  хүүхдийг тийм загварчлагдсан хиймэл болгосон МОНБОЛ XX л буруутай. ЧАНАРТАЙ  боловсрол-САЙН ХҮН,..ЧАНАРГҮЙ боловсрол–МУУ ХҮН гэсэн хэлхээ ойлголтуудыг сайн сөхвөл араас нь нилээд асуудал босдог. Монголчууд бид ХҮНИЙ ЧАНАР–ыг боловсролоос ангид ойлгож заншсан. Та их нарийн юм ажиглажээ. Энэ ЮУ-г хэлдэг вэ гэвэл манай одоогийн боловсрол нь хүний ЧАНАР–ын эсрэг чиглэлтэй байгааг харуулна. 
 
Юу гэнэ ээ,.. тэгээд манай одоогийн боловсрол монгол хүний чанарыг дордуулж байгаа хэрэг үү? 
 
ТИЙМ ЭЭ,.. Орчин үеийн хүмүүс маш олон шийдвэрийг өөрөө бие даан гаргахад хүрлээ.Хүмүүс хоол унд, хувцас хэрэгсэл, будаг шунх, орон гэр, унаа машин, эм эмнэлэг,  сургууль, ажил мэргэжил, шүтлэг өргөл, баяжих аргууд,.. гэхчлэн тулгарсан олон асуудлаараа байнга сонголтот шийдвэр гаргах боллоо. Намайг л ав, надад л итгэ, би л хамгийн сайн нь гэх үй түмэн зар сурталчилгаанд хүмүүс барьц алдаж байна. Ийм үед  алдаж сонгох магадлал нь ихсэнэ. Бүр амь насаараа хохирох нь ч бий. Иймээс хүмүүсийг  онч зөв шийдвэр гаргах ухаанд сургах шаардлага тулгамдсан зорилт болсон тул боловсролыг энэ зүгт эргүүлж байна. Боловсрол зүгээр л мэдээ дамжуулах төдий биш, харин ч сурагчдаа багаасаа тунгаан боддог, логиктой эрэгцүүлэн сэтгэдэг, тэгээд олон сонголтоос онч сайныг нь баримжаалсан ЗӨВ шийдвэр гаргадаг арга ухаанд сургаж зүгшрүүлэх үүрэгтэй болсон. Гэтэл манайд үүнийг дөнгөж ярих төдий л байх шив. Хүн нь  ЗӨВ шийдвэр гаргахгүй аваас тэр улс өөдлөх үү,.. уруудах уу,.. ойлгомжтой,.. УРУУДНА. Энд би УРУУДНА гэдгийг огтоосоо хөгжихгүй гэх утгаар бус, хөгжинө, гэхдээ тэр хөгжил нь дэлхийн улсуудын урагшилж буй дундаж хурдаас доогуур байна гэх харьцуулсан  байдлаар хэллээ. 1990, 2000, 2010 онд бидний ард байсан олон улс 2020 онд бидний өмнө гарчээ,.. уралдааны замд бидний хажуугаар морьд урагш гараад л байх юм. Монгол  улс ийм байх учиргүй л юмсан.    
 
Монголын одоогийн боловсрол хаанаас эхтэй бол? 
 
Монголын одоогийн боловсрол нь үндсэндээ олон түмнийх буюу МАСС–ынх юм. Тийм боловсрол нь албан боловсролыг л үнэлдэг. Ийм албан боловсролын суурь XVIII зуунд европод үйлдвэрийн ажилчдын залгамж үеийг бэлдэх зорилгоор массын буюу олон түмний боловсролын хэлбэрээр үүссэн аж. Тийм боловсрол нь СААРАЛ ДУНДАЖ–ийг олноор үйлдвэрлэдэг. Тэр үед төрөлт их, хүүхэд олон тул тэднийг яаж ийгээд нэг ажилтай болгох шаардлага байжээ. Үйлдвэрийн ажилчид төдий л урт насалдаггүй байсан. Иймд тэднийг нөхөн үйлдвэрлэх шаардлага үүссэн. Түүх нь ийм юм. Ажилчин ангийг тэргүүлэх анги гэж ухуулдаг коммунист үзэл суртал ноёрхож байсан 1990 оноос өмнөх үеийн манай боловсрол тэр үеийнхээ нийгмийнхээ хөгжлийн тусгал болж байв. Нэгэнтээ ажилчин анги тэргүүлэх тул хүүхэд бүрийг тийм тэргүүлэх ангийн төлөөлөгч болгохыг зорино. Тэрхүү ажилчин ангийг бүрдүүлэгч  пионер сурагчид, залуучуудын, эвлэлийн гишүүд нь тухайн үеийнхээ НАМ–ын жанжин шугамыг тууштай хамгаалагч байх ёстой бөгөөд тэднийг аливаад ангич намч байр сууринаас ханддаг, жинхэнэ коммунист ёс суртахуунтай болгож  хүмүүжүүлэх нь боловсролын үүрэг байсан. Гэтэл өнөөдөр байдал өөр болжээ. Өдгөө  ажилчин бэлтгэдэг албна ёсны гэх тодотголтой АЖ ҮЙЛДВЭРИЙН БОЛОВСРОЛ–ыг  хуучнаар нь үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болсон. Тийм шаардлага ч байхгүй. Монголд иргэний нийгэм байгууж байгаа болохоос ажилчны социализм байгуулаагүй. 
 
Манайхны зарим нь хуучны боловсрол л САЙН байсан гэх юм билээ, одоогийнхтой харьцуулахад  тийм ч юм шиг,..ингэхэд 1990 оныхоос өмнөх үеийн боловсролруу шилжиж болох уу?,..
 
Манай зарим эрдэмтэд, иргэд хуучны боловсрол л САЙН байсан гээд түүнийгээ нотлох гэж оролддог тал бий. 1990 оноос өмнөх үеийн боловсрол чинь яг тэр үеийнхээ тоталитар тогтолцоондоо тохирч байсан. Хэрвээ одоо буцна гэвэл эхлээд үндсэн хуулиа буцаах ёстой, ингээд ХОЙТ СОЛОНГОС-ын араас орно. Эдүгээ тийм боломж  байхгүй. Өнгөрсөн үеийн боловсрол бол цаг үетэйгээ хамт ард хоцорсон. Өнгөрч хаягдсан тоталитар БОЛОВСРОЛ XX-д ямарч ирээдүй байхгүй. Одоо арагшаа биш урагшаа харах цаг.  
 
Эдүгээ европын орнууд тэгээд ямархуу боловсролын загвартай болж байна вэ?
 
Баруун европын орнууд аж үйлдвэрийн БОЛОВСРОЛ 1 загвараа бараг 120 жилийн өмнө олон хувилбартай болгож шинэчилсэн. Дараа нь БОЛОВСРОЛ 2 болгоод, улмаар  БОЛОВСРОЛ 3 болгоод,.. одоо БОЛОВСРОЛ 4 ярьж байна. Монголчууд бид л ТАГ.   Ингэхлээр манай боловсрол бусдаас хол хаягдан хоцрох нь илэрхий юм. Бид одоогийн мөрдөж буй боловсролын ЗАГВАР–аа яаралтай солих шаардлага аль хэдийнээ үүссэнийг  дахин сануулъя
 
Дөрөв: Боловсрол ба хүн капитал, боловсролын үр нөлөө    
 
 
ХҮН КАПИТАЛ гэж ярих болжээ. ХҮН бол өөрөө хамгийн үнэтэй нь баймаар, гэтэл хүнийг  үндсэн хөрөнгө-капиталтай адилтгах нь хэр зөв бол,.. ХҮ –ийг яагаад ингэж капитал  болгон тодотгож байгаа хэрэг вэ?
 
ХҮН–ийг шууд утгаар нь капитал гэж үзэхгүй байгаа. Хүн л бол ХҮН. Энэ бол хүнийг үнэлэх нийгмийн тал нь. Гэтэл хүнийг эдийн засгийн утгаар бас үнэлж цэгнэж болно. Хүн олон янз. Капитал болдог хүн байхад капитал болдоггүй юмуу БҮТЭЛГҮЙ МУУ хүн гэж бас байна аа. Капитал гэхээр ӨӨРӨӨ ӨСДӨГ ӨРТӨГ юм. Өөрөө өсдөггүй, өөрийгөө үнэтэй болгодоггүй тэр хүн бол ХҮН КАПИТАЛ биш,.. мөн юмаа гэхэд ҮНЭ ЦЭНЭ нь доогуур болно. Хүн капитал гэдэг нь хүнийг өртөгжүүлж, үнэ цэнэтэй болгож буй ойлголт.  Социалист эдийн засагчид (тийм эдийн засагчид монголд цөөн бус) хүнийг капитал-хөрөнгө мэт болголоо гэж шүүмжилдэг. Хүн капитал гэх нэршил гаргалаа гээд хүн нь хүн биш, суурь машин болчихгүй л дээ. АНУ, Баруун европын бизнесмэнүүд Африкаас ирсэн 10 цагаачид орвол зүүн хойт Азиас ирсэн 1 цагаач нь дээр гэж үздэг  байх юм. Зүүн хойт Азийн цагаач нь IQ өндөр тул хэрэгтэй хүн-капитал гэдгийг тэд мэдэж байх нь ээ. Дээр нь орчин үед чанартай боловсрол эзэмшихийн хэрээр тэр хүн үнэд орно,.. харин энэ бол нотлогдсон шүү. Боловсрол яагаад ч ХҮН–ийг үнэ цэнэтэй болгох асуудлыг тойрч болохгүй. Харин ч ХҮН-ээ үнэтэй болгох, капиталжуулах талыг нь бодолцох учиртай. Энэ нь боловсролыг ЧАНАРТАЙ болгох нэг хөшүүрэг юм. 
 
Боловсрол, Эдийн засаг хоёрт эрэмбэ гэж байх уу,..Манай ТӨР эдийн засаг л ярьсаар өдий хүрлээ,..?
 
Өнгөрсөн зуунд Эдийн засаг нь Боловсролынхоо урд нь явдаг байсаан. Аж үйлдвэрийн  технологи нь үүнийг шаардсан. Цаг үе нь, хөгжлийн түвшин нь тийм байсан. Гэтэл өнөөдөр дэлхий даяараа аж үйлдвэрийн дараахь (post-industrial society) нийгэмрүү ороод  байна. Одоо монголчууд бид бүгдээрээ БОЛОВСРОЛ бол ЭДИЙН ЗАСАГ–аас ч  илүү үнэ цэнэтэй гэдгийг ухаарах ёстой. Гэхдээ энд АСУУДАЛ байна, тэр нь: Боловсрол гэж одоогийн манай энэ МОНБОЛ XX-г хэлээгүй. Эдийн засгаа тэтгэж чаддаг тийм боловсролыг хэлсэн. Одоогийн МОНБОЛ XX бол манай эдийн засгийг арагш нь чангаадаг, тэгсэн атлаа их хөрөнгийг өөртөө шингээдэг тийм нэг ЭВГҮЙ, цоорхой сав шиг салбар болчихоод байгаа юм. Үүнийг л ухаармаар. 
 
Боловсролын эдийн засаг, боловсролын үр ашиг гэж байх нь,..энэ өнцгөөс харвал манай  одоогийн боловсрол ямархуу дүр зурагтай харагддаг бол?
 
Орчин үед Боловсролын эдийн засаг гэх салбар ухаан бий болсон. Тэнд боловсролын  үр өгөөж, үр ашиг гэж олонтаа ярьдаг,..учир нь Боловсрол нь их хэмжээний хөрөнгийг маш үр нөлөөгүй урсгадаг салбар болчих эрсдэл байгаа юм. Ийм байдал зөвхөн монголд ч байгаа биш, өндөр хөгжилтэй орнуудад хүртэл ажиглагдсан. Бидний тооцоолсноор, манай боловсролд төсвөөс өгч буй мөнгөний 50%-нь үр нөлөөгүй хий хоосон урсаж байна.
Энэ хөрөнгийг хянадаг тогтолцоо монголд байхгүй. Боловсролын эдийн засаг, боловсролын үр өгөөж гэх ойлголтоор монголын боловсролыг шүүвэл, МУУ дүн авна.  Одоогийн ЕБС–ийн хичээлийн лавтайяа 50 % нь хэрэг бага, сурагчийн цагийг үрсэн, тэднийг зайгүй шахсан, хөдөлгөөнгүй болгож багласан, илүүдэл хичээл болсон. Энэ салбарт эдийн засаг гэдэг ойлголтыг оруулах цаг хэдийнээ болжээ. Боловсролд манайх  бас ч гэж багагүй хөрөнгө зарцуулдаг,..гэтэл дэлхийн дэвжээ биднээс улам л холдоод байна,..бид хоцрогдоод байх юм,..хөрөнгө нэмснээр үр дүн гардаг бол гарах цаг боллоо,.. тэгэхлээр,..боловсролын үр нөлөөг дээшлүүлэхэд өөр арга технологи, арга ухаан хэрэгтэй  болоод байна.
 
Ямар арга ухаан гэж?
 
Монголын боловсрол нь ӨНДӨР ЗАРДАЛ-БАГА ҮР ӨГӨӨЖ-МУУ ҮР ДҮН буюу ЗАРДАЛ  ихтэй, ҮР ӨГӨӨЖ багатай, ҮР ДҮН нь муу гэж оношлогддог тийм салбарт хамаарна.  Зөвлөлтийн коммунист дэглэмийн нөлөө харъяалалд байсан улсуудын боловсролыг  технологийн хоцрогдолд орж, хий дэмий их зардалтай, үр нөлөөгөө алдсан, эдийн засгийн агуулгагүй болсон гэж оношилдог. Олон улсад хэрэглэж буй үнэлгээ ийм шүү.
Сүүлийн 3 жилийн дунджаар улсын төсвийн (төсөв 11,3 их наяд төгрөг) 15 % буюу ойролцоогоор 1.7 их наяд төгрөгийг боловсролд зарж байна. Энэ чинь бидэндээ бас ч гэж бага мөнгө биш,.. гол нь зөв зарцуулах учиртай. Гэтэл яг БАГШ дээрээ очдог мөнгө нь тун бага. Дашрамд дурдахад, үүнээс илүү утгаа алдсан, ЗАМБАРААГҮЙ байдалтай байгаа өөр нэг салбар бол  шинжлэх ухааныхан. Тэнд удирдлагын тогтолцоо нь хуучнаараа байгаа юм. Ингэхлээр хичнээн мөнгө өгөөд ч нэмэргүй.
 
Боловсрол, шинжлэх ухааны салбарт АВИЛГА бий болов уу?
 
Боловсрол болон Шинжлэх ухааны салбарт авилгал, хөрөнгийн шамшигдуулалт их бий.  Гагцхүү тэр нь дотоод зардал байдлаар  бичигддэг. Үүнийг барагтай бол илэрдэггүй авилгалын нууц хэлбэрт тооцдог. Инчоны тунхаглалын 108 дахь заалтын 3–д: Боловсролын салбарын үлэмж хэмжээний хөрөнгө авилга үр ашиггүй байдлаар дамжин алдагдаж байна гэжээ. Энэ яг монголыг хэлж байна. Тэртээ гаднаас Авилгатай Тэмцэх Газрын  нэг мэргэжилтэн үүнийг  илрүүлэх хэцүү. Харин хажуунаас нь илрүүлдэг  шалгарсан арга байдаг.
 
Ямар шалгарсан арга бий бол?, шалгарсан гэж ЮУ г хэлж байна вэ?
 
Шалгарсан гэдгийг олон улсад хэрэглэгддэг, туршигдаад батлагдсан, олон улсын жишиг болсон арга гэх утгаар ойлгоно.
Үүнийг НҮБ–аас өргөн утгаар эвтэйхэн томъёолдог болсон. Нэр нь: ОЛОН ТАЛТ ТҮНШЛЭЛ–ийн зарчим. Төр ба Иргэний нийгмийн түншлэлийг  энд ярьж буй. Энэ зарчмаар нэг нь нөгөөгөө хянахын хажуугаар шударгаар хамтран ажиллах талаа давхар бодолцоно. Монголын ТӨР сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудын шахалтаар ТҮНШЛЭЛ гэж ярих болсон. Гэхдээ хэрэгжүүлэхгүй байгаа, учир нь,.. хэрэгжүүлэх гэхээр түүн дотор ШУДАРГА, ТУНГАЛАГ, ИЛ ТОД, ҮР АШИГТАЙ байх зарчим заавал яригдах тул олон НО цухуйж АЮУЛ ТАРЧИХ гээд болохгүй байгаа юм. Үүнийг манай яамны АВИЛГАЧ нөхдүүд сайн мэддэг. Ингээд ярих төдийгөөр цаг  аваад, хойшоо суугаад л байгаа юм даа. Боловсрол болон Шинжлэх ухаанд зарцуулж буй  хөрөнгийн үр ашиг, үр дүнг хөндлөнгөөс нь ТББ–р хянуулах цаг болоод,..бүр өнгөрөөд байна аа. Өнгөрөөд байнаа гэдэг нь завхрал ихсээд бүр утгаа алдлаа гэсэн санаа юм шүү. Одоо ядаж л, боловсролд зориулж гадаадаас авсан зээл, тусламжийн үр ашгийг хөндлөнгөөс нь шударгаа хянамаар байна,..мөн ч их юм гарна даа,..энд хэдхэн хүн л тоглож ууж идэж дураараа дургиж байна. Дараа нь төсвийн зарцуулалтруу орно. 
Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр ашиггүй, хий урсаж буй хөрөнгөө хяна, үүндээ иргэний нийгмийг оролцуул гэж олон улсын байгууллагуудаас манайд удаа дараа анхааруулсан байдаг юм билээ. Тэд нэг үнэр авсан хэрэг л дээ. Олон улсын шинжээчид чинь олон газраар яваад ҮНЭР олохдоо гаршсан мэргэшсэн хүмүүс байдаг.  Тэд монголын боловсрол, шинжлэх ухаан хоёр нь ХЭЦҮҮДСЭН гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байж таараа.   
 
Энэ чинь манай боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг үндсээр нь ХЯНАХ тухай том асуудал байна шүү дээ,.. Маш их эсэргүүцэлтэй тулгарах байх даа?
 
Эсэргүүцэлтэй тулгарна гээд айгаад дөлөөд байвал бид урагшлахгүй. 30 жил хоосон дэвхцлээ,..одоо болоо биш үү. Монголчууд боловсрол, шинжлэх ухааныг гойд хүндэтгэдэг. Тэр нь боловсрол, шинжлэх ухаан гэхээр хэн ч хүрдэггүй, төрөөс МӨНГӨ өгч л байх ёстой, .. тэнд ямар нэгэн булхай огтоос байдаггүй АРИУН БУРХАН мэт боддогт оршино. Гэтэл зах зээлийн үед тийм ариун нандин салбар гэж байдаггүй. Ард түмэн болон төрийн энэ ГЭНЭН итгэлийг эдгээр салбарын удирдлагууд, түүнийг тойрсон бүлэглэл өөрсдийн хомхой зорилгод буруугаар ашиглаж өдий хүрсэн нь илэрхий юм. Иймээс БШУЯ, ШУА-н зардлыг хөндлөнгөөс нь шударгаар нэг хянахсан,..ЮМ ч их гарна даа,.. би мэдээд, мэдрээд байна аа,..  
 
Манай одоогийн энэ боловсрол үр дүнгээ хэр өгсөн гэж Та боддог вэ ?
 
Бид чинь нийгэм даяараа 1990 оноос өмнө ЗХУ–аас тулгасан коммунист тоталитар захиргаадалтын тогтолцоотой байлаа. Тэрхүү коммунист дарангуйлагч нийгэм маань  өөрийн гэсэн боловсролын тогтолцоог шаардсан. Тэр нь МОНБОЛ XX. Мэдээж, энэхүү уламжлалт загвар яг тэр л үедээ үр нөлөөтэй байсан. Бүх иргэдээ бичиг үсэгтэй болгосон ,.. гээд ярих юмс бий. Харин монгол орон ардчилал-зах зээлийн горимд шилжиж, дээр нь даяарчлалын их шуурганд өртөхөөр тэр уламжлалт МОНБОЛ XX үр нөлөөгөө алдсан. Бас  манай боловсрол мэдээллийн их урсгалд хөвж байна. Зах зээл, Их өгөгдөл, Даяарчлал, Технологийн цохилт гэсэн 4 том нөлөөллийг тэсэж үлдэхүйц тийм боловсролын загвар хэрэгтэй байна, одоо үед. Эдгээрээс технологийн цохилт нь манай шинжлэх ухаан дээд боловсролын хүрээг үндсэнд нь НАМ болгов. Их өгөгдөл нь боловсролыг балбаж байна.  Энэ 4 том нөлөөг тус тусад нь ул суурьтай яримаар байгаа юм. БШУЯ, ШУА–с энэ мэт  тулгамдсан асуудлаар тэндэр зарлаж, эрдэмтдийгээ сэрээж уриалж байгууштай. Ядаж  ШУА дуугармаарсан, бүр ТАГ шүү.
 
Боловсрол нь технологийн цохилтод өртөж байгаагийн жишээ хэлээч?
 
Технологи өөрөө өөртөө зам гаргадаг,.. технологи биднийг гуйхгүй ээ. Тэргүүний шинэ технологийг түрүүлж эзэмшсэн хэн ч гэсэн бусдаасаа илт давуу болдог. Сампин гаргууд цохьдог 50 настай доктороос калькулятор сайн эзэмшсэн 30–тай магистр илүү бөгөөд энэ хоёрыг компьютертэй 10 настай хүүхэд хол хаяна. Энд боловсролын нөлөө алга болж байна. Хоцрогдсон боловсролыг технологи НАМ цохьдог ажээ. Технологи эдүгээ хүмүүсийн амьдралын түвшинд хүчтэй нөлөөлөх болов. Манай хөдөөгийн боловсрол  цахим технологиор хотоос хоцорсон. Ингээд ковидын үед цахим сургалтад шилжихээр хөдөөгийн хүүхэд хохирлоо. Хотынхон, ялангуяа, чинээлэг хэсгийнхэн харин ч хожлоо. 
 
Энэ чинь аяндаа амьдралын түвшний ялгаа, нийгмийн гадуурхалруу түлхэнэ. Уг нь хөдөөгийн хүүхэд  IQ-рээ хотынхоосоо яав ч дор биш. Гэтэл ЕБС–нь технологийн  цохилтод өртсөн учраас өндөр IQ-тэй хүүхдүүд хүртэл хоцорч хохирч байна. Гэтэл бас, манай хот суурин газрын сурагчдыг дэлхийн дээд технологижсон боловсролтой харьцуулбал их хол хаягдсан. Технологиос хоцорсон боловсрол өөрийгөө ч, өрөөлийг ч  сүйрүүлдэг. Яагаад гэвэл, технологи золиос шаардана. Үүнийг (монголын боловсрол  технологийн цохилтод өртөөд байгааг) л монголын ТӨР-д, бас иргэддээ ойлгуулахсан. Зүй нь боловсрол боломжоороо технологиосоо түрүүлж явах ёстой л доо. 
 
Ярилцсан С.Сарнай 
 
Ярилцлагын 1-р хэсгийг энд,
2-р хэсгийг энд дарж тус тус уншина уу