sonin.mn
“Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн гишүүн Т.Хонгорзулын “Орхон Тариа” ХХК-ы захирал Л.Отгонбаттай хийсэн ярилцлага
 
 
“Бидний цөөхөн Монголчууд” төсөл та бүхнийг “Орхон Тариа” ХХК-ийн захирал Л.Отгонбаттай уулзуулж байна. Таньд өдрийн мэнд хүргэе, газар тариалангийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
 
 
 
 
Манай “Орхон тариа” ХХК энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэгэхээр газар тариалангийн салбарт ороод 20 жил болж байна гэсэн үг. Багагүй хугацаа. Энэ хугацаанд гурван удаа Улсын Аварга тариаланч хамт олон болсон. Мөн “Атрын 60 жил”-ээр зохиогдсон болзолт уралдаанд түрүүлж байлаа. 
 
Энэ жилийн хувьд хэдэн га орчим газраас ургац хураах төлөвтэй байна?
 
Энэ жил манай компани 1000 орчим га газарт тариалалт хийсэн. Мөн 1000 орчим га газарт уринш боловсруулалт хийж байгаа. Ерөнхийдөө бол  2000 га эргэлтийн талбайтай. Энэ жил нар хур тэгширсэн их сайхан зун боллоо. Ургац маш сайн байна. Нилээн гайгүй ургац авах болов уу? гэсэн бодолтой, сэтгэл хангалуун байна даа. 
 
Энэ жил ургац сайн байгаатай холбоотойгоор ургац хураалтын ажилд бүх нийтийн оролцоо маш чухал байгаа. Манай төсөл ч энэ асуудлыг сурталчлах зорилгоор тариаланчид та бүхэнтэйгээ ярилцаж байгаа юм. Энэ тал дээр таны бодол?
 
Та бүхэнтэй уулзаад, юуны төлөө, ямар асуудлыг нийгэмд ойлгуулж, хүргэх гээд явж байгааг тань сонсоод сэтгэл маш хангалуун байна. “Бидний цөөхөн Монголчууд” гэдэг энэ төсөл Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа жирийн иргэд хэрхэн аж төрж, юуны төлөө зорин ажиллаж байгааг харуулдагт маш их баярладаг. Танай төслийн хийж байгаа контентуудыг үзэж байсан боловч өөрөө ингээд ярилцаад сууна гэж бодож байсангүй.
 
Ер нь Монголчууд бид өөрсдөө гараа хөдөлгөж, хөдөлмөрлөж чадвал бүх юм сайхан болно гэж хэлмээр байна. Гэвч сүүлийн үед ажиллах хүч хаа сайгүй дутагдалтай байна. Үнэхээр хүн хүч байхгүй учраас дутагдаад байгаа юм уу? гэхээр үгүй. Монголчууд маань зүгээр байж байгаад л мөнгө олох санаатай, гараа хөдөлгөхгүйгээр яаж сайхан амьдрах вэ? гэдэг зорилготой болчихсон юм шиг...
 
Нэг хүн ирээд ажиллана. Өдрийн тал болчихоод л “Би явлаа, болчихлоо, ар гэрт ийм тийм ажил гарлаа” гээд яваад өгдөг. Ямар учраас ийм болчихов гээд бодохоор халамжийн бодлого Монгол Улсад арай ихэдчихэж. Төрийн бодлого арай л буруу яваад байна уу даа? Уг нь гараа хөдөлгөөд ажиллаж чадвал Монголчууд шиг хүнд бэрхийг туулах чадвартай, тэсвэртэй, оюуны чадавхи өндөр хүмүүс дэлхийд ховор гэж боддог юм. Би өөрөө гадны улсад сурч байхдаа Монголчуудын толгой хэр ажилладаг юм, оюуны чадавхи нь ямархуу юм гэдгийг сайн ойлгож авсан. Тэр сайн толгойг зөв тийш нь чиглүүлж ажиллуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголчуудын толгой буруу тийшээгээ ажиллачих гээд байна шүү. Дийлэнхи нь л яаж амар хялбар аргаар амьдрах вэ? гэж боддог болчихоод байна. Үүнийг болих ёстой.
 
Монголд бизнес эрхлээд, гараа хөдөлгөөд, хөдөлмөрлөөд амжилтанд хүрч болдог юм байна гэдгийг танайхтай танилцаад улам их мэдэрч, урам авч байна. Газар тариалангийн салбарт ер нь эмэгтэй захирлууд хэр их байдаг вэ?
 
Ер нь нилээн бий шүү. Ялангуяа сүүлийн үед зөвхөн газар тариалан ч гэхгүй бүх салбарт эмэгтэйчүүд түрэн орж ирж байна. Дайчин эмэгтэйчүүд их байна. Эмэгтэйчүүд маань эрчүүдээсээ арай л илүү дайчи байж, өөрсдийгөө золиослон ажиллаад байна уу гэж боддог. Газар тариалангийн салбарт мундаг эмэгтэйчүүд их бий. Гавьяат агрономич, гавьяат механикжуулагч болсон мундаг бүсгүйчүүд ч байна. Шинээр гарч ирж байгаа залуу захирлууд ч их байна. Тэд маань үүгээрээ газар тариалангийн салбарт зөвхөн эрчүүд биш эмэгтэйчүүд ч зүтгэж болдог гэдгийг харуулж байгаа болов уу. 
 
Анх энэ бизнесийг эхлүүлж байх үеэ дурсаж яривал?
 
Энэ бизнесийг эхлүүлэхийн өмнө нөхөр маань төрийн албан хаагч байсан. Харин би багш хийж байгаад хүүхдээ харах гэж гурав, дөрвөн жил гэртээ суучихсан байсан юм. Тэгээд мэдээж ганц хүний цалингаар амьдрахад хүнд байсан л даа. Иймээс ямар нэгэн юм хийхгүй л бол болохгүй нь гээд, 10 сая төгрөгийн зээл авч, ямар ч анхан шатны мэдэгдэхүүнгүй байж нэг найзыгаа дагаад, ӨвөрМонголын Баяннуур аймаг руу явсан юм. Тэндээсээ 6 угсраа гурилын тээрэм, үйлдвэр оруулж ирсэн. Өөрсдөө тэр талаар юу ч мэдэхгүй, нөгөө найзаараа заалгаад, Дарханаас бас 2,3 найз маань ирж зааж зөвлөж өгөөд, 1999 онд анх энэ ажлыг эхлүүлж байлаа. Улмаар хүмүүсээс будаа авч тээрэмдээд, гурил болгож борлуулдаг байсан. Яваандаа сүүлдээ будаагаа өөрсдөө тарьж үзье гэж ярилцаад УИХ-ын гишүүн байсан Ц.Ням-Осор ахаас анх энэ аж ахуйг худалдаж авч байлаа. Тухайн үед чамгүй үнээр авч байсан хэдий ч бид хоёрт Ц.Ням-Осор ах маш их боломж олгосон. Тариа будаагаа тарьж байгаад мөнгөө өгчихнө биз гэдэг ч юм уу. Ингээд юу ч мэдэхгүй байж газар тариалангийн салбар луу яваад орчихсон. Өмнө нь энэ аж ахуйг ажиллуулж байсан н.Одгэрэл гэж ахыг гуйгаад та л бид хоёрт хөл дээрээ босоход маань, учраа олоход минь туслаач гэж гуйсан. Хоёр жилийн турш н.Одгэрэл ах маань заавар зөвлөгөө өгч, нэлээн сайн чиглүүлж, их юм хийж өгч тусалсан.
 
2001 онд газар тариалангийн салбар уналтанд орчихсон байсан үе л дээ. Гэсэн ч болно доо гээд тариад л байдаг, зардал гараад байдаг. Ургацаа хурааж авсан юм байхгүй, банкны зээл нэмэгдээд л байдаг... Ингэж явсаар 2003 онд ОХУ-аас агрономич урьж авчирч зөвлөгөө аваад, будааны сортоо сонгуулсан. Тэр жилээ анх удаа га-гаас 18 центнер ургац аваад их баярлаж байсан. Тэгээд ургац авч чадахгүй байж байгаад гэнэт их будаа аваад их алдсан. Заримыг нь шатаагаад, яахаа мэдэхгүй хэцүү байсан. Түүнээс хойш 2007 оныг хүртэл ургац муу авсан. 100 га-д тарьж үзсэн. 300-400 га-д ч тарьж үзсэн. Энэ жил л болно доо гээд зүтгээд байсан. Гэвч олигтой ургац авч чадалгүй 2007 оныг хүрсэн. Яамтайгаа ч харьцаж үзээгүй, юу ч мэдэхгүй, өөрсдөө л зүтгээд байдаг. Тэгээд бид хоёрын хийх ажил биш байна. Ерөөсөө аж ахуйгаа зарья гэж хүртэл бодсон. Гэтэл 2008 онд “Атрын гуравдугаар аян” зарлагдсан. Ингээд анх удаа яамтайгаа харьцаад, усалгааны системтэй болсон. Үүнээс хойш манай га-гаас авах ургацын хэмжээ 20 центнерээс буугаагүй дээ. 2009 онд мэргэжлийн агрономичтой болсон. Тухайн үедээ залуу хүүхэд л ирж байсан. Өнөөдрийг хүртэл 12 жил бид хоёртой хамт ажиллаж байна. 2016 билүү 2017 онд их гантай байсан. Тэр жил л га-гаас 17 центнер ургац авч байсан нь 2008 оноос хойш хамгийн бага ургац авсан тохиолдол юм даа. Сүүлийн 3-4 жилд га-гаас ургац 30 центнерээс буугаагүй. Хэдий талбай бага ч га-гаас авах ургац их болохоор үр өгөөж нь өндөр байна. 
 
Та тэгэхээр бизнесээ их зөв удирдаж авч яваад байна гэж ажиглагдлаа?
 
Өөрийнхөө боломжоор л удирдаж байна. Манай аж ахуйн ажил арваадхан хүний хүрээнд л явагддаг. Бүх зүйл автоматжсан. Хүний оролцоо бага. Гэр бүлийн хүн маань төрийн алба хашдаг байсан. Ингээд 2012 онд ажлаа өгөөд, аж ахуйгаа өөд нь татацгаая, зөвхөн тариа тариад хэдэн төгрөг олох биш, ер нь жишиг аж ахуй болгоод үзье гээд зүтгэсэн. 8 жилийн өмнө ганц ч модгүй байсан газрыг өнөөдөр 4,000 гаруй модтой болголоо. 20 гаруй сортын жимсний мод байна. 2,000 гаруй цэцэг тарьсан. Энэ бүхнийг бэлэн суулгац биш, дандаа үрсэлгээ авч тарьдаг. Мэргэжлийн хүмүүсээр нь үрсэлгээг нь хийлгэж бэлддэг. 
 
Ам бүл хэдүүлээ вэ? Хүүхдүүд нь газар тариалангийн салбарыг хэр сонирхож байна?
 
Манайх гурван хүүхэдтэй. Том нь охин. Удаах хоёр нь хүү. Энэ салбарт оруулах гээд үзээд л байна. Том хүүгээ дагуулаад 4,5 жил явж байна. Гэхдээ бид хоёрын тэтгэвэрт гарах нас бас болоогүй байна. Дор хаяж ахиад 20 жил зүтгэнэ гэж бодоод байгаа шүү. Тэр болтол хүүхдүүдээ сургана. Одоогоор арай санаанд хүрэхгүй байгаа. Зааварчлаад өгвөл хийчихдэг ч бие даах арай болоогүй байна. Бид ч бас энэ насан дээр адилхан л байсан шүү дээ. Гурван хүүхдийн маань хэн нэг нь үргэлжлүүлээд аваад явчих байх гэж найдаж  байна. 
 
Гэрийн эзэгтэйгээс гадна бизнес эрхлэгч эмэгтэй байхад гэр бүлийн хүний нөмөр нөөлөг их биз?
 
Их байлгүй яахав. Манай хүн надаас илүү аж ахуйн ажилдаа оролцоно. Өөрөө бүх зүйлээ хийнэ. Намайг нуруу нь өвдөнө гээд өөрөө зэрлэгээ зулгаагаад явчихна. Хадам аав, ээж  хоёрын маань багаас нь сургасан зүйл юм шиг байгаа юм. Маш хөдөлмөрч. Дүү нар нь ч бас үнэхээр хөдөлмөрч хүмүүс бий. Гэхдээ манай нөхөр илүү хөдөлмөрч гэж бодоод байдаг юм. Ихэнх зүйлээ өөрсдийнхөө гараар хийсэн. Чацарганы мод 1000 гаруйг суулгасан. 
 
Газар тариалангийн салбарт хүн хүчний хэрэгцээ яг хэдий үед нь, ямар шатан дээр илүү их хэрэгцээтэй болдог юм бол?
 
Тариаланчид, механикжуулагчид гээд үндсэн мэргэжлийн ажилчид байнга ажиллана л даа. Үтрэмийн механизмууд байна. Энэ мэт техник дээр мэдээж заавал мэргэжлийн хүн ажиллах ёстой. Манай байгууллагын зорилго бол нэг хүнээ тууштай ажиллуулах. Тэр хүн маань суралцана. Туршлага сууна. Сүүлдээ амаар үүрэг өгөхөд л өөрөө хийчихсэн байдаг. Манай ажилчид одоо хэн нь юу хийхээ бүрэн мэддэг болчихсон. Тэр дундаа манай агрономич маш мундаг залуу байгаа. Бид хоёрыг байхгүй үед бүх ажлыг зохицуулдаг юм. 
 
 
Захирлууд байхгүй үед ч бизнес асуудалгүй үргэлжилж байна гэдэг маань хамгийн том амжилтын нэг болов уу?
 
Тэгэлгүй яахав. Хүмүүстээ итгэл хүлээлгэж чадна гэдэг хамгийн том зүйл шүү дээ. 
 
Газар тариалан эрхэлдэг хүмүүс хийж байгаа ажилдаа, эзэмшсэн мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурладаг юм шиг ажиглагдсан. Тариан талбай дээрээ очих сайхан биз?
 
Үнэхээр тийм шүү. Тариагаа хараад алхахаар бараг л самсаа шархирна гэгчээр гоё санагддаг. Салхигүй, нам гүм  үед тариа өөрөө хөг ая гаргаад, бараг л дуулж байдаг. Тэр нь хачин сайхан. Намрын шаагисан тариан дунд зогсоно гэдэг маш гоё мэдрэмж. 
 
Танд баярлалаа.
 
Ярилцсан: Т.Хонгорзул
Бичгийн хэлбэрт оруулж, найруулсан: Sonin.mn сайтын редакци