сонин mn
КАИР. /TASS/. Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөн Тажикистаны эрх баригчдад хандаж, хөрш орныхоо дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалжээ.
“Тажикистан улсыг манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг бид хүсэж байна. Бид тус улстай сайн харилцаатай байхыг хүсэж байгаа ч хөрш орныхоо дотоод хэрэгт нэг улс хөндлөнгөөс оролцох нь хэний ч эрх ашигт нийцэхгүй. Үйлдэл бүр хариутай байх болно” гэж Афганистаны түр Засгийн газрын тэргүүний орлогч Абдул Салам Ханафи Катарын “Al Jazeera” телевизэд ярилцлага өгөхдээ мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ талибуудын төлөөлөгч Бээжинтэй харилцаагаа бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. “Хятад улс манай хөрш орны хувиар, НҮБ -ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувиар шинэ Афганистаныг бий болгоход эерэг, чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид найдаж байна" гэж тэрбээр онцлон хэлжээ.
 
“Талибан” хөдөлгөөн "олон улсын хамтын нийгэмлэг тэр дундаа АНУ -тай харилцан итгэлцэл дээр суурилсан харилцаа тогтоох" зорилготой бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагчдыг Афганистаны нутаг дэвсгэрт янз бүрийн төсөл хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Сайд нарын түр танхимын орлогч дарга цохон тэмдэглэсэн байна.
 
Есдүгээр сарын 23-нд Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ, Афганистанд сонгууль явуулж, бүх үндэстэн, тэр дундаа Афганистаны тажикуудыг оролцуулсан цогц засгийн газар байгуулахыг уриалжээ. Афганистаны бүх үндэстэн, ястны ашиг сонирхлыг харгалзахгүйгээр ямар ч Засгийн газар байгуулах нь түүний хувьд сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна. Үүнээс гадна, Эмомали Рахмон Афганистанд олон улсын терроризм дахин сэргэх аюул заналхийлж буйг анхааруулжээ.
"Аюулгүй байдалд учирч болзошгүй аюулыг арилгахын тулд" Тажикистантай хил залгаа оршдог Афганистаны Тахар муж руу тусгай хүчний хэдэн арван цэрэг илгээсэн тухайгаа талибууд есдүгээр сарын 25-нд мэдэгдсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг