sonin.mn
“Төслийн эдийн засаг” сэдэвт олон улсын хуралд Ерөнхий Сайд асан М.Энхсайханы тавьсан илтгэл
 
 
Юуны өмнө “Төслийн эдийн засаг” сэдэвт олон улсын хуралд онцгойлох илтгэгчээр үг хэлэх урилга өгсөн явдалд хурал зохион байгуулагчдад гүнээ талархаж байна. Хэтэрхий том хариуцлага юм даа. Би энэ талаар ярих эрхтэй билүү гэж бодогдож байлаа.
Монгол улсад анх удаагаа УИХ мегатөсөл хариуцсан Засгийн газрын гишүүн, сайдын албыг бий болгож тэр албанд миний биеийг томилж байсан. Монголын түүхэнд цор ганц болсон явдлын амьд гэрч нь би өөрөө учир  энэ урилгаас татгалзах эрхгүй юм байна гэж зориг гарган үг хэлэх эрх чөлөөг эдлэе гэж бодсон юм.
Хэлэх үгээ юунаас эхлэх вэ  гэж бодсон. Яалт ч үгүй нүүр тулаад байгаа Монголын эдийн засгийн хямралт байдлаас эхлэх ёстой юм шиг байна.
 
Өнөөдөр бензин тасалдаж колонкууд дээр уртаас урт дараалал бий болж бизнес, эдийн засагт,  хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэлсэн цаг үед бид энд хуралдацгааж байна. Гадаа гудамжинд хямрал болж байхад бид энд Төслийн эдийн засаг ярьж суух хоёрын хооронд ямар учир холбогдлын холбоос байна вэ гэж асуух, шүүмжлэх хүн захаасаа олдоно. Бүр буруутгах хүмүүс ч их байгаа байх.
 
Бензиний дутагдал бий болж зүнэ хөөрөгдөх том асуудал бий болох юм байна гэдгийг наад зах нь 5 жилийн өмнөөс урдчилан харж болохоор байсан. Энд геополитик ямар ч хамаагүй гэж бодож байна. Орос орон хуучин зөвлөлтийн үед нээсэн газрын тосны ордуудаас бензин гаргаж авсаар байгаа ч нөөц нь дундарч, өртөг зардал нь нэмэгдсэн бөгөөд шинэ шинэ орд нээх, үйлдвэрлэлд бэлтгэх Оросын стратеги нь янз бүрийн шалтгаанаар бүтэлгүйтэж байгаа, бензин Оросын дотоод зах зээлд улам бүр хүрэлцэхээ байж байгаа талаар эртнээс ил тод ярьсаар ирсэн. Оросын хэвлэлийн мэдээг шүүрдвэл өнгөрсөн 10 жилд Орос орон 6 шинэ орд нээсэн гэх бөгөөд бүгд жижиг орд.  Тэр нь Оросын дотоод хэрэглээтэй нь харьцуулбал өчүүхэн юм. Өөртөө хүрэлцээгүй байгаа бензиныг бусдад илүүчлэх гэдэг бол хэцүү шүү дээ. Монголд бензины хомсдол үүссэнд Орос орныг буруутгахад үнэхээр хэцүү. Вакцины национализм шиг хараахан бензиний национализм бий болчихоогүй байгаа гэдэгт итгэлтэй байна.
Харин бид зах зээлээ диверсификаци хийх талаар цаг алдсан гэвэл үнэнд илүү нийцнэ. 5 жилийн өмнөөс урдчилан харж болох том асуудлыг харж чадсангүй. 5 жил  гэдэг бол нэг төсөл хэрэгжүүлж эхлэх цаг хугацаа байлаа.  Бидний стратеги  төлөвлөлт сул, түүнийгээ хэрэгжүүлэх төсөл боловсруулах чадамж дорой, ер нь стратеги төлөвлөлтгүй явж байгаа нь өөрөө бидэнд цохилт болон ирж байна. Энэ бол зөвхөн ганц жишээ. Эрчим хүч, тээврийн салбар гээд олон газарт стратегитай ажиллахгүй бол бензиний хямралтай ойролцоо түүнээс ч хүчтэй цохилтууд ирэхээр байгаа. Сүх далайтал үхэр амар гэдэг уламжлалт сэтгэлгээ орчин үед зохимжгүй хийгээд яагаад гудамжинд хямрал илт байхад бид энд Шангриллад “Төслийн эдийн засаг” ярихын хооронд шууд хүйн холбоо байгаа шүү гэж бодогдож байна.  Хожимдсон ч ирээдүйгээ бодохоор өнөөдөр чухал асуудал ярьж суугаа шүү.
 
 
Ковид ба “Шинэ хэвийн байдал”
 
 
Ковидын цар тахал дэлхийн эдийн засгийг, тэр тусмаа жижиг орнуудад хүндхэн цохилт болж байна. Ковид том жижиг бүх орнуудаас шалгалт авсан. Бүгд л шалгалтанд унаж байх шиг. Шалтгаан нь нэг сонгуулиас дараачийн сонгууль хүртэл хугацаагаар богинохон сэтгэдэг улс төрчид байгаа явдал шалгалтанд унах нөхцөл болж байх шиг байна. Том орнуудад цохилт даах санхүүгийн чадамж байгаа. Харин жижиг орнуудад тийм бололцоо үнэндээ байхгүй. Бидний хамтран бүтээсэн ардчилал, зах зээлийн тогтолцоонд засвар хэрэгтэй аж. Тиймдээ ч бидний монголчууд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан гэж бодож байна. 
Ковид болон хүн төрөлхтөн цаашдаа мөнхөд хамт байх нь бараг ойлгомжтой болж. Ганц ковид биш олон вирус хойно хойноосоо гарна гэж байна. Нэг вируст бүгдээрээ  цохиулж байгаа бол цаашдаа хоёр гурав  хавсарсан вирус айсуй гэсэн судалгаа байна. Дээр нь цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшиг, газар хөдлөлт, санхүүгийн хямрал зэрэг нь нэрмээс болохоор байна. Үүнтэй холбоотойгоор  жилийн дараа, 3 жилийн дараа, 5 жилийн дараа эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх талаар урдчилан таамаг гаргахад улам бүр хэцүү болж байна. Бий болсон нөхцөл байдал нийгэм эдийн засаг, бизнесийг тодорхой чиглэлтэй хөгжүүлэх замын зураг гаргахад шийдвэр гаргагчдад, компаний удирлагуудад тун хэцүү болж байна. Зах зээлийг ямарваа нэг хэмжээгээр урдчилан таамаглаж болдог байх үеийнх шиг эдийн засаг,  бизнесийг удирдах боломжгүй болж байгаа талаар судлаачид анхааруулж байна.
 
Бий болсон нөхцөл байдлыг “New Normal” буюу “Шинэ хэвийн байдал” гэж томьёолж байгаа.
 
 
Стратегиа шинэчлэх үү
 
 
Шинэ нормал нөхцөлд баримтлах стратегийг томьёолох оролдлогууд хийгдэж байна.
Ургаа мод хэр барагийн хүчтэй салхи шуургыг даана. Гэвч санаснаас илүү хүч үйлчлэхэд ургаа мод хугарч болно. Харамсалтай нь хугарсны дараа дахин сэргэх бололцоогүй болдог.  Бургас мод бас ямар ч хүчтэй салхийг даах бөгөөд харагдах байдлаараа ургаа модноос илүү биш ч санаснаас их хүч үйлчлэхэд бургас мод хугарахгүй, ямар ч гамшгийн дараа өөрөө босч сэргэж ирдэг. Ямарч цохилт амсдаггүй организм тэсвэр муутай байдаг. Үүний оронд жижиг хэмжээний цохилт амсаж түүнээсээ гарч чадах сурц бий болгох нь чухал. Бензины хямрал, ковидтой холбоотой алдаа оноог шинэ хэвийн  байдалд учирах үзэгдэл гэдгээр би хувьдаа хүлээж авч байна. Хамгийн гол нь шоконд өгөх хариу үйлдэл стратегитай байх явдал чухал юм.
 
Төр хэмээх ургаа модноос хувийн хэвшил мөчирлөх юмуу, аль эсвэл төрийн дэмжлэгтэй зах зээл хөрснөөс хувийн хэвшил бургас мэт ургацгаах юмуу гэж бодож болно. Ямар ч байсан Сонголт хийх цаг үе дээр Монгол маань байна. Стратегиа зөв томьёолбол аливаа асуудлыг харах өнцөг бүгд  өөрчлөгдөх нь гарцаагүй юм. Төр нь стратегитай бол аж ахуйн нэгжүүд, компаниуд, байгууллагууд, хувь хүмүүс “замын зураг”-тай болох нь гарцаагүй гэж бодож байна.
 
Төсөл ба  Бялуу
 
Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10-12 тэрбум доллар дээр 10 жил гацаж байна. Монголын эдийн засгийг нэг том бялуу гэж үзвэл бидний дундаа хувааж иддэг бялуу маань 10 жил томорсонгүй. Энэ бол төсөл боловсруулж хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байгаатай холбоотой юм. Төсөл боловсруулж хөрөнгө оруулалт татахгүйгээр бялуугаа томруулах бололцоогүй. Тиймээс өнөөдрийн хямрал дунд бидний хэлэлцэж байгаа асуудал чухал ач холбогдолтой.
Хүн төрөлхтний гайхамшигууд дандаа амжилттай хэрэгжсэн төслүүд л байдаг. Египтын пирамидаас авхуулаад сансар уудмыг эзэмдэх, Марс гариг дээр хөлөгөө газардуулах зэрэг нь бүгд төсөл бодож боловсруулж хэрэгжүүлсний үр дүн юм. Энэ дэлхийд хэзээ нэгэн цагт ядуурал устаж үгүй болбол тэр нь бас төсөл хэрэгжүүлсний үр дүн байх болно гэсэн  үг нэн чухал санагдаж байна.
 
 Монголд ч ялгаагүй аливаа амжилт бүхэн сайн бодож боловсруулсан, хэрэгжүүлсэн төслийн үр дүн юм.
 
Төсөл гэдгийг нийгмийн байгууллаас нь тусдаа салгаж авч үзвэл социализмын үед Монголд тухайлбал Эрдэнэт, Дарханы төмөрлөг, бусад цогцолбор, Хөтөлийн цемент, цахилгаан станцууд, Багануурын уурхай томоохон төслүүд гээд хэрэгжсэн байдаг. Бүгд улс төрийн мотивацитай төсөл байлаа. Хэрэгжүүлэгч байгууллага нь Улсын Төлөвлөгөөний комисс, түүний ар тал нь эрх баригч нам байдаг байв. 1990 оноос хойш  олон нам, зах зээлийн тогтолцоонд шилжсний дараа төрийн өмчийн том төсөл үндсэндээ хэрэгжээгүй. Харин хувийн хэвшлийн Монцемент, Мак, Ухаа Худаг, Цагаан суварга гээд том жижиг хэдэн арван төсөл хэрэгжсэн. Бүгд зах зээлийн мотивацитай байсан. Хүмүүс социализмын үед зах зээлд шилжснээс хойших үетэй харьцуулбал олон төсөл хэрэгжиж олон үйлдвэрүүд баригдсан гэж бодож магадгүй.  Тийм суртал нэвтрүүлэг ч сонсогдоно. Үнэндээ тэр үед нэг хүнд ногдох ДНБ 400 ам доллараас хэтэрдэггүй нэн ядуу орон байсан гэдгээ умартах хэрэггүй юм. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ социализмын үеэс 10 дахин өссөн байна. Хувийн хэвшлийн хэдэн зуун төсөл амжилттай хэрэгжсэн. Дээр нь Засгийн газраас бараг 500-аад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж байна.  
Төрийн салаа мөчир болгон яам, агентлагууд өмчийн хэвшил үл харгалзан аливаа төсөлд нэг л бодлогоор ханддаг байж хэмээн том төслүүдэд урагшах зам нээгдэнэ. Ингэхийн тулд төслийг хэрэгжүүлэх “нэг цонх”-ны бодлогыг Японы МИТИ ч юмуу, Хятадын Хөгжил Шинэтгэлийн Хороо ч юмуу тэдгээртэй адилтгаж болох  хүчтэй боловсон хүчин бүхий эдийн засгийн элит байгууллага байгуулж Ерөнхий сайдын албанд хариуцуулбал нэгэн сайхан гарц шийдэл болох юм. Бусдаас суралцах сайхан шүү дээ.
 
Монголд Хэрэгжиж чадаагүй төслүүд хэрэгжснээсээ хавьгүй их бизээ. Хэрэгжүүлж чадсан төслөө чанга дуугаар магтан дуулдаг хэрнээ хэрэгжүүлж чадаагүй төслөө хэн ч ярихыг хүсдэггүйгээс энэ талаар хаа сайгүй мэдээлэл их хомс. Төслийн асуудлыг судалдаг бие даасан судалгааны институт үгүйлэгдэж байна.
Монгол уул уурхайн орон бөгөөд экспортынх нь 80-90  хувь нь эрдэс баялаг гэж үзвэл Монголын өнөөгийн эдийн засгийн 30-40-өөс доошгүй хувь нь төслийн эдийн засаг гэж хэлж болох юм.
Шинэ шинэ төслүүд олноор бий болж эдийн засгийг тэлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд төсөл боловсруулах чадамжийг бий болгоход төр, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс анхаарах хэрэгтэй байна. Ингэхийн тулд хэдэн арван компаниуд төсөл боловсруулж төслийн менежерүүд бэлдэж, компаний эзэд ажлынхаа цагийн ихэнхийг төсөл боловсруулахад зарцуулах хэрэгтэй юм байна. Судалгаагаар Германы компаниудын 40 хүртэл хувь нь төсөл боловсруулж хэрэгжүүлэгч хэлбэртэй байдаг байна.
Азийн орнуудын түргэн хурдацтай хөгжилд дээрх хөгжлийн  загвар чухал үүрэг рольтой байсан гэж байна.
 
 
Төсөл боловсруулж сурцгаая
 
 
Төсөл боловсруулах арга зүйд суралцах асуудал зөвхөн төр, аж ахуйн нэгж, компаниудын асуудал биш юм. Төсөл боловсруулах арга зүйд хүүхдүүдийг оролцуулах, хүүхдийн   бага наснаас нь сургах  сургалтын хөтөлбөрт төсөл боловсруулах асуудлыг оруулах явдал чухал юм. Ямар ч асуудлыг төсөл маягаар хэрэгжүүлэх нь хүүхдэд тогтоц сайтай сургалтын сайн арга болно. Боловсролын хөтөлбөрт төсөл боловсруулах арга ухаан цаашдаа хэвийн норм, хэм хэмжигдэхүүн болох чиглэлээр боловсролын тогтолцоонд өөрчлөлт орох юм байна. Ялангуяа ардчилсан тогтолцоонд төслийг хэрэгжүүлдэг байхын тулд ирээдүйн иргэд болох хүүхдүүдээ төслийг ойлгодог болгоход бэлтгэх нь маш зөв алхам байх болно.
 Аж ахуйн нэгж, компаниудын ТУЗ, захирлуудын зөвлөл хямрал, эдийн засгийн тодорхойгүй байдалд төслүүд боловсруулах, боловсруулсан төслүүдээс өөрийн хөрөнгө чадамжинд тохирох төслүүдийг шилж сонгож анхаарал төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй байж мэдэхээр байна.
Төслийг боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэд, орон нутгийн оролцоог хангах явдал чухал. Энэ асуудал заавал ч үгүй бизнесийн төсөл байх албагүй.
Бүхэлдээ дэлхий ертөнцийн байдал асар их өөрчлөгдсөн бөгөөд тэрхүү өөрчлөлтөд тохирсон бодлого гаргаж цэгцлэх цаг айсуй. Эл хэрэгт төслийн эдийн засаг концепци, төсөл боловсруулах менежерүүд, манлайлагчдыг бэлтгэх явдал чухалчлагдаж байна.
 
Ковид бидэнд том сургамж болж байгаа. Жишээ нь цар тахал дэгдэж хил гааль хаалгаа барих нөхцөлд хамгийн наад захын эмнэлэгийн болон бусад үйлчилгээ, бараа таваарыг тухайн орон өөрсдөө үйлдвэрлэдэг байх явдал чухал юм. Хүний нэн тэргүүний хэрэгцээнийй үйлдвэр аж ахуйг төрөөс тусгайлсан дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийнхэн байгуулах тэднийг гадаад өрсөлдөөнөөс хамгаалах явдал чухал болж байна. Энд эм ариутгалын бодис эм эмнэлгийн хэрэгсэл, хүний наад захын хэрэгцээг өөрсдөө үйлдвэрлэдэг байх явдал хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
 Эдийн засгийн тогтолцооны уян хатан чанарыг бий болгохын тулд ложистикт тусгайлан анхаарч төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нь зөв санагдаж байна.
 Дээрх чиглэлээр олон төсөл боловсрогдох шаардлагатай юм.
 
 
Төсөлд юуг анхаарах вэ      
 
Бизнесийн төслүүд дампуурах нь дэлхий даяар түгээмэл үзэгдэл ч түүнийг амжилттай болгоход сайн төслийн менежерүүд маш чухал үүрэг рольтой. Төслийг хүн хийдэг байгууллага хийдэггүй. Тийм ч учраас төслийн менежер бол бие даасан мэргэжлийн ажил гэдгийг ойлгох шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар 500 сая ам доллар хүртэл томоохон төслүүдийн 40-50 хувь нь, нэг тэрбум ам доллар хүртэлх мегатөслүүдийн 70 хүртэлх хувь нь  бүтэлгүйдэж байдаг. Манайд том жижиг олон төслүүд яригдсан боловч ихэнх нь бүтэлгүйдэж байгаа нь олон шалтгаантай. Тэр бүгдийг энд ярих бололцоогүй ч цөөхөн хэдэн шалтгааныг энд зориуд хэлье.
 
Төсөл мөн чанараараа төр, хувийн хэвшлийн байхаас өөр замгүй. Зөвхөн хувийн хөрөнгө оруулалттай төсөлт тэр тусмаа мегатөсөл ч төрийн оролцоотой байж гэмээн амжилтанд хүрэх бололцоотой. Иймээс Төр болон хувийн хэвшлийн хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа, зохицуулалт нэн чухал.
Төсөл мөн чанараараа олон түмний эрх ашгийг урт хугацаанд хамгаалахтай холбоотой байдаг тул ил тод байх, тунгалагийн зарчим тэргүүн зэргийн ач холбогдолтой.
Нарийн асуудлыг нь дараа шийдье гэдэг хандлага төслийг булшилна.
Төгс юм байхгүй ч Төслийг  эхнээсээс нь  эцсийг нь хүртэл бодсон, төлөвлөсөн байх ёстой юм. Суурь судалгаа бүрэн хангалттай байхаас гадна шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Энэ асуудлаа дутуу дулимаг шийдсэн аливаа мегатөсөл дампуурах магадлалтай.
Төсөл хагарамтгай. Эсвэл амжилтанд хүрнэ. Эсвэл шил мэт хагарна.
Төслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй. Төслийн менежер бэлдэж авах нь компаниудад маш чухал.
Төсөл томрох тусам олон оролцогчдын сонирхлыг тээдэг тул харилцан буулт хийснээр хэлцэл байгууллагдах бөгөөд хэлэлцэж тохирсон гэрээнд аз жаргалтай оролцогч гэж байдаггүйг анхаарах хэрэгтэй
Төслийг боловсруулах судалгаа хийх явцад төсөл ашиггүй зомби төсөл болохоор байвал “төслийг алах” уу цааш үргэлжлүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрэх үү гэсэн сонголт хийх мөчтэй учирна.  Энэ бол компаний эздэд учрах эрсдэл бөгөөд тийм сонголтоос компанийн ирээдүй хамаарна.
Эцэст нь дүгнэлт болгож хэлэхэд
 
Хөгжил бол амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нийлбэр, тэдгээрийн үржүүлэгч нөлөө юм.
Хямралаас гарч Хөгжилд хүрье гэвэл олон олон төсөл боловсруулж хэрэгжүүлэх явдал чухал юм.
Үүний тулд төсөл хийж сурах, олон арван төслийн менежерүүдийг бэлтгэж авах явдал чухал байна.
 
Мэндсайханы Энхсайхан