сонин mn
ВАШИНГТОН. /VOA/. БНХАУ “Бүс ба Зам” дэд бүтцийн төслөөрөө Азид нөлөөгөө тэлэх болсон бол АНУ Хятадын ар нуруунд орших Монгол Улсад хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлж хариу барьж байна.
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нар өнгөрсөн сард АНУ-ын санхүүжилт бүхий ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ёслолын ажиллагаанд оролцжээ. Нийт 93 сая ам.долларын өртөг бүхий энэхүү хөтөлбөр нь хүн ам нь хурдацтай өсөн нэмэгдэж буй нийслэл Улаанбаатар хот дахь усны хомсдолыг зохицуулах 350 сая ам.долларын тусламжийн нэгээхэн хэсэг юм.
 
 
 
“Өнөөдөр Монголын ард түмэнтэй байгуулсан АНУ-ын түншлэлийн шинэ эрин эхэлж байна. Энэхүү ус цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор монголчуудын сайн сайхан аж төрөх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд амин чухал ач холбогдол бүхий усны нөөцөөр хангана” гэж АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортю мэдэгджээ.
 
 
 
АНУ-тай тогтоосон харилцаа холбоо
 
АНУ-ын геополитикийн хоёр том өрсөлдөгч болох БНХАУ, ОХУ-ын дунд хавчуулагдан оршдог Монгол Улс нь АНУ-ын дипломат, эдийн засгийн үйл ажиллагааны зорилго биш мэт санагдаж магадгүй юм.
Харин М.Клечески “Америкийн дуу хоолой” /VOA/ агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа, боловсролын олон арван жилийн түүхтэй харилцан солилцоо хоёр орны хооронд халуун дулаан харилцааны үндэс суурийг тавьсан гэдгийг онцлон хэлэв.
 
Тэрбээр үргэлжлүүлэн, “Монголын Засгийн газрын олон гишүүн АНУ-д боловсрол эзэмшсэн. Тухайлбал, Ерөнхий сайд Харвардын их сургуулийн төгсөгч” гэв. Төрийн департаментын мэдээллээр, Монголын парламентын гуравны нэг орчим нь АНУ-д төгсөгчдөөс бүрдэж байна.
 
 
 
“Монгол залуу орон учраас АНУ-ын тогтолцоо, мөн англи хэл сурах зэргээр манай улсыг ихээхэн сонирхож байна” гэж М.Клечески ярив. 
Мөн харилцаа, хувийн хэлхээ холбооноос илүү чухал зүйл бий гэдгийг Монголын Мянганы сорилтын сангийн төсөл хариуцсан Засгийн газрын төлөөлөгч Э.Содонтогос Улаанбаатараас утсаар яриа өгөх үеэрээ хэлэв.“Америкчууд дэг журам, тогтолцоог чанд баримталдаг учраас би хамт ажиллах дуртай. Энэ бол америкчуудын сайн чанар” хэмээгээд, тэд аливаад ил тод, хариуцлагатай, бодитой хандах, бусдад туслах тэргүүтэй “үнэт зүйлсдээ” туйлын үнэнч хандаж байгаа нь өндөр сэтгэгдэл төрүүлснийг  тэрбээр онцлон хэлжээ.
Хэдийгээр хоёр орны хувьд ялгаатай тал их бий ч монголчууд америкчуудын нэгэн адил үнэт зүйлсээ чандлан баримтлахыг зорьж байгааг Э.Содонтогос нэмж хэлээд, хоёр талын ялгаатай байдал нь бат бөх хамтын ажиллагаанд огтхон ч сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.
 
 
 
Буцалтгүй тусламжаар дамжуулан үзүүлсэн дэмжлэг
 
Улс орнуудыг янз бүрийн хэмжээний өртэй үлдээж буй Хятадын дэд бүтцийн олон төсөлтэй харьцуулахад Мянганы сорилтын сангуудын төслийг АНУ Монголын Засгийн газрын оролцоотойгоор бүрэн төлдөг гэдэг нь монголчуудын хувьд таатай нөхцөл юм.
“АНУ-ын Засгийн газар боломжтой тохиолдолд буцалтгүй санхүүжилтээр Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Яагаад гэвэл, өсөн хөгжиж буй ардчилсан орнуудад их хэмжээний өрөнд оруулдаггүй хөтөлбөрүүд үр өгөөжөө өгдөг гэж бид үздэг” гэж М.Клечески хэллээ.
 
 
 
 
Э.Содонтогосын хэлснээр, Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд буцалтгүй тусламж хэлбэрээр олгож буй дэмжлэг “маш үнэ цэнтэй” байдаг.
 
 
 
Усны төслийн хувьд оршин суугчдынх нь тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаагаас шалтгаалан усны асуудалтай тулгарч буй Улаанбаатарын хувьд өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хотод улсын 3.3 сая орчим хүн амын ойролцоогоор тэн хагас нь оршин суудаг.
Тийнхүү энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын усны нөөцийг 65 хувиар нэмэгдүүлэх бөгөөд өргөн хүрээний төслийн хүрээнд цаашид 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.
“Ус бол хүний амьдралын гол эх үүсвэр учир хүн бүр үүнд анхаарч байна. Монголын иргэд энэхүү хөтөлбөрийн талаар маш сайн мэдэж байгаа. Тэд АНУ-ын Засгийн газрыг энэхүү төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж, баярлаж байгаагийн сацуу хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж Э.Содонтогос хэллээ.
М.Клеческигийн хувьд хоёр долоо хоногийн өмнө нийслэл хотоос 1290 км зайд оршдог Улаангом суманд АНУ-ын санхүүжилттэй цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцсоноо мөн дурдаад, ийм жижиг төслүүд ч мөн хэрэгжиж байгааг хэлэв. Энэ нь АНУ-ын санхүүжилт бүхий найм дахь цэцэрлэг ажээ.
 
 
 
“Бид Монголын түншүүдтэйгээ хамтран хүүхдүүдийн боловсролд зориулан аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж байгаадаа баяртай байна” гэж Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн барилгын ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд АНУ-ын Армийн инженерийн корпус хяналт тавьдаг гэдгийг мэдээлсэн байна. 
 
 
 
Мөн АНУ, Монголын зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд нягт харилцаа тогтоосон бөгөөд үүнд Монголын энхийг сахиулах хүчний бэлтгэл сургуулилалт, сүүлийн 20 жилийн турш Афганистанд өрнөж буй АНУ, НАТО-гийн үйл ажиллагаанд оруулж буй тэдний хувь нэмрийг дурдах нь зүйтэй юм.  
АНУ, Монгол Улс 2019 оны долоодугаар сард буюу Монголын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын Вашингтон хотноо хийсэн уулзалтын үеэр стратегийн түншлэл тогтоосон. Тийнхүү АНУ-ын өгсөн үүрэг амлалт үргэлжилж буйн бэлгэ тэмдэг болгон Жо Байдены засаг захиргааны Төрийн департаментын даргын орлогч Уэнди Шерман Зүүн Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад энэ оны долоодугаар сард айлчилсан юм. Тэрбээр мөн Япон, БНСУ, БНХАУ-д хүрэлцэн очсон билээ.М.Клеческигийн хэлснээр, “Монгол Улс нь Зөвлөлт Холбоот Улсыг задран унаснаас хойш коммунист дэглэмээс чөлөөтэй, ардчилсан тогтолцоонд шилжсэн анхны орон болсонд АНУ өндөр ач холбогдол өгдөг. Монгол Улс бол дэлхийн чухал хэсэг яах аргагүй мөн юм”.
Гэсэн хэдий ч АНУ-ын хувьд Монголын экспортын 90 хувийг /дийлэнх нь түүхий эд/ хүлээн авдаг, импортын гуравны нэгийг нь эзэлдэг Хятадын эдийн засгийн нөлөөтэй өрсөлдөнө гэвэл хийж хэрэгжүүлэх ажил их байгааг М.Клечески хэллээ. Мөн ОХУ нь Монголын эрчим хүчний салбарт голлох үүрэг гүйцэтгэдэг.
 
 
 
“Элчин сайдын яам хамтын ажиллагааг илүү олон салбарт өргөжүүлэн тэлэхийг ихэд хүсэж байгаа” гэдгийг М.Клечески онцлон хэлэв. Тэрбээр, “Америкчууд Монголын талаар төдийлөн сайн мэдэхгүйгээс гадна гурван сая хүн амтай зах зээл нь зарим бизнесийн хувьд хэт жижиг байж болох ч Монголын уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи тэргүүтэй бусад салбарууд Америкийн хөрөнгө оруулалтад өндөр нөөц бололцоог санал болгож байгааг” нэмж хэллээ.
 
 
 
“Монголын ард түмэн 13 дугаар зууны үеийн Чингис хааны байлдан дагуулалтаас эхтэй өв уламжлалаараа бахархдаг, гэхдээ бас “орчин үед ч ийм хүчтэй мэдрэмж” бий. “Дэлхий дахинтай нэгдэх” гэсэн хүчтэй хүсэл тэмүүллийг нь би олж харсан” гэж М.Клечески хэлсэн юм.
 
 
 
Энэхүү нийтлэлийг “VOA” агентлагт 2005 оноос хойш сурвалжлагч, сэтгүүлчээр ажиллаж буй Натали Лю бичжээ. Тэрбээр одоогоор дипломат өрсөлдөөний талаар нийтлэл бичиж байгаа ажээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг