сонин mn
Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд тогтоол гаргаж, 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. 
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.09.15) “Үр дүнтэй, утга учиртай ардчиллыг дэмжихэд хууль тогтоох байгууллагуудын үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдсан цахим хуралд оролцож, үг хэлэв.
 
 
Уг арга хэмжээг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха (Парламент) зохион байгуулсан бөгөөд Олон улсын парламентын холбоо болон Австри, Гвиней, Итали, Мальдив, Шри Ланка, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг 10 гаруй орны парламентын тэргүүн нар уригдан оролцож, үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Монгол Улс нь ардчилсан засаглалыг дэлхий дахинд дэмжин ажиллах эрмэлзэл, хүчин чармайлтыг тууштай дэмждэг бөгөөд ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн өмнөх даргалагч орон, одоогийн Удирдах зөвлөлийн гишүүн орны хувьд ардчиллыг бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, энэ чиглэлээр дэлхийн улс орнуудтай идэвхтэй, нээлттэй хамтын ажиллагааг өрнүүлэхдээ баяртай байх болно. 
Энэ өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын ардчиллын өдөр нь ардчиллын замаар замнаж буй тухайн улс болоод дэлхий дахин ардчиллын ололт амжилт, алдаа оноогоо үнэлж, цэгнэдэг өдөр. Түүнчлэн, ардчиллын үйл явц дахь үндэсний парламентуудын үүрэг оролцоог тодотгож, шударга ёс, энх тайван, хөгжил цэцэглэлт, хүний эрхийг хангахын чухлыг онцолсон тэмдэглэлт өдөр юм хэмээгээд Олон улсын ардчиллын өдрийн баярын дэвшүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.