сонин mn
Мэдээ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлт үзэхээр Япон руу нислээ.
 
Хоёр хоногийн дараах мэдээ: Ерөнхий сайд анхны ажлын айлчлалаа Япон улсад хийж буй бөгөөд энэ айлчлал нь Олимпын нээлттэй давхцаж буй юм байна.
 
Тав хоногийн дараах мэдээ: Ерөнхий сайд Япон дахь ажлын айлчлалаараа тус улсын Эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайдтай нь уулзав. Энэ үеэр Япон очоод байсан Францын ерөнхийлөгч, АНУ-ын тэргүүн хатагтай нартай албан бус уулзалт хийжээ. Буцах замдаа БНСУ-ын ерөнхий сайд, “Эксим” банкны ерөнхийлөгчтэй уулзжээ. Ерөнхий сайд энэ айлчлалаараа улс төр, эдийн засгийн томоохон хэлэлцээр, тохироог хийв.
 
...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон нийтэд хүрдэг ажлын мэдээллийн дэс дараалал энэ.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхдаа ажлынхаа мэдээллийг олон нийтэд хурдтай, гол нь угтуулж хүргэдэг байсан байгаа юм. Болохгүй бол өөрөө Төрийн ордонд “камер”-тай таарч яриа өгөөд мэдээллээ хүргэчихдэг байжээ.
Ер нь тэр сул гишүүн байхдаа зүгээр байдаггүй нөхөр байсан л даа. “Эрдэнэт”-ийн 49, М.Энхболд, 60 тэрбум гээд том “сэдэв”-үүд барьж аваад гүйчихдэг. Тиймээс хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг байв.
Харин Ерөнхий сайд болсноосоо хойшх хагас жилд хачин даруухан болжээ. Засгийн газрын мэдээллийн сайт нь ч байж байж шинэ мэдээ тавьдаг. Хурд хөөдөггүй.
Л.Оюун-Эрдэнэ сошиалаар бол сайн гөвүүлдэг. Гэхдээ тэр бүрт хариу барихгүй. Дуугардаггүй.
 
 
 
Ерөнхий сайд, МАН-ын дарга учраас ингэж “гөвүүлэх хэрэгцээ” ч байдаг бололтой. Гөвдөг хэдэн сэдэв байх. Тэдгээрийн голлодог нь “Ерөнхий сайд хатуу байх ёстой авч эсрэгээрээ байна” гэдэг шүүмжлэл бий. Өөрөөр хэлбэл, гурав, дөрвөн жилийн өмнө Монголын нөлөө бүхий нөхдүүдийн өмнөөс цод цод хийж явсан Л.Оюун-Эрдэнийг олон нийт мартчихжээ.
 
 
 
Оронд нь зөөлөн зөөлөн дуугарсан, зөөлөн царайлсан Ерөнхий сайдын дүрээр мэддэг болсон байна.
Тэгээд бас сошиалд сайн гөвүүлнэ. Тэрийг нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш ковид тарааж, эдийн засаг унагаагаад баллаж буй ажээ.
Үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайд болоход “Энэ хүн гурван сарын дараа унана” гэсэн “дагалдах прогноз” байсан. Хагас жил өнгөрчээ. Огцроогүй байж л байна.
Гэвч “Унана” гэдэг улсууд нь тэр үгээ хэлсээр л сууж байна. Угаасаа Монголын улс төр ийм байдаг л даа. Сүүлийн 30 жилд лав хэн нэгэн томоохон албан тушаалд очихтой зэрэгцээд “Унана” гэж ярьж эхэлдэг юм. Улс төр юм л даа. Сөрөг хүчин, улс төрийн өрсөлдөгчдийн үндсэн ажил нь эндээс эхэлдэг гэхэд болно.
Гэхдээ хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэд Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхээс “өвлөгдөж” очсон Ерөнхий сайдын суудал маш хүнд ачаатай. Дэлхийд ковид тарчихсан. Монгол ч нэрвэгдчихсэн. Тэр утгаараа хэн хүссэн нь хийе гээд хийчихээргүй, за гээд ажил амжуулчихааргүй цаг үе үргэлжилж байна.
Харин “албан мэдээ”-нээс өөр үг амнаасаа унагахаа больсон Л.Оюун-Эрдэнэ хагас жилийн өмнө чуулганы хуралдаан дээр танилцуулсан зорилтуудаа ягштал дагаж ажиллаж байгааг олон талын эх сурвалж нотлон дүгнэж байх юм.
 
 
 
Тодруулбал, тэр дөрвөн зорилтынх нь эхэнд вакцинжуулалтыг шийднэ гэсэн. Хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулсан. Эдийн засгийг сэргээх арга хэмжээ авна гэсэн. 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Авлигатай тэмцэж, цахим улс болохын төлөө ажиллана гэсэн. Одоо тэр ажил нь эхлээд явж байна.
 
 
 
Хамгийн сүүлд, 20-иод хоногийн өмнө Замын-Үүдээр эхлүүлсэн Авлигын индексийг бууруулах энэ үйл ажиллагаа нь харин “хүний, өөрийн” олон дайсан бий болгох бололтой дог. Тэр хэрээр сайхан гөвүүлнэ гэсэн үг.
Зөвхөн Замын-Үүд тойрсон асуудалд л гэхэд өөрийнх нь намын харьяалалтай УИХ-ын гишүүд холбогдож, удахгүй гар, хөлүүд нь хууль хяналтын байгууллагад татагдах мэдээлэл нэлээд яригдаж байна.
Мөн Ерөнхий сайдын ажлыг авснаасаа хойш,аль эсвэл сул гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхаасаа ярьж, шүүмжилж ирсэн зүйлүүдээ одоо ч орхиогүй байна. Энэ нь олон хэрэг маргаан, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, шийдэлтээс харагдаж буй бөгөөд цаашдаа улам мэдрэгдэх гэнэ.
Ер нь хараад байх нээ, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөөлөн царай гаргачихаад, цааагуураа зэвүүн ажиладаг” гэсэн намынх нь нэг нөхрийн саяхны үг үнэний ортой ажээ.
 
 
Б.Нямдорж
Эх сурвалж: "Өдрийн сонин"