sonin.mn
Монгол Улсын томоохон зэсийн төслийн хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн тухай мэдээллийг хөрөнгө оруулагчдад мэдээлэх хугацаатай холбогдуулан Санхүүгийн Зохицуулах Байгууллага хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. 
Их Британийн санхүүгийн зах зээлийг хянах чиг үүрэг бүхий байгууллага нь Рио Тинто компанийн эсрэг Монгол Улсын говьд тус компанийн хэрэгжүүлж буй 6.75 тэрбум ам.долларын зэсийн гүний уурхайн төсөлтэй холбогдуулж хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. 
Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Англи-Австралийн Рио Тинто компани нь Оюу Толгой төслийн 2018 болон 2019 оны үнэлгээг мэдээлэхдээ үнэт цаасны журмыг зөрчсөн эсэх асуудлыг Санхүүгийн Зохицуулах Байгууллага шалгаж байна. 
Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, төслийн хугацаа 16-30 сарын хугацаагаар хойшлохоор болсон тухай Рио Тинто компани 2019 оны 7 дугаар сард хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн. Хөрсний нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалан уг төслийн дизайн болон ашиглалтад орох хуваарийг дахин авч үзэх шаардлагатай болсон гэж тус компани мэдэгдсэн байна. 
 
Гэвч, зэсийн уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудал үүсээд байсныг Рио Тинто компани хөрөнгө оруулагчдад мэдээлэхээсээ олон сарын өмнө мэдэж байсан гэж зарим хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компанид ажиллаж байсан ажилтан үзэж байна. 
Төслийн хугацаа хойшлох тухай мэдэгдэх үед Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирлаар Жан-Себастьян Жак ажиллаж байсан бөгөөд Австрали улс дахь уугуул иргэдийн эртний хоёр хадан агуйг сүйтгэсэнтэй холбоотой хөрөнгө оруулагчдын эсэргүүцлийн улмаас тэрээр өнгөрсөн жил үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. 
Рио Тинто компани энэхүү асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд тус компани Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан мэдээлэл ил болгох үүргээ “тогтмол биелүүлсээр ирсэн” гэж өмнө нь  мэдэгдэж байжээ.  
СЗБ нь аливаа компанитай холбогдуулж хяналт шалгалт хийж байгаа эсэх мэдээллийг баталгаажуулахаас түдгэлзсэн.
СЗБ-ын явуулж буй хяналт, шалгалтын ажиллагаа нь  140 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий энэхүү компанийн холбогдоод буй хуулийн хүрээнд үүссэн асуудлуудын нэг хэсэг болж байгаа бөгөөд Рио Тинто компаниас Гвиней дэх төмрийн хүдрийн ордод ажилладаг зөвлөхөд шилжүүлсэн төлбөртэй холбогдуулан 2017 онд Их Британийн Ноцтой залилантай тэмцэх газраас хяналт шалгалтын ажиллагаа мөн эхлүүлсэн.    
 
Түүнчлэн, АНУ-ын санхүүгийн зохицуулагч байгууллагууд Рио Тинто компанийг Мозамбик улс дахь нүүрсний нөөцийн үнэлгээг хөөрөгдүүлсний улмаас залилан үйлдсэн гэж үзсэн бөгөөд СЗБ-аас 27 сая фунт стирлингийн торгууль ногдуулсан. Тус компани Оюу Толгой төсөлтэй холбоотойгоор СЗБ-ын мэдээлэл ил болгох журмыг зөрчсөн бол тус компанид дахин торгууль ногдуулж болзошгүй байна. 
 
Оюутолгой төсөл нь Рио Тинто компанийн хамгийн чухал ач холбогдол бүхий төсөл юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж дуусахад тус уурхай нь жилд ойролцоогоор 500,000 тонн металл олборлох хүчин чадал бүхий, дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох юм. 
Оюу Толгой төсөлтэй холбогдуулж үйл ойлголцол, маргаан удаа дараа гарч байсан. Гүний уурхайн эхний олборлолтыг 2022 оны 10 дугаар сард хийхээр төлөвлөсөн байна. 
Рио Тинто компани нь гүний уурхайн бүтээн байгуулалтад тулгарч буй ихэнх асуудлыг хөрсний хүндрэлтэй нөхцөл байдал болон геотехникийн асуудлаас үүдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг АНУ-ын хөрөнгө оруулалтын сан болох Пэнтвуотер Капитал Менежмент  АНУ-ын шүүхийн өмнө үгүйсгэж маргаан үүсгээд байна. 
Уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудал үүсээд байсныг Рио Тинто компани болон түүний Торонтод бүртгэлтэй охин компани болох Туркойз Хилл Ресурсэс (ТХР) компанийн удирдах албан тушаалтнууд хөрөнгө оруулагчдад мэдээлэхээсээ олон сарын өмнө мэдэж байсан гэж ПКМ нь маргаантай холбогдуулан шүүхэд энэ жил хүргүүлсэн бичиг баримтад дурджээ. 
 
Түүнчлэн, төслийн хугацаа хойшилсон бөгөөд зардал нэмэгдсэн явдал нь чухал ач холбогдол бүхий уурхайн амны “инженерчлэл, бараа бүтээгдэхүүн худалдах авах ажиллагаа, бүтээн байгуулалт”-тай холбоотой Рио Тинто компани болон бусад гэрээт байгууллагын гаргасан алдаа  дутагдлын улмаас бий болсон гэж ПКМ дурджээ. 
Рио Тинто компани нь энэхүү маргааныг хэрэгсэхгүй болгохыг эрмэлзэж байгаа бөгөөд тус шүүх ажиллагааг “үндэслэлгүй” гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан.. 
СЗБ нь хяналт шалгалтын ажиллагааг хөндлөнгийн шинжээчдийн баг Оюу Толгой төслийн хугацаа хойшилсон болон зардал нэмэгдсэн асуудлыг судалж, дүгнэлтийг нийтэд мэдээлэх болсонтой холбогдуулан явуулж байна. 
Хөндлөнгийн шинжээчдээр тус асуудлыг судлуулах хүсэлтийг тус төсөлд 34 хувийн хувьцаа эзэмшдэг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Тус төсөл дэх үлдсэн 66 хувийн хувьцааг ТХР эзэмшдэг. Зардал нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар хөрөнгө оруулагчдад мэдэгдэл хийснээс хойш тус компанийн хувьцааны үнэ нь 50 хувиас дээш хувиар унасан..  
 
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл  “Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хоцорсон болон зардал нэмэгдсэн асуудалтай холбоотой хөндлөнгийн шинжээчдийн эцсийн дүгнэлтийг бид наймдугаар сарын эхээр хүлээн авах хүлээлттэй байна” гэжээ. 
 
Түүнчлэн, “Тус эцсийн дүгнэлт нь төсөлтэй холбоотой үүсээд буй олон асуудал, эргэлзээ төрүүлсэн мэдээлэлд хариулт өгч, төсөлтэй холбоотой сүүлийн жилүүдэд үүссэн асуудлуудыг илүү нарийвчлан, иж бүрнээр харах боломжийг олгоно гэж бид итгэж байна” гэжээ. 
Рио Тинто компани энэ Лхагва гарагт санхүүгийн тайлангаа танилцуулна. Голлох түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор тус компанийн хагас жилийн ашиг түүхэн дээд түвшинд хүрч өсөх төлөвтэй байна.
 
 
 
Эх сурвалж: "Financial Times"