сонин mn
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэнтэй ярилцлаа.
 
-Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчдын төлөөлөл Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлээн авлаа. Энэ талаар яриагаа эхэлье?
 
- Тиймээ, Өвөг дээдсийн 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон Ноён уулыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгатай уул болголоо. Монголын төдийгүй Дэлхийн түүхийн чухал байр суурь эзлэх Ноён уулын өв соёлыг хайрлан хамгаалах, үндэсний үзэл дархлаа, ухамсар бахархлыг дэвжээсэн сайхан үйл явдал боллоо. 
 
-Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийн ач холбогдлын талаар та хэлэхгүй юу? 
 
- Монголчууд бидний дээд язгуур Хүннү гүрний түүх, соёлыг агуулсан, байгалийн үзэмжит тогтоц бүхий эртний түүхтэй Ноён уулыг байгаль, түүхийн дархан газар хэмээн үзэж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж төрийн тахилгатай болгосноор зөвхөн зан үйл төдий зүйл биш байгаль, соёл, эх түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалах бодлого болгон хойч үедээ онгон дагшнаар нь өвлүүлэх цогц үйл ажиллагаа юм гэж харж байна. 
 
 
 
Хүннү дээдсийн цадиг түүхийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, суртачлан таниулах ажлыг өргөжүүлэх ач холбогдолтой юм. Нөгөө талаараа тухайн байгаль орчныг хамгаалах туйлын чухал ач холбогдолтой юм. 
 
 
 
-Ноён уул бол төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг гэлээ. Соёл түүхийн гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулын талаар судалгаа шинжилгээний тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Бидний өвөг дээдэс Хүннү гүрний өв соёлыг хадгалсан Ноён ууланд орших булшийг анх 1912 онд "Монгол-Ор" нийгэмлэгийн техникч А.Баллод гэх хүн олсныг судлахаар Монгол, Төвдийн газар зүйн шинжилгээний анги ирж, Ноён ууланд Хүннүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна.
 
 
 
Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Өнөөг хүртэл Хүннү гүрэнд хамаарах 7,000 гаруй булш олдсоны ихэнх нь, гол төлөв язгууртан ихэс дээдсийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол Хүннү гүрний үндсэн нутаг, Засаг захиргааны төв гарцаагүй мөн болохыг нотолж байгаа хэрэг юм. 
 
 
 
Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, хувцас, оршуулгын зан үйл зэрэг нь Хүннүгийн залгамж хойч нь монголчууд бид  мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолсон. Дээрх үнэт олдворуудаас Хүннүгийн үеийн нийгмийн бүтэц, төрийн зохион байгуулалт, тухайн үеийн аж амьдрал хэв маягийг хараад зогсохгүй түүхийн он цаг дараалал, газар зүйн байршил, ази европын улсуудтай тогтоосон Хүннү гүрний гадаад харилцааг хүртэл олж харж болох юм.
 
 
 
“Хэн дуртай нь ирж уул усыг ухах, хайгуул хийх гэсэн оролдлого орон нутгийн удирдлага, иргэд бидний хувьд үргэлж санаа зовоосон асуудал болдог”
 
 
 
-Ноён уулыг төрийн тахилгатай болгосноор хэн нэгэн өмчлөх, авах, ухаж, сэндийлэх боломжгүй болж байна гэж ойлгох нь зөв үү?
 
-Сүүлийн хэдэн жилд энэхүү уулыг ашигт малтмалтай холбоотой сүйтгэх, тусгай зөвшөөрөл олгогдох талаар яригдсан байдаг. Үүнийг болиулах талаар орон нутгаас байгаль орчны яам, улс орны хэмжээнд асуудал дэвшүүлж яригдсанаар улсын тусгай хамгаалалтанд авсан юм. Тусгай хамгаалалтанд авсанаар хайгуул ашиглалтын лицензүүдийг цуцалж, хүчингүй болгох арга хэмжээнүүдийг авсан. 
Харин өнөөдөр төрийн тахилгат уул болгосноор төрийн тусгай хамгаалалтанд авч, тогтоосон цаг хугацаанд төр, түмнээрээ тахиж шүтэн дээдэлдэг уул боллоо гэсэн үг. Мэдээж үүний цаана энэ их түүхийн голомт болсон Ноён уулыг хамгаалах асар том ач холбогдол оршиж буй юм аа. Нөгөө талаар улсын тахилгатай болно гэдэг нь өвөг дээдэсдээ хүндлэл үзүүлэх, ард түмний сэтгэл зүйн дархлааг сэргээсэн чухал агуулгатай байдаг. 
Таны асуусанчлан хэн дуртай нь ирж уул усыг ухах, хайгуул хийх гэсэн оролдлого орон нутгийн удирдлага, иргэд бидний хувьд үргэлж санаа зовоосон асуудал болдог. Хэдийгээр хайгуулын лицензүүдийг цуцалсан ч  гар аргаар ухах, ашиг олох гэсэн олиггүй үйлдэлд өртөх магадлал өндөр байдаг тул харуул хамгаалалтыг сайжруулах ажлууд хийгдэнэ. Иймд Ноён уулыг төрийн тахилгат болгож буй үйл ажиллагааг нутгийн иргэд, удирдлагууд талархалтайгаар хүлээн авч байна. 
 
-Ноён уулыг хамгаалах буюу соёлын үл хөдлөх өвийг хамгаалахад чиглэсэн цаашдын зорилго, ажлын талаар сонирхуулбал?
 
Улсын тусгай хамгаалттай, төрийн тахилгатай болгосон энэ үйл ажиллагааны үр дүнг гаргахад манай орон нутгийн оролцоо маш чухал. 
Нэгдүгээрт, Байгаль орчныг хамгаалах талаар аймгийн Байгаль орчины газраар дамжуулаад, сумын удирдлагууд төдийгүй түүгээр нутагладаг ард иргэдийн оролцоо хяналтыг орон нутгийн түвшинд маш сайн хэрэгжүүлэх ёстой.  
Хоёрдугаарт, Манай аймагт байгаа эдгээр Монгол улсын түүхийн том гэрч дурсгалыг бид өөрийн аймгийн ард иргэд, хүүхэл залуучууд, мөн жуулчдад сурталчлан таниулах ач холбогдолтой. Үүний хамгийн эхний ажил бол аймгийнхаа музейд Ноён уулын талаар бие даасан үзвэрүүд, олдворуудын танилцуулга мэтийг дэлгэж сурталчилгааны ажил хийх ёстой гэж бодож байна.
Гуравдугаарт, Монголын Шинжлэх ухааны академитэй холбоо харилцаагаа өргөжүүлж түүхийн дурсгал, хайгуулын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд анхаарах болно. Төв аймагт зөвхөн Ноён уулаас гадна Хүннүгийн дурсгал их байдаг. Үүнийг цогц байдлаар нь судлуулж, таниулахад соёлын салбартаа төлөвлөж тодорхой ажил явуулах нь зүйтэй юм. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зүгээс соёлыг хамгаалах, сурталчлан таниулах ажлуудыг соёлын бодлоготоо тусган ажиллах болно.
 
 
-Баярлалаа.