sonin.mn
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар Женевт өнөөдөр уулзана. Владимир Путинийг шүүмжилдэг Ерөнхийлөгч Байден хэлэлцээр хийх санал тавьсан. Их гүрний удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар урьдчилж боловсруулсан гэрээнд гарын үсэг зурах, нүүр тулан шийдвэрлэх шаардлагатай чухал сэдвийг хэлэлцэх зорилгоор зарлан хуралдуулдаг. Энэ удаагийн уулзалтын зорилго тулгамдсан сэдвийг хэлэлцэхэд чиглэжээ. АНУ, ОХУ-ын санал зөрөлдөөн маш өргөн хүрээг хамардаг. Тухайлбал, Украины хямрал, Лукашенког дэмжсэн явдал, сонгуульд хөндлөнгөөс оролцсон, Вашингтон Москвагийн эсрэг хориг тавьсан гээд олон сорилт бий. Хоёр улсын харилцаа хүйтэн дайны үеэс дордсон бөгөөд талууд Элчин сайдаа харилцан татсан. Тэр ч байтугай Ерөнхийлөгч Жо Байден Кремлийн тэргүүнийг “алуурчин” гэж хэлсэн удаатай.
 
Зарим шинжээч өнөөдрийн хэлэлцээрийг Жо Байдены гадаад бодлогын ололт, дипломат дайныг түр намжаах түлхүүр гэж үзэж байна. Хэдийгээр бэлгэдлийн хувьд чухал ч В.Путинд төдийлөн ач холбогдолгүй. Тэд Женевийг сонгосон нь хүйтэн дайны үе буюу 1985 оны Рональд Рейган, Михаил Горбачев нарын нүүр тулсан уулзалтыг сануулж байна. Цагаан ордны зорилго бол Москватай тогтвортой, урьдчилан таамаглах харилцаатай байх. Гэхдээ Путин, Байден нарын хувийн харилцаа, улс төрийн гэсэлттэй холбоогүй. Тэд бие биенийхээ “улаан шугам” хаана байгааг мэдэхийг хүсэж байгаа. Путин ухаалаг улстөрчийн хувьд эрсдэлийг намжаахыг хүсэж байна. Үүнд эдийн засгийн хориг арга хэмжээ орно. Хориг Засгийн газрын хөрөнгө босгох чадавхыг хязгаарладаг. Тэрбээр Жо Байденыг “Өмнөх Ерөнхийлөгчөөсөө мэдрэмжгүй, бүх насаа улс төрд өнгөрөөсөн карьерын хүн” гэж тодорхойлсон. Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ-тай цөмийн зэвсгийн шинэ хэлэлцээр, Сири, Ливи зэрэг бүс нутгийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тохиролцвол уулзалт дэмий болоогүй гэсэн үг” хэмээсэн. Харин Ерөнхийлөгч Жо Байден Женевийн уулзалтын үеэр зэвсгийн хяналт, цаг уурын өөрчлөлт, Украин дахь Оросын цэргийн оролцоо, цахим халдлага, Навальныйг хорьсон зэрэг сэдвийг хөндөхөө мэдэгджээ.
 
“ЯАРАЛТАЙ” УУЛЗАЛТААС ҮР ДҮН ХҮЛЭЭХГҮЙ
 
Бушийн засаг захиргааны үеийн албан тушаалтан Дэвид Кремер “Женевийн хэлэлцээр Владимир Путиний хяналтад болж магадгүй. В.Путин үр дүнд хүрнэ гэсэн уулзалтаа биечлэн зарладаг. Өнөөгийн нөхцөлд дээд хэмжээний уулзалт Владимир Путин дэлхий болон оросуудын өмнө статусаа бэхжүүлэх боломж олгосон. Энэ л Путинд хэрэгтэй. “Америк, Оросын эв нэгдэл дэлхий дахинд ашиг тусаа өгнө” гэдэг Барак Обамагийн багийн ашиглаж байсан тезис. В.Путин олон улсын харилцааг тэгийн нийлбэртэй тоглоом гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ялагч нь бүгдийг авдаг. Байдены засаг захиргаа анхнаасаа Кремлийн эсрэг хатуу байр суурь баримталсан. Цагаан ордны Кремльд хандах хандлага ийнхүү өөрчлөгдсөн шалтгаан ажиглагчдын хувьд оньсого боллоо. Ерөнхийлөгч Байден өөрийгөө эвгүй байдалд оруулснаас болж Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх буруу санаа гаргасан. Дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн хурал болно. Тэр үед Жо Байден “Путин алуурчин” гэж хэлснээ хэрхэн тайлбарлах нь сонин байна” гэжээ.
Жорж Мейсоны их сургуулийн улс төр судлаач Эрик Ширяев “Жо Байден дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах саналыг гаргасанд гайхаж байна. Уулзалтыг дэмжих хоёр шалтгаан дурдъя. Байдены засаг захиргаа стратегийн том төлөвлөгөөтэй. ОХУ-тай харилцаагаа тогтворжуулах нь төлөвлөгөөний нэг хэсэг. Хоёрт, Байден дотоод улс төрийн зорилгоор ийм тактикийн алхам хийсэн байх. Тэрбээр өөрийгөө тогтвортой байдлыг хангаж, улс орны аюулгүй байдалд санаа тавьдаг найдвартай хүн гэдгээ харуулахыг хүссэн. Америкийн олон нийт, ялангуяа Ардчилсан намынхны хувьд энэ нь манай Ерөнхийлөгч хариуцлагатай ажиллаж, Кремльтэй ажил хэрэгч харилцаа холбоо тогтоох эрмэлзлийг харуулах сайн дохио” гэж дүгнэлээ. Харин публицист Дэвид Саттер “Ерөнхийлөгч болгонд ижил уруу таталт байдаг. Тэд ОХУ-ын бүх асуудлыг Путин шийддэг гэж итгэдэг. Байден Обамагийн засаг захиргааны үед дэд Ерөнхийлөгч байсан. Автоматизм ба зан үйл энд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ Ардчилсан хууль тогтоогчдын 75 хувь нь Оростой ойртох санал тавьж байгаад таатай ханддаггүй. Бүгд найрамдахчуудын 95 хувь нь эсэргүүцдэг. Путин хүлээж байсан бэлгээ авна. Америк бол хэлэлцээрийн орон, тохиролцооны улс. Байден бол уран цэцэн үгтэй хүн. Миний бодлоор Байденд Оростой холбоотой ямар ч стратеги төлөвлөгөө байхгүй. Зүгээр л Путиний зан авирт хариу үйлдэл үзүүлнэ. Тэд Орос дахь цензурын түвшинг ойлгож чадахгүй бөгөөд ойлгохыг ч хүсэхгүй байна” гэж урьдчилан таамагласан юм.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин